Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

by Bat-Ochir
7 months ago
Reading Time: 1 min read
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Share on FacebookShare on Twitter

Мелани Перкинс “Canva” дизайны аппликейшнээ санаанд оромгүй газраас дэлхийд тэргүүлэгч стартапуудын нэг болтол хөгжүүлжээ. Түүний дижитал хэрэгслүүд олны сонирхолд нийцдэг, ашиг сайтай бөгөөд “Adobe”, “Microsoft” нарыг эмээлгэх өрсөлдөгч болж магадгүй.

2013 оны тавдугаар сарын униар татсан өглөө “Canva”-ийн гүйцэтгэх захирал Мелани Перкинс тэрбумтан Ричард Брэнсоны хувийн эзэмшлийн Москито, Некер арлын завсраар серфингийн тавцан дээр урсгал даган жолоодлогогүй хөвж байв. Урагдаж, тасарсан есөн метр урт далбаа Карибын тэнгисийн хүчирхэг урсгалд туугдан түүний дэргэдүүр хөвж байв. 26 настай энтрепренер бүсгүй аврал хүлээж тэнд олон цаг хэвтжээ. Шүрэн хад мөргөхдөө зүүн хөлөө бэртээсэн Перкинс аюултай шинэ хоббигоо зөвтгөсөөр байв. Үнэхээр ч, энэ хобби нь түүний зургаан жилийн өмнө найз залуутайгаа хамтран үүсгэн байгуулсан дизайны программ хөгжүүлэгч компанидаа хөрөнгө оруулалт олох нэн чухал стратеги байсан юм.

“Canva” бол технологийн цөм Цахиурын хөндийгөөс олон мянган километрийн алсад, Австралид байрладаг компани. Тэндээс хөрөнгө оруулагчидтай уулзалт товлох хэцүү. Санхүүжилт олох бүр ч хэцүү юм. Перкинс “үгүй” гэсэн үгийг 100 гаруй хөрөнгө оруулагчаас сонсчээ. Тиймээс тэрбээр төрөлх Перт хотдоо зохион байгуулагдсан бизнес танилцуулгын үеэр кайтсерфинг сонирхогч хөрөнгө оруулагчдын клубийн менежертэй танилцаж, улмаар серфингээр хичээллэхээр шийджээ. Энэ бүлэг дараагийн удаа стартапуудын танилцуулгыг сонсож, эхэн үеийн чухал хөрөнгө оруулалт хийхээр зэхэх үед Перкинс өөрийгөө ялагчаар тодорч магадгүй гэж бодсон аж. Үүний төлөө Перкинс эрсдэл гаргаж, ус руу үсрэхэд бэлэн байв. Тэрбээр “Эрсдэл нь хүнд бэртэл авах. Гэвч шагнал нь компанитай болох. Хэрэв хаагдаж буй хаалганы завсраар хөлийнхөө үзүүрийг ч болов шургуулж чадсан бол нээхийн тулд бүх хүчээрээ түлхэх хэрэгтэй” гэсэн юм.

Австралийн баруун эргийн Перт хотод ахлах сургуулийн төгсөлтийн цомгийн дизайн гаргаж, гараагаа эхлүүлсэн жижигхэн компани “Canva”- ийг хөгжүүлэхийн тулд урт удаан хугацаанд шаргуу зүтгэхээс аргагүй байсан юм. Ийнхүү алслагдсан бүсээс дэлхийн тавцанд гарсан “Canva”-гийн вэбсайтад суурилсан төлбөргүй аппликейшнийг өдгөө 190 орны 60 сая гаруй хэрэглэгч “Pinterest”-ийн ганган график зургаас авхуулаад тансаг зэрэглэлийн зоогийн газрын цэс бүтээх зэрэг төрөл бүрийн зорилгоор ашиглаж байна. Үнийн өрсөлдөөнд “Canva”-ийг давах компани одоогоор гарч ирээгүй (тэдний олон сая хэрэглэгч төлбөр төлдөггүй). Хамгийн давуу тал нь тэд өрсөлдөгч “Adobe” зэрэг технологийн аваргуудын бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү энгийн, хялбар бүтэцтэй. “Canva”-ийг зах зээлд гарахаас өмнө хэрэглэгчид “Microsoft Word” ашиглаж дизайн хийх, эсвэл толгой эргэм мэргэжлийн хэрэгслүүдийг хэт өндөр үнээр худалдаж авахаас өөр сонголтгүй байв. Харин одоо хэн ч, хаанаас ч “Canva”-ийг татан авч 10 минутын дотор хүссэн дизайнаа гаргах бүрэн боломжтой болжээ.

