Испани, франц, хятад төдийгүй “Game of Thrones” цувралын валир хэлийг хүртэл сурч болох “донтуулагч” аппликейшн “Duolingo” 3.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Ногоон өнгөтэй, түнтгэр шар шувуу “Испани хэлээр аврал эр” хэмээн шаардана. “Twitter”-ийг шууруулсан энэхүү хошигнол “Duolingo”-ийг илэрхийлдэг. “Duolingo” бол дэлхий даяар 300 гаруй сая хэрэглэгчтэй, гадаад хэл сурах алдарт аппликейшн юм. Дуо шар шувуу “Twitter” дээр хошигнох дуртай боловч жинхэнэ аппликейшн нь шаргуу хөдөлмөр, тууштай зан шаарддаг.
Хэрэв таныг өдөр бүр давтах ёстой испани хэлний хичээлдээ назгай хандвал “Duolingo” өчигдөр нэвтэрсэн цагаар чинь мөшгөж, өнөөдрийн яг тэр цагт гар утсанд тань сануулга илгээнэ. Өөрөөр хэлбэл, Дуо шар шувуу эможи хэлбэрээр гар утасны дэлгэц дээр гарч ирээд эрдмийн ажлаа үргэлжлүүлэхийг шаардан “үглэж” эхэлдэг.
Дуогийн тушаалыг олон сая хүн дагадаг. МакАртурын нэрэмжит “гоц ухаантны шагнал”-ийг хүртсэн компьютерийн “суут ухаантан”, 43 настай Луис Фон Ан арваад жилийн өмнө зохиосон “Duolingo” программ өдгөө Билл Гейтс, Хлои Кардашян, Жек Дорси нараас эхлүүлээд Турк дахь Сирийн дүрвэгчдийн хэрэглээ болжээ.
Фон Ан “Дэлхийн хамгийн чинээлэг хүн буурай хөгжилтэй орны ард иргэдтэй ижилхэн систем хэрэглэж байгааг мэдээд би өөрөөрөө хамгийн их бахархсан. Энэ бол миний хувьд үнэхээр том амжилт” гэв.
“Duolingo”-д үргэлжлүүлэн тэлэх орон зай хангалттай бий. Өдгөө гадаад хэл сурч буй дэлхийн хоёр тэрбум иргэн цахим сургалтыг идэвхтэй ашиглах болжээ. Гадаад хэлний дижитал сургалт салбарын хэмжээнд 6 тэрбум ам.долларын орлоготой боловч энэ үзүүлэлт 2025 онд 8.7 тэрбум ам.доллар болж өснө гэсэн тооцоо бий. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрт өрсөлдөгчтэй атлаа тэргүүлэгчгүй, тархай бутархай зах зээл юм.
Харин Фон Ан ийм өргөн хүрээний зах зээлд хэрхэн ажиллахаа сайн мэднэ. Тэр 21 настай, их сургуулийн оюутан байхдаа “CAPTCHA” системийг дэлхийд анх танилцуулж байв. Тодруулбал, хэрэглэгч өөрийгөө бот биш гэдгийг батлахын тулд тахиралдаж, мушгиралдсан, төвөгтэй хэдэн үсэг хуулж бичих шаардлагатай болдог систем. Тэрбээр хоёр ч бүтээлээ “Google”-д 20 гаруй сая ам.доллараар худалдсан юм.
“Lamborghini”, “Tesla Model S” автомашинд харамгүй мөнгө зарцуулсныг эс тооцвол энгийн даруу амьдардаг Фон Ан Питтсбург хотын Поинт-Бриз дүүрэгт гэрлэлтээ цуцлуулахаасаа өмнө худалдаж авсан, “Duolingo”-ийн оффисоос холгүй орших, зургаан унтлагын өрөөтэй байранд одоог хүртэл амьдарсаар байна. “Надад Гватемалын сүрлэг харшид амьдрах боломж байсан. Гэхдээ би үүнийг хүсээгүй” хэмээн Фон Ан өгүүлэв. Үүний оронд тэрбээр дэлхийн хамгийн олон удаагийн таталттай, боловсролын аппликейшн бүтээхэд бүх хүчээ дайчилсан юм.
