Зөвхөн текст, дуу хоолой дамжуулдаг байсан үүрэн холбооны оператор компаниуд өдгөө видео, агуулга дамжуулдаг болсон. Дижитал шилжилтийн нөлөөгөөр үүсэж буй энэхүү өөрчлөлт салбарын хувьд экосистемээ дахин маш сайнаар бүрдүүлэх, бизнесээ тэлэх боломжийг өгч байгаа тухай “Скайтел” компанийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа өгүүлж байна.
Дэлхий даяар өрнөж буй дижитал шилжилтийн давлагаа үүрэн холбооны хэрэглэгчийнхээ тоогоор өрсөлддөг байсан оператор компаниудыг дижитал үйлчлүүлэгчийн тоогоо өсгөхөд хүргэв. Өөрөөр хэлбэл, төрөл бүрийн банкны аппликэйшнаас эхлээд олон нийтийн сүлжээний платформуудыг тогтмол ашигладаг үйлчлүүлэгч нь тэдний ирээдүйн баталгаат үнэ цэнийг тодорхойлох аж. “Скайтел” компанийн хувьд үүрэн холбооны хэрэглэгчийн зах зээлд тэргүүлдэггүй ч хэрэглэгчдийнх нь 80 гаруй хувийг дижитал хэрэглэгч бүрдүүлж буйгаараа зах зээлд ялгардаг. Өөрийнхөө утасны дугаараар банкны аппликэйшн, төрийн үйлчилгээний платформуудаа идэвхжүүлсэн нэг дижитал хэрэглэгч үүнийгээ дахин өөрчлөх нь өөрөө эрсдэл дагуулдаг. Тэр утгаараа энэ бол салбарын хувьд эрүүл өсөлт бөгөөд ирээдүйн орлогын баталгаа нь болдог.
Монгол Улсын хувьд технологи ашиглан шилжилтийг амжилттай өрнүүлж буй нь банк, санхүүгийн салбар гэгддэг. Үүний дараа медиа үйлдвэрлэлийн салбар орж буй бөгөөд энд харилцаа холбооны салбарын компаниудын үүрэг өндөр байгаа тухай Д.Нарантуяа онцолж байна. “Биднийг уламжлалт харилцаа холбооны салбар гэж харах нь бий. Дижитал шилжилтийн нөлөөгөөр манай салбарт бизнесийн төрөлжилт үүсэж, энэ нь эргээд салбарын трендийг тодорхойлж байна” гэлээ. Тус компанийн хувьд 2012 онд анх “SkyMedia” буюу IPTV технологид, 2018 онд “SkyGo” буюу OTT платформд хөрөнгө оруулж медиа урлагийн зах зээлд хүч сорьж буй. Харилцаа холбооны салбарт нэвтэрсэн энэхүү IPTV, OTT үйлчилгээний нөлөөгөөр зөвхөн текст, дуу хоолой дамжуулдаг байсан операторууд өдгөө видео, агуулга дамжуулдаг болсон. IPTV үйлчилгээний зах зээлийнхээ 34 хувийг эзэлж буй “SkyMedia” өдгөө зөвхөн орон сууцны айл өрхүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ тухайн сегментээр нь тооцвол нийслэлийн орон сууцны айл өрхүүдийн 80 хувь нь тус үйлчилгээг хэрэглэдэг гэвэл энэ нь чамлахааргүй үзүүлэлт юм.