RELATED STORIES

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022

“Canva”-ийн орлогыг нэг сарын 10 ам.долларын төлбөртэй, олон төрлийн гоёмсог нэмэлт сонголттой премиум хувилбар, мөн сүүлд байгууллагын хэрэгцээнд зориулж гаргасан загварууд бүрдүүлж байна. Тэрчлэн “Canva”-д саяар тоологдох, өндөр чанартай гэрэл зургийн сан бий. Түүнийг ашиглахад сард ердөө 1 ам.доллар төлөхөд хангалттай аж. “Canva”-ийн 2021 оны орлого 1 тэрбум ам.доллар давсан бөгөөд тэд есдүгээр сард 200 сая ам.долларын санхүүжилт босгохдоо 40 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн билээ. Тиймээс “Forbes”-ийн 2016 оны “30 хүртэлх 30” жагсаалтын гишүүн Перкинсийн эзэмшлийн 15 хувь 6.5 тэрбум ам.доллартай тэнцэх бөгөөд өдгөө түүний найз залуу, 35 настай хамтран үүсгэн байгуулагч Клифф Обрехтын эзэмшлийн 15 хувийг хамтатгаж тооцвол хосууд 13 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй. “SoftBank”-аас тэрбум ам.долларын санхүүжилт авч, “WeWork”-т өндөр үнээр оффис түрээслэн суудаг эрин үед Перкинс, Обрехт хоёр огт өөр арга барилаар ажиллаж байна. Тэд бол хувийн онгоц хөлөглөснөөс хямд тийзээр нисэхийг илүүд үздэг, тааралдсан газраа хоноглож чаддаг төрлийн хүмүүс юм. (2019 оны зун “Canva”-ийн үнэлгээ 2 тэрбум гаруй ам.доллар давсан үед Туркийн явган аялагчдын бүс Каппадокия нутгаар аялж байсан Обрехт 30 ам.долларын сүйн бөгжөөр Перкинст гэрлэх санал тавьсан аж). Гэхдээ үүнээс хачирхалтай нь “Canva” 2017 оноос хойш ашигтай ажиллаж буй явдал юм. Перкинс “Бид сүүлийн жилүүдэд ашигтай ажиллаж байгаа тул хэт их капитал татахгүй байхыг бодсон” гэв.

Энэ бүхний эхлэлийг тавьсан хүн бол Перкинс. Тэрбээр “Canva”-ийн шинэ ажилтан бүрийг компанийн хамгийн тогтворгүй санхүүгийн тоон үзүүлэлттэй танилцуулж, хөрөнгө оруулагчдад хийсэн бизнес танилцуулгын түүхийг заавал судлуулдаг (Компани өдгөө 700 гаруй ажилтантай). Юникорн зэрэглэлийн бусад компанийн үүсгэн байгуулагчид сайрхах дуртай байдаг. Харин Перкинс төлбөрийн баримтаа хадгалдаг. Тэрбээр “Canva” өсөлтөөр дэлхийн хаанаас ч технологийн том компани байгуулж болохыг батлан харуулахыг хичээж байна. “Мелани бол ховор төрлийн энтрепренер” хэмээн “Bond Capital”-ийн туршлагатай хөрөнгө оруулагч Мэри Микер хэлэв. “Canva” байгуулагдаад удаагүй “Bond Capital” сангийн анхны хөрөнгө оруулалтыг авсан юм.

