Хямралд өртсөн байгууллагуудыг сайтар ажиглавал удирдлагын хайнга байдал, эсвэл анзааралгүй орхисон нэг зүйлээс болж хямрал үүссэн байдаг бөгөөд тэр нь байгууллага дотор чимээгүйхэн тархсаар байдаг. Ингэснээр асуудал улам даамжирч, арга хэмжээ авахад хожимдох хүртлээ ноцтой болдог аж. Өнөөгийн хувьсамтгай нийгэмд удирдагч бүр л итгэл даах чадвартай гэж харагдахыг нэн чухалд тооцдог ч хэнд болон юунд итгэж байгаадаа няхуур хандах хэрэгтэй. Буруу зүйлд итгэх нь асуудлын гол үндэс болдог байна.
Энэхүү зөвлөгөө нь хямрал үүсгэж буй эх үүсвэр рүү гүнзгий нэвтрэх учир менежментийн багууд, удирдах зөвлөлүүд өөрсдийн байгууллагад нуугдаж буй эрсдэл болоод аюулын бүсийг олоход дөхөм болох юм.
1. “ТОМ ДАТА” БУЮУ БИЗНЕСИЙН СУДАЛГААНЫ ДАТАД БҮҮ ИТГЭ
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Ардчилсан нам болон Бүгд найрамдах намыг хоёуланг нь гайхшруулсан нь олон сарын турш хийсэн нүсэр хэмжээний судалгааны үр дүн заримдаа буруу байж болдгийг харуулсан билээ. Бүр цаашилбал, зарим үр дүнг булхайгаар, санаатайгаар өөрчилж ч болно. Олон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн судалгааны буруу үр дүн болон хүмүүсийн confirmation bias буюу нотолгооны гажуудалтай нийлээд худал мэдээлэл тархахад хүрдэг. Дата чухал ч тэдгээр тоо баримтыг боловсруулах явцад аливаа зүйл орхигдсон эсвэл алдаатай таамаглал гарсан уу зэрэг хүндхэн асуултыг удирдагчид тавьдаг байх хэрэгтэй.
2. “МЭРГЭЖИЛТЭН”-ҮҮДЭД БҮҮ ИТГЭ
Мэргэжилтнүүд ч алдаж болдгийг бид сайн мэднэ. Дата буруу байдаг шиг, тэрчлэн үнэн мэдээ, худал мэдээ гэж байдаг шиг шинжилгээ ч гэсэн худал байх тохиолдол бий. Хүмүүс төсөөлөхийн аргагүй их хэмжээний мэдээлэл цуглуулж чадсан ч түүний багагүй хувь нь хоорондоо зөрчилдөж байдаг. Ингэснээр юунд итгэж, юунд итгэхгүй байх, мөн хэнд итгэж, хэнд нь итгэхгүй байх эсэхээ мэдэж авч ойлгоход маш хүндрэлтэй. Дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийн бодол хоорондоо хол зөрүүтэй байдгийг нэг өвчин дээр олон янзын онош эмч нараас сонссон хүн бүхэн сайн мэднэ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг дүгнэж чаддаг байх нь орчин үеийн удирдагчид байх ёстой гол чадваруудын нэг болсон бөгөөд ирээдүйд улам чухал байр суурь эзлэх нь эргэлзээгүй.
3. ЗӨН СОВИНДОО БҮҮ ИТГЭ
2003 онд Эрик Бонебагийн бичсэн “Зөн совиндоо бүү итгэ” хэмээх нийтлэл Harvard Business Review сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш бид нэг зүйлийг ойлгож авав. Зөвхөн зөн совиндоо найдаж менежментийг хийх нь буруу бөгөөд зарим тохиолдолд аюултай. Бидний мэдрэхүй, ой санамжийг булингартуулж байдаг гаднын маш олон хүчин зүйл бий. Тиймээс хэдий зөн совин чухал ч гэсэн удирдахуйн ухаан болон амьдралд нийцэж буй эсэхийг сайтар шалгаж баталгаажуулсан байх хэрэгтэй. Танай менежментийн баг Google Glass-ийг дараагийн iPhone хэмээн бодож болох ч тэд үүнийгээ чанартай судалгаа, хэрэглэгчдийн сэтгэгдлийн шинжилгээ зэргээр баталгаажуулаагүй цагт алдаа гаргах магадлалтай. Удирдлагын багийн гишүүд магадгүй “Хүмүүст хүсэж байгаа зүйлийг нь үзүүлэхээс нааш юу хүсэж байгаагаа мэддэггүй хэмээн Стив Жобс болон Хенри Форд хэлж байсан” гэж өөрсдийгөө өмөөрнө. Харин тэгвэл та тэдний хэн нь ч Стив Жобс эсвэл Хенри Форд биш гэдгийг эелдгээр сануулаад, тэдний зөн совин юуны түрүүнд судалгаагаар шалгагдан, баталгаажих ёстой гэдгийг хэлээрэй.
