Инфляцын дарамтыг багасгах зорилготой 1050 хүртэлх ам.долларын нэг удаагийн тэтгэмжийг АНУ-ын Калифорни мужийн 23 гаруй сая иргэн хүлээн авахаар болжээ. Ням гарагт Калифорнийн амбан захирагч Гавин Ньюсом болон мужийн хууль тогтоогчдын хэлэлцэж баталсан 17 тэрбум ам.долларын тусламжийн багцын нэг хэсэг нь энэ тэтгэмж аж.
Үүнээс гадна дизель түлшний худалдааны татварыг цуцлах, иргэдийн орон сууцны түрээс, нийтийн үйлчилгээний төлбөрөөс хөнгөлөхөд тус багцаас зарцуулах болохыг эрх баригчдын зүгээс мэдэгджээ.
АНУ-ын хэмжээнд шатахууны үнэ хамгийн өндөр байгаа муж нь Калифорни бөгөөд даваа гарагийн байдлаар тус мужийн жолооч нар нэг галлон шатахуун авахад 6.32 ам.доллар буюу улсын дунджаас 23 хувиар өндөр үнийг төлж байгаа юм.
Тэтгэмжийг хүлээн авах гол шалгуур нь орлогын хэмжээ, татвар төлсөн байдал, ам бүлийн тоо байх аж. Жишээлбэл жилийн 75 мянган ам.доллараас бага орлоготой ганц бие иргэн, эсвэл хамтдаа жилд 150 мянга хүртэлх ам.долларын орлого олдог гэр бүлийн хоёрын хувьд тус бүр 350 ам.долларын тэтгэмж авах аж. Мөн асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг бол нэмэлтээр 350 ам.доллар олгохоор тусгажээ. Үүнээс үзвэл хоёр хүүхэдтэй гэр бүл нийт 1050 ам.долларын тэтгэмж авах юм байна.