“Canva”-ийн хамтран үүсгэн байгуулагч Мелани Перкинс, Клифф Обрехт, Камерон Адамс (зүүн) нар Сиднейн төв байранд. Камерон “Компани удирдах тухай ямар ч ойлголт бидэнд байгаагүй. Мел, Клифф хоёртой танилцах үед эвлүүлдэг тоглоом эвлэгдэж буй мэт санагдсан” гэв.

Перкинст дэлхийг өөрчлөх 100 төлөвлөгөө байдаг хэмээн гэр бүлийнхэн нь хошигнон ярих дуртай. “Canva” анх маш тодорхой зорилго тавьсан байв. “Том бизнесийг өрсөлдөж ялах”. Тэгтэл ахмад үеийн компаниуд болох “Atlassian”, “Slack”, “Zoom” нарт тохиолдсонтой яг ижил төрлийн хүнд сонголт хийх шаардлага тулгарчээ. Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх бизнес загвар хурдтай тэлж болох ч хэрэглэгчдийн дийлэнх нь төлбөр огт төлөхгүй. “Canva”-г ихэнх том компанийн ажилчид ашигладаг ч байгууллагын хэмжээнд бус, харин хувь хүмүүс, цомхон багуудад үйлчилж байна. Ахисан түвшинд үйлчилгээ үзүүлэх шийдэл олвол 149 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Adobe”-тай өрсөлдөх болно. “Adobe”-ийн зөвхөн дизайны салбар компани гэхэд л дангаараа 2019 оны гуравдугаар улиралд 1.65 тэрбум ам.долларын орлого олсон байна. Түүнчлэн, “Figma”, “Sketch” зэрэг мэргэжлийн программ нийлүүлдэг, өндөр амжилттай өрсөлдөгч стартапууд олноор төрж байгаа бөгөөд тэд хүсвэл өргөн хэрэглээний зах зээлд хялбархан шилжиж чадна. Гэтэл “Canva”-ийн видео, хурлын танилцуулгын дизайн хийх амбицыг тооцож үзвэл тэд “Instagram”-ийн видео бичлэгийн жижиг аппликейшнээс хүчирхэг “Power- Point”-ийн толгой компани “Microsoft”-той хүртэл тулалдах хэрэгтэй болно.

Шуудхан хэлэхэд, өрсөлдөөн ширүүсч буй ч Перкинс бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэв. Тэрбээр Цахиурын хөндийд байрладаг үл итгэгчдийг хүртэл идэвхтэн дэмжигч болгож чадсан төдийгүй Хятадын зах зээлд амжилттай ажиллаж, тус улсын банкинд 200 сая ам.долларын хөрөнгөтэй данс нээгээд байгаа юм. Перкинс “Бид сайн ажилласан гэдгээ мэднэ. Гэвч төлөвлөснөөс хавьгүй бага зүйл амжуулсан. Боломжийнхоо ердөө нэг хувийг ашиглаад байна. Манай компани дизайн гаргах боломжийг дэлхийд түгээх зорилготой. Үүнд, дэлхий гэж шууд утгаар хэлж байгаа юм шүү” хэмээн өгүүлсэн юм.

Перкинс “Canva”-ийн үйл ажиллагааг 2007 онд Перт дэх ээжийнхээ гэрээс эхлүүлжээ. Филиппин, Шри-Ланк удамтай, малайз инженер болон австрали багшийн гэр бүлд мэндэлсэн тэрбээр мэргэжлийн уран гулгагч болох хүсэлтэй байсан учир өсвөр насандаа үүрийн 4:30 цагт өөрийгөө албадан босдог байв. Гэвч тэрбээр Баруун Австралийн их сургуульд элсэн орсон ба харилцаа холбоо, худалдааны чиглэлээр сурч байхдаа оюутнуудад компьютер дизайны суурь хичээл заадаг байв. Түүнд энэ үед л “Canva”-ийг үүсгэн байгуулах санаа төржээ. Интернэтийн эрин үед зурагт хуудас, гарын авлагын дизайн гаргах, тэдгээрийг хэвлэх ажил Перкинст хэт төвөгтэй санагдсан аж. Тодруулбал, “Adobe Photoshop”, эсвэл “Microsoft Word” дээр эх загвар гаргаж, зөв хэмжээнд оруулан PDF-ээр хадгалж, улмаар “Staples” гэх мэт төвүүдэд хэвлүүлдэг байв. Энэ бүх ажиллагааг нэг дор, онлайн хэрэгслээр хялбархан гүйцэтгэж болохгүй гэж үү?

