Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

by Bat-Ochir
7 months ago
Reading Time: 1 min read
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Share on FacebookShare on Twitter

“PIZZA HUT”, “DOMINO’S”, “LITTLE CAESARS”, “PAPA JOHN’S” ГЭЭД АМЕРИКИЙН ПИЦЦАНЫ ЕРТӨНЦ ТЭР АЯАРАА МОЦАРЕЛЛА БЯСЛАГАА ГАНЦ Л КОМПАНИАС АВДАГ. НУУЦЛАГ ТЭРБУМТАН ЖЭЙМС ЛЕПРИНО БЯСЛАГИЙН ВАНТ УЛСАА БАЙГУУЛСАН ТҮҮХЭЭ АНХ УДАА ДЭЛГЭЖ БАЙНА.

“Pizza Hut”, “Domino’s”, “Papa John’s” зэрэг пиццаны томоохон сүлжээ ресторануудад моцарелла бяслаг нийлүүлдэг “Leprino Foods” компанийн Денвер дэх төв салбарын амталгааны өрөөнд бяслагийн цуваа тарсалтгүй орж ирсээр. Хамгийн эхэнд чийг багатай хавтгай моцарелла орж ирсэн бол араас нь шоо дөрвөлжин хэлбэртэй, түүний араас гараар тасалсан жижиг өргөн хэлбэртэй бяслагууд цувран ирэв. Цаашлаад моцареллагийн бэлдцээр хийсэн төрөл бүрийн амтат бяслаг, проволон, чеддар, монтерей жек тэргүүтнүүд үзэгдэнэ.

Тогооч нар зуухнаас дөнгөж гаргаж ирсэн хагас боловсруулсан пицца, Нью-Йорк пицца, захандаа бяслагтай пицца зэргийг төрөл төрлөөр нь зөөн авчирна. Харин дараа нь “Leprino Foods”-ийн түүхий эдээр хийсэн хиам, бяслагтай Hot Pockets хуймаг, Stouffer’s лазанья, Smart Ones бяслагтай гоймон зэрэг хөлдөөсөн бүтээгдэхүүн гарч ирэв. Тэрчлэн лийрийн амтат самартай бяслаг, прецел жигнэмэгтэй горгонзола бяслаг зэрэг хосолсон найрлагатай, шоо дөрвөлжин хэлбэрийн зуушууд бэлэн болсон байна. Энэ бүхний дараа “Leprino Foods”-ийн багийнхан карамелийн амттай, давстай моцареллаг пиццаны халуун зуурмагаар ороож гадуур нь синамоны чихрээр бүрэн дессерт хэлбэрээр авчрав. Нэг цагийн дараа уурагтай шоколад, Yoplait тараг, Pillsbury Toaster Strudel жигнэмэг, мөн жил бүр сая сая хүүхдийн хэрэглэдэг нярайн сүү, нэмэлт тэжээл үйлдвэрлэхэд ашигладаг шар сүүний нунтаг, лактозын дээжээс шинжилгээнд зориулж, тунгалаг хуванцар аяганд авчирлаа.

Сүүн бүтээгдэхүүн халгиж буй энэхүү заалны гуравдугаар давхарт хар модон хана, цагаан гантиг шалтай, алтаар эмжсэн эртний хийцтэй багана бүхий өрөөнд “Бяслагийн Вилли Вонка” Жэймс Леприно суудаг. Өдгөө 84 настай тэрбумтан эрхэм “Ярилцлага өгөхийг зөвшөөрсөндөө өөртөө ч итгэхгүй байна. Би хувийн зүйлсээ ямагт нууцлахыг хүсдэг” хэмээсээр яриагаа эхэллээ.

RELATED STORIES

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат

Азийн казиногийн магнат

29/06/2022

Гэхдээ л тэр зөвшөөрсөн юм. Салбарын ноён оргил урьд өмнө хэвлэлд огт ярилцлага өгч байгаагүй юм. Леприно хэдэн арван жилийн турш гэрэл зурагчдын дурангаас нуугдсаар ирсэн. Google-ийн хайлтын системд хэрэв түүний гэрэл зургийг хайвал Колорадогийн тэрбумтан, түүний анд Филипп Аншуц, эсвэл косметикийн салбарын өв залгамжлагч Рональд Лаудерын зураг гарч ирэх вий. Компанийнх нь цахим хуудсанд түүний ганц ч зураг байхгүй. Гэвч 60 жил бизнесээ удирдаж, “Forbes”-ын тэрбумтнуудын жагсаалтад арав гаруй жил бичигдэж явсны эцэст гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй Леприно Денвер хотод орших гэр бүлийн бяцхан мухлаг “Little Italy”-ийг өрсөлдөгчдийнх нь нэрлэснээр хэрхэн “пиццаны бяслаг” үйлдвэрлэгч дэлхийн топ компани болгосон түүхээсээ хуваалцахыг зөвшөөрсөн юм. “Leprino Foods” компани жил бүр 450 мянган тонн бяслаг худалдаж, гурван тэрбум ам.долларын орлоготой ажилладаг.

Олны тунд төдийлэн танигдаагүй Леприно Америкийн бүх цаг үеийн монопольчдын нэг (Леприно нийтлэлд зориулж зураг авахуулахаас эрс татгалзсан юм). Түүнээс болж бусад компани шинэхэн моцарелла бөмбөлөг, эх нутагтаа хийсэн мэт амттай пицца бүтээхийн төлөө санаагаа чилээх болжээ. Пиццаны хамгийн том сүлжээ компаниудыг бизнесийнхээ бай болгосон тэрбээр пиццаны бяслагийн нийт зах зээлийн 85 хувийг атгаж, ямар ч аргаар хамаагүй нэгнийхээ “хоолойг хэрчихээс буцахгүй” өрсөлддөг “Pizza Hut”, “Domino’s”, “Little Caesars”, “Papa John’s” зэрэг үйлчлүүлэгчдийг нэгэн зэрэг ханган нийлүүлэх болжээ. Зах зээлийг дангаар ноёрхох мэдээж давуу талтай. Энгийн фермерийн хийх боломжгүй хөрөнгө оруулалтуудыг технологийн салбарт хийж, түүнийгээ үйлдвэрлэлдээ ашигладаг Леприно 50 гаруй патент эзэмшиж, долоон хувийн цэвэр ашигтай ажиллаж байгаа нь салбарын дундаж өсөлтөөс давсан үзүүлэлт юм.

Тэрбээр бугуйн цагийнхаа алмаз эрдэнийг гялтгануулсаар, элэгдэж, хуучирсан хар арьсан түрийвчнээс карт гарган ирж, тойруулан боосон резинийг нь тайлахад “Чанар, үйлчилгээ, үнэ, ёс суртахуун” гэсэн компанийн уриа болох дөрвөн үг зурайлаа. Леприно “Би ажилтан бүрээс үүнийг биедээ авч явахыг шаарддаг. Компани маань хурдтай өргөжин тэлэхтэй зэрэгцэн тэд энэ чухал үгсийг мартах гээд байдаг юм” гэв.

Чанар гэсэн үгийг зориуд хамгийн эхэнд бичжээ. Тэдний бүтээгдэхүүнийг хуулбарлах амархан ч (“Frankencheese” гэх мэт) “Leprino Foods” компани ямар ч гомдол гаргуулдаггүй томоохон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цөөн компанийн нэг билээ. Даваа гараг бүрийн 11.30 цагт Леприно хамгийн итгэл даасан 24 захирлын хамт амталгааны өрөөнд ажиллаж, нийтлэлийн эхэнд дурдсан амталгааны хурал хийдэг. Захирлууд 40 улсын 300 орчим харилцагчид бэлтгэн нийлүүлдэг бяслагийн дээжээс шалгаж, сүүлийн долоо хоногт үйлчлүүлэгчдээс ирсэн санал гомдол бүрийг нарийвчлан авч хэлэлцдэг. “Ажилтнууд өөрийг тань хууран мэхлэгч биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэд чамд итгэдэг байх ёстой” гэж тэрбээр ярьсан юм.

