“The Economist” группийн харьяа Economist Intelligence Unit (EIU) байгууллагаас дэлхийн хотуудыг амьдрахад таатай байдлаар нь эрэмбэлдэг Global Liveability Index жагсаалтынхаа 2022 оны хувилбарыг саяхан гаргажээ.
Уг жагсаалт нь эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтэц, боловсрол, гэмт хэргийн түвшин, соёл спорт, ногоон байгууламж зэрэг 30 гаруй шалгуураар дэлхийн 172 хотыг үнэлдэг юм.
Энэ жилийн жагсаалтын эхний 10 байрт Канадын гурван хот багтаж чадсан нь онцлог болжээ. Харин цар тахлын хязгаарлалтын улмаас 2021 онд 12 дугаарт бичигдэж байсан Австрийн Вена хот нэгдүгээр байраа буцаан авсан байна. Мөн Копенхаген, Цюрих, Женев, Франкфурт, Амстердам гэсэн Баруун Европын хотууд Парис (19), Лондон (33), Барселон (35) зэрэг томчуудыг ардаа орхиж, эхний 10 дотор багтжээ.
Сонирхолтой нь өнгөрсөн жил нэгдүгээрт бичигдсэн Шинэ Зеландын Окленд хот энэ жил 34-р байр руу ухарсан нь цар тахлын хязгаарлалтууд багагүй оройтож цуцлагдсантай холбоотой. Ерөнхийдөө 2021 оныг хөл хорио, хаалттай хил дунд өнгөрүүлсэн Австрали, Шинэ Зеландын хотууд энэ жил нэлээд олон байр ухарсан байна.
Түүнчлэн АНУ-ын ганц ч хот тэргүүлэгчдийн эгнээнд багтаж чадаагүй аж. Тус улсын Лос-Анжелес хот 18-аас 37 руу, Хьюстон хот 25-аас 56-р байр руу ухарсан нь онцлог байлаа.
Дайн, мөргөлдөөн, терроризмын уршгаар энэ жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн 10 хотын 7 нь Ойрх Дорнод, Африкийг төлөөлж байна. Жишээлбэл Сирийн Дамаск, Ливийн Триполи, Нигерийн Лагос, Алжирын Алжир хотууд амьдрахад хамгийн тааламжгүй хотуудаар тодорчээ.