“Mercedes-Benz” компанийн концепц загварын Vision EQXX цахилгаан машин Германы Штутгарт хотоос Их Британийн Силверстоун хүртэлх 1200 км замыг цэнэглэх станцад зогсолгүйгээр туулснаар өмнөх дээд амжилтыг эвдсэн болохыг компанийн зүгээс зарлажээ.
Одоогоор худалдаанд гараагүй байгаа тус машин энэ оны эхээр нэг цэнэглэлтээр 1000 км явсан тул энэ зайг цаашид улам уртасгах боломжтой гэдгийг харуулж байв. Цахилгаан машин худалдаж авах хүсэлтэй хэрэглэгчдийн санааг хамгийн их зовоодог зүйлсийн нэг нь цэнэглэх станцад хүрэхээс өмнө машины цэнэг дуусаж зогсох вий гэсэн айдас болохыг судалгаагаар тогтоосон байдаг.
Өдгөө зах зээлд байгаа цахилгаан хөдөлгүүртэй машинуудаас “Lucid Motors” стартап компанийн 169 мянган ам.долларын үнэтэй седан нэг цэнэглэлтээр 830 км гаруй замыг туулах чадалтай тул энэ үзүүлэлтээр бусад машиныг тэргүүлж буй. Харин хамгийн түгээмэл цахилгаан машинуудын нэг болох “Tesla”-ийн Model S нэг цэнэглэлтээр 640 км зам туулдаг аж.
Үр ашиг, туулах зайг сайжруулахын тулд “Mercedes-Benz” компани Vision EQXX-ийн дизайныг агаарын эсэргүүцлийг эрс багасгахад, жинг аль болох хөнгөн байлгахад анхааран үйлдвэрлэжээ.Түүнчлэн EQXX-д тусгайлан зориулж 100 кВт.ц хүчин чадалтай, энгийн батарейнаас хоёр дахин бага зай эзэлдэг, 30 хувиар бага жинтэй батарейг бүтээсэн байна.