Мөн “Би үйл явцыг дэмждэг болохоос удирдан залдаггүй. Тэднийг амласан ажлаа хариуцлагатай хийж дуусгахад анхаарал тавих нь миний үүрэг” хэмээн нэмж хэллээ.

Леприногийн үйлдвэр харилцагчийн гарт шууд хүрэх анхны бүтээгдэхүүн болох уургийн нунтаг “Ascent”-ийг гаргав.

Тэрбээр анх компанийн үйл ажиллагаанд гар бие оролцдог байжээ. Салбарын олон удирдлага түүний суут ухааныг хүлээн зөвшөөрөхийн сацуу Леприног анх франчайз эзэмшигчидтэй нэг бүрчлэн уулзахдаа дэвшилтэт технологиор гарган авсан бяслагийнхаа талаар тэр болгон мэдээлэл өгдөггүй, “дайчин” удирдагч байсан гэцгээнэ. Гэвч цөөн хэд нь л түүний талаар илүү нарийн ярих бөгөөд, түүнээс ч цөөн хүн санал сэтгэгдлийнхээ дор нэрээ оруулахыг зөвшөөрсөн юм. Пиццаны бизнес эрхлэгч нэгэн залуу моцарелла үйлдвэрлэгч энэ том компанийг бүхэлд нь эзэмшдэг Леприног “Жим Леприно бол маш хүчирхэг хүн” хэмээн тодотгосон юм.

Леприногийн албан тасалгаанд байрлуулсан ээжийнх нь 16 настай үеийн, хуримын хар цагаан зураг, мөн анх аавтайгаа моцарелла хийдэг байсан хүрэл хөөмлөөс түүний гарал угсаа харагдана. “Leprino Foods”-ийн үүсэл Италийн өмнөд хэсгийн уулархаг нутгаас гаралтай бөгөөд эцэг Майк Леприно нь 1914 онд 16 насандаа нутгаа орхин гарсан гэдэг. Өндөрлөг газар амьдарч дассан тэрбээр Денвер хотод суурьшин, хэдий боловсрол нимгэн, англиар уншиж, бичиж чадахгүй ч тэндээ фермийн аж ахуй эрхэлжээ. Тэрбээр гуч гаруй жилийн дараа 1950 онд бүтээгдэхүүнээ худалдах өөрийн дэлгүүрийг нээсэн аж. Дэлгүүртээ Италиас гаралтай шинэхэн рикотта, моцарелла бөмбөлөг, Жеймсийн эгч Энжигийн хийсэн равиоли банш зэргийг мөн худалддаг байв.

Таван хүүхдийн хамгийн отгон хүү Жеймс тухайн үед ангийнх нь хүүхдүүд чөлөөт цагаа зэргэлдээх пиццаны газарт өнгөрөөж буйг анзаарчээ. 1956 онд ахлах сургуулиа төгсмөгц аавтайгаа хамт бүтэн цагаар ажиллаж эхэлсэн тэрбээр энэ үедээ нэгэн зүйлийг олж нээжээ. “Нутгийн пиццачид долоо хоног бүр 2,300 гаруй килограмм бяслаг худалдан авдаг байсан. Энэ бол маш боломжийн зах зээл. Тиймээс ч энэ чиглэлээр ажилласан” гэж Леприно дурслаа. Хүнсний томоохон дэлгүүрүүдээс болж худалдаагаа зогсоосны дараахан тэд 1958 онд “Leprino Foods” бяслагийн вант улсаа ердөө 615 ам.долларын хөрөнгөөр босгож эхэлсэн юм.

Үүнээс илүү тохиромжтой үе гэж байсангүй. Яг тэр жил хамгийн анхны “Pizza Hut” ресторан Канзас мужийн Уичито хотод нээгдсэн бол жилийн дараа Майк, Мариан Ильич хоёр “Little Caesars”-ын хамгийн анхны салбарыг Детройт хотын гадна нээв. Дахин нэг жил өнгөрөхөд “Domino’s” пиццагаа Мичиган мужийн Ипсиланти хотод түгээж эхлэв. Цэргүүд Дэлхийн II дайнаас гэртээ эргэж ирсний дараа хагас боловсруулж хөлдөөсөн хорхой хүргэм пицца олон нийтийн дунд ихэд дэлгэрчээ. Бизнесээ эхлүүлснээс хойш хоёр жил өнгөрөхөд “Leprino Foods” нутгийн итали ресторануудад долоо хоног бүр 90 гаруй килограмм цул моцарелла хүргэдэг болсон байв.

