Уулын цэнгэг агаарт байгалийн үзэсгэлэн, тэнгэрийн оддыг ажиглан тав тухтай амрах боломжийг Швейцарын нэгэн өвөрмөц зочид буудал санал болгож байна.
Зочлохуйн үйлчилгээг урлагтай хослуулсан “Null Stern” буюу “Од байхгүй” нэртэй тус зочид буудал нь Альпийн нуруун дахь усан үзмийн талбайнуудаар хүрээлэгдэн орших хана, дээвэргүй задгай өрөөнөөс бүрддэг аж.
Зүүн Швейцарын Валэ мужийн нутагт, далайн түвшнээс хоёр мянган метрийн өндөрт “Null Stern”-ийн зургаан байршил захиалгаа авч байна. Ирэх долоодугаар сарын нэгнээс есдүгээр сарын 18 хүртэл тус зочид буудал ажиллах бөгөөд одоогоор 6500 аялагч хүлээлгийн жагсаалтад нь бүртгүүлээд байгаа ажээ.
Зочид буудалд нэг шөнийг өнгөрүүлэх үнэ 295 ам.доллар бөгөөд зочдод өглөөний цай, оройн хоолыг нь өрөөний үйлчлэгч авчирч өгнө. Өрөөнд зөвхөн хоёр хүний ор, хоёр ширээ, чийдэн байрлуулжээ. Уулнаас уруудаад 5 минут алхах газарт ариун цэврийн өрөө, шүршүүр байхаас гадна цаг агаар муудсан үед зочдыг оруулах нөөц унтлагын өрөө мөн ойрхон байдаг аж.
“Цаг хугацаа өнгөрөх тусам тансаг байдал хэмээх ойлголт биетээс биет бус болж өөрчлөгдсөн. Зочдод одоо гантиг чулуун ханатай ариун цэврийн өрөө сайхан мэдрэмж төрүүлэхээ больсон шүү дээ” хэмээн тус зочид буудлын хамтран үүсгэн байгуулагч Даниел Шарпантье өгүүлжээ. Төрөлх Швейцартаа буцаж ирэхээсээ өмнө дэлхийн өнцөг булан бүрийн зочид буудалд ажиллаж байсан тэрбээр өвөрмөц урлагийн инсталляц хийдгээрээ алдартай ихэр уран бүтээлчид болох Франк Риклин, Патрик Риклин нартай танилцсанаар “Null Stern”-ийн санааг анх олж байжээ.