Перкинс “Миний анхны санаа бол дизайн зохион бүтээх ажиллагааг энгийн болгох” хэмээн дурсав.

Энэ бэрхшээлийг хүн бүхэн мэдэж байсан тул цаг алдвал өөр хүн урьтаж магадгүй гэж Перкинс эмээжээ. Тиймээс тэр даруй чөлөөт уран бүтээлчдийг хөлсөлж, Flash вэбсайтаа бүтээв. Улмаар сургуулиас жил бүр бэлтгэн гаргадаг төгсөлтийн цомгийг тогтвортой, эрэлттэй зах зээл хэмээн үзжээ. Энэ ажлыг сайн дурын оюутнууд хариуцан гүйцэтгэдэг байв. Обрехт, Перкинс хоёрын байгуулсан “Fusion Books” стартап ч энэ хүрээнд зах зээлээ төвөггүй эзэлсэн юм. Тухайн үед Перкинс коллежийнхоо үлдсэн нэг семестрээс чөлөө авчээ. Захиалга ихтэй үед Перкинсийн ээж шөнөжин принтерийн хор сольж хонодог байв. Харин Обрехт сургуулиуд руу шууд утасдаж үйлчлүүлэгч хайдаг байсан ба менежертэй ярихыг хүсвэл Обрехт хоолойныхоо өнгийг өөрчилж, менежер болон ярьдаг байжээ. Тэдний бизнес тэлсээр 400 гаруй сургуульд үйлчилдэг болж, Франц зэрэг алс орнуудад лиценз эзэмшигч татсан байв. Гэвч энэ бол дөнгөж эхлэл. Перкинс венчур хөрөнгө оруулалт авахгүй бол үүнээс илүү тэлж чадахгүй байлаа. Гэтэл уул уурхай, петрохимийн үйлдвэр дээр сүндэрлэсэн Перт хотоос хөрөнгө оруулагч олно гэдэг бараг боломжгүй юм.

Тэгтэл Перкинс 2011 онд хамгийн “боломжгүй” боломжийг шүүрэн авч чадав. Цахиурын хөндийн туршлагатай венчур хөрөнгө оруулагч Билл Тай стартапуудын тэмцээний шүүгчээр Перт хотод зочлон иржээ. Чадварлаг кайтсерфингчин, “TweetDeck”, “Zoom” компанийн хөрөнгө оруулагч тэрбээр Перт хотод ихэвчлэн хүчирхэг давлагааг нь “унах” гэж ирдэг байв. Перкинс, Обрехт нар Биллийг оройн зоог барих үеэр нь “барьж авч”, тэнд байсан хүмүүст “Canvas Chef” хэмээн нэрлэсэн төслөө танилцуулжээ. Уг танилцуулга пиццагаар зүйрлэсэн хийцтэй байсан бөгөөд гарын авлага, нэрийн хуудас, зоогийн газрын цэс зэрэг баримт бичгийг пиццаны гурилаар, харин дизайны элементүүдийг пицца дээр өрдөг найрлагаар төлөөлүүлсэн байв. Танилцуулгын үеэр байсан хөрөнгө оруулагч Рик Бейкер “Тийм ч загварлаг шийдэл байгаагүй” хэмээн тодорхойлсон юм.