Эрийн цээнд хүрсэн Леприно бяслагийг их хэмжээгээр үйлдвэрлэх аргазүйг шинжлэх ухаан талаас нь судлах хэрэгтэйг ойлгожээ. Гэвч түүнийг бяцхан охиноос нь гадна удахгүй мэндлэх хүүхэд хүлээж байсан тул коллежид сурч, энэ талаар судалж амжихааргүй байлаа. Харин үүний оронд тэрбээр Лестер Кильсмайерыг хөлслөн ажиллуулсан юм. Лестерийн эцэг хүүгээ тулааны үеэр амь үрэгдсэн хэмээн итгэсэн тул тэрбээр Дэлхийн II дайны үед агаарын хүчинд алба хаах хугацаандаа Висконсинд бяслагийн үйлдвэр ажиллуулж байжээ. “Лестертэй хамтрах үед би хотын төвийн хог хаягдал ангилан ялгах газраас бяслагийн том торхнууд авчирдаг байлаа. Учир нь бид том бизнес эрхэлж буй мэт харагдахыг хичээдэг байсан” гэж Леприно өгүүлэв.

“Pizza Hut”-ынхан нэг пиццанд орох шаардлагатай бяслагийн орцыг нь тааруулж зүссэн, нөгөө талаас зардал хэмнэхэд нь туслах бэлтгэн нийлүүлэгч ид хайж байсан 1968 онд Леприно анхны шийдвэрлэх алхмаа хийжээ. 2.3 кг жинтэй цул бяслагийг хэрчиж тараахад пицца үйлдвэрлэгчид цаг их алдаж, хүндрэлтэй байгаа талаар сонсоод, “Leprino Foods” хэрчиж хөлдөөсөн бяслаг худалдаж эхлэв. Ийнхүү пиццаны газрынхан анх удаа бэлэн зүссэн бяслаг ашигласан нь тэр юм.

Тухайн үед Лестер Кильсмайер бяслагаа хийж, харин Леприно компанийн ашигт ажиллагааг хариуцдаг байв. Тэрбээр бяслаг үйлдвэрлэх явцад ээдмийг шүүсний дараа үлддэг кальциар баялаг шар сүүг гол руу урсгаж, түүхий эдийнхээ тэн хагасыг хаяж буйгаа анзаарав. Улмаар 1964 онд Нью-Йорк хотод зохиогдсон дэлхийн үзэсгэлэн яармагийн үеэр ард иргэдээ өндөр болгох зориулалтаар шар сүүний уураг ашиглаж буй япончуудын талаар сонсоод уг эрдэмтэдтэй уулзахаар Японыг зорьжээ. Үүнээс хагас зуун жилийн дараа гэхэд “Leprino Foods” чихэрлэг шар сүүгээр хийсэн дайвар бүтээгдэхүүн болох лактозын үйлдвэрлэлээр АНУ дахь хамгийн том экспортлогч төдийгүй Японы зах зээлд томоохон байр суурь эзэлсэн байв.

Харин бяслагийн бизнесийн хувьд, Леприно 1972 онд 1,000 салбартайгаар нээлттэй хувьцаат компани болсон юм. 1990 оны оргил үедээ “Leprino Foods”-ийн борлуулалтын орлогын 90 хувийг дангаар бүрдүүлж байсан “Pizza Hut”-ийг сэтгэл хангалуун байлгахад онцгой ач холбогдол өгч байв. Хэрчсэн моцареллаг хайлуулахад зарим үед хэтэрхий удаан хүлээхээс гадна, бяслаг үйрч бутрах тохиолдол гарч байна гэсэн санал, гомдлын хариуд “Leprino Foods”-ийн хамгийн том нээлт болсон хүнс хадгалах цацлагыг “Pizza Hut”-д санал болгожээ. Удалгүй мэргэжилтнүүд энэ аргаар бяслаганд давстай карамель, халуун чинжүүний амтыг оруулж болохыг олж нээв. Үүгээр ч зогсохгүй чеддерийн амт, улбар шар өнгийг уг цацлагаар хадгалж, моцареллагийн бэлдцээр тослог багатай чеддер бяслаг хийх боломжтой болов. Ийнхүү “Leprino Foods”-ийн үйлдвэрлэл 16 дахин нэмэгдэж, долоо хоногт 900 гаруй тонн бяслаг үйлдвэрлэдэг болжээ.

“Pizza Hut”- ын ажилтан, үнэнч худалдан авагч Жерри Граф нэгэнтээ “Жим өрсөлдөөнд үргэлж бусдаас нэг алхам түрүүнд явдаг” гэсэн юм.

Америкт пицца ид эрчээ авахтай зэрэгцэн оновчтой байршил эзэлсэн нь түүний амжилтад нөлөөлжээ. 1970 аад оны үед сүүний ихэнх үйлдвэр Висконсин, Нью- Йоркт байрладаг байсан бол тухайн үед Калифорнид дөнгөж үүсэж байсан сүүний фермүүд бүтээгдэхүүнээ харьцангуй хямд үнээр борлуулж байв. Лепринод тэдний бүтээгдэхүүнийг орон нутгийн ханшаар харьцангуй өндөр боловч нийт улсын хэмжээнд авч үзвэл хямд үнээр олон жилийн урт хугацааны гэрээ байгуулж, Калифорнийн фермүүдийг атгандаа оруулах алс хэтийн ухаан төржээ. Үүнээс хойш 20 жилийн турш “Leprino Foods”-тэй уян хатан гэрээгээр хамтран ажиллаж ирсэн сүүний фермүүд нэгдэж Dairy Farmers of America болон өргөжсөнөөр, Америкийн хамгийн том сүүний фермүүд Лепринод сүүгээ тогтмол нийлүүлэх болж, түүхий эдийн ханган нийлүүлэлт нь баталгаажив. Түүнчлэн хуучин үйлдвэрүүдийг худалдан авч, шинэчилснээр сүү боловсруулах бизнест хөл тавихыг хүссэн бусад өрсөлдөгчдийн замд тэд хөндөлсөж амжив. “Pizza Hut”- ын ажилтан, үнэнч худалдан авагч Жерри Граф нэгэнтээ “Жим өрсөлдөөнд үргэлж бусдаас нэг алхам түрүүнд явдаг” гэсэн юм.

Эцсийн дүндээ АНУ-ын пиццаны хамгийн том дөрвөн сүлжээг ид хөгжлийн үед нь ханган нийлүүлэх замаар тус улсын хоол хүнсний салбарын түүхэнд хамгийн ширүүн өрсөлдөөнийг идэвхжүүлж, борлуулалтыг шинжлэх ухаантай хослуулж чадсан нь түүний хийсэн хамгийн том инноваци билээ.

Тэд анхны чухал нээлт “Quality Locked Cheese” (чанарын баталгаат бяслаг) гэгч үрж, хөлдөөсөн бяслагаа 1986 онд танилцуулжээ. Түүний ихэнх өрсөлдөгч Итали гаралтай цагаачид байсан тул түүний энэхүү нээлтийг үл ойшоож байв. “Тэд эмээгийнхээ жороор хийсэн пиццан дээр ийм зүйл тавьж болохгүй” гэж үздэг байсан хэмээн пицца үйлдвэрлэлийн салбарт 30 жилийн туршлагатай, ахмад зүтгэлтэн Эд Зиммерман хэлэв. Гэвч энэ нь франчайзинг хийхэд тохирсон, тогтвортой хөгжих боломж олгож байсан тул үйлдвэрүүдийн энгийн хэрэглээ болон тархсан юм. Патент эзэмшигчийн хувьд Леприно байгууллагынхаа хамгийн нөлөөтэй хүн болжээ. Жерри Граф өргөжин тэлсээр байсан “Pizza Hut”-ийг орхиж, “Domino’s” багт нэгдэн улмаар Лепринотой хамтран ажиллах болсноор 1978 онд 200 салбартай байсан тус компанийг 1989 онд 5,000 салбар нэгжтэй болтол хөгжүүлж чаджээ. Үүнтэй зэрэгцэн 3,000 гаруй салбар нэгжтэй “Little Caesars” “Хоёр данагар пиццаг, өчүүхэн нэгийн үнээр” гэсэн бодлогоор жил бүр 25 хувийн өсөлттэй ажиллаж байсан юм. Харин 1985 оноос үйл ажиллагаагаа явуулсан “Papa John’s” 1991 оноос эхлэн зөвхөн Леприногоос бяслаг авах болж, түүнийг онцгой эрхт нийлүүлэгчээрээ баталгаажуулсан ажээ.

