Редакцийн бодлого

НЭГ. ЕРӨНХИЙ БОДЛОГО

  1. “Таймс Медиа Корпорейшн” ХХК нь “Forbes Mongolia”, “Forbes Women” сэтгүүлүүд (цаашид хамтад нь “Сэтгүүл” гэх)-ийг албан ёсны эрхтэйгээр сар бүр эрхлэн гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд “Forbes” тусгай дугаарыг эрхлэн гаргаж болно.
  2. Компани нь Сэтгүүл эрхлэн гаргахтай холбогдон Контент бэлтгэх, нийтлэх, олон нийтэд түгээхэд энэхүү сэтгүүлийн редакцын бодлого (цаашид “Редакцын бодлого” гэх)-ыг баримтлана.
  3. Сэтгүүлд нийтлэгдэх бүх текст, бичвэр, нийтлэл, гэрэл зураг, инфографик зэрэг бүхий л мэдээ, мэдээлэл (цаашид хамтад нь “Контент” гэх)-д энэхүү редакцын бодлогыг баримтлана.
  4. Сэтгүүл нь аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төрийн байгууллагаас хараат бус дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрмэлзэнэ.
  5. Сэтгүүл нь аливаа мэдээ, мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж, бизнесийн салбарт тэргүүлэгчдийн индэр байна.
  6. Контентын агуулга дотоод, гадаадын бизнесийн орчны хэв маяг, соёл, технологи, энтертайнмент, удирдахуйн ухаан, инновацыг бүхэлд нь өөртөө шингээсэн байна.
  7. Мэдээлэл боловсруулж нийтлэхдээ бид орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн техник, технологи, дата мэдээлэл боловсруулах олон улсын аргуудыг ашиглана.

ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖТАЙ АЖИЛЛАХ ЖУРАМ

Олон талт эх сурвалж:

  1. Сэтгүүл нь Контент бэлтгэхдээ тэнцвэртэй, олон талт байр суурийг хүргэх үүднээс тал бүрийн эх сурвалжийг ашиглах зарчмыг баримтлах бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
  2. Сэтгүүл нь редакцын хүрээнд өөрийн бэлтгэсэн нийтлэл, мэдээлэл, контентыг хэвлэхээс гадна “Forbes” брэндийн бусад мэдээ, мэдээллийг нийтэд түгээнэ.
  3. Редакцын хүрээнд Контент бэлтгэхдээ эх сурвалж нь баталгаажсан Контентыг нийтэд түгээх зарчмыг баримтлана.

Олон нийтээс санал асуулга авах:

  1. Мэдээллийн гол эх сурвалж уншигчид байх бөгөөд тэдний дунд явуулсан санал асуулга мэдээллийн нэгэн чухал эх сурвалж байна.

Цахим шуудангаар мэдээллийн эх сурвалж хүлээн авах:

  1. Сэтгүүлд нийтлэгдэх бүх төрлийн Контентыг info@forbesmongolia.mn болон Контент, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн ажилтнуудын албан ёсны цахим хаягаар хүлээн авна.
  2. Сэтгүүлд нийтлэгдэх зар сурталчилгаа, нийтлэлтэй холбогдох Контентыг Борлуулалтын хэлтэс болон борлуулалт хариуцсан ажилтнуудын албан ёсны цахим хаягаар хүлээн авна.
  3. Компани нь харилцагч байгууллагаас ирсэн Контентыг хүлээн авсан тухай мэдэгдэх, тухайн ирүүлсэн Контентыг заавал олон нийтэд түгээх үүрэг хүлээхгүй бөгөөд хамтран ажиллагч байгууллагын хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээг баримтлана.

ГУРАВ. СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙ

  1. Компанийн Контент, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн ажилтнууд нь дараах ёс зүйн кодыг мөрдлөг болгон ажиллана.
  2. Сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийн ажил бол Онцгой мэргэжил гэж үзэж, мэргэжлийн алдаа гаргахгүйн төлөө хичээнгүйлэн ажиллаж, алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээнэ.
  3. Гуравдагч этгээдийн албан шахалт, эрхшээлд автах, авлига авахыг хууль бус гэж үзэн, хараат бус байдлыг эрхэмлэнэ.
  4. Хэвлэлийн эрх чөлөөг туйлын эрх чөлөө биш, хариуцлага гэж үзнэ.
  5. Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаах, баримтыг санаатайгаар гуйвуулах, нуун дарагдуулахыг хориглож, хүнлэг энэрэнгүй ёсыг сахина.
  6. Мэдээллийн урсгал, мэргэжлийн нэр хүндээ хувийн эрх ашигт ашиглахгүй, бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, шахамдуулах, бүлэглэх аливаа илрэл гаргахгүй.
  7. Итгэл хүлээж авсан мэдээллийн эх сурвалжид хүндэтгэлтэй хандаж, нууцлах, мэдээ мэдээллийг зөвхөн хуулийн дагуу, шударгаар олж авна.
  8. Шашин шүтлэг, нас хүйс, арьсны өнгө, хэл соёл, нийгмийн байдал, албан тушаал, яс үндэс, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахыг цээрлэж, Үндсэн хуульт байгууламжийг хууль бусаар өөрчлөхийг уриалах, сурталчлах, гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризмыг сурталчлахаас ямагт зайлсхийнэ.

ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  1. Компанийн Сэтгүүлд нийтлэгдсэн аливаа бүх Контент нь “Таймс Медиа Корпорейшн” ХХК-ийн дараах хууль тогтоомжоор хамгаалагдсан оюуны өмч байна. Түүнчлэн Компани нь Контент бэлтгэх, нийтлэх, олон нийтэд түгээх үйл ажиллагаанд дараах хууль тогтоомжийг мөрдөж ажиллана. Үүнд:
  2. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Монгол улсын Патентын тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон бусад хууль, тогтоомж;
  3. Компани нь Сэтгүүлд үнэн, зөв, эх сурвалж нь баталгаажсан аливаа Контент нийтлэх үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээдийн өмнө хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.
  4. Компани нь Сэтгүүлд нийтлэгдсэн Контентын эх сурвалжийг өөрийн болон бусад этгээдийн хүсэлтээр нууцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Контентын эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувийг архивлаж, шаардлагатай тохиолдолд эх хувийн хуулбарыг ашиглана.
  5. Контент, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн ажилтнууд болон мэдээллийн системийн аюулгүй байдалд байгууллагын дотоод журмын дагуу холбогдох горимуудыг мөрдлөг болгон ажиллана.

ТАВ. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ, ЦАХИМ ХУУДАС

   Олон нийтийн сүлжээнд баримтлах зарчим:

  1. Компани нь өөрийн олон нийтийн сүлжээ болон forbes.mn цахим хуудсыг маркетинг, борлуулалтын хэрэгсэл болгон ашиглахаас гадна Сэтгүүлийн Контентыг албан ёсны хуудсуудаар олон нийтэд хүргэх зорилгоор түгээж болно. Ингэхдээ энэхүү Редакцын бодлогод тусгагдсан ёс зүйн зарчмыг баримтлана.

Компанийн ажилтнууд олон нийтийн сүлжээг ашиглах:

  1. Компанийн олон нийтийн сүлжээ болон цахим хуудасны өдөр үйл ажиллагааг хариуцах ажилтан нь олон нийтийн сүлжээнд аливаа Контент нийтлэхдээ хэлтэс хариуцсан захирлын удирдлага дор энэхүү Редакцын бодлогод тусгагдсан ёс зүйн зарчим, бусад заалтыг нэгэн адил баримтлана.
  2. Энэхүү Редакцын бодлогын 5.2-д зааснаас гадна Сэтгүүлчид нь олон нийтийн сүлжээн дэх хувийн хуудсаараа өөрийн болон бусад Контентуудыг Компанийн зөвшөөрөлтэйгээр хязгаартай түгээх эрхтэй. Үүнд энэхүү Редакцын бодлогод заагдсан ёс зүйн зарчим, бусад заалтыг нэгэн адил баримтлана.
  3. Компанийн ажилтнуудын олон нийтийн сүлжээн дэх хувь хүний үзэл бодол нь Компани болон “Forbes Mongolia” сэтгүүлийн редакцын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохгүй.

ЗУРГАА. ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЗАР СУРТАЛЧИЛГАА

  1. Компани нь аливаа үнэ төлбөртэй сурталчилгааны агуулгатай нийтлэл, зар сурталчилгаа зэрэг Контентыг гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдээс ирүүлсэн эх сурвалжийн хамт уншигчдад хүргэж болно. Энэ тохиолдолд Сэтгүүл нь дараах стандартыг баримталж, стандартад нийцэхгүй сурталчилгааны агуулгатай нийтлэл болон зар сурталчилгааг нийтлэхээс татгалзах эрхтэй байна. Үүнд:
    1. “Forbes Mongolia сэтгүүлийн стандарт” гэж
    • Олон улсын сэтгүүл зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, олон талт өнцгөөс харуулан, бүх талын дуу хоолойг хүргэсэн, тэнцвэртэй, бодит мэдээ, мэдээллийг хүргэх;
      Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, мөрийтэй ба бооцоотой тоглоом, бусдыг нас, хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварласан, улс төрийн аль нэг хүчний эрх, ашгийг барьсан, архи, тамхи, садар самуун утга агуулгатай болон Монгол улсын хууль тогтоомжоор хориглосон мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, сурталчилгаа бичихгүй, нийтлэхгүй байх;
      Шашин, нийгэм, эдийн засгийн олон ургалч үзэл бодлыг хүндэтгэж, тэдгээрийг тэгш илэрхийлэх;
      Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаах, баримтыг санаатайгаар гуйвуулах, нуун дарагдуулахыг цээрлэж, хүнлэг энэрэнгүй ёсыг сахих;
    • Сэтгүүлд нийтлэгдэх зар сурталчилгаа нь үнэ цэнтэй, тансаг зэрэглэлийн дэлхий даяар танигдсан, брэнд бүтээгдэхүүний сурталчилгаа байх бөгөөд хямд үнэтэй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг сурталчлахаас татгалзах эрхтэй.
  2. Компани бизнесийн байгууллага, хамт олон, хувь хүнтэй зар сурталчилгаа болон маркетинг, бүтээгдэхүүн идэвхжүүлэлтийн хүрээнд хамтран ажиллах нь нээлттэй байна.
  3. Хамтын ажиллагааны хүрээнд гэрээний заалтыг тууштай хэрэгжүүлж ажиллах бөгөөд харилцагчийн хүсэлтийг харгалзан үзэх ба харилцагч нь аливаа байдлаар Компанийн эрхлэн гаргах Сэтгүүлийн Редакцын бодлогод хөндлөнгөөс оролцох эрхгүй ба Компанийн эрх шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.
  4. Forbes Mongolia сэтгүүлд нийтлэгдсэн Контент нь бүхэлдээ Компанийн өмч бөгөөд зөвхөн Компаниас олгосон зөвшөөрлийн дагуу Сэтгүүлийн Контент ашиглах эрхийг хэсэгчлэн олгож болно.

Welcome Back!

Login to your account below

Create New Account!

Fill the forms below to register

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist