Concierge Auctions шиг компаниудын ачаар тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авах асуудал ухаалаг утасныхаа дэлгэцийг товших төдийд л шийдэгдэх болжээ. Ирээдүйд үл хөдлөх хөрөнгийн салбар энэ зүгт чиглэх үү? Эсвэл аль хэдийнэ чиглээд эхэлчихсэн үү?
Мексикийн Лос-Кабоб хотын толгод дээрх уран нарийн хийцтэй, нарийн шаардлага хангасан тансаг эдлэнгийн зураг төслийг Casa Karen-ийг Карен Редекоп хэмээх бүсгүй бүтээжээ. Тэрбээр барилгын материалыг Энэтхэг, Индонез, Тайланд, Европ болон Ойрхи Дорнодын орнуудаас импортолж, нутгийн зураачдыг хөлслөн хана туурган дээр нь нарийн чамин хээ, хуар урлуулжээ. Таван жил үргэлжилсэн төгс уран бүтээлээ дуусгавар болгож, дараагийн ажилдаа оров.
60 нас шүргэж яваа канад эмэгтэй түүний дараагийн төсөл бол ойролцоох Палмиллиа цогцолборын 1.6 га талбай бүхий газар бөгөөд ажлаа эхлүүлэх эрч хүч дүүрэн байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгө худалдах зуучлагч хөлслөн, сүүлийн бүтээлээ 2.7 сая ам.доллараар үнэлжээ. Гэвч бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд худалдан авах ганц ч санал ирсэнгүй.
Харин энэ бүхэн Concierge Auctions компанийн ачаар өөрчлөгдсөн юм. Тансаг зэрэглэлийн орон сууцыг хамгийн өндөр үнэ амласан талд борлуулдаг, Нью-Йорк хотод төвтэй тус компани үйлчлүүлэгчдэд дээд зэргийн маркетинг, борлуулалтын түргэн шуурхай үйлчилгээг санал болгодог. Редекоп тансаг харшаа Concierge–д бүртгүүлснээс хоёр сарын дараа гар утсаар дамжин явуулдаг гучхан минутын дуудлага худалдаагаар 2.6 сая ам.доллараар худалдаж чаджээ.
Чинээлэг үйлчлүүлэгчдийнхээ орон сууц худалдах, худалдан авах ажлыг түргэн шуурхай гүйцэтгэдэг Concierge Auctions компани үүнийхээ ачаар 2016 онд 270 сая ам.доллартай дүйцэх үл хөдлөх хөрөнгө худалдаж, 30 сая ам.долларын орлоготой ажиллав. Ингэснээр тус компанийн бүх цаг үеийн борлуулалт 1.2 тэрбум гаруй ам.долларт хүрсэн юм. Гэхдээ дуудлага худалдаа болгон Редекопын харш шиг амжилттай болдоггүй. Ойролцоогоор 30 орчим хувь нь зарагдахгүй үлдэх ба худалдагч талын хүссэнээс доогуур үнээр зарагддаг аж. Гэсэн хэдий ч орон сууцыг урлагийн бүтээл мэт борлуулдаг цөөн боловч хурдацтай өсөж буй дуудлага худалдааны компаниуд дотроо Concierge тэргүүлж байна.
Өнгөрсөн жилүүдэд Concierge компани өмч хөрөнгөө нууцлахыг илүүд үздэг олон алдар цуутан (Майкл Жордан, дуучин Шер гэх мэт), тэрбумтнуудтай (GoDaddy-ийн үүсгэн байгуулагч Боб Парсонс гэх мэт) хамтран ажиллаж байсан юм.
“Бидний үйлчлүүлэгчид зөв шийдвэр гаргахыг хичээдэг. Ашиглагддаггүй хөрөнгөө хадгалахын тулд мөнгө зарцуулах нь тийм ч зугаатай ажил биш” хэмээн Concierge-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, 37 настай Лора Брейди ярив. Брейди 2004 оноос үл хөдлөх хөрөнгө борлуулж эхэлсэн бөгөөд богино хугацаанд Флорида мужийн шилдэг борлуулагчдын нэг болов. Дараагийн жилд нь аюул нүүрлэж, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөл мужийн хэмжээнд ажиглагдаж эхэлжээ. Үүнээс гадна Брейди АНУ-д тансаг зэрэглэлийн өмч хөрөнгө худалддаг арга механизмд санаа зовж байв.