“Зах зээлийн энэ өөрчлөлтийг бид дандаа хамтарч ажиллах хэлбэрээр амжилттай даван туулж байна. Энэ өөрчлөлт нь салбарын хувьд экосистемээ дахин маш сайнаар бүрдүүлэх, бизнесээ тэлэх боломжийг олгож байна” хэмээн Д.Нарантуяа онцолж байна. “Энэ төрлийн хөрөнгө оруулалтуудын ард Монголын уран бүтээлчид, телевизийн салбарынханд маш том эерэг өөрчлөлтийг дагуулсан хамтын ажиллагаа өрнөж байна. Тухайлбал, бид Фантастик уран бүтээлийн нэгдлийн “37-р Точка” кино уран бүтээлд хөрөнгө оруулах байдлаар хамтран ажилласан. Энэ төслөөрөө бид уран бүтээлийг технологийн тусламжтайгаар зах зээлд ашигтай болоод хүртээмжтэй байршуулж болдгийг харуулахыг зорьсон. Мөн зохиогчийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарч ажилласан. Яг цар тахлын үе таарсан учраас Монголд анх удаа онлайн кино нээлтийг хийсэн. Тухайн үед Монголын интернэт хэрэглэгчдийн түүхэнд байгаагүй өндөр ачааллыг оператор компаниуд авсан. OTT нь орон зайн хязгааргүй платформ учраас ачаалал бүгдэд ижил мэдрэгдэж, бид системийн багтаамжаа хэрхэн төлөвлөх хэрэгтэй зэрэг маш олон зүйлд суралцсан” хэмээн Д.Нарантуяа хэлэв.
Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Сүүлийн жилүүдэд зах зээлийн шилжилтүүд хэрэглэгч юу үзэхийг хүсэж байна, тэдгээрийг нэвтрүүлэхэд чиглэж байна. Тиймээс цаг тутам хувьсаж буй зах зээлд байр сууриа алдахгүй илүү өсөхийн тулд контентын чанар хамгийн чухал нь байна” гэлээ. Гэсэн ч тэд цаашид өөрсдөө контент үйлдвэрлэхгүй. Харин хийж чаддаг студи, уран бүтээлийн нэгдэлд нь хөрөнгө оруулж, эсвэл хэдийнэ бүтээгдсэн бэлэн уран бүтээлийг өөрийнхөө платформоор хэрэглэгчид хүргэх дамжуулагчийн үүргийг гүйцэтгэсээр байх тухайгаа илэрхийлэв. Радио холбооны инженер мэргэжилтэй тэрбээр бодлогын яамнаас эхлээд дотоодын харилцаа холбооны тэргүүлэх компаниудад 30 гаруй жил ажиллаж буй туршлагатай нэгэн. 2002 онд Их Британийн Глазгоу хотын Стратклайд Их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалж, 2016 оноос эхлэн “Скайтел” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Д.Нарантуяа өөрийн ажиллаж буй салбарын онцлогоо “Манай салбар нүд ирмэх зуурт өөрчлөгдөж, тасралтгүй хөгжиж, шинэчлэл өрнүүлж байгаагаараа дотор нь ажиллаж буй хүмүүсийн хувьд үргэлж сорилт дагуулж, чадварыг нь сорьдог давуу талтай” хэмээн тодорхойлж байна.
“Манай улсын хувьд тэргүүлэгч зах зээлүүдтэй зэрэгцэж шинэчлэл хийдэггүй ч тэднээс хол хоцордоггүй.”
Цар тахлын үеийн хөл хорионоос улбаалан зарим компани үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн ч эсрэгээрээ маш завгүй болоод өсөлттэй ажиллаж буй салбарын тоонд харилцаа холбоо зүй ёсоор багтаж байна. 2018 онд анх дижитал шилжилтийн стратегиа тодорхойлон 5 жилээр гаргаж байсан “Скайтел” компанийн хувьд цар тахал төлөвлөгөөг нь улам түргэсгэсэн тухай гүйцэтгэх захирал Д.Нарантуяа онцолж байна. 2023 онд хүрнэ гэж зорьсон төлөвлөгөөгөө давуулан биелүүлж буй аж. Гэхдээ цаашид зөвхөн хувийн хэвшлийнхэн энэ асуудалд хөрөнгө оруулж, дэд бүтэц, технологи бүтээх тухай ярих биш яаж үндэстнээрээ цахим орчинд бүрэн шилжихэд анхаарах цаг ирсэн гэдгийг Covid-19 хатуу сануулсан тухай ч мөн дурдав.
Ойрын хугацаанд Монголын харилцаа холбооны салбарын компаниудын томоохон хөрөнгө оруулалт нь шинэ үеийн 5G технологийг нэвтрүүлэхэд чиглэхээр байгаа. Шинэ сүлжээг хэзээ оруулах нь салбарын бодлогыг тодорхойлсон баримт бичгээр зохицуулагддаг. Өнөөдрийн мөрдөж байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан баримт бичгээр тэд 2023 оноос 5G технологийг Монголд нэвтрүүлэх юм. 5G сүлжээг хэдийнэ нэвтрүүлсэн зах зээлүүдийн туршлага, хөрөнгө оруулалтын өгөөж, манай зах зээлд нэвтэрсэн өмнөх сүлжээний хөрөнгө оруулалтын өгөөж зэргийг харгалзан энэ хугацааг гаргасан гэдэг. Үүрэн холбооны операторууд 4G LTE сүлжээг 2017 онд Улаанбаатарт, 2018 оноос хөдөө орон нутагт нэвтрүүлсэн. Тухайн үед харилцаа холбооны 4 оператор компани нийлээд 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ сүлжээг нэвтрүүлэхэд зарцуулсан байдаг.
“Манай улсын хувьд тэргүүлэгч зах зээлүүдтэй зэрэгцэж шинэчлэл хийдэггүй ч тэднээс хол хоцордоггүй. Технологид оруулах хөрөнгө оруулалт амар нөхөгддөггүй ч бид радио долгионд тасралтгүй хөрөнгө оруулсаар ирсэн. “Скайтел” компанийн хувьд 2021 оны эхний 9 сарын байдлаар өмнөх үеийн 4G сүлжээг нэвтрүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөөгүй байна. Хэдийгээр бид 3 жилийн дотор энэ хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцоолоогүй ч цар тахал төсөөлөөгүй олон үр дагаврыг бий болгосноор энэ төслийн өгөөжийн индекс удаашралтай байна. 5G сүлжээний хөрөнгө оруулалт өмнөх үеийнхээс илүү өргөн цар хүрээг хамрахаар байна. Үүнээс гадна шинэ технологийг нэвтрүүлснээр хэрэглэгчид ямар ялгаа мэдрэгдэхийг харгалзах нь зүйтэй. 3G сүлжээтэй харьцуулахад 4G маш сайн давуу тал, чанарын ялгааг хэрэглэгчид өгсөн, одоо л хэрэглээ нь жигдэрч байна. Харин 5G технологийн тухайд нэг талаас эцсийн хэрэглэгч рүү хандсан үйлчилгээнүүд, нөгөө нь интернэт спортоор хичээллэдэг хүмүүст илүү сайн нөлөөг үзүүлж байна. Мөн томоохон дүрс, видеог шууд дамжуулахад хурд, чанарын хувьд сайжирна. Жолоочгүй машин, виртуал контентын хөгжил хүчээ авахаар байна. Мөн эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, газар тариалангийн салбарт томоохон дэвшлүүд хийгдэхээр байна. Гэвч хэрэглэгч болоод салбар, дэд бүтцийн хувьд энэ технологийг эзэмших, ашиглахад бэлэн эсэх нь асуудал юм. Дээр нь манай бааз станцуудын тэжээлийн эх үүсвэр, эрчим хүчний шугамын хүрэлцээ хангалтгүй байгаа учраас 2G сүлжээний станцуудын үйл ажиллагааг хэзээ зогсоох тухай асуудал давхар яригдаж байна. Том зах зээлүүд өмнөх үеийн технологиудаа зогсоогоод эхэлсэн. Энэ мэтчилэн дамжуулах станц болоод тэжээлийн нөөцтэй холбоотой хөрөнгө оруулалтын дүн өндөр гарахаар байгаа. Тиймээс шинэ технологи нэвтрүүлэх нь өөрөө салбарын хувьд бүхэлдээ хөрөнгө оруулалтын том цикл рүү орох бодлогын алхам болж байгаа учраас эхлэлийн цэг нь 2023 он байх болов уу” гэж харж буйгаа тэрбээр хэлэв.
А.ПҮРЭВЖАРГАЛ