Леприно худалдан авагч компани бүрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн боловсруулахаас гадна тэдний асуудлыг нэг бүрчлэн анхаарч, шаардлага гарвал асуудлыг шийдвэрлэх замаар хамтдаа хөгжиж байлаа. “Бид үйлчлүүлэгч тус бүрийг манай цор ганц харилцагч мэт хандан үйлчилдэг. Бид “Papa John’s”-ийн талаар, эсвэл өөр бусад харилцагчийн бизнесийг “Domino’s”-той хэлэлцдэггүй” хэмээн “Pepsi” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад зургаан жилийн өмнөөс “Leprino Foods”-т өдөр тутмын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн Майк Даркин хэлж байна. “Leprino Foods” 1996 оноос “Domino’s”-ийн онцгой эрхт бэлтгэн нийлүүлэгч болсон бөгөөд тэдний гэрээ ердөө ганц хуудсанд багтсан байдаг. “Энэ бол цэвэр итгэлцэл” хэмээн “Domino’s” компанийн хангамжийн сүлжээ хариуцсан дэд ерөнхийлөгч асан Майкл Согнет нэгэнтээ онцолсон байдаг.

“Pizza Hut” дамжуулах зуухаа шинэчилж, илүү сайн халдаг болгосон учир “Leprino Foods” бяслагаа өндөр температурт түлэгдэхээс сэргийлж найрлагыг нь өөрчлөхөд хүрчээ. Түгээлтэндээ ихэд ач холбогдол өгдөг “Domino’s” –т “Leprino Foods”-ийн бяслагийн ахлах мэргэжилтэн Лестер Кильсмайерын тусгайлан боловсруулсан бяслаг пиццаных нь амт чанарыг зуухнаас дөнгөж гаргасан мэт байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг байсан учир “Domino’s” өргөжин тэлсэн ч бэлтгэн нийлүүлэгчээсээ хараат болсон байв. Харин нэмэлт найрлагатай шинэ бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, ямар ч хольцгүй цэвэр бяслаг авахыг хүссэн “Papa John’s”-ийн саналыг бяслагийн акул тийм ч таатай хүлээж аваагүй гэдэг. “Түүний патент, түүний бизнес бол өөрийнх нь хувь хүнийх нь тусгал юм. Өөрчлөлт шинэчлэлт бүхэн түүний хувьд эрхэм нандин байдаг. Иймээс түүний бүтээгдэхүүн надад таалагдахгүй байгаа талаар хэлэхэд түүнд маш хүнд туссан” хэмээн Леприногийн тухай “Papa John’s”-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жон Шнаттер дурсав. Хоёр сарын дотор Леприно урьд өмнө нийлүүлж байсан бяслагаа “Papa John’s”-т нийлүүлэхээр болсон юм. “Жим над дээр ирээд килограмм тутамд 6 цент нэмж төлнө шүү гэсэн.”
Пицца үйлдвэрлэх зардлын 40 хувийг бяслаг эзэлдэг учир Леприно удаан хугацаанд үнийн бодлогоор бусдыг эрхшээлдээ оруулж ирсэн юм. Леприногийн тогтоосон үнэ түүнд илүү том хүрээллийг авчирдаг. Энэ бүхэн зардал хэмнэх олон шинэ арга замд хөтөлсөн бөгөөд ийнхүү Леприногийн аргаа барсан өрсөлдөгчид түүнийг технологиороороо ч, патентаараа ч гүйцэхээ больжээ. “Тэд бол хүнсний салбарт нуугдсан биотехнологийн хүрээлэн” хэмээн Зиммерман тодорхойлов.

