Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

by Bat-Ochir
7 months ago
Reading Time: 1 min read
Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн алдартай брэндүүдийн өндөр үнэтэй гар цүнхийг олон арван жилийн турш чимээгүйхэн урлаж өгсөөр ирсэн Кенни Пак 2018 онд тэрбумтан болсон юм.

Кенни Пак Сөүл хотноо хүн ихтэй, бүгчим үйлдвэрт бүтэн сар уйгагүй хөдөлмөрлөхдөө бүх зүйл саадгүй бүтнэ гэсэн итгэлтэй байв. Гэтэл загварын салбарын хоёр удирдлагад тавьсан түүний санал “хана мөргөж”, хамаг төлөвлөгөө нь нуржээ. Гар цүнхний үйлдвэр үүсгэн байгуулаад төдийлөн удаагүй байсан тэрбээр Нью-Йорк хотноо бизнес уулзалтад иржээ. Пак “Тэд миний нүд рүү эгцэлж харалгүйгээр ‘Кенни, уучлаарай. Гэвч бид маркетинг, борлуулалтын албатайгаа хэлэлцсэн. “Donna Karan”-ийн цүнхийг Солонгост үйлдвэрлэснийг хэрэглэгчид мэдвэл үнээ 30 хувиар хямдруулаад ч тоохгүй гэж тэд ярьж байна’ гэсэн” хэмээв.

Захирлууд “Donna Karan”-ийн цүнхийг бага өртгөөр үйлдвэрлэх санаа агуулж байсан юм. Пакийн хэлснээр түүний загварууд захирлуудын сэтгэлд ихэд нийцсэн аж. Гэвч тухайн үе буюу 1988 онд тансаг зэрэглэлийн гар цүнхийг ихэвчлэн Европт үйлдвэрлэдэг байсан бөгөөд худалдан авагчдын дийлэнх “Солонгост үйлдвэрлэв” гэсэн шошгыг “чанар муутай” гэж үздэг байв. Харин Пак бууж өгөхийг хүссэнгүй. Тэрбээр хоёр хоногийн дараа тэдэн рүү дахин залгаж “Надад магистрын зэрэг, бизнесийн туршлага байхгүй. Гэхдээ би ‘үзэмж, чанар, үнэ’ гэсэн худалдааны гурван гол зарчмыг сайн мэднэ. Та бүхэн намайг сонгох албагүй. Гэхдээ та нар бэлэн байх хэрэгтэй. Та нарт Азийн зах зээлд үндэс суурь хэрэгтэй” гэжээ.

Үүний дараа Пак саналаа тавив. “Ердөө хоёр, гурван зуун ширхгийг туршилтын журмаар үйлдвэрлэе. Амжилтгүй бол та нар ч шатахгүй, манай компани ч дампуурахгүй. Азаар туршилт амжилттай болсон… үнэхээр амжилттай болсон” гэв. Эхний захиалгаар үйлдвэрлэсэн 240 ширхэг “Donna Karan”-ийн цүнх бүгд зарагдав. Хоёр дахь удаагийн 600 ширхэг, дараагийн 3,000 ширхэг бүтээгдэхүүн ар араасаа худалдаанд гарч, бүгд зарагдаж дуусчээ. Есөн сарын дараа “Donna Karan” Пакт зориулж, туслах дизайнер Сөүл хотноо томилж өгөв. Пакийн гэрээт үйлдвэр “Simone Accessory” эхний бүтэн жилийн хугацаанд дөрвөн сая ам.долларын орлого олсон төдийгүй үүнээс хэдэн сарын өмнө гэрээ байгуулсан “Esprit” брэнд ч тэдний дансыг зузаатгаж байв.

RELATED STORIES

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022

Өдгөө 30 жил өнгөрсөн ч Пак “Donna Karan”-д гар цүнх, гоёлын эд зүйлсийг нь үйлдвэрлэж өгсөн хэвээр байна. Өнөөдрийг хүртэл нэмэгдсэн түүний 20 гаруй харилцагч дэлхийн загварын ертөнцийг атгаж байна. Тухайлбал, “Michael Kors”, “Kate Spade”, “Coach”, “Marc Jacobs”, “Alexander Wang”, “Versus Versace”, “AllSaints” гэх мэт. Түүний бүтээгдэхүүн таны шүүгээнд ч байж магадгүй. Учир нь “Simone Accessory” жил бүр 30 сая ширхэг гар цүнх, арьсан гоёл чимэглэл үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Вьетнам, Камбож, Индонез, Хятадад байрлах долоон үйлдвэрт 3,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Тэд “Esprit”-тэй хамтран ажилласнаас хойш өдгөө 180,000 төрлийн загвар гаргажээ.

Пакийн эхнэрийн нэрээр нэрлэгдсэн компанийн төв байр “Simone” нь Сөүл хотоос өмнө зүгт 22 километрийн зайд, 400 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Хувийн өмчит уг компани өнгөрсөн жил 520 сая ам.долларын орлого, 63 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. 2015 онд дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын “Blackstone Group” тус компанийн 30 хувийг 300 сая ам.доллараар худалдаж авсан билээ. Түүнээс хойш “Simone Accessory”-ийн үнэлгээ тогтмол өссөөр байна. Ийнхүү гэр бүлийнхээ хамт компанийнхаа 62 хувийг эзэмшдэг, өдгөө 67 настай Пак 2018 онд тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн төдийгүй Өмнөд Солонгосын хамгийн чинээлэг 50 эрхмийн нэгээр анх удаа тодорч байв. Өдгөө “Forbes Asia” түүний хөрөнгийн хэмжээг 640 сая ам.доллараар үнэлж байна.

“Нью-Йоркийн гудамжинд нэгэн эмэгтэй миний цүнхийг барьчихсан явахыг би харсан юм. Нэг их сүйдтэй зүйл биш боловч үнэхээр сайхан мэдрэмж өгсөн.”

Гэвч энэхүү амжилтын оргил Пакийн хувьд анх гараагаа эхлүүлэхдээ олж авсан нэр хүндтэй нь харьцуулалтгүй юм. Хятад нээлттэй улс болж эхэлснээс ердөө 10 жилийн дараа буюу 1988 оны үед тансаг зэрэглэлийн брэндүүдэд зориулж гар цүнх урладаг үйлдвэр Ази тивд ерөөс байсангүй.
Пак “Donna Karan”-тай байгуулсан гэрээний тухайд “Бид дизайнерын цүнхийг Азид үйлдвэрлэх анхны алхмыг хийсэн. Тийм ч учраас Хятадын үйлдвэрлэгчид намайг ‘том ах’ гэдэг байсан. Намайг дөнгөж 30 настай байхад 50, 60 нас давсан эрхмүүд ‘том ах аа’ гэдэг байлаа. ‘Simone Accessory’ анхдагч цолоо үргэлж хадгална” гэсэн юм.

Пак орчин үеийн урлагийн бүтээл, шинэ цүнхний дээж, цамхаг мэт өрсөн номнууд хүрээлсэн албан өрөөнийхөө тэг голд, аварга том модон ширээнд суудаг. Битүү чимэглэсэн ханан дээр харагдах загасан хэлбэртэй зүүлтнүүдийн талаар асуухад тэрбээр “Энэ миний удам, угсаатай холбоотой” гэв. Өөрөөр хэлбэл, тэрбээр талийгаач эцгийнхээ эрхэлж байсан загасны аж ахуйг хүндэтгэн ийн залжээ.

Пак Сөүлийн Ионсей их сургуулийн герман хэл, уран зохиолын ангийг 1978 онд дүүргээд гэр бүлийнхээ бизнест нэгдэх бодолтой байжээ. Түүний хоёр ах эртнээс л эцгийнхээ бизнест тусалдаг байв. Айлын зургаан хүүхдийн тав дахь тэрбээр эцгийгээ дагаж усан онгоц дээр зургаан долоо хоногийн турш ажиллажээ. Гэвч тэнгис, далайг гэсэн сэтгэл нь аялах хүсэл болон хувирч, улмаар өөрийн зам мөрийг хөөхөөр шийджээ. Тиймээс Пак эцэгтээ “Надад гурван жил өгөөч. Таны нөмөр нөөлгөөс гарч, бие даан амьдармаар байна. Би Солонгосоос гарч үзмээр байна” гэж хэлжээ.

Гэвч том асуудал тулгарав. Тухайн үед Солонгос орон цэргийн дэглэмтэй байсан тул бизнес аяллаас бусад тохиолдолд энгийн иргэний хувьд гадаад паспорт авна гэдэг том сорилт байв. Тиймээс Пак экспортын компанид ажилд орвол хилийн дээс алхах боломж гарч магадгүй гэж үзжээ. Тэрбээр “Chungsan” хэмээх гар цүнхний, жижигхэн үйлдвэрт их сургуулийн зэрэг хамгаалсан анхны ажилтан нь болж нэгджээ. Пак “Би шилдгүүдийн нэгд ажиллаж болох байсан. Гэхдээ тухайн үед албаар жижиг компани сонгосон юм” гэв.

Түүний сонголт 1980 онд үр дүнгээ өгчээ. Пак арьс бэлтгэн нийлүүлэгч судлах ажлаар Италийн Флоренц хотод томилогдохдоо тэндхийн загварын мэдрэмжийг гайхан биширчээ. “Би эрэгтэйчүүдийн бэлэн хувцасны дэлгүүрт ороод үнэхээр цочирдсон. Гудамжаар алхах эрчүүд шар, ногоон, тод ягаан, гүн улаан өмд өмссөн байв. Цамц нь гэхэд л 15 төрлийн өнгөтэй байж билээ. Эрэгтэй хүн тийм хурц, тод өнгийн хувцас өмсөж болдог гэж төсөөлж ч байсангүй. Энэ бүхэн миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Мөн намайг зоригжуулсан” хэмээн Пак өгүүлэв. Энэ бүхэн түүний бүтээлч чанарыг хурцалжээ. Тэрбээр “Бүтээл туурвих талбай маань жижигхэн ч түүн дээр хүссэн бүхнээ зурах боломжтой байв. Нью-Йоркийн гудамжинд нэгэн эмэгтэй миний цүнхийг барьчихсан явахыг би харсан юм. Нэг их сүйдтэй зүйл биш боловч үнэхээр сайхан мэдрэмж өгсөн. Амжилтад хүрчихсэн мэт санагдаж байлаа” гэв.

Пак “Chungsan”-д долоон жил ажиллахдаа Хөгжүүлэлт, борлуулалтын хэсгийн захирал болон дэвшиж, компанийн орлогыг 10 дахин нэмэгдүүлжээ. Тэрбээр 1987 онд гэр бүл, найзуудынхаа үгнээс зөрөн байж, эцгээсээ 30,000 ам.доллар зээлж, өөрийн компанийг байгуулжээ. Үйлдвэрлэл илүү өртөг багатай орнууд руу шилжиж, Өмнөд Солонгос уг бололцоогоо алдаж байна хэмээн түүний ойр дотны хүмүүс нь түүнд анхааруулж байв. Пак “Тэд ‘Кенни, бүх юм дуусаж байна. Хамгийн сүүлчийн галт тэргэнд амжиж суух хэрэг байгаа юм уу? Хятадын эрин үе эхэлж байна’ гэцгээж байсан” гэв.

Гэвч тэрбээр аюулгүй байдлаа аль хэдийнэ хангачихсан байж. Өөрөөр хэлбэл, томоохон худалдан авагчийг бараг баталгаажуулчихсан байжээ. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Сан-Францискогийн “Esprit” брэнд бэлтгэн нийлүүлэгч хайж, “Chungsan”-тай холбогдсон боловч өөр нэг харилцагчтай нь ашиг сонирхлын зөрчил үүссэн тул тохиролцоонд хүрч чадаагүй аж. Харин “Esprit” уг саналаа Пакт тавьсан нь хувьдаа компанитай болох хүслийг нь улам бадраажээ. Цаг хугацаа түүний талд байсан юм. Италиас гадна Европын ихэнх улсад үйлдвэрийн ажилчид насны хувьд хөгширч, гар урлалаар ажиллах хүсэлтэй залуусын тоо цөөрсөөр байв. Тэдгээр оронд зах зээл нь байсан ч ажиллах хүч ихэд дутагдаж байсан юм.

Тиймээс Пак дахин нэг үйлчлүүлэгч олохоор шийджээ. Тэрбээр “Би найзуудаасаа ‘Яг одоо хамгийн их эрэлттэй байгаа брэнд юу вэ?’ гэж асуухад тэд ‘Donna Karan’. Америк брэнд. Нью-Йоркийнх гэцгээсэн” хэмээв. Пак “Donna Karan”-ийн цүнхнүүдээс худалдан авч, 1988 оны зун очиж уулзахдаа танилцуулах төгс загваруудаа бүтээхээр ажилдаа шамдан орсон юм. Дөрвөн жилийн дараа гэхэд тэрбээр хилийн чанад дахь анхны үйлдвэрээ Гуанжоуд, харин таван жилийн дараа хоёр дахь үйлдвэрээ Жакартад нээжээ. Харин Пакийн анхны Европ дахь харилцагч 1999 онд гэрээгээ байгуулсан юм.

Миллениал залуусын дунд дизайнерын нэрийн бүтээгдэхүүн худалдан авах хүсэл давамгайлахын хэрээр Пакийн компани цэцэглэн хөгжиж байна. 2017 оны байдлаар тансаг зэрэглэлийн арьсан бүтээгдэхүүний салбарын топ таван компанийн зах зээл 49.2 тэрбум ам.долларт хүрсэн нь таван жилийн өмнөхөөс 30 хувь өссөн үзүүлэлт хэмээн “Euromonitor International” компани судалгаандаа дурджээ. “Simone Accessory” тэрхүү топ таван компанийн хоёрт нь буюу “Michael Kors”, “Coach” брэндэд бүтээгдэхүүн нийлүүлдэг. Өнөөдөр зах зээл бүтэн эргэжээ. Нэгэн үе зөвхөн аж үйлдвэрийн бааз, суурь болж байсан Хятад орон өдгөө тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том зах зээлд тооцогдох болжээ. “Bain & Co” зөвлөх компанийн тайланд дурдсанаар өнгөрсөн жил Хятадын зах зээл дэх борлуулалт 23 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Дэлхийн хамгийн алдартай брэндүүдэд 40 гаруй жилийн турш цүнх үйлдвэрлэн нийлүүлж буй Пак өдгөө хурдаа сааруулах тухай бодох болов. Тэрбээр “Би тоормосгүй трактор шиг зүтгэсээр өдийг хүрчээ. Харин одоо илүү тогтвортой байхад анхаарч, амьдралынхаа үнэт зүйлсийг эргэн харахыг хичээж байна. Өөртөө болон гэр бүлдээ илүү цаг зарцуулах хүсэлтэй болсон” гэв.

Түүний тарьсан үр хэдийнэ үндэслэжээ. Пакийн ууган охин, 35 настай Жү Вон 2015 онд үүсгэн байгуулагдсан “Simone Fashion Co.,” охин компаниа тэргүүлэхийн зэрэгцээ тансаг зэрэглэлийн дөрвөн дэлгүүр ажиллуулдгийн дотор Германы загвар зохион бүтээгч агсан Карл Лагерфельдын нэрийн хоёр дэлгүүр, “Simone Accessory”-ийн өөрийн брэнд “0914”-ийн хоёр дэлгүүр багтаж байна. Гол нэрийн дэлгүүр “0914” нь Сөүлийн Каннам дүүргийн До Сан цэцэрлэгт хүрээлэнгийн өөдөөс харан байрладаг бөгөөд зэргэлдээ гудамжинд нь “Hermes”, “Cartier”-ийн нэрийн дэлгүүрүүд бий. Пак оюутан ахуй үеийн дурлалт бүсгүйтэйгээ кафед санамсаргүй таарсан 1984 оны тэр нэг өдрийг бэлгэдэж, өөрийн брэндийг “0914” хэмээн нэрлэсэн аж. Зургаан жилийн турш холбоогүй байсан дурлалт хос тэр өдрөөс хойш уг кафед байнга таарах болжээ. Харин тавдугаар сард нь тэд хуримаа хийсэн байна.

“Morgan Stanley”-ийн Манхэттен дэх салбарт ажиллаж байсан Жү Вон “Forbes Asia”-тай Парисаас утсаар холбогдсон юм. Тэрбээр “Аав маань миний бие даасан байдлыг дэмждэг” гэв. 30-50 насны хэрэглэгчдийг чиглэсэн тус брэндийн цүнхнүүд энгийн, хөнгөн, дунджаар 700 ам.долларын үнэтэй аж.
“Simone Fashion” Европ, Японы тусгай захиалгын бүтээгдэхүүнийг эх орондоо борлуулах бизнесийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Жү Вон “Манай хэрэглэгчид алдартай брэндүүдийг сайн мэддэгээс гадна шинэ бүтээгдэхүүн турших сонирхолтой байдаг. Бид шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй, өвөрмөц компаниудтай хамтран ажиллаж байна” гэв.

Өөр нэгэн охин компани “Simone Investment Co.,” нь Пак болон бусад хөрөнгө оруулагчдын 1 тэрбум ам.долларыг үл хөдлөх хөрөнгийн салбарт эргэлдүүлдэг бөгөөд тухайлбал, Нидерландад байрлах “De Rotterdam” оффис, орон сууц, зочид буудлын цогцолбор, Вашингтоны Жоржтаун дүүргийн Потомак голын дэргэд байрлах “Washington Harbour” цогцолбор, Сан-Францискогийн Юнион-Скверт байрлах “Westin Hotel”-ийг энд дурдаж болно.
Пак одоогоор компаниа хөрөнгийн биржид бүртгүүлэх бодолгүй боловч цаашид боломжтой гэдгээ бүдэгхэн илэрхийлж “Би энэ хүртэл хол явна гэж төсөөлж байсангүй. 2017 онд 30 жилийн ойгоо тэмдэглэж байхдаа би бизнес хамтрагчдаасаа ‘Simone’-д ажиллахын хамгийн сайхан нь юу вэ гэж асуухад бараг бүгд ‘тодорхой бөгөөд тогтвортой байдал’ гэж хариулсан” гэлээ.

Bat-Ochir

Related Posts

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин
Энтрепренер

$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин

10/06/2022
Дүрээр “амилсан” бизнес
Энтрепренер

Дүрээр “амилсан” бизнес

09/06/2022
Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент
Энтрепренер

Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент

08/06/2022
Уналтаас сэргэсэн бизнес
Энтрепренер

Уналтаас сэргэсэн бизнес

07/06/2022
Урлагаар төлөвшүүлнэ…
Энтрепренер

Урлагаар төлөвшүүлнэ…

30/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist