Ричард Брэнсон хүнд сорилтод дуртай нэгэн. Тийм ч учир Virgin компанийн үүсгэн байгуулагч, мөрөөдөмтгий энтрепренер Брэнсон 2015 онд 65 насныхаа төрсөн өдрөөр #ChallengeRichard аянг эхлүүлж, эхний ээлжинд 2016 онд багтаан 65 төрлийн сорилт биелүүлэхээ зарласан билээ. Энэхүү сорилтуудын хамгийн сонирхолтой нь 10, 25, 50, 65 болон 85 настай өөртөө зориулан захидал бичих байсан юм. Түүний захиануудаас танилцуулж байна.
10 НАСТАЙ РИЧАРД БРЭНСОНД ЗОРИУЛСАН ЗАХИДАЛ
Брэнсон “10 настай өөртөө зориулсан захидал”-даа бяцхан Рикид адал явдал эрэлхийлэгч, мөрөөдөмтгий чанараа хэзээ ч бүү гээгээрэй гэж зөвлөжээ. Тэрбээр бяцхан өөртөө хандаж амьдралд бусдын адил саад бэрхшээлтэй нүүр тулах үе ирэх боловч үүнээс болж мөрөөдлөөсөө ухарч болохгүй гэж захисан юм. Энэ захидлын хамгийн шилдэг зөвлөгөөнүүд:
“Оюун санаагаа агуу боломжуудад нээлттэй байлга. Адал явдлын эрэл сониуч занг чинь тэтгэж, боломжгүй гэдэг бол хоосон үг гэдгийг батлах насан туршийн эрэлд хөтлөнө.”
“Мөрөөдөхийн сацуу хийж бүтээхээ хэзээ ч зогсоож болохгүй.”
“Мөрөөдөлдөө хүрэх замд чинь саад болохыг хэнд ч бүү зөвшөөр.”
“Чамд бусдаас хоцорч байгаа мэт, хаана ч нийцэхгүй санагдах хүнд үе олон тохиолдоно. Гэхдээ бүү шантар. Уран сэтгэмжээ ашиглаж, энэ мэт хэцүү үеийг тойрон гарах шинэ гарц бодож ол.”
“Хамгийн гол нь үргэлж хөгжилдөж, зугаацахаа мартаж болохгүй.”
“Нас явж, ухаан суухын хэрээр хүн өөрийн дуртай зүйлээ хийхээс гадна хийдэг зүйлдээ дурлах нь ямар чухал болохыг чи ойлгоно. Сэтгэлийг чинь хөдөлгөдөггүй зүйлст цагаа үрэх хэрэггүй.”
25 НАСТАЙ РИЧАРД БРЭНСОНД ЗОРИУЛСАН ЗАХИДАЛ
Брэнсон “25 настай өөртөө зориулсан захидал”-даа шинэхэн компани Virgin-ийг тууштай удирдахыг өөрөөсөө хүслээ. Тэрбээр өмнө нь тулгарах саад тотгоруудын талаар сануулж, хамгийн хэцүү гай тотгорын үед ч зорилгодоо төвлөрөх ёстойг анхааруулсан юм. Мөн алдаанаасаа суралцахын чухлыг, сорилтыг боломж болгон хувиргах талаар захидалдаа дурджээ. Энэ захидлын хамгийн шилдэг зөвлөгөөнүүд:
“Өмнөх зам чинь овгор товгор, ёроолгүй хавцал, салаа замаар дүүрэн байх болно. Бууж өгч, бүгдийг орхимоор санагдах үе ч ирнэ. Битгий. Хүнд хэцүү бэрхшээл бүрийг боломж болгон өөрчилснөөр чи өөрийнхөө хэзээ ч төсөөлж байгаагүй амжилтад хүрнэ.”
“Гэхдээ чи үргэлж амжилттай байхгүй. Яг үнэндээ чи үе үе бүтэлгүйтэх болно. Гэхдээ бүтэлгүйтэл зөвхөн энтрепренерээр тогтохгүй бүх хүний зайлшгүй туулдаг аялал юм.”
“Унасан газраасаа босож, алхсан замаа эргэн харж, алдаагаа ухаарч, түүнээсээ суралцах хэрэгтэй.”
“Аз туршсан алхам хийсээр бай. Ирээдүйн бизнесийн “амжилт” чинь эрсдэлийг тооцоолж, түүнтэй нүүр тулснаар чинь тодорхойлогдоно.”
“Сөрөг бодолтой хүмүүсийн үгийг битгий тоо.”
“Үүрэг, хариуцлагаас бүү сүрд.”
“Эрсдэлийг тооцоолох чадвар, хэзээ ч цуцашгүй өөдрөг зан чинь хувийн амьдрал болоод бизнест гялалзсан амжилт авчирдаг.”
50 НАСТАЙ РИЧАРД БРЭНСОНД ЗОРИУЛСАН ЗАХИДАЛ
Virgin-ийн ажилтнуудын дунд Доктор ЗА хэмээн танигдсан (зөв санаа, санаачилга бүрт ямагт “за” гэж хэлдэг учраас) Брэнсон “50 настай өөртөө зориулсан захидал”-даа нийгэмд нөлөө үзүүлж, хүмүүсийн амьдралыг эергээр эргүүлж байхыг зөвлөсөн. Энэ захидлын хамгийн шилдэг зөвлөгөөнүүд:
“Чи их мөнгө хураах гэж бизнест ороогүй, харин бусдын амьдралд эерэг өөрчлөлт хийхийг хүсдэг байсан.”
“Засгийн газар, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс өөр хоорондоо хамтран ажиллаж чадвал бидний үргэлж амьдрахыг хүсдэг дэлхий ертөнцийг бүтээнэ.”
“Урам зориг хэрэгтэй үед үр хүүхдүүдийнхээ тухай бод.”
“Урам зоригоор дүүрэн байдаг хүмүүс аз жаргалтай байдаг. Бидний ирээдүйд урам зоригтой, аз жаргалтай, өөртөө итгэлтэй, байр сууриндаа хатуу зогсож, итгэл үнэмшлээ хамгаалдаг залуу удирдагчид хэрэгтэй байна.”
“Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт ажиллах нь илүү зугаатай.”
“…Бусдын бэрхшээл гэж үзсэн зүйлийг боломж болгон харсан цагт ирээдүй чинь тодоор гэрэлтэж, хил хязгаар гэж байхгүй болно.“
“Хаашаа ч явж, юу ч хийсэн үг, үйлдэл бүртээ зорилгоо шингээхээ үргэлж санагтун.”
65 НАСТАЙ РИЧАРД БРЭНСОНД ЗОРИУЛСАН ЗАХИДАЛ
“65 настай өөртөө зориулсан захидал”-даа Брэнсон цагийг өөртөө зориулж, амьд явах хичнээн сайхан тухай бичжээ. Өөрийнх нь нэрлэснээр “Зангиаг үзэн яддаг аялагч, сайн үйлсийн эзэн, асуудал таригч” Брэнсон бизнес салбарыг сайн сайхан өөрчлөлтөд хүргэх хүч чадал гэдэгт бат итгэдгээ илэрхийлэв. Тэрбээр өөрийнхөө хүсдэг дэлхий, ертөнцийн талаар нарийвчлан бичсэн бөгөөд үүний тулд хийх зүйл их байгааг ч онцлов. Энэ захидлын хамгийн шилдэг зөвлөгөөнүүд:
“Хүн төрөлхтөн үй олон зовлон зүдгүүртэй нүүр тулж байгаа нь үнэн. Гэхдээ бизнесийн салбар цэцэглэж, хүн төрөлхтөн төдийгүй манай гараг өөрөө хүсэн мөрөөддөг тэр ертөнцийг байгуулахаар гар бие оролцож эхэллээ.”
“Зугаацах, аз турших, хүнийг эерэг талаас нь харахаа зогсоож болохгүй.”
“Илүү ихийг мөрөөдөж, сэтгэл зүрхнийхээ гүнд буй хүслийг биелүүлж бай
”Хорвоо ертөнцийг урам зоригоор дүүрэн, сониуч нүдээр харж бай. Мөн хамтдаа зогсож чадвал ямар ч тулгамдсан асуудлаас хүчирхэг гэдгээ ойлгоно.”
“Хөөр баясал, амьдралд шунан дурлах гал мэт хүсэл тэмүүллээ насан туршдаа сэтгэлдээ хадгалж яваарай. Мөн Стив Жобсын “Ертөнцийг өөрчилж чадна гэсэн галзуу бодолтой хүмүүс л ертөнцийг өөрчилж чаддаг” гэдэг үгийг үргэлж санаж яв.”
“Хамгийн чухал нь амьдралд шунан дурла. Энэ нь өөрийгөө хөгжүүлэх, өөд тэмүүлэх хамгийн шилдэг арга.”
“Одоо хурдаа сааруулах цаг биш. Амьдралын чинь хамгийн сайхан цаг мөчүүд хараахан ирээгүй байна. Тиймээс бие, сэтгэлээ идэвхтэй байлгаж, зүрхээ хайраар дүүргээрэй.”