Өрсөлдөгчдөөсөө илүү олон орны хэл санал болгодог “Duolingo”-ийн гадаад хэлний төрлийг хамгийн сүүлд тоолоход 41 байв. Тухайлбал, Хавай, Индианы Навахо омог, Шотландын түүхт Галик зэрэг ховор хэрэглэгддэг хэлээр зогсохгүй “HBO” сувгийн алдарт “Game of Thrones” цуврал киноны эртний валир хэлийг ч сурах боломжтой юм (одоогоор 1.2 сая хэрэглэгч валир хэл сурч байна). “Duolingo” нь ховор хэлний нэр төрлөө нэмэгдүүлэхийн тулд “Wikipedia” –тай адил сайн дурын хөгжүүлэгчдийг дайчилдаг.
Компанийн тайлангаас харахад тэд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш арван жилийн дараа гэхэд сард 42 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон байв. Өнгөрсөн жилийн долоодугаар сард IPO хийснээр өдгөө зах зээлийн үнэлгээ нь 3.5 тэрбум ам.доллар болж өсчээ.
“Duolingo”-ийн нийт хэрэглэгчдийн ердөө 1.75 хувь нь зар сурталчилгаагүй, төлбөртэй хувилбар ашигладаг ч (нэг жилийн төлбөр 84 ам.доллар) хэрэглэгчийн баазаа сайтар бүрдүүлсэн тул 2021 онд 250 сая ам.долларын орлоготой ажиллажээ.
Аппликейшнээ олон нийтэд үнэгүй хэрэглүүлэхэд зарцуулсан дүн өрсөлдөгчдийнх нь маркетингийн хэт хөөсөрсөн зардалтай тэнцүү гэж Фон Ан ярих дуртай. Түүнчлэн, тэрбээр хэрэглэгчийн “Duolingo”-оос татгалзах магадлал өрсөлдөгч аппликейшнүүдээс татгалзах магадлалаас илт бага хэмээн бардам өгүүлэх аж. Тэрбээр “Бид хэрэглэгчдээ видео тоглоом шиг тогтоон барьж чаддаг” гэв.
Үнэхээр оновчтой харьцуулалт юм. “Duolingo” хэрэглэгч татах, тэднийг тогтоохын тулд оноо, эрдэнэсийн авдар, үе шат давах гэх мэт тоглоомын элементүүдийг аппликейшндээ ашигладаг. “Duolingo”-ийн гурван минутын хичээлүүд ойлгоход хялбар, энгийн интерфейстэй. Тухайлбал, энгийн дасгал ажлын үеэр “Би талх иддэг” гэсэн өгүүлбэрийг орчуулахдаа доор нь өгөгдсөн үгнүүдээс зөвийг нь сонгож, дарааллаар нь байрлуулаад “шалгах” товчийг дарахад дэлгэцийн дээд хэсэгт “Зөв байна” гэсэн бичиг гарч ирнэ.
“Duolingo”-ийг туршиж үзээд, олигтой юм сураагүй зарим нийтлэлчид тус аппликейшнийг шүүмжилж байсан удаатай. Харин Фон Ан хэрэглэгчдэд зөвхөн анхан шатнаас дунд шат хүртэлх мэдлэг олгоно гэж амладаг. Тэрбээр “Олон хэрэглэгч манай программыг сонирхолтой бөгөөд цаг үрсэн зүйл биш гэж үздэг учраас ашигладаг” гэв.
Тэрбээр өөрөө 2018 оны арваннэгдүгээр сараас хойш өдөр бүр 15-20 минутыг “Duolingo”-оор франц хэл сурахад зориулж байна. Түүнээс өнгөрсөн долоо хоногт юу хийсэн талаар асуухад “Je fais du sport. Je suis mange avec mes amis. Je suis boire du biere en un bar” хэмээн дүрмийн алдаатай ч түүртэлгүй хариулав. (“Махчлан” орчуулбал: “Би спортоор хичээллэдэг. Би найзуудтайгаа иддэг байна. Би уушийн газарт шар айраг уудаг байна”).
“Duolingo”-ийн борлуулалт хариуцсан захирал, 42 настай Боб Миз “Duolingo”-оор испани хэлийг зургаан сар сурч байгаа бөгөөд “Hablas español?” хэмээн асуухад хэсэг түгдрээд “Та асуултаа давтахгүй юу?” гэсэн юм.
Харин Фон Ан англи хэлийг Гватемал хотын Америк сургуульд уламжлалт аргаар сурчээ. Эмч мэргэжилтэй ээж нь түүнийг 42 настай байхдаа төрүүлсэн бөгөөд ганцаараа өсгөсөн аж (тэрбээр герман гаралтай эцгээрээ овоглодог). Математикийн хичээлдээ онцгой сайн байсан Фон Ан 12 наснаасаа профессор болохыг мөрөөддөг байв.
Ийнхүү тэрбээр АНУ-д Дьюкийн их сургуулийг математикийн чиглэлээр бакалавр, Карнеги Меллоны их сургуулийг компьютерийн шинжлэх ухаанаар докторын зэрэгтэй төгсчээ. Фон Ан докторантурт суралцаж байхдаа “Тооцооллын шинжлэх ухааны Нобелийн шагнал” гэгддэг Тюрингийн шагналыг 1995 онд хүртсэн, алдарт Мануэль Блюмын шавь байжээ.
Тэд “CAPTCHA” эрдэм шинжилгээний төслийг хамтран бүтээж, олон нийтэд үнэгүй ашиглуулсан юм. Тэрчлэн, Фон Ан төгсөх ангийн оюутан байхдаа краудсорсинг ашиглаж, зурган файл таних хэрэгсэл бүтээсэн бөгөөд түүнийгээ 2004 онд “Google”-д тодорхойгүй мөнгөн дүнгээр худалдсан. Тэрбээр “Түүнээс хойш би мөнгөнд санаа зовох шаардлагагүй болсон” хэмээн өгүүлэв.
2005 онд докторын зэргээ хамгаалсных нь дараахан санаанд оромгүй нэгэн хүн түүн рүү утасджээ. Тодруулбал, Билл Гейтс түүнд “Microsoft”-ийн судалгааны лабораторийн багийг удирдах ажлын санал тавьсан байна. Гейтс түүнийг утасны ард бүтэн нэг цаг гучин минут барьж чадсан ч тэрбээр саналыг нь хүлээж аваагүй юм.
Үүний оронд тэрбээр Карнеги Меллоны их сургуульд компьютерийн шинжлэх ухааны профессор багшийн ажилд оржээ. Ажлаа эхлээд гурван долоо хонож байтал “MacArthur” сан түүний компьютерийн шинжлэх ухаан, краудсорсингийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж 500,000 ам.доллар дагалддаг “гоц ухаантны шагнал” олгов. Фон Ан шагналын мөнгөөрөө “CAPTCHA”-ийн шинэ хувилбар “reCAPTCHA”-ийг бүтээжээ. Уг системд ашигласан үгсийг хуучны ном, сониноос авсан учир сканнераар таньж уншиж боломжгүй аж. Их хэмжээний текст шивж, дижитал хувилбарт шилжүүлэх нөр их ажлыг олон тэрбум хүн үнэ төлбөргүй гүйцэтгэж өгчээ. 2009 онд “Google” компани “reCAPTCHA”-ийг 25 сая ам.доллараар худалдаж авсан (Фон Ан талаас илүү хувийг нь эзэмшиж байсан) бөгөөд Фон Ан их сургуулийн ажлаасаа чөлөө авч, удаах хоёр жилд нь “Google”-д ажиллажээ.
2011 онд тэрбээр “Google”-д байхдаа Карнеги Меллоны их сургууль дээр швейцарь оюутан Северин Хакертай хамтарч, гадаад хэлийг үнэ төлбөргүй сурах дижитал хэрэгсэл хөгжүүлэхээр ажиллав. Тэд бүтээлээ хоёр үүрэг зэрэг гүйцэтгэнэ гэж үзээд “Duolingo” гэж нэрлэжээ. Учир нь уг аппликейшн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй гадаад хэл заахаас гадна тэдгээр хэрэглэгчдээр дамжуулж, орчуулга хийлгэдэг .
Юуны өмнө “Duolingo” текст орчуулуулах хүсэлтэй хэрэглэгчийг олно. Улмаар, “Duolingo”-оор англи хэл сурч буй бүлэг хэрэглэгчийг олж тэднээр англи текстийг эх хэл рүү нь орчуулуулна. Нэг ижил текстийг хангалттай олон тооны хэрэглэгч орчуулсан тохиолдолд орчуулгын гүйцэтгэл сайн болдог аж.
“Duolingo”-ийн анхны хөрөнгө оруулагч “Union Square Ventures”-ийн захирал, өдгөө “Duolingo”-ийн удирдах зөвлөлийн гишүүн болсон Брэд Бернхэм “Түүний хийж бүтээсэн зүйлс, мөн хувь хүн нь биднийг бишрүүлсэн. Тиймээс бид бизнесийн загварыг нь өөрчилье ч гэж бодоогүй” гэв.
Хакер, Фон Ан нар эхний сургалтаа хөгжүүлэхийн тулд “Spanish for Dummies” гэх мэт хэл шинжлэлийн олон ном судалж, эцэст нь англи хэлтнүүдэд зориулсан испани, герман хэлний хичээлүүдийн анхны хувилбарыг бүтээжээ. Тэд хэл тус бүрийн хамгийн өргөн ашиглагддаг 3,000 үгийг “Google”-ээр хайж олоод англи хэл рүү орчуулж, тэдгээр үгсийг ашиглаж энгийн өгүүлбэрүүд бүтээв. Улмаар тэдгээр өгүүлбэрийг орчуулах, сонсох, бичих, ярих чиглэлийн хичээл “үйлдвэрлэдэг” алгоритм зохиожээ.
“Duolingo” 2012 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш олон нийтэд хурдан түгсэн боловч орчуулгын үйлчилгээнд нь ердөө хоёр хэрэглэгч буюу “CNN”, “Buzzfeed” нар л бүртгүүлжээ. Орчуулга эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл дэндүү олон алхам шаардаж байсныг Фон Ан “Руб Голдбергийн машин”-тай адилтгав.
Фон Ан 2014 оноос орчуулгын үйлчилгээгээ зогсоож, удаах гурван жилд нь огт ашиггүй ажиллажээ. Харин венчур хөрөнгө оруулагчдаас 38 сая ам.доллар авсны ачаар аппликейшнээ хөгжүүлэхэд хангалттай мөнгөтэй болж, улмаар хэл шинжээч, гадаад хэлний сургалт судлаачдыг хөлслөн авч дүрмийн хичээл, хэл зүйн зөвлөмжүүдээр аппликейшнээ баяжуулав.
Тэрбээр гар нийлж хамтарч ажиллана гэж үзсэн зарим хөрөнгө оруулагчаас бусдаас нь татгалзаж байв. Тодруулбал, Эштон Кутчер, Тимоти Феррисс, хөрөнгө оруулалтын шилдгүүд болох “Kleiner Perkins”, “CapitalG” (өмнө нь “Google Capital” нэртэй байсан) нар “Duolingo”-д хөрөнгө оруулсан юм. 2017 онд тэрбээр аппликейшндээ “Google”, “Facebook”-ийн сурталчилгааг нэвтрүүлж, төд удалгүй сурталчилгаагүй, захиалгат хувилбараа хэрэглээнд гаргажээ. “Duolingo” тухайн жилд 13 сая ам.долларын орлоготой ажилласан юм.
“Duolingo”-ийн алдар нэр өсөхийн хэрээр гадаад хэлнийх нь нэр төрөл нэмэгдсээр байна. Фон Ан краудсорсингийн туршлагаа ашиглаж, унаган хэлтэй сайн дурын ажилтнууд дээр тулгуурласан систем бүтээжээ. Тэд шинэ сургалт хөгжүүлэхэд үгсийн сан, өгүүлбэр зүйн талаас нь хувь нэмэр оруулдаг аж.
“Duolingo” 2016 оноос орлого бүрдүүлэх шинэ эх үүсвэртэй болсон нь “Duolingo English Test” (DET) буюу АНУ-ын их сургуулиудад элсэхийг хүсэгч гадаад иргэдэд зориулсан TOEFL-тай өрсөлдөх шалгалтын систем юм. “Educational Testing Service” ашгийн бус байгууллагын харьяа, салбартаа ноёлогч TOEFL шалгалтыг өгөхийн тулд оюутан, сурагчид 215 ам.доллар төлж, тусгай итгэмжлэгдсэн төв дээр гурван цагийн турш шалгуулах шаардлагатай болдог.
Фон Ан өөрөө 1995 онд TOEFL шалгалтыг арайхийн өгч байсан түүхтэй. Гватемал хот дахь салбарынх нь суудал дүүрсэн тул тэрбээр хил давж Сан-Сальвадорт шалгалтаа өгөхөөс аргагүйд хүрчээ. “Сальвадор яг л дайны бүс шиг байсан. Би шалгалт өгөхийн тулд 1,200 ам.доллар зарцуулж билээ. Галзуурмаар” гэж Фон Ан дурсав.
“Duolingo English Test” буюу DET шалгалт 49 ам.долларын төлбөртэй, 45 хүртэл минут үргэлжилдэг бөгөөд хэрэв шалгалт өгөгчийн компьютер видео камер, чанга яригчтай бол шалгалтаа алсын зайнаас өгөх боломжтой аж. Өдгөө Йель, Колумб, Дьюкийн их сургууль мэтчилэн 180 гаруй сургууль тус шалгалтыг “TOEFL”-ийг орлоно хэмээн хүлээн зөвшөөрөөд байна.
Гэвч DET шалгалт гадаад оюутнуудыг баллаж магадгүй гэж Тэмплийн их сургуулийн профессор, гадаад хэлний шалгалтаар мэргэшсэн Элвис Уагнер үзэв. Тэрбээр 2015 онд “Language Assessment Quarterly” сэтгүүлд хамтран бичсэн нийтлэлээ “DET нь шалгалт өгөгчийн англи хэлний мэдлэгийг академик түвшинд шалгах, босго өндөртэй их сургуулиудын элсэлтийн шалгуурыг хангаж чадахгүй” хэмээн бичжээ.
Харин Фон Ан шалгалтын чанар тэр үеэс хойш сайжирсан гэж хэлсэн юм. Өдгөө DET бичгээр хариулах нээлттэй асуултууд, ойлгоц шалгадаг ярианы шинэ хэсэгтэй болжээ. Мөн “Wheel of Fortune” шоунаас санаа авч хийсэн нэг хэсэгт өгөгдсөн бичвэрт дутуу орхигдсон үсгүүдийг нөхөж бичдэг. Өөр нэг хэсэгт, “groose” гэх мэт ямар ч утгагүй англи үгсийг “skate” зэрэг жинхэнэ үгсээс ялгах шаардлагатай болдог. Гэвч эдгээрийн аль нь ч коллежийн түвшний англи хэлний мэдлэг шаардахгүй.
Фон Ан энэ тухайд DET-ийн оноо бол TOEFL-ийн оноотой “шууд хамааралтай” бөгөөд “хамгийн гол нь энэ юм” гэв. Түүний ажилтнууд дээрх хоёр шалгалтыг өгсөн 2,300 хүний дүнг харьцуулж судлаад DET-д өндөр оноо авсан хүмүүс TOEFL-д бас өндөр оноо авах хандлагатай байсныг тогтоожээ. Гэвч TOEFL-ийн гүйцэтгэх захирал Срикант Гопал DET-ийг “англи хэлийг академик түвшинд хангаж чадахааргүй анхан шатны дасгалуудтай” хэмээн үзэж, дээрх хамаарлыг үгүйсгэж байна.
Англи хэлний шалгалтаас гадна Фон Ан “Duolingo”-ийн амлалтыг биелүүлэх ажилдаа ороод байна. Хэлний сургалтандаа илүү хүнд дасгал нэмэхээр зорьж буй тэрбээр “Бид хүмүүсийг ‘Duolingo’-оор сурсан гадаад хэлний мэдлэгээ ашиглаж, өндөр цалинтай ажилд ороосой гэж хүсдэг” хэмээсэн юм.
Харин Мичиганы их сургуулийн хэл шинжээч, хоёр дахь хэл эзэмших чиглэлээр үндэсний хэмжээнд тэргүүлдэг шилдэг мэргэжилтнүүдийн нэг Диана Ларсен-Фриман гадаад хэл сурч буй хүмүүс бусадтай харилцахгүй бол хол явахгүй гэж үздэг. Тэрбээр “Гадаад хэл сурах гол түлхүүр бол хүнтэй харилцах” хэмээн өгүүлж байна.
Фон Ан ч үүнтэй маргасангүй. “Duolingo” хэрэглэгчдэдээ кофе шоп, зоогийн газарт арга хэмжээ зохион байгуулж, цуг дадлага хийх боломж олгодог вэбсайтыг таван жилийн өмнө нээжээ. Гэтэл 180 улсад тархсан 28 сая хэрэглэгч сар тутам зохион байгуулдаг 2,000 орчим үйл ажиллагаанд оролцоход дунджаар 10 орчим буюу маш цөөхөн хэрэглэгч цугларч буй.
Харин Фон Ан үүнд санаа зовохгүй байна. Тэрбээр аппликейшний алдар нэр өнөөдрийг хүртэл уулнаас өнхрүүлсэн цасан бөмбөг мэт томорсоор ирснийг сануулж “Гадаад хэл сурч буй дэлхийн иргэд манай аль нэг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болох хүртэл нь бид хэлний сургалтаа тууштай хөгжүүлэх болно” гэв.