250,000 ам.доллараас доош үнэтэй орон сууцнуудын хувьд үнэ тохирох энгийн худалдааны арга харьцангуй үр дүнтэй байдаг нь худалдан авагч элбэг байдагтай холбоотой. Харин хэдэн сая ам.долларын эд хөрөнгө худалдан авах чадвартай, бэл бэнчинтэй худалдан авагч олох тун ярвигтай (Өнгөрсөн жил АНУ-ын хэмжээнд борлуулсан нийт орон сууцны зөвхөн 2.3 хувь нь л нэг сая ам.доллар болон түүнээс дээш үнээр худалдагджээ). Тансаг зэрэглэлийн орон сууцнуудын хувьд анх санал болгосон үнэтэйгээ ойролцоо дүнгээр түргэн хугацаанд борлогдох, эсвэл хэдэн сар элээсний эцэст нэлээд хувиар хямдруулсны үндсэн дээр борлогдох хувь заяа хүлээж байдаг.
“Орон сууц илүү үнэтэй, өвөрмөц байх тусам худалдааны уламжлалт аргаар борлох нь бага байдаг” гэж Брейди тайлбарлав. Үүнийг шийдэх төгс арга дуудлага худалдаа байв. Түргэн бөгөөд өрсөлдөөнтэй уг арга нь худалдан авагчдыг яаруулж, үнэлэхэд хэцүү орон сууцнуудад хүртэл боломжийн үнэ тогтоох бололцоо бүрдүүлдэг аж (Австрали улсад олон тооны орон сууцыг ийм аргаар борлуулдаг). Брейди өөрийн захирал Чад Рофферсыг уг аргыг хэрэгжүүлэхийг ятгажээ. Хэд хэдэн дуудлага худалдаа амжилттай зохион байгуулсны дараа Брейди 2008 онд Concierge-ийг үүсгэж байгуулж, Нью-Йорк хотыг зорьжээ. Төдөлгүй одоогийн ТУЗ-ийн дарга Рофферс компанийн бүрэлдэхүүнд нэгдсэн байна.
Өнөө үед олон компани орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулж байна. Ялангуяа битүүмжлэгдэн, хураагдсан орон сууцыг дуудлага худалдаагаар маш ихээр худалддаг. Харин Брейди, Рофферс хоёр шиг өндөр үнэлгээтэй борлуулж чадаж буй нь цөөн. 2016 онд дуудлага худалдаагаар нээлттэй зарласан 133 орон сууцныхаа 85-ыг Concierge компани худалдаж чадсан бөгөөд энэ нь 2015 онд 80 орон сууцнаас 60-ыг нь борлуулж байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт.
Худалдааны аль аль талд ажиллаж чаддаг Concierge-ийнхэн тухайн хотын үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нартай хамтран ажилладаг бөгөөд тэд борлуулалтаас салбарын жишиг болсон 5-6 хувийн урамшуулал авахаас гадна зарах гэж буй хөрөнгөө үндэсний хэмжээнд танилцуулах боломжтой болдог. Урлагийн бүтээлийн дуудлага худалдааны адилаар Concierge худалдан авагчийн талаас маш өндөр буюу 12 хувийн суутгал авдаг. Гэвч худалдан авагчид ихэнх орон сууцыг анхны үнээс (ихэвчлэн өндрөөр үнэлсэн байдаг) хямдаар авдаг учир энэ тийм ч хатуу нөхцөл биш. Concierge-ийн дуудлага худалдаанд үнийн доод хязгаар шаарддаггүй, 2-40 сая ам.долларын хооронд хэлбэлздэг бөгөөд дундаж үнэ нь дөрөв орчим сая ам.доллар байдаг аж. Компанийн үзэж буйгаар энэ арга анхнаасаа л үр дүнтэй байсан боловч тэдний үнийн шинэ хөтөлбөр үүнийг өөрчилж магадгүй байна.
Орон сууцаа борлуулах хүсэлтэй хүмүүсийг татахын тулд Concierge хэдэн жилийн өмнөөс эхлэн худалдагч талын үл хөдлөх хөрөнгийн зуучид төлдөг хөлсийг төлөх болжээ. Үүнээс гадна худалдан авалт дуусахад буцаан олгох нөхцөлтэйгөөр 50,000 ам.долларын барьцаа авдаг байснаа цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, худалдагч тал Concierge-ийг хөлсөлснөөр ямар ч шууд зардал гаргахгүй байхаар хөтөлбөр боловсруулсан аж. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний Miller Samuel компанийн гүйцэтгэх захирал Жонатан Миллер зардлыг худалдан авагч талд ногдуулах нь маркетингийн нэг төрлийн мэх буюу иргэний хэргийн өмгөөлөгч хэрэг шийдэгдсэний дараа хөлсөө авах маягаар үйлчлүүлэгчийн итгэлийг олж авдагтай адилтгажээ. Тэрбээр “Худалдагч тал илүү ашиг, хонжоотой байна гэсэн үг биш. Мэдээж худалдан авч буй тал үнийн саналдаа энэ зардлыг тооцож оруулна. Энэ бол зүгээр л худалдааны хүчтэй тоглолт юм” хэмээн тайлбарлажээ.
