Америкийн спорт хувцас, хэрэгслийн Nike компани ОХУ-ын зах зээлээс гарах төлөвлөгөөгөө зарласнаар хоёрдугаар сард Украин руу цэргээ оруулснаас нь хойш тус улсыг орхиж буй барууны ээлжит брэнд болжээ.
Nike гуравдугаар сард Орос дахь албан ёсны дэлгүүрүүдээ хааж, цахим захиалгын үйлчилгээгээ зогсоосон боловч дотоодын түншүүдийн хариуцдаг дэлгүүрүүд нь ажилласан хэвээр байсан юм. Тодруулбал Орост байдаг нийт 50 дэлгүүрийн 37 нь гэрээт франчайз эрх эзэмшигчийн мэдэлд байдаг ч дээрх шийдвэр гарснаар тэдний Nike компанитай хийсэн гэрээ цуцлагдахаар болж байна.
“Nike ОХУ-ын зах зээлийг орхих шийдвэр гаргалаа. Одоогоор бидний нэн тэргүүний зорилт бол хүлээсэн хариуцлагын дагуу ирэх саруудад үйл ажиллагаагаа багасгахын зэрэгцээ ажилчдаа бүрэн дэмжих явдал юм.” хэмээн компанийн мэдэгдэлд дурджээ.
Nike-аас гадна сүлжээний технологийн Cisco компани Орос, Беларусь дахь үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоохоо мэдэгдсэн бол өмнөх өдрүүдэд McDonald’s, Starbucks компаниуд Оросын зах зээлээс гарах төлөвлөгөөгөө мөн эцэслэсэн юм.
ОХУ зах зээлийг нь орхихоор төлөвлөсөн компаниудын хөрөнгийг засгийн газарт хураах, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой хуулийн төсөл дээр ажиллаж буйг “Ройтерс” мэдээлсэн.
Орос болон Украины зах зээл нийлээд нийт орлогынх нь 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг тухай Nike компани өмнө нь ил болгож байв.