4. ХҮМҮҮСТ САНААГАА АМЖИЛТТАЙ ХҮРГЭЖ ЧАДНА ГЭДЭГТЭЭ БҮҮ ИТГЭ
Ихэнх компани хямралын менежментийн хуучин аргачлалын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бусдад түгээхийг хүсэж буй санаагаа нэг талт тайлбараар илэрхийлж, олон нийтийг тэдэнд итгэнэ хэмээн найдаад орхидог. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл компанид үл итгэх сэтгэлийг хүмүүсийн дунд бий болгодог бөгөөд компанийн ажилтан ихэвчлэн байдлыг улам хурцатгадаг. Харин чадвартай удирдагчид өөрсдийн түгээхийг хүсэж буй санаагаа бүрэн удирдаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэсэн хэдий ч тэд харилцан ярианд оролцохоос татгалздаггүй. Сайн удирдлага өөрсдийн үзэл бодлоо тодорхой илэрхийлж, олон нийтээс ирсэн асуулт, тодруулгад хариу өгч, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицохын сацуу өөрсдийн итгэл үнэмшил, зарчим болон өөрт үнэ цэнэтэй зүйлээ хэвээр хадгалах байдлаар хямралын үед мэдээлэл дамжуулдаг.
5. ДАН ГАНЦ СТРАТЕГИД БҮҮ ИТГЭ
Аливаа стратегийг бид өөр өөрсдийнхөөрөө ойлгодог ба өнөө үеийн стратеги хэмээн яригдаж буй зүйлсийн ихэнх нь стратеги биш юм. Сайтар төлөвлөөгүй стратегийг нутагшуулахын тулд олон жилийг зарцуулж буй байгууллагуудтай би өмнө нь таарч байлаа. Тэд бүтэлгүйтэж байж л дэмий зүйл байсныг сая нэг ойлгодог. “Та очих газраа мэдэхгүй бол таныг аль ч зам тэнд хүргэх болно” гэсэн мэргэн үг байдаг. Бүгдийг хамарсан алсын хараа болон ерөнхий чигээс ангид стратеги компанийн үйл ажиллагааг хэвийн явагдаж буй мэт харагдуулах боловч яг үнэндээ ийм стратегитай компани ямар ч чиггүй хөдөлж байдаг аж.
6. БРЭНДИНГЭД БҮҮ ИТГЭ
Одоогийн брэндинг ихэвчлэн заль мэх байдаг ба хүмүүс гэнэн зандаа хөтлөгдөн компаниудын сурталчилгаанд итгэдэг. Хамгийн толгой сайтай захирлууд хүртэл энэ урхинд унах үе бий. Яг үнэндээ, хамгийн хашир удирдагчид хамгийн хүндээр унадаг. Үнэнийг илэрхий дэгсдүүлж буй нийлүүлэгчдэд итгэж, маш том алдаа гаргаж байгаа хэд хэдэн захиралтай би саяхан таарсан. Брэндинг хийж буй хүмүүс хэрхэн бодит байдлаас тухайн брэндийг холдуулахад ямар амархан бэ гэдгийг сайн мэддэг. Хэтийдсэн сурталчилгааг үл тоомсорлон, харин мөн чанарыг эрэлхийлж сур.
7. “ОДУУД”-Д БҮҮ ИТГЭ
Удирдлагууд өндөр ур чадвартай ажилтнууддаа маш их үүрэг, хариуцлага даатгадаг учраас заримдаа тэдний анхаарал хандуулж амжаагүй зүйлс хормын дотор асуудал болон хувирдаг. Захирлууд сэтгэлд нь хүртэл ажиллаж чадахгүй байгаа менежертээ шаардлага тавьж их зүйлийг асууж шалгаадаг хэдий ч чадварлаг ажилтнуудаа зөнд нь орхих тал бий. Сайн ч бай, муу ч бай бүх ажилтнаас үр дүнгийн талаар асуудаг бол удахгүй тэсрэх гэж байсан асуудлыг олж илрүүлэх.
8. “ТАЙВШРУУЛАГЧИД”-Д БҮҮ ИТГЭ
Хямралын үеэр миний ажиллаж байсан бүх байгууллагад бодит байдлыг дарж эргэн тойрноо тайвшруулдаг нэгээс хоёр (эсвэл цөөн хэдэн) хүн заавал байдаг байсан. Асуудал улам гүнзгийрэхэд тэд асуудлаас сайн дураараа холдож, нэг их муу зүйл болоогүй мэт дүр эсгэдэг. Байгууллагад бүх ажилчдын оролцоо яг ид хэрэгтэй үед тэд хамт олноо тайвшруулдаг. Хэрэв тэдний үгийг дагавал хурдан илрүүлээд засаж болох алдааг олж харалгүй бүтэлгүйтээд л дуусна. Аливаа асуудлыг томрохоос нь өмнө шийдвэрлэж, үйлчлүүлэгч болон олон нийтэд хандсан оновчтой хариу үйлдэл үзүүлэхэд тэд саад болох ёсгүйг мартаж болохгүй.
9. ОЛОН НИЙТИЙН УХААНД БҮҮ ИТГЭ
Нийтийн хүч дэмжлэгийг ашиглах нь дараагийн шинэ тэсрэлт гэгдэж байна. Wikipedia-аас авахуулаад Kickstarter, залуу удирдагчид, энтрепренерүүд хүртэл үүнээс хамаарахаас гадна зарим нь олон нийтийн хүчээр санхүүжилт авдаг. Гэхдээ олон нийт хувирамтгай, мөн хэцүү ааштай гэдгийг санаарай. Тэд уруу татаж, дараа нь орхиж явж чадахаар зантай. Олон гайхалтай санаанууд үйл ажиллагааныхаа дунд үе хүртлээ нийтийн санхүүжилт авч байгаад хөсөр хаягдан үлддэг. Нийтийн хүч дэмжлэгийг ашиглах нь сайхан ч нөгөө талаараа буруу зүйлд хөтөлж, дутагдалтай, төөрөгдүүлмээр байх эрсдэлтэй. Тэгэхээр нийтийн дэмжлэгийг анхаарах хэрэгтэй, татах хэрэгтэй, гэхдээ дагаж мөрдөх ёстой дүрэм журам мэт авч үзэх хэрэггүй.
10. ХЭНД ИТГЭХЭЭ МЭДДЭГ ГЭДЭГТЭЭ БҮҮ ИТГЭ
Бид хэн худал ярьж, хэн үнэн ярьж буйг мэдэж чадахгүй болохыг тархины үйл ажиллагааны шинэ судалгаа харуулсан юм. Хүний худлаа хэлж байгааг илтгэх тэмдэг, түүнийг илрүүлэх аргууд зэрэг уламжлалт ойлголтууд нь үнэн хэрэгтээ худал зүйл. Хэн үнэн ярьж, харин хэн худал хэлж байгааг ялгах маш хэцүү. Хүмүүсийн ярьж буй зүйл, эсвэл хийсэн тайлан дахь логикийн алдааг олж харах нь хамгийн зөв арга хэмээн мэргэжилтнүүд онцлох болсон бөгөөд үүнээс өөр найдвартай арга байхгүй аж. Улс төр болон дэлхийн тавцанд хүртэл худал ярих нь энгийн үзэгдэл болсон өнөө цагт хамгийн зөв арга бол бүх зүйлийг сайн нягтлах юм.
Эдгээр аргуудаас зөвхөн нэгийг баримталж ажиллах бус, харин цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Хамгийн чухал нь хэд хэдэн эх сурвалжаар баталгаажсан үр дүнг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Булан тойроод биднийг юу хүлээж байгааг хэн ч харж чадахгүй ч аливаа зүйлд арай бага итгэж, илүү бодитойгоор баталгаажуулж, мөн ур ухаан, дата мэдээлэл дээр суурилж ажилласнаар бид эрсдэлээ сайтар тодорхойлж, хямралаас сэргийлж чадах юм