“Apple” компанийн гэрээт үйлдвэрлэгч “Foxconn Technology” групп Хятадын Жэнжоу хот дахь үйлдвэрийнхээ ажилчдын урамшуулал цалинг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ оны хоёрдугаар хагаст “Apple”-ийн шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдах тул үүнийг угтан тус үйлдвэр ажиллах хүчээ зузаатгах кампанит ажил эхлүүлээд байгаа аж.
Цахилгаан барааны дэлхийн хамгийн гэрээт үйлдвэрлэгч болох “Foxconn” дадлагажигч, угсралтын шугамын ажилчдыг олноор элсүүлж буйн зэрэгцээ шинэ ажилчдыг дөрвөн сараас дээш хугацаагаар ажиллавал 9000 юань буюу 1345 ам.долларын урамшуулал олгохоор болсон байна.
Үүнээс гадна Жэнжоугийн үйлдвэрийн хуучин ажилчид ажилдаа эргэн орвол өмнө нь авч байсантай ижил дүнгээр үргэлжлүүлэн цалинжуулах бөгөөд мөн дөрвөн сарын дараа 9500 юанийн урамшуулал олгохыг “Foxconn”-ий iPhone утас үйлдвэрлэлийг хариуцдаг Дижитал бүтээгдэхүүн, бизнесийн группээс даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Тавдугаар сард Жэнжоу хот covid19-ийн халдвар тархахаас сэргийлж долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосны улмаас тус үйлдвэр угсралтын шугамын ажилчдыг шинээр авахаа түр зогсоогоод байсан юм.
Дэлхий даяар худалдаалагдаж буй iPhone гар утасны 80 хувийг үйлдвэрлэдэг Жэнжоугийн үйлдвэрийн гарцыг нэмэгдүүлэхийн тулд “Foxconn” жил бүрийн зун дээрхтэй адил кампанит ажил явуулах нь уламжлал болжээ.