Хятадын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч Зун Чинхоугийн “Wahaha” брэнд дүр төрхөө шинэчлээд удаагүй байна.
Зун Чинхоу дэлхийг тойрон аялахдаа тухайн орны хүнсний дэлгүүрээр байнга зочилдог. Хятадын хамгийн том хувийн өмчит шингэн хүнсний компани “Hangzhou Wahaha Group”-ийн үүсгэн байгуулагч, 76 настай тэрбээр эд зүйл худалдаж авахаар биш, харин зах зээлийн судалгаа биечлэн хийхийг зорьдог аж. Тухайлбал, Чинхоу 2019 оны аравдугаар сард Сингапураар аялахдаа жимсний амттай шар айргаас хэдэн хайрцгийг худалдан авчээ. Удалгүй “Wahaha”-ийн Хятад дахь ажилтнууд тухайн шар айргийг Хятадад импортлох, Хятадын зах зээлд нутагшуулах боломжтой эсэхийг судалж эхэлсэн юм.
Зун Чинхоу “Шинэ бүтээгдэхүүн бүр шинэ мэдээлэл өгдөг” хэмээн 2019 оны аравдугаар сард Сингапурт зохион байгуулагдсан “Forbes Global CEO” чуулга уулзалтын үеэр “Forbes Asia”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. “Wahaha”-ийг 30 жил удирдаж буй ТУЗ-ийн даргын хувьд, түүнд хэрэглэгчдийг дахин татахын тулд бүтээгдэхүүний шинэ санаа олох зайлшгүй шаардлага тулгараад буй.
2010, 2012, 2013 онуудад Хятадын хамгийн чинээлэг эрхмээр тодорч байсан Зун Чинхоугийн “Wahaha” брэндийн борлуулалт 2013 онд 78 тэрбум юань (11 тэрбум ам.доллар) байсан бол 2017 онд 46 тэрбум юань хүртэл буурсан бөгөөд 2018 оноос хойш багахан өсөлт ажиглагдаж, жилд 47 тэрбум юань дунджаар олох болжээ. Хэдийгээр Зун Чинхоугийн эзэмшдэг хувь 8.7 тэрбум ам.доллартай тэнцэх ч тэрбээр хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбийг тэргүүлж чадсангүй. Зун Чинхоу өдгөө Хятадын 65 дахь чинээлэг эрхэм болжээ.
“Wahaha”-ийн уналтын нэг гол шалтгаан бол тэд хятад хэрэглэгчдийн амтны эрэлтийн өөрчлөлтийн хурдыг гүйцэж чадахгүй байна гэж шинжээчид дүгнэсэн юм. Өмнө нь “Wahaha”-ийн савласан ус, сүүн ундаа зэргийг 2 юань хүрэхгүй хямд үнээр бүгд авч уудаг байсан. Гэтэл одоо үеийн хэрэглэгчид инноваци шингэсэн, шинэлэг бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр авах сонирхолтой болжээ. “‘Wahaha’ одоо ч үнээ хямд байлгахад анхаарсаар байна. Тэд хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлж болох байсан ч тэгээгүй” хэмээн Шанхайн “China Skinny” зөвлөх компанийн үүсгэн байгуулагч Марк Таннер ярив.
Харин Зун Чинхоу үүнд эмзэглэхгүй байна. Тэрбээр нэг жилийн дотор компанийнхаа борлуулалтын хэмжээг 50 хувиар нэмж, 70 тэрбум юань болгоно гэж амлажээ. Тэрбээр “Wahaha” брэндийг үеэ өнгөрөөсөн, хямд бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрч, бүтээгдэхүүнээ шинэчилж эхлэв. Тиймээс Чинхоу хүүхдийн инээдээс санаа авч, “Wahaha” хэмээн нэрлэсэн компанидаа том өөрчлөлт эхлүүлээд байна. Тодруулбал, тэд илүү гэгээлэг өнгөтэй, загварлаг савлагаа сонгож, амьдралын эрүүл хэв маягийг дэмжих үүднээс самар, киноа бүхэл үртэй шинэ багц тараг худалдаанд гаргаад буй. Түүнчлэн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хоол орлох жигнэмэг борлуулж эхэлсэн бөгөөд эдгээрийг хоолны дэглэмтэй үед ч идэж болох аж. “Wahaha”-ийг Хятадын өнцөг булан бүрт хүрэхийн тулд дистрибьютор компанийнхаа тоог 6,000-аас 10,000 болтол нэмэхээр төлөвлөжээ.
