Агаараас нүүрстөрөгчийн давхар ислийг шүүж аваад газар доор хуримтлуулах зориулалт бүхий дэлхийн хамгийн том DAC (direct air capture) үйлдвэрийн барилгын ажил өнөөдөр эхэлж байгаа аж.
Швейцарын ногоон технологийн стартап “Climeworks AG”-ийн энэ чиглэлээр гүйцэтгэж буй хоёр дахь төсөл болох тус үйлдвэр Исланд улсын нутагт 18-24 сарын хугацаанд баригдах бөгөөд ашиглалтад орсныхоо дараа жил бүр 36 мянган тонн CO2-ийг шүүх юм байна.
Энэ нь өнгөрсөн жил дэлхий дахины эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарсан нийт 36 тэрбум тонн нүүрстөрөгчийн өчүүхэн хэсэгтэй тэнцэх юм. Гэхдээ “Climeworks”-ийн одоо байгаа үйлдвэрээс хүчин чадлаараа 10 дахин илүүгийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зайлшгүй хэрэгтэй гэгдэж буй ногоон технологийн хүрээнд томоохон ахиц дэвшил авчрах ажээ.
“Mammoth” буюу “Арслан заан” нэртэй шинэ үйлдвэр нь агаарыг сорж, нүүрстөрөгчийг шүүх 80 ширхэг сэнс болон шүүлтүүрээс бүрдэнэ. Дараа нь шүүсэн нүүрстөрөгчийг устай хольж, хөрсний доод давхарга руу шахаад химийн урвалаар чулуулаг болгон хувиргах ажлыг Исландын “Carbfix” фирм хариуцах юм байна.
Уг үйл явцад шаардагдах эрчим хүчийг ойролцоох газрын гүний дулааны станцаас хангах бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сард “Climeworks”-ийн босгосон 627 сая ам.долларын санхүүжилтээс зардлыг нь гаргах ажээ.