Өнгөрсөн онд хөрөнгө нь “тэнгэрт тултал” өссөн Жефф Безос, Илон Маск нар галактикийн хамгийн чинээлэг хүн болохын төлөө өрсөлдөхдөө тус бүр 150 тэрбум гаруй ам.доллар хуримтлуулжээ.

Цар тахлаас гадна урьд өмнө хэзээ ч үзэгдээгүй жил тохиож байна. Тодруулбал, амжилттай IPO-нууд, криптовалютын хөгжил, хувьцааны ханшийн өсөлттэй жил үргэлжилж байна. Тэрбумтнууд ч үй олноор нэмэгджээ. “Forbes” дэлхийн хэмжээнд 2,755 тэрбумтан бүртгэж, дээд хэмжээ тогтоосон нь жилийн өмнөхөөс 660-аар нэмэгдсэн дүн юм. Тэдний 86 хувийнх нь хөрөнгө өссөн үзүүлэлттэй байна.
Тэрбумтнуудын хөрөнгө 2020 онд 8 их наяд ам.доллар байсан бол энэ жил 13.1 их наяд ам.доллар болж өссөн ба дундаж хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 900 сая ам.доллараар илүү буюу 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. АНУ тэрбумтнуудын тоогоор (724) тэргүүлсээр байгаа бөгөөд, Хятад 698 тэрбумтнаар удаалжээ. Хөрөнгийн хэмжээг тооцоолохдоо 2021 оны гуравдугаар сарын 5-ны хувьцаа, валютын ханшийг ашигласан болно. Дэлхийн тэрбумтнуудын дэлгэрэнгүй жагсаалт болон аргачлалыг forbes.com/billionaires хаягаар орж үзнэ үү.
1. Жефф Безос
Нас: 57 • АНУ
2021 онд гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгсөн “Amazon”-ы үүсгэн байгуулагч Безос хөрөнгөө 64 тэрбум ам.доллараар нэмэгдүүлснээр дөрөв дэх жилдээ тэргүүлж байна.
2. Илон Маск
Нас: 49 • АНУ
“Tesla”-ийн хувьцааны ханшийн огцом өсөлт Маскийн хөрөнгийг 2020 оны гуравдугаар сараас хойш 126 тэрбум ам.доллараар өсгөжээ. Нэгдүгээр сард тэрбээр Безосыг түрүүлж, хэсэгхэн хугацаанд дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон юм.
3. Бернар Арно, ба түүний гэр бүл
Нас: 72 • ФРАНЦ
Европын хамгийн чинээлэг эрхэм хэд хэдэн томоохон гэрээ байгуулсны дотор нэгдүгээр сард үнэт эдлэлийн түүхэн брэнд “Tiffany”-ийг 16 тэрбум ам.доллараар худалдан авч “LVMH”-д нэгтгэжээ.
4. Билл Гейтс
Нас: 65 • АНУ
Өнгөрсөн жил “Microsoft”-ийн ТУЗ-өөс гарсан, үүсгэн байгуулагчийн хөрөнгийн хэмжээ өөрийнх нь хувьд дээд хэмжээнд хүрсэн нь компанийн хувьцааны ханшийн өсөлттэй холбоотой.
5. Марк Закерберг
Нас: 36 • АНУ
АНУ-ын Конгрессын хяналт шалгалт Закербергийн хөрөнгөд нөлөөлсөнгүй. Учир нь “Facebook”-ийн хувьцааны ханш түүхэн дээд хэмжээнд хүрэхэд ойрхон байна.
6.Уоррен Баффетт
Нас: 90 • АНУ
“Berkshire Hathaway” долдугаар сард “Dominion Energy”-ийн байгалийн хий дамжуулах хоолойг 8 тэрбум ам.доллараар худалдаж авсныг эс тооцвол Баффетт цар тахлын үеэр харьцангуй чимээгүй байна.
7. Ларри Эллисон
Нас: 76 • АНУ
Цахиурын хөндийн магнат цар тахлын үеэр Хавай руу нүүж, 1977 онд хамтран байгуулсан “Oracle” компанийнхаа төв байрыг Сан-Францискогоос Техас руу нүүлгэн шилжүүлжээ.