Үүсгэн байгуулагчид тэндээс гарахдаа хөрөнгө оруулалт авч чадаагүй ч экстрим усан спортын шинэ хоббитой болсон байлаа. Тийнхүү Тайгийн явдаг кайтсерфинг сонирхогчдын цуглаанд байнга оролцох болжээ. Тус цуглаанд шинэ стартапт хөрөнгө оруулах сонирхолтой технологийн алдартай хөрөнгө оруулагчид оролцдог. Мауи арал дээрх цуглааны үеэр Питер Тилийн найз тэдэнд компанидаа зөвхөн нэг удирдагчтай байхыг зөвлөсний дагуу Перкинс ганцаар гүйцэтгэх захирал болсон аж.

Перкинс, Обрехт нар Цахиурын хөндийн Сэнд-Хилл- роуд гудамжны венчур хөрөнгө оруулагчдыг зорих бүртээ бүтэлгүйтдэг байв. Бизнесийн хамгийн өндөр эрсдэлтэй эхлэлийн үедээ үүсгэн байгуулагчид нь романтик харилцаа үүсгэсэн компаниуд олноор дампуурсан түүхтэй. Тэдэнд “Харамсалтай нь, шударгаар хэлэхэд Австралид бизнесийн гэрээ байгуулмааргүй байна” гэж нэг эрхэм хэлсэн бол өөр нэгэн хөрөнгө оруулагч “Одоогоор танай компани амжилт олно гэж бодогдохгүй байна” гэж хэлжээ.

Эцэст нь, далайн давлагаа л тэдэнд тус хүргэсэн аж. Тэд кайтсерфинг сонирхогчдын клубт байхдаа “Google”-д ажиллаж байгаад Сиднейд стартап үүсгэн байгуулсан, 40 настай Камерон Адамстай танилцав. Адамс 2012 оны гуравдугаар сард “Canva”-ийн зөвлөх болохоор тэдэнтэй уулзсан ч удалгүй зургадугаар сард нь гурав дахь хамтрагчаар нь нэгдсэн юм. Ийнхүү техникийн удирдагчтай болсон үүсгэн байгуулагчдын ажил урагшилж эхлэв. “Canva”-ийн анхны санхүүжилт болох 3 сая ам.доллар 2012 ба 2013 оны эхээр хэсэгчлэн орж ирсэн бөгөөд үүнд Австралийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэг багтана.

Компани 2013 оны наймдугаар сард цөөн хэрэглэгч, технологийн блогт үйлчилж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Адамс болон “Canva”-ийн инженерүүд шинэ хэрэглэгчдийн бүртгэлийн урсгалыг зохицуулахын тулд Сиднейд (компани 2012 оны хоёрдугаар сард тийш нүүсэн) шөнөжин ажиллаж, нойрны дутагдалд оров. Тухайн үед “Canva”-ийн хувьд төгс цаг үе тохиосныг хүмүүс төдийлөн анзаараагүй юм. Өөрөөр хэлбэл, “Instagram”, “Twitter”-ийн хэрэглээ өссөнөөр бизнес эрхлэгчид үйлчлүүлэгч татах ааргаа шинэчилж байсан үе. Сургууль, цагдаагийн байгууллага, уран гулгалтын талбай, зохиолч гээд бүгд л цахим хуудасны дүр төрхдөө ихээр анхаарч эхэлсэн. Харин “Canva” бол хямд зардлаар гоё харагдах арга байв. Эхний нэг сард шинэ хэрэглэгчдийн тоо 50,000-ийг давсан бол 2014 онд “Canva” Тилийн “Founders Fund”, “Shasta Ventures” нараас 3 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах үеэр 600,000 гаруй хэрэглэгч нь 3.5 сая дизайн хэдийнэ зохиосон байсан юм.

Барууны программ хангамж хөгжүүлэгчдийн хувьд нэвтрэх боломжгүй зах зээл хэмээн үздэг Хятадын зах зээлд “Canva” ховор тохиох гайхалтай амжилт үзүүлсэн. Өндөр нуруутай, нөхөрсөг, хамтын үйл ажиллагаануудыг манлайлан удирддаг, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Обрехт “Canva”-ийн олон улсын анхны салбарыг 2014 онд Манилад байгуулсан бөгөөд улмаар Хятадад салбар компани байгуулахаар “LinkedIn”-ийн Хятад дахь салбарыг хариуцаж асан захирлыг бизнестээ нэгтгэжээ. Өдгөө “Canva”- ийн хятад хувилбарыг хятад инженерүүдийн баг хариуцдаг бөгөөд тухайн оронд хамгийн өргөн ашигладаг “QR” код болон Хятадын мессеж аппликейшнийг түшиглэн ажиллаж байна. “Canva”-аар Хятадын “McDonald’s” үйлчлүүлдэг ба тэд программаа 1000 гаруй агентдаа санал болгодог, үндэсний хэмжээний зуучлагч юм.

Гэвч томоохон компаниудад үйлчлэхэд “Canva” хангалттай томроогүй байна.“ Canva”-ийн байгууллагад зориулсан үйлчилгээ эхэндээ өсөлт үзүүлээгүй боловч компанийн үйл ажиллаагааг хойш татаагүй юм. Харин 2019 оны арванхоёрдугаар сард видео засварлах хэрэгсэл, багц аппликейшн хэрэглээнд нэвтрүүлснээр “Adobe”-ийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөж эхэлсэн байна. Түүнчлэн, 80 сая төрлийн танилцуулгын загвар гаргасан “Microsoft PowerPoint”-ийг орлохуйц атлаа үнэ төлбөргүй хэрэгслээ үргэлжлүүлэн хөгжүүлж буй. Гэвч компаниуд “Canva”-ийг ашигладаг цөөн ажилтныхаа тоог олон мянга болтол нэмэх эсэхээс “Canva”-ийн урт хугацааны өсөлт шалтгаална. “Canva”-ийн багцыг өргөжүүлэхэд олон жил зарцуулж буй Перкинс америкчуудын арга барилаас тэс өөр замаар өрсөлдөж байна. “Canva” онцгой загвар, сонголттой багц санал болгосноор компанийн захирлууд шаардлагатай контент, дизайныг ажилтнуудаар өөрсдөөр нь бие даан гаргуулах болно гэж тэд найдаж байна. Техасын орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн “Realty Austin” компани байрны нээлт гэх мэт үйл ажиллагааны үеэр сурталчилгааны материал хийлгэхийн тулд маркетингийн зургаан ажилтан хөлсөлдөг байв. Харин өдгөө тус компанийн 550 гаруй агент “Canva”-ийг ашиглаж, танилцуулах материалаа өөрсдийн цаг заваар бие даан хийдэг болжээ.

Хэрэглэгчид өнөөдрийг хүртэл “Canva”-ийг ашиглаж 2 тэрбум гаруй дизайн гаргасны тэн хагасыг сүүлийн нэг жилд бүтээжээ. Тус компанийн дараагийн зорилго бол “Canva Apps”. Үүнд “Instagram”, “Pinterest” зэрэг алдартай аппликейшнийн эх бэлтгэх хэрэгслүүдийг суурилуулжээ.

“Adobe” энэ бүхнийг зүгээр харж суусангүй. Тэд 2016 оноос “Adobe Spark” хэмээх үнэ төлбөргүй аппликейшнээ санал болгож эхэлсэн билээ. “Canva” вэб хэрэгслүүдийг нь 50,000 гаруй их сургууль, 25,000 орчим ашгийн бус байгууллага хэрэглэдэг гэж мэдэгдэхэд “Adobe” 23 сая багш, оюутан “Spark” хаягийг үнэ төлбөргүй ашигладаг гэв. “Adobe” 2012 онд Скотт Бельскийн үүсгэн байгуулсан “Behance” компанийг худалдан авсан бөгөөд бүтээгдэхүүн хариуцсан багаа хүчирхэгжүүлэх үүднээс Бельскитэй 2017 оны арванхоёрдугаар сараас дахин хамтарч эхэлжээ. “Adobe”-ийн салбар нэгж “Creative Cloud”-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал болсон Бельски “Тэдэнд ялагдсан мэдрэмж төрж байгаа. Учир нь ‘Бид хамгийн догь стартап биш’ гэсэн бодол толгойд нь эргэлдэж байна” гэж өгүүлсэн юм.

