Олаф Карлсон Ви 2017 оны ICO (Initial coin offering)-ийн халуурлын үеэр криптовалютын шилдэг венчур хөрөнгө оруулагчдын нэг болсон. Одоо тэрбээр санхүүгийн үйлчилгээг чөлөөт болгох мөрөөдөлд хөтлөгдөх DeFi хэмээх блокчэйн хөөсрөлөөс олон зуун сая ам.долларын ашиг олж байна.
Нэгдүгээр сарын жиндүүхэн салхитай өдөр Олаф Карлсон Ви Манхэттэн, Сохо дахь 10 сая ам.долларын үнэтэй орон сууцнаасаа удаан үргэлжлэх “Zoom” дуудлага хийхээр төлөвлөн суухдаа дөрвөн жилийн өмнө “Forbes” сэтгүүлийн нүүрэнд түүнийг 2017 оны криптовалютын хөөсрөлийн гол эзэн хэмээж байснаас хойш дөрвөн жил хагасын хугацаанд хэр их зүйл бүтээсэн тухайгаа эргэцүүлэн бодно.
Шунахай сэтгэлтнүүд ердөө whitepaper буюу төслийн танилцуулга, хэдэн компьютерын кодоор баталгаажсан хэрэггүй токенуудыг олноор худалдаж авснаар олон зуун ICO криптовалютын зах зээлийг 100 тэрбум ам.доллараас илүү үнэд хүргэв. “Coinbase”-д гурван жил ажилласан туршлагатай 27 настай Карлсон-Ви тухайн үед мэргэн нэгэнд тооцогдож байв. Тэрбээр “Andreessen Horowitz”, “Union Square Ventures” болон “Sequoia Capital” нарын санхүүжүүлдэг Сан Францискод төвтэй “Polychain Capital” хэмээх хедж санг үүсгэн байгуулж байсан бөгөөд түүний сангийн хөрөнгө 2016 оны есдүгээр сард дөрвөн сая ам.доллараас 200 сая ам.доллар хүртэл өссөн байжээ.
Сүүлийн үед биткойн болон бусад криптовалют итгэмээргүй уналт үзүүлж байгаа ч энэ зах зээл хоёр их наяд орчим ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд “Polychain”-ийн хөрөнгө таван тэрбум ам.доллар болсон нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш 125,000 хувиар өссөн үзүүлэлт юм. Карлсон-Ви дэлхийн хамгийн ухаалаг, амжилттай хөрөнгө оруулалтын компани болох “Tiger Global Management”, Сингапурын “Temasek Holdings”-ын дэмжлэгтэйгээр гурав дахь венчур сандаа 750 сая ам.долларын санхүүжилт босгожээ.
“Бидний хийж буй зүйл бусдын сонирхлыг их татсан. Бидний босгосон хэмжээнээс илүү их буюу саяын эрэлт хэрэгцээ байна” хэмээн ногоон өнгийн футболка өмссөн, гялалзсан шаргал үсээ илэх 32 настай Карлсон-Ви хэлэв.
Криптовалютын хөрөнгө оруулагчдын дунд ямар ч үнэ цэнгүй, хэтрүүлгээр дүүрэн зах зээлийг амжилттай даван туулах онцгой авьяас чадварынхаа ачаар Карлсон-Вигийн хөрөнгө 600 сая ам.доллар болж өсжээ. Түүний эхэн үеийн хамгийн ашигтай хөрөнгө оруулалтын нэг бол ethereum блокчэйний үндэс болсон валют ether-ийн хувьцаа ихээхэн хэмжээгээр авсан явдал бөгөөд өнөөдөр 2700 ам.долларын үнэд хүрч байгаа ч 2016 онд 12 ам.доллар ч хүрэхтэй үгүй үнээр арилжаалагдаж байсан юм.
Олаф Карлсон- Ви өнөөг хүртэл DeFi-ийн ихэнх сүйрлээс зайлсхийж чадсан. Гэсэн ч криптовалютын үнэ хүнд нөхцөлд хүрэхийн хэрээр түүний “Polychain” болон хувийн хөрөнгийн үнэ цэн буурсаар байна
Тэр ether-ээс олж авсан шинэ баялгаасаа огтхон ч санаа зовдоггүй. Түүний саяхан бүрэн тавилгатай нь худалдаж авсан 6000 м.кв талбай бүхий Сохо дахь байр нь нэгэн цагт Нью-Йоркийн алдартай цуглуулагчдын эзэмшдэг урлагийн галлерей байсан юм. Доод Манхэттэнд байрлах “Instagram-д оруулахад хамгийн тохиромжтой” оршин суух газар гэж үл хөдлөх хөрөнгийн агентынх нь тодорхойлсон гоёмсог интерьер дизайныг Парис дахь тансаг зэрэглэлийн Hôtel Costes зочид буудлаас санаа авсан бөгөөд цагаан тугалган тааз, алтан багана, кобра хэлбэртэй могойн арьсан сандал, болор орган зэмсгийн хоолой шиг хэлбэртэй чийдэнгийн бүрхүүл зэрэг багтжээ. Түүний алтадсан мастер угаалгын өрөө нь толин тусгалтай таазтай, дээр нь том долларын тэмдэг өлгөөтэй, гялалзсан алтаар бүрсэн ваннтай. Энэхүү Нью-Йоркийн