Тэдний хамгийн онцлууштай шинэчлэл бол нийгмийн сүлжээ, цахим худалдаа ашиглаж эхэлсэн явдал юм. Зун Чинхоу 2014 оны хурлын үеэр цахим худалдаа Хятадын “бодит эдийн засаг”-ийг орвонгоор нь эргүүлж байна гэж хэлснийг бүгд мэднэ. Тухайн үед цахим худалдаа Хятадыг эзэлж байхад түүний компани цахим ертөнцөд “үл үзэгдэгч” мэт байв. Зун Чинхоу “Миний бодлоор уламжлалт борлуулалтын суваг ирээдүйд сүйдтэй өөрчлөгдөхгүй. Хүмүүс бодит амьдралын сайхныг мэдрэх хэрэгтэй. Гар утсаа оролдож суухын оронд гадагшаа гарах хэрэгтэй шүү дээ” гэсэн юм.
Тэрбээр ашгийнхаа дийлэнхийг уламжлалт худалдааны сувгаар бүрдүүлнэ гэж найдаж байгаа ч бизнестээ дижитал маркетинг нэвтрүүлэн туршиж байна. Тухайлбал, “Wahaha” хэмээх нэрийг инээдтэйгээр хэлж буй 15 секундийн бичлэгийг алдарт “TikTok” аппликейшнд оруулсан олон хэрэглэгч бий. Тэдгээр бичлэгүүд нэг сая орчим хандалт авчээ.
Зарим судлаачид “Wahaha”-ийг үүнээс ч илүү зүйл хийж чадна гэж үзэж байна. Шанхайн “Kantar Worldpanel” судалгааны компанийн ерөнхий менежер Жейсон Ю “Өнөө үед хэрэглэгчийн анхаарлыг татах хэцүү болсон. Үүний тулд хэрэглэгчидтэй тасралтгүй харилцах шаардлагатай” гэжээ.
Тухайлбал, “Wahaha”-ийн өрсөлдөгч “Nongfu Spring” цэвэр усны компани шинэлэг зар сурталчилгаа цацсаныхаа хүчинд тодорхой хэмжээний зах зээл эзэлж чадсан юм. Тэд кампанит ажлын хүрээнд цэвэр ус худалдаж авсан хүнд авьяастан шалгаруулах телевизийн алдартай шоунд онлайн санал өгөх эрх бэлэглэж байв. Улмаар 2018 онын байдлаар “Nongfu Spring” Хятадын цэвэр усны зах зээлийн 11 хувийг эзэлж, улсдаа тэргүүлж байхад “Wahaha” дөрвөн хувийг эзэлж байсныг “Euromonitor” тооцжээ.
Харин Зун Чинхоугийн амбиц Хятадаар хязгаарлагдсангүй. Тэрбээр “Wahaha”-ийн зарим бүтээгдэхүүн гуравдагч талаар дамжин гадны зах зээлд борлогдож буйг мэдсэнээр тараг, сүүн ундаагаа гадаад зах зээлд үйлдвэрлэж, худалдахаар шийдэв. Ийнхүү тэрбээр сүүлийн хэдэн жил Зүүн Өмнөд Азиар явж үзсэний дүнд Индонез, Вьетнамд үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэж тооцжээ. Гэвч гадаад зах зээлд тэлэх алхам хийхээсээ өмнө тухайн оронд түнш олох хэрэгтэй гэж Зун Чинхоу хэлсэн юм.
Чинхоу Хятадыг “Wahaha”-ийн хамгийн том зах зээл гэж үзсээр ирсэн. Тэлж буй дундаж давхаргынхан боловсрол, аялал жуулчлал гээд олон салбарт мөнгө зарцуулахын хэрээр хэрэглээ нь өсөх болно. Чинхоу “Хэрэв бид 1.4 тэрбум хүн амтай Хятадын зах зээлд бат тогтож чадвал цаашид улам том зах зээл эзэлж чадна” хэмээн өгүүллээ.
Чинхоуг дутуу үнэлж болохгүй. Тэрбээр урт удаан карьерынхаа турш олон бэрхшээл давжээ. Чинхоу 1987 онд 40 нас хүртлээ бизнесийн ертөнцөөс хол байв. Тэрбээр анх төрөлх Ханжоу хотынхоо дунд сургуулийн цайны газарт зууш, амттан нийлүүлж, улмаар сүү түгээх болов. 1988 онд Чинхоу хүүхдийн тэжээллэг сүү үйлдвэрлэсэн нь улсын хэмжээнд чамгүй борлуулалттай бүтээгдэхүүн болсон аж. Үүнээс гурван жилийн дараа төрийн эзэмшилд байсан үйлдвэрийг худалдан авч, удаах жилд нь 400 сая юанийн борлуулалт хийжээ.
Түүний хувьд хамгийн том даваа 1996 онд хүнс, шингэн хүнсний салбарт тэргүүлэгчдийн нэг, Францын “Danone” компанитай байгуулсан түншлэл байв. Анх амжилттай тогтоосон харилцаа аажмаар муудаж, эцэст нь 2009 онд Зун Чинхоу “Danone”-ийн олон жижиг бизнесийн 51 хувийг тодорхойгүй мөнгөн дүнгээр худалдаж авснаар дуусжээ. Нэгэн хэвлэлд уг тохиролцоог 380 орчим сая ам.долларт хүрсэн гэж мэдээлсэн байдаг. Чинхоу энэ тухайд “Зөвхөн харилцан ашигтай, харилцан хүндэтгэл дээр суурилсан хамтын ажиллагаа л үргэлжлэх боломжтой” хэмээн дурссан юм.
2013 оны есдүгээр сард дахин нэг асуудал үүсэв. Ажилд тэнцээгүйдээ шаралхсан нэгэн залуу Зун Чинхоу руу хутга барин дайрчээ. Халдагч этгээд түүний хоёр хурууны шөрмөсийг тасалсан ч тэрбээр хэдхэн хоногийн дараа ажилдаа эргэн оров.
Өөр нэг асуудал бол өв залгамжлал. Тэрбээр чамбай төсөвтэй, жижиг зүйлийг ч орхигдуулдаггүй менежментийн хэв маягтай. Чинхоу компанийнхаа цайны газарт ажилтнуудтайгаа хамт хооллож, онгоцоор зорчихдоо энгийн суудал захиалдаг. Түүнчлэн, компанид худалдаж авах автомашин бүрийг нэг бүрчлэн өөрийн биеэр баталгаажуулдаг зарчимтай.
Чинхоу ганц охинтой. Тэрбээр охин Келлидээ залгамж халаагаа өгөх талаар олон жил бодож буй. 37 настай Келли 2004 оноос хойш “Wahaha”-д ажиллахдаа хангалттай туршлага хуримтлуулсан бөгөөд гурван жилийн өмнө “KellyOne” ундааны брэндийг санаачилж, энтрепренер болох анхны алхмаа хийжээ. Улмаар, 2017 онд
“Хэрэв бид 1.4 тэрбум хүн амтай Хятадын зах зээлд байр сууриа тогтоож чадвал цаашид улам том зах зээл эзэлж чадна”
Хонконгийн биржид бүртгэлтэй “China Candy” чихрийн компанийг худалдаж авахыг хичээсэн ч 50 хувийн санал авч чадаагүй тул алдсан аж. Келли тухайн үед зорилгодоо хүрээгүй ч “эерэг, үр бүтээмжтэй эрэл” боллоо хэмээн нийгмийн сүлжээнд бичиж байв.
Келлиг хүсвэл компаниа өгнө, хүсэхгүй бол мэргэжлийн багт хандана гэж Зун Чинхоу хэллээ. “Олон залуус хилийн чанадад сурч, ертөнцийг үзэх үзэл нь тэлж байна. Тэд эцэг, эхийнхээ бизнесийг удирдахыг хүсэхгүй байж болно. Миний охин зарим үйлдвэрийг маань удирдаж байгаа. Тэр илүүг хүсэх болов уу? Мэдэхгүй юм” хэмээн Зун хуучилж сууна. Чинхоу компанидаа залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор, дижитал маркетингийн ажлаа авьяаслаг залуусыг нэгтгэжээ. Г
эхдээ хэрэв Келли өөр зам сонговол Чинхоуд чадварлаг хүн олох хугацаа хангалттай бий. Тэрбээр “Wahaha”-ийн удирдлагын талаар төлөвлөсөн зүйл байгаа талаар дурдсан боловч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. IPO хийх эсэхийг асуухад тэрбээр үгүйсгэсэнгүй. Хэрэв IPO хийвэл менежментээ төрөлжүүлэх далайцтай алхам болох юм. Чинхоу шийдвэр ямар ч бай, зорилго нь “Wahaha”-ийн тогтвортой амжилтын суурийг тавих нь тодорхой.