Тэгтэл стартап бүрт тохиолддог асуудлууд үүсэж эхлэв. “Canva”-ийн код засварлах гол хэрэгсэл хэт хуучных байсан тул 2018 оныг хүртэл нэг дор ердөө таван инженер ажиллах боломжтой байжээ. Тиймээс тухай жилийг аппликейшний интерфейсийг бүрэн шинэчилж, дахин бүтээхэд голлон анхаарсаар дуусгажээ. Обрехт “Бид хэтэрхий хурдтай өсөж байсан тул олон зүйл эвдэрч байсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Түүнчлэн, 2019 оны тавдугаар сард хэрэглэгчдийн итгэлийг хэр дааж чадахыг шалгасан сорилт тулгарсан. Микерийн хөрөнгө оруулалт “Canva”-ийн үнэлгээг 2.5 тэрбум ам.долларт хүргэсэн мэдээллийг олон нийтэд тарааснаас хэдхэн хоногийн дараа Европт байрласан хакер “Canva”-ийн системд нэвтэрч, уг дайралтыг зогсоох хүртэл 139 сая хэрэглэгчийн нэр, цахим шуудангийн хаягийг хулгайлж амжсан байна.

Тухайн үед Калифорнид гацаад байсан Перкинс, Обрехт нар “Atlassian” компанийн хамтарсан гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид (мөн “Canva”-ийн хөрөнгө оруулагчид) Майк Кэннон-Брукс, Скотт Фаркуар нар руу утасдаж, мессеж бичсэн ч зөвхөн Мачу- Пикчу хот орохоор Перугийн нисэх онгоцны буудалд газардаж байсан тэрбумтан Фаркуартай л холбогдож чаджээ. “Canva” даруй Холбооны мөрдөх товчоонд хандаж шалгах ажиллагааг эхлүүлсэн ба үүнээс хоёр долоо хоногийн дараа “Canva” бүх хэрэглэгчдэдээ хоёр шатлалтай баталгаажуулах арга хэмжээ авсан юм. Перкинс хэдийгээр хэрэглэгчид “Canva”-ийг дэмжсэн гэж мэдээлсэн ч дээрх явдал маш том сануулга болсон юм. Энэ нь олонд танигдахын хэрээр дайсан нэмэгдэхийг тэдэнд сануулжээ.

Перкинсийн ойрын хүрээллийн хүмүүс түүнийг энэ бүхнийг давж гарна гэдэгт итгэлтэй байна. 1980-аад онд карьераа эхлүүлсэн Гай Кавасаки дэлхийг тойрон аялахдаа “Apple”-ийг сурталчилж Стив Жобст тусалдаг байв. “Forbes”- ийн нийтлэлч асан тэрбээр энэ удаа Перкинст ижил маягаар тусалж, “Canva”-ийг дэлхийд сурталчилсаар карьераа дуусгахдаа таатай байх болно гэсэн юм. Кавасаки 2014 онд “Canva”-д хөрөнгө оруулж, компанийн “ахлах сурталчлагч” болж байлаа. Тэрбээр “Macintosh ашиглаж чадах хүнээс дизайн бүтээж чаддаг хүн илүү олон бий” хэмээн өгүүлэв. Тэрчлэн “Амжилт олохын тулд Цахиурын хөндийд байх албагүй. Бүр Америкт ч байх шаардлагагүй. Сонин байгаа биз?” гэсэн юм.

Bat-Ochir

Related Posts

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин
Энтрепренер

$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин

10/06/2022
Дүрээр “амилсан” бизнес
Энтрепренер

Дүрээр “амилсан” бизнес

09/06/2022
Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент
Энтрепренер

Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент

08/06/2022
Уналтаас сэргэсэн бизнес
Энтрепренер

Уналтаас сэргэсэн бизнес

07/06/2022
Урлагаар төлөвшүүлнэ…
Энтрепренер

Урлагаар төлөвшүүлнэ…

30/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist