“Insitro” зорилтоо хэрэгжүүлбэл шинэ эм бүтээх одоогийн арга барил сууриараа өөрчлөгдөх болно.
Эрдэмтдийн хувьд хамт гэрэл зураг даруулах хүсэлт ховор ирдэг. Харин Дафна Коллер ийм хүсэлт байнга авдаг. Түүнээс сүүлийн зургийнх нь тухай асуухад “Технологийн салбарынхан оролцсон үйл ажиллагааны үеэр зураг авах хүсэлт байнга ирдэг. Үнэндээ эвгүй байдаг. Би тийм мундаг хүн биш шүү дээ” гэв.
Хүмүүс түүнтэй зураг авхуулах хүсэлтэй байдгийн учир тэрбээр 20 жилийн өмнө шинжлэх ухаан, биологи, боловсролын салбарын уялдаа холбоог гаргаж, алдар нэрээ олонд таниулсан юм. Коллер өнөөдрийг хүртэл амжилтын оноог зогсолтгүй цуглуулсаар иржээ. Тэрбээр 18 насандаа Иерусалим дахь Хебрю их сургуулийг магистрын зэрэгтэй төгсөж, 26 настайдаа Стэнфордын их сургуульд өөрөө суралцагч машинаар мэргэшсэн профессороор нэгдсэн бол үүнээс 10 хүрэхгүй жилийн дараа хиймэл оюун ухааныг геномтой хослуулсан судалгаагаараа МакАртурын нэрэмжит “Гоц ухаантны шагнал” хүртжээ. Харин хожим дэлхийн иргэдэд их сургуулийн хичээлийг үнэ төлбөргүй заадаг, 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Coursera” платформыг хамтран үүсгэн байгуулсан юм.
Өдгөө 53 настай, шинийг санаачлагч түүний дараагийн зорилт бол их хэмжээний өгөгдөл шинжлэх замаар шинэ эм бүтээх зорилготой Өмнөд Сан-Францискод байрладаг “Insitro” стартап. “Insitro” зорилтоо хэрэгжүүлбэл шинэ эм бүтээх одоогийн арга барил сууриараа өөрчлөгдөх болно.
Лабораторийн биологичид эм бүтээхдээ цөөн төрлийн тодорхой уураг дээр төвлөрч ажилладаг. Тэдгээр нь амжилтгүй болсон тохиолдолд өгөгдөл судлаачид өөр зүйл туршиж үзэх санал тавьдаг. Харин “Insitro” эсрэгээрээ, эрдэмтдийг ажлаа эхлэхээс нь урьтаж их хэмжээний мэдээлэл цуглуулах зорилготой. Ингэхдээ тэд био инженерчлэл (тухайлбал, ген засварлагч “Crispr”) болон хүнээс ялгарч буй бүгдийг компьютераар шинждэг программ хангамжийг ашиглах юм.
Коллер санаагаа анх олсон мөчийг дурсаж “Хиймэл оюун ухааныг хангалттай мэдээллээр хангаж, гайхалтай зүйл бүтээж байна. Бид одоо л биологийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулах боломжтой боллоо” гэв.
“Insitro”-ийн тооцооллын мэргэжилтэн, биологичид их хэмжээний тусгай өгөгдлийн багц бүрдүүлэхийн төлөө лабораторийн туршилт хамтран хийж буй. Улмаар өөрөө суралцагч машинууд шинэ төрлийн шинжилгээ, боломжит эмчилгээний хувилбаруудыг олж тогтоон санал болгоно. Харин дусаагуур зэрэг төхөөрөмжийг роботжуулснаар хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй алдаа эндэгдлийг бууруулдаг. “Ингэснээр ‘Insitro’ туршилтуудаа олон жил бус хэдэн долоо хоногт багтаан гүйцэтгэнэ” гэж Коллер ярьсан юм.
Биологийг хиймэл оюун ухаантай хослуулж чадсан түүний туршлага хөрөнгө оруулагчдад “ид шид” мэт санагдсан гэж Коллер дурсав. Тэрбээр зургаан сарын дотор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “ARCH Ventures”, “Andreessen Horowitz”, “Foresite Capital”, “Alphabet”-ийн венчур хөрөнгө оруулалтын сан “GV”, “Third Rock” нараас босгосон бөгөөд Жефф Безос зэрэг бусад хөрөнгө оруулагчид хожим нэгджээ. “Gilead Sciences” 2019 оны дөрөвдүгээр сард “Insitro”-тай 15 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, мөн 2021 гуравдугаар сард 400 сая ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд цаашид архины бус гаралтай элэг өөхлөх өвчний эдгэшгүй хэлбэрийг эмчлэх аргыг илрүүлсэн тохиолдолд нэмж 1 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэ өвчин элэг шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн том шалтгаан болох хандлагатай байгаа юм.

“Биологи, гүн сургалт хэмээх хоёр хүчирхэг салбарыг хоёуланг нь мэддэг хүн маш цөөн байдаг” гэж “Gilead”-ийн элэгний өвчний клиник судалгааны багийн ахлагч Мани Субраманиан хэлэв.
“Insitro”-ийн “Gilead”-ээс хүртэх төлбөрийн хэмжээ эмийн таван төрлийн уургийг олж нээх, тэрчлэн тэдгээр уургийг элэгний өвчний батлагдсан эмчилгээнд оруулж чадах эсэхийг тодорхойлно. Амжилттай бүтээсэн эмийн орлогоос хүртэх төлбөр зэрэг үзүүлэлтийг нь тооцож үзсэний үндсэн дээр “Forbes” хиймэл оюун ухааны салбарт хамгийн ирээдүйтэй компаниудыг онцолсон анхны “AI 50” жагсаалтдаа “Insitro”-ийг багтаасан юм.
Хиймэл оюун ухааныг ашиглаж илүү хурдан, илүү хямд аргаар шинэ эм бүтээх арга олох мөрөөдөлтэй 20 гаруй стартап бий. Тэдний дунд 55 сая ам.долларын венчур хөрөнгө оруулалт авсан “Notable Labs”, 36 сая ам.долларын хөрөнгө оруулалттай “Verge Genomics” нар багтана. Харин “Novartis” хиймэл оюун ухааны салбарт “Microsoft”, “Merck” нартай таван жил хамтран ажиллах болсноо мэдэгдээд байна. Тэрчлэн “GSK”-тэй түншилдэг стартапууд бий.
Хиймэл оюун ухаан биологийг хялбарчлахгүй. Энэ тухайд Коллер “Платформ ид шид харуулна гэж би бодохгүй байна” гэсэн юм. “Insitro” шагнал хүртэхийн тулд юуны түрүүнд лабораторид хэдэн зуун мянган туршилт хийх шаардлагатай. Гэхдээ Коллерт хангалттай эрч хүч бий. Тэрбээр огт ашигладаггүй учир ширээгээ 53 ажилтныхаа нэгэнд өгчээ. “Insitro”-ийн оффисоор нааш цааш зогсолтгүй явах Коллер “Macrophage” (цусны цагаан эс) хэмээх нэг өрөөнөөс “Elastic Net” (өгөгдөл загварчлах технологи) өрөөнд харайн орж лабораторийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээ танилцуулж байсан юм.
Салбарын тэргүүлэгч “Insitro”-ийг томоохон нээлт хийвэл худалдаж авах компаниуд цөөнгүй бий. Гэвч Коллер “Insitro”-ийг том компанийн “ходоодонд дуусгахыг” хүсэхгүй байна гэсэн юм. Тэрбээр нэрийн брэндийн эмтэй болгохыг хүсэж байна.
Коллер өөртэй нь зураг авахуулахыг хүссэн хүмүүсийг компанийнх нь ачаар улам эрүүл амьдраасай гэж хүсдэг. Энэ бол “Insitro”-ийн эцсийн зорилго аж. Хүмүүс түүнд дөхөж ирээд “Таны ачаар амьдрал минь хэвийн сайхан боллоо” гэж хэлдэг болно гэдэгт Коллер найдаж байна.