Тухайлбал, 1990-ээд онд Кильсмайер бяслаг боловсруулах эхний шатанд амтлагч нэмэх, эсвэл сүүл хэсэгт зарим найрлагыг нэмбэл бяслаг хайлалтанд нөлөөлж, бяслаган дээрх нүхний тоо, хэмжээ, өнгө зэргийг өөрчилж болохыг нээн илрүүлжээ. Тэрбээр бяслаг боловсруулах үйлдвэрлэлийн хугацааг 14 хоногоос 4 цаг болгон богиносгож чадсанаар компанийн хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлж, зардлыг үлэмж хэмжээгээр бууруулсан аж.

“Лестер л намайг чинээлэг болгосон гэж би хүмүүст хэлдэг” гэж Леприно ярив. Сонирхолтой нь, Леприно Кильсмайерт ямар ч эзэмшил өгөөгүй. Леприногийн хэтэвч зузаарсаар, харин Кильсмайер өндөр цалиндаа өдөр бүр сэтгэл ханамжтай ажлаа хийсээр 2012 онд 95 насандаа өөд болжээ.

Жеймс Леприно тэрбумтан байхын давуу талыг огт дурсдаггүй. Түүний компани давхар тийрэлтэт Gulfstream G50, тийрэлтэт Bombardier, 1980 оны бага оврын зэрэг гурван онгоц эзэмшдэгээс гадна өөрөө Денверийн Индиан-Хиллст 11 унтлагын өрөөтэй тансаг байр, Аризонагийн Скотсдейлд 750 орчим ам метр талбайг эзэлсэн амралт зугаалгын эдлэн газартай. Гэхдээ тэр засварчин дуудалгүйгээр өөрөө алх шүүрч авдаг төрлийн хүн. Үйлдвэр дээрээ ачигч машинаа хүртэл заримдаа жолооддог Леприно Колорадо дахь гэрийнхээ ойр орчмын модыг өөрөө бульдозероор тэгшилсэн гэдэг. Хатуу католик шүтлэгтэн тэрбээр ням гараг бүр сүмийн цуглаанд тогтмол очиж, нэрээ нууцлан хандив өргөдөг. Цагаачийн хүү Лепринод тэтгэвэрт гарч, амрах бодол хэзээ ч төрдөггүй гэнэ. Тэрбээр “Миний амжилт бол шидэт үлгэр л гэсэн үг” гэж хэлэв.

Леприногийн өв залгамжлуулах төлөвлөгөө их энгийн. Тэрбээр компанийн өдөр тутмын ажилд огт оролцдоггүй ч зөвлөлийн гишүүнээр бүртгэлтэй 57 настай Тэрри, 55 настай Жина гэх хоёр охиндоо эд хөрөнгөө эн тэнцүү өвлүүлэх аж. Леприно “Би тэднийг бизнесийн өршөөлгүй ертөнцөд хөл тавиасай гэж хүсэхгүй байна” гэв.

Харин өдгөө тэрбээр Америк төдийгүй Ази, Европын бүх пиццан дээр “Leprino Foods”-ийн бяслагийг тавихын төлөө үргэлжлүүлэн ажилласаар (Леприно Их Британийн “Glanbia Cheese” бяслагийн үйлдвэрт хамтран хөрөнгө оруулжээ.)

Леприногийн хараанд Америкийн пиццаны тав дахь том сүлжээ, хагас боловсруулсан пицца үйлдвэрлэгч “Papa Murphy’s” өртжээ. Тэрбээр нэн тэргүүнд технологио худалдах гэрээ байгуулахаар тэднийд гурван ч удаа очсон тухай “Papa Murphy’s”-ийн үүсгэн байгуулагч Роберт Граэм өгүүлэв. “Тэдний бүтээгдэхүүн гэрийн шарах шүүгээнд болгодог манай пиццанд тохирохгүй байгаа юм. Чийглэгийн хэмжээнд гол учир байна. Бяслаг нь ууршсаар соус л үлдэж байсан” гэж тэрбээр тайлбарлав. Гэсэн ч “Leprino”-ийн удирдлагууд бууж өгөх бодолгүй байна.

Өөр бэлтгэн нийлүүлэгчтэй, мюнстер бяслагаар пиццагаа хийдэг “Little Caesars”-т “Leprino Foods” онц ач холбогдол өгдөггүй боловч компанийн ерөнхийлөгч Майк Даркин тэднийг эцэст нь эрхшээлдээ оруулж л таарна гэж үзэж буй. “Бид илүү ихийг хүсэж байна уу гэж үү? Мэдээж тийм. Бас энэ хүсэл ямар нэг байдлаар биелэх нь гарцаагүй” гэж нэмж хэллээ.

Энэ зуур Леприно шинэ зах зээлийн эрэлд гарчээ. Тэрбээр хөлдөөсөн пиццаны компаниуд дунд ихэд алдаршаад буй, 1.13 килограммын савлагаатай, тусгай “туузан бяслаг” үйлдвэрлэдэг Колорадогийн “Greeley” үйлдвэрт 600 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Түүнчлэн хүнсний салбарын чиг хандлагыг судалж, улмаар бүтээгдэхүүндээ тусгах зорилгоор компани дотроо “инновацийн студи” байгуулав. Эндээс одос үхрийн сүүгээр Bacio (Италиар “үнсэлт” гэсэн утгатай) нэрт моцареллаг боловсруулж, гар аргаар пицца хийдэг газруудад нийлүүлж байна. Энэ нь “Leprino Foods”-ийн хамгийн өндөр үнэтэй боловч хамгийн хурдан алдаршиж буй бяслаг юм.

“Leprino Foods” хэрэглэгчдийн гарт шууд хүрэх анхны бүтээгдэхүүн болох шар сүүний нунтаг уураг Ascent-ийг “Greeley” үйлдвэрийн нэгэн жигүүрт тусгайлан үйлдвэрлэж буй. Тэд бяслаг үйлдвэрлэх явцад гарах дайвар бүтээгдэхүүнээр шар сүүний уураг үйлдвэрлэхийн зэрэгцээ булчингийн нөхөн сэргээлтэд голлох үүрэг гүйцэтгэдэг уураг, амин дэмээр хангахын тулд Ascent-ийг түүхий сүүнээс шууд гарган авч байна. 6.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг АНУ-ын уургийн зах зээлд энэ бүтээгдэхүүн амжилт олно хэмээн тэд найдаж байна.

Ascent-ийн багт “Leprino Foods”-ийн багийг санагдуулах олон зүйл бий. Ascent-ийн үйлдвэр Leprino-ийн анхны бяслагийн үйлдвэрийн агуулах, ачиж буулгах тасгийн чанх дээр байрладаг. “Тохиролцоонд хүрсэн анхны өдрийг би санаж байна. Жим Леприно орж ирмэгцээ ‘пөөх, яг л хуучин цагийг санагдуулж байна шүү’ гэж билээ” хэмээн өдгөө Ascent-ийг хариуцан удирдаж буй Майк Арнольд хэлсэн юм. Цоо шинэ, хэсэгхэн зах зээлийг эзлэхээр “Ascent” айсуй.

Bat-Ochir

Related Posts

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат
Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм

21/06/2022
Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид
Тэрбумтнууд

Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид

20/06/2022
Тэрбумтны амбиц
Тэрбумтнууд

Тэрбумтны амбиц

20/06/2022
Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм

14/06/2022
Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан
Тэрбумтнууд

Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан

09/06/2022
Хөгжмийн салбарын хаалтыг эвдсэн Даниел Эк
Тэрбумтнууд

Хөгжмийн салбарын хаалтыг эвдсэн Даниел Эк

08/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist