Видео стримингийн “Netflix” компани ойрын ирээдүйд үйлчилгээндээ гуравдагч талын зар сурталчилгааг багтаах болохыг компанийн гүйцэтгэх захирал баталжээ.
Тус компани өөрийн платформоос маркетингийг үргэлж тусдаа байлгаж ирсэн бөгөөд өсөлтийг дэмжихийн тулд хэрэглэгчийн захиалгын үнэд голчлон анхаардаг байв.
Гэвч өнгөрсөн жил “Netflix”-ийн хувьд тун хүнд өнгөрч, хэрэглэгчдийн тоо нь анх удаа буурсны зэрэгцээ нэгж хувьцааны үнэ 70 гаруй хувиар унасан юм. Улмаар өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус компани 300 ажилтнаа цомхотголд оруулахаа зарласан билээ.
Компанийн гүйцэтгэх захирал Тед Сарандоны өгүүлснээр “Netflix” хэрэглэгчдээ буцаан татах зорилгоор хямд үнэтэй захиалгын багцыг бий болгож, гарсан зардлыг зар сурталчилгаагаар нөхөхөөр төлөвлөсөн бололтой.
“Netflix-ийг хэтэрхий үнэтэй гэж боддог ч зар сурталчилгаа үзэхээс төвөгшөөдөггүй хэрэглэгчдийн бүлгийг бид орхигдуулсан байсан” хэмээн тэрбээр ярилцлага өгөхдөө дурдсан байна.
Ерөнхийдөө “Netflix”-ийн киноны дундуур реклам гардаг болох ч зөвхөн хямд багцын хэрэглэгчдэд энэ нь хамаатай бөгөөд одоогийн үнээр үздэг хэрэглэгчдэд зар сурталчилгаа харагдахгүйг Тед Сарандон мөн онцолжээ.