8. Ларри Пейж
Нас: 48 • АНУ
9. Сергей Брин
Нас: 47 • АНУ
“Google”-ийн үүсгэн байгуулагчид “Alphabet”-ийн ТУЗ-д үүрэг гүйцэтгэн нам гүм амьдарч байна. Австраличууд саяхан “Google”-ийн хайлтын системийн үүрэг тус улсын хэвлэл мэдээллийг сулруулахад оршиж байна хэмээн шүүмжилсэн билээ.
10. Мукеш Амбани
Нас: 63 • Энэтхэг
“Reliance Industries”-ийн хувьцааны ханш мэдэгдэхүйц өссөнөөр Амбанигийн хөрөнгө өнгөрсөн жил 48 тэрбум ам.доллараар нэмэгдэж, Азийн хамгийн чинээлэг эрхмээр дахин тодорлоо.
11. Амансио Ортега
Нас: 85 • ИСПАНИ
Жижиглэн худалдааны сүлжээ “Zara” брэндээр алдартай “Inditex”-ийн үүсгэн байгуулагч “шуургыг” сөрж чаджээ. Компанийн борлуулалт 2020 онд 30 орчим хувиар буурсан ч жилийн дотор хувьцааны ханш нь 34 хувиар өссөн байна.
12. Франсуаза Беттанкур Майерс, түүний гэр бүл
Нас: 67 • ФРАНЦ
Гоо сайхны зах зээлд тэргүүлэгч “L’Oréal”-ийн ашиг 2020 онд 6 хувиар буурсан ч хувьцааны ханш нь 38 хувиар огцом өссөнөөр үүсгэн байгуулагчийн ач охины хөрөнгө нэмэгджээ.
13. Жон Шаншан
Нас: 66 • ХЯТАД
Цэвэр ус үйлдвэрлэгч “Nongfu Spring” компани 2020 оны есдүгээр сард IPO хийснээр үүсгэн байгуулагчийнх нь хөрөнгө 3345 хувиар өсөж, Хятадын хамгийн чинээлэг эрхэм шинээр тодорсон юм.
14. Стив Балмер
Нас: 65 • АНУ
“Microsoft”-ийн хувьцааны ханш 67 хувиар өссөний улмаас хөрөнгө нь өнгөрсөн жилээс хойш 16 тэрбум ам.доллараар нэмэгдсэн юм. Гүйцэтгэх захирал асан Балмер 2020 онд Covid-той холбоотой ажилд 54 сая ам.доллар хандивлажээ.
15. Ма Хуатэн
Нас: 49 • Хятад
Түүний “Tesla”, “Snap”-д хувь эзэмшдэг “Tencent” компани хоёрдугаар сард видео хуваалцах апплликейшн “Kuaishou”-ийн IPO-ийг хийж дахин нэг амжилтад хүрчээ. “Tencent” тус компанийн 18 хувийг эзэмшдэг.
16. Карлос Слим Элу, түүний гэр бүл
Нас: 81 • МЕКСИК
Харилцаа холбооны магнат нэгдүгээр сард Covid-19-ийн улмаас богино хугацаанд эмнэлэгт хэвтжээ. Түүний удирддаг, Латин Америкийн үүрэн холбооны “América Móvil” компани 2020 онд хэрэглэгчийнхээ тоог 3 хувиар өсгөж, 287 саяд хүргэсэн байна.
17. Элис Уолтон
Нас: 71 • АНУ
18. Жим Уолтон
Нас: 72 • АНУ
19. Роб Уолтон
Нас: 76 • АНУ
“Walmart”-ийг үндэслэгч Сэм Уолтоны хүүхдүүд дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны компанийн тал орчим хувийг гэр бүлийн бусад гишүүдтэй хамтран эзэмшдэг. “Walmart” “Amazon Prime”-тай төстэй үнэгүй хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлснээр нэгдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд цахим борлуулалтаа 69 хувиар өсгөжээ.
20. Майкл Блумберг
Нас: 79 • АНУ
Тэрбээр өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа нэг тэрбум гаруй ам.доллар, Ардчилсан намыг дэмжих зорилгоор 150 сая ам.доллар зарцуулж, энэ төрлийн зардлаар рекорд эвджээ.