Түүхчид Рональд Рейган, Пап II Жон Пол, Маргарет Тэтчер нарын гурвалыг Зөвлөлт Холбоотны эзэнт гүрнийг түлхэн унагасан гол тоглогчид хэмээн үздэг. Гэхдээ үүн дээр дөрөвдөгч эрхмийн нэр нэмэгдэх ёстой. Энэ бол саяхан 87 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Хелмут Коль.
1982 онд Колийг тухайн үеийн Баруун Германы канцлераар томилогдох үед Зөвлөлт Холбоот улс баруунтны хүчинг устгаж, Хүйтэн дайнд ялах өндөр эрсдэлтэй довтолгоо хийж байлаа. Москвагаас дунд оврын цөмийн пуужин боловсруулж, Герман руу чиглүүлэн байршуулж байв. Зөвлөлт Холбоот улс Баруун Германыг сүрдүүлэх замаар NATO-той тогтоосон холбоог нь сулруулж, Европ тивийг ноёлох зорилготой байсан. Тэдний заналхийлэл дэндүү бодит байлаа. Хэрэв Москва Герман руу пуужин харвасан бол АНУ цөмийн зэвсгийн нөөцөө гарздан байж Зөвлөлт Холбоот улс руу хариу цөмийн дайралт хийх байсан уу? Бид хариу дайралт хийсэн ч биднийг газрын хөрснөөс арчин хаях хэмжээний пуужин Зөвлөлтийн нөөцөд байсан. Герман руу чиглэсэн богино зайн пуужин АНУ-ын цөмийн зэвсэг эсэргүүцэгчийг султгаж, Баруун Германы Засгийн газрыг Москватай хэлэлцээр байгуулан, Финлянд шиг дундыг баримтлагч улс болгох зорилготой байлаа.
АНУ-ын Засгийн газар үүний хариуд Орост хүрэх дунд оврын цөмийн пуужинг Германы газар нутагт байрлуулах нь ойлгомжтой байсан. (АНУ үүнээс өмнө Туркт богино зайн пуужин байрлуулсан боловч 1962 оны Кубын пуужингийн хямралаас үүдсэн хэлэлцээрээс болж чимээгүйхэн татан буулгасан.) Гэхдээ Бонн (тухайн үеийн Баруун Германы нийслэл) эдгээр зэвсгийг Германы хөрсөн дээр байрлуулахыг зөвшөөрөх байсан уу? Зөвлөлтийн бэлэн мөнгө, Зөвлөлтийн найруулсан үзэл суртлын эсэргүүцэл ширүүхэн байлаа: “Манай улсыг битгий цөмийн дайнд нэрвэгдсэн зэлүүд газар болгооч! Америкийн пуужинг гарга!”
Канцлер Коль бодлоо өөрчлөөгүй. Өмнөх удирдлага шигээ шийдэмгий бус байдал ч гаргасангүй. Тэрээр АНУ-ын пуужинг Германы газар нутагт байрлуулна гэсэн шийдвэртээ бат зогсов. Дотоодоос гадна Москвагаас ирж байсан үлэмж дарамт ч Колийн бодлыг өөрчилж дийлсэнгүй.
Москва Кубын пуужинг татан буулгаснаас ч агуу том боломжийг энэ үед алдсан. Энэ ялагдал хэдэн жилийн дараа Берлиний ханыг татан буулгах эх суурийг тавьсан билээ.
Коль алба хашиж байх үедээ өөр хоёр агуу гавьяа байгуулсан юм. Үүний нэг нь Берлиний хана нурсны дараа улсаа эв найртай нэгтгэж чадсан юм. ЗХУ, Франц, Британи аль аль нь хоёр Германы нэгдэлд таатай хандаагүй. Харин Колийн идэвх зүтгэл, чадварлаг дипломат харилцаа АНУ-ын дэмжлэгийг авч, Францын эсэргүүцлийг ч зөөллөсөн юм (Коль Францын Ерөнхийлөгч Франсуа Миттерантай нягт холбоо үүсгэхийн төлөө олон жил хичээн зүтгэсэн). Эцсийн үр дүнд Коль зөвхөн Баруун, Зүүн Германыг нэгтгээд зогсохгүй шинэ улсыг NATO-ийн гишүүн хэвээр үлдээхэд Москваг зөвшөөрүүлж чаджээ.
Мөн германчууд нандигнан хайрладаг дойч маркаа хэрэглэхийг хүсэж байсан ч канцлер еврогийн хэрэглээг хүчтэй дэмжиж байсан. Нэгдсэн мөнгөн тэмдэгтэй болох нь Германыг Европын бусад оронтой нэгтгэхэд нэмэр болно гэж Коль үзэж байлаа. XX зууны эхний хагаст амссан гашуун түүхийг дахин давтахгүйн төлөө тэр бүгдийг хийхэд бэлэн байв. Өнөөдөр ихэнх европчууд (мөн бусад улсын бүх эдийн засагчид) үр ашигтай мөнгөний бодлого боловсруулах талаар ямар ч ойлголтгүйг байгаа нь түүний буруу биш.
Коль Отто фон Бисмаркаас хойш Германы төрийг хамгийн урт хугацаанд (1982-1998) барьсан канцлер юм. 1990 онд Коль Герман улсыг энх тайвнаар нэгтгэсэн бол Бисмарк “цус болон төмрийн” хүчээр хөрш орнуудтай дараалсан дайн хийж, Германыг нэгтгэж байлаа.
Хелмут Колийн уламжлал ирээдүйд ч ялалтад хүргэх болтугай.
СТИВ ФОРБЕС (Forbes сэтгүүлийн ерөнхий эрхлэгч)