Худалдагч талд ийн найр тавих нь маркетингийн үр дүнтэй мэх боловч худалдан авагчдад тулгарч буй тэнгэрт хадсан зардлыг огтхон ч бууруулахгүй юм. Гэхдээ Брейдигийн өгүүлснээр өндөр хөлсний талаар гомдоллосон худалдан авагч одоогоор байхгүй аж. Гомдоллох хүн гарч ирсэн ч асуудлыг зохицуулах амархан арга буйг дуулгав: Бага дүнгээр үнэ хаялц, эсвэл битгий оролц. “Хэрэв өндөр хөлс төлмөөргүй байвал дуудлага худалдаанд заавал оролцох шаардлагагүй. Хэрэв тэд тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэхээр өөрийн болгох хүсэлтэй бол дүрэмд захирагдах л хэрэгтэй” гэж тэрбээр онцоллоо.
Энэ бүхнээс харахад үйлчлүүлэгчдэдээ найрсаг бус хандаж буй мэт боловч Concierge- тэй хамтран ажилладаг зуучлагчдын хэлснээр дуудлага худалдаа нь нээлттэй зах зээлээс худалдан авалт хийснээс илүү таатай боломж бүрдүүлдэг аж.
“Гэртээ аз жаргалтай амьдрах нь бүх хүсэл эрмэлзлийн эцсийн зорилго юм” —САМУЭЛЬ ЖОНСОН
Concierge-ээр дамжуулан орон сууцаа борлуулсан хүмүүс олон жил нээлттэй зах зээл дээр татаж чадаагүй олон хүнийг дуудлага худалдаа эхлэхээс нэг сарын өмнө гэхэд л татаж чаддаг хэмээн магтан ярьж буй. Компанийн тооцоолсноор найман сая ам.долларын үнэлгээтэй орон сууц худалдах гэж буй хүн хэдийгээр өөрөө дотор нь амьдардаггүй ч татвар, даатгал, засвар үйлчилгээ гэх мэт зардалд сард 40,000 ам.доллар зарцуулдаг аж. Concierge-ийн дуудлага худалдаанд орж буй орон сууц тус компаниар зуучлуулахаас өмнө зарагдахаа хүлээн зах зээл дээр дунджаар зургаа орчим сар болсон байдаг аж.
Тэрчлэн технологийн хөгжил Concierge-ийн худалдагч, худалдан авагч талуудад үзүүлэх үйлчилгээг улам сайжруулсаар байна. Компанийн вэб хуудсаас олон удаа дүрс бичлэг үзсэн хүнтэй борлуулалтын ажилтан шууд холбоо барих аж. Тэрчлэн хэрэв усан сангийн бичлэг давтан үзсэн бол усанд сэлэлтээр хичээллэгсдэд төгс тохирох хамгийн шилдэг орон сууцнуудыг цахим хуудас сонгон харуулах аж. Одоогийн байдлаар дуудлага худалдааны 90 хувийг Concierge-ийн жилийн өмнө нэвтрүүлсэн, гар утасны Instant Gavel аппликейшнээр дамжуулан зохион байгуулж байна. Berkshire Hathaway HomeService Utah Properties компанийн зуучлагч Маттью Магнотта нэгэн үйлчлүүлэгч нь iPhone утаснаасаа Юта мужийн Парк-Сити дахь дундад зууны үеийн хийцтэй “цамхаг”-ийг авахаар үнэ хаялцаж буйг харж байснаа дурсав.
“Үл хөдлөх хөрөнгийн жирийн зах зээл дээр худалдан авагч маш олон удаа хэлэлцээ хийж, судалсны эцэст төлбөрөө шилжүүлдэг. Харин 10 сая ам.долларын орон сууцыг iPhone дээрээсээ хэдэн товч дараад л, яг л eBay- ээс энгийн худалдан авалт хийж буй мэтээр өөрийн болгоно гэдэг бол ер бусын хэрэг” хэмээн Магнотта эцэст нь өгүүллээ.