“Toyota”, Лорен Пауэлл Жобс тэргүүтнээс нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт авсан нууцлаг компани “Joby Aviation” 2023 он гэхэд нисдэг такси үйлчилгээнд нэвтрүүлэхээ амлаж байна.

ЖоБен Бевирт хоёрдугаар ангид байхдаа Умард Калифорнийн улаан модон дундах хиппи суурингаас найм орчим километрийн зайд орших гэр рүүгээ явж байхдаа нисдэг тэрэг шиг хөөрч, газарддаг онгоц зохион бүтээх талаар мөрөөддөг байжээ. “Гэртээ харих зам дэндүү урт байсан учраас үргэлж сайн сайхан зүйл мөрөөдсөөр хүрэх газартаа хүрдэг байлаа” гэж тэрбээр инээмсэглэн дурсав.
“Joby”-ийн онгоц нь мотор доголдсон ч нислэгийн аюулгүй байдлыг хангах зургаан хөдөлгүүрт системтэй. Сэнсний ир нь босоо чиглэлд хөөрөх, буухад нисдэг тэрэгнээс илүү чимээгүй бөгөөд нислэгийн үед урагш хазайхад ямар ч дуу чимээ гаргахааргүй бүтээгджээ.
Түүнээс хойш дөчөөд жилийн дараа Бевирт мөрөөдөлдөө тун ойрхон иржээ. Тэрбээр өөрийн өсөж торнисон Санта-Круз хотын захад нэг нисгэгч, дөрвөн зорчигчийг цагт 240-320 километрийн хурдтай тээвэрлэж чадах, зургаан сэнстэй цахилгаан онгоц бүтээв. Нэг дээврээс нөгөө дээврийн хооронд зорчих агаарын таксины нүсэр том сүлжээний үндэс суурийг буй бөгөөд үүнийгээ өөрөө бүтээж, өөрөө удирдахыг зорьж байна. Мэргэжилтнүүд уг онгоцыг үйлдвэрлэхэд 400,000-1.5 сая ам.доллар шаардагдана гэж тооцоолж буй. Харин тэрбээр хот суурин газрын иргэдийг түгжирч орооцолдсон замаас чөлөөлж, тэрбум хүнд өдөрт нэг цаг буюу “UberX” үйлчилгээний өнөөгийн ханшаар нэг километр тутамд 3.75 ам.доллар хэмнэж өгөхийг эрмэлзэж байгаа юм.
Үнэмшмээргүй сонсогдож байгаа ч өдгөө 47 настай Бевиртэд итгэж буй хүн цөөнгүй бий. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард “Toyota” компани “Joby Aviation”-д 400 сая орчим ам.долларын хөрөнгө оруулсны дараа “Tesla”-г анх санхүүжүүлж байсан Жефф Сколлын “Capricorn Investment Group”, Лаурен Пауэлл Жобс зэрэг хөрөнгө оруулагч нэгджээ. Одоогоор “Joby” нийт 745 сая ам.доллар босгож, 2.6 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрээд буй. “Toyota”-ийн гүйцэтгэх захирал Акио Тоёода Дэлхийн II дайнаас өмнө нисэх онгоц бүтээж байсан “Toyota Motors”-ийг үүсгэн байгуулагч, өвөг эцэг Кийчирогийнхоо нисдэг машин бүтээх мөрөөдлийг “Joby”-оор дамжуулан биелүүлнэ хэмээн итгэж буйгаа Бевиртэд хэлжээ.
Бевирт “Хэрэв бид нисэж чадвал гудамжаа цэцэрлэгт хүрээлэн болгон хувиргаж, хотуудаа амьдрахад илүү таатай орчин болгож чадна” хэмээн өгүүлэв.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар “Joby”, түүний өрсөлдөгч компаниуд цаг үеэсээ дор хаяж арван жилээр түрүүлж байна. Орчин цагийн хамгийн сайн зай хураагуур гэхэд жингийн хувьд онгоцны түлшнээс 14 дахин бага эрчим хүч нөөцөлдөг. Агаарын хөлгийг шууд хөөргөхөд хэр их хүч шаардагддагийг тооцож үзвэл зай хураагуурын хүчин чадлыг сайжруулах хүртэл цахилгаан таксины туулах зай, тээвэрлэх хүчин чадал бизнесийн үр ашгаа өгөхөд хэтэрхий бага аж. Тэрчлэн “нисдэг такси” аюулгүй гэдгийг эрх баригчдад итгүүлэх хүнд даалгавар байгааг мартаж болохгүй.
Бевирт одоогоор цахилгаан автомашинд ашиглагдаж буй дээд зэрэглэлийн лити ион зай хураагуураар аюулгүй онгоц үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тэрчлэн, 2023 онд агаарын таксины үйлчилгээг эхлүүлэх “Uber”-ийн өндөр амбицтай зорилгыг хэрэгжүүлэх цорын ганц стартап бол “Joby”. Бевирт 2023 он гэхэд АНУ-ын Нисэх хүчний албанаас аюулгүй байдлын гэрчилгээ авах ажлаа аль хэдийнэ эхлүүлсэн бөгөөд хэрэв ингэж чадвал “Joby” энэ бүх бэрхшээлийг даван туулсан, цахилгаан хөдөлгүүрт агаарын такси үйлдвэрлэгч анхны компани болох юм.
Хот суурин газраас хөдөөг чиглэсэн шилжилт хөдөлгөөн ид идэвхэжсэн 1970-аад онд төрж өссөн Бевирт эцэг Рон Бевиртэд фермийн тоног төхөөрөмж засах, байшин барих ажилд нь туслах замаар инженерийн мэдлэг эрт эзэмшжээ. Харин насанд хүрсэн хойноо тэрбээр Номхон далайн зэргэлдээ, ой мод, нуга хөндий хосолсон 180 га эдлэн газарт капиталист бүтээн байгуулалт өрнүүлэв. Уг газрыг худалдан авахын тулд Бевирт өмнөх бизнесүүдээ худалдсан аж. Үүнд, эмийн туршилтад ашигладаг робот бүтээгч “Velocity11”, “GorillaPod”-д камерын суурь нийлүүлдэг компани, Бевиртийн туршилтын нислэг үйлддэг байсан газар зэрэг багтана. Нисэх онгоц бүтээх ажилд орохоосоо өмнө тэрбээр бусад стартапуудыг тэндээ цуглуулж, хамтран ажилладаг байв. Бевирт олон нийтийг хоол хүнсээр хангахын тулд тахиа, зөгийний органик аж ахуй байгуулж, хариуцсан тогооч хүртэл хөлслөн ажиллуулж байжээ.

“ЖоБен бахархам халуун дулаан соёлыг бүрдүүлсэн. Түүний эрч хүч бусдад нөлөөлдөг” гэж 2017 онд хамтран ажиллагсдаа “Joby”-д хөрөнгө оруулахыг ятгасан, “Toyota AI Ventures” -ийн ерөнхий захирал Жим Адлер хэлэв.
Бевиртийн бизнесийн загварт “Joby”-оор дамжуулан “Uber”-ийн агаарын такси үйлчилгээний зах зээлд нэвтрэхээс гадна, такси үйлчилгээний хувийн сүлжээтэй болох зорилго зонхилдог. “Хэрэв энгийн нэг тээврийн хэрэгсэл байсан бол, мөн түүнийг тойрсон үйлчилгээ байгаагүй бол би хөрөнгө оруулах талаар бодохгүй байсан” гэж Адлер хэлэв.
Газардах талбай бүтээх, программ хангамж болон бусад дэд бүтцийг захиалах ажил мэдээж хөрөнгө оруулагчдаас их хэмжээний хөрөнгө, бас тэвчээр шаардана. “Joby” онгоцоо худалдах төлөвлөгөөгүй бөгөөд өөрийн гэсэн онгоцны буудал үйлдвэрлэх зорилготой учраас хөрөнгө оруулагчдад тэрбум ам.долларыг нь эргүүлэн олгох өдөр тэр хэрээр хойшлогдож байгаа юм.
“Joby” -ийн таван хүний суудалтай загвар Германы “Volocopter”, Хятадын “Ehang” компаниудын бүтээж буй жижиг оврын, хоёр суудалтай онгоцтой харьцуулахад илүү орлого олох боломжтой. Харин сул тал нь жин. “Carnegie Mellon”-ийн зай хураагуурын мэргэжилтэн Венкат Вишванатан Бевиртийн “Forbes”-т өгсөн онгоцны үзүүлэлтийг үндэслэн лабораторийн загвар гаргажээ. Түүний тогтоосноор онгоцны томоохон хэсгийг зай хураагуур эзлэх бөгөөд үүнийг шийдэх хүчин чадал “Joby”-д байгаа эсэх нь тодорхойгүй аж.
“Joby” онгоц 240 километрийн зай туулахын тулд, мөн Нисэх хүчний албаны шаардлагыг хангахын тулд 2,170 килограмм жинтэй байх шаардлагатай, харин үүнийг хангах зай хураагуурын жин 1,000 орчим килограмм гэж Вишванатаны баг тооцоолжээ. Улмаар таван зорчигчийн нийт жин 450 килограммыг хасахад онгоцны тавцан, суудал, бүхээгт ердөө 720 килограмм ногдох аж. Энэ нь баталгаат үйлдвэрлэлийн нисэх онгоцоос 35 хувиар доогуур үзүүлэлт юм. Тиймээс Бевиртийн өгүүлснээр “Joby” түүхэн дэх хамгийн хөнгөн, үр ашигтай онгоцны их бие бүтээжээ. Эс тэгвэл онгоцны хэмжээ багасах учиртай. Өөр нэг асуудал бол Нисэх хүчний албанаас зөвшөөрөл авахын тулд аюулгүй байдлыг өөрчилж, улмаар жин нэмэгдэх магадлалтай.
“Бид үнэхээр хэцүү ажил бүтээж байна. Техникийн бэрхшээл төдийгүй хүн төрөлхтний өдөр тутмын хөдөлгөөнийг өөрчлөх шаардлага тулгарч байна” хэмээн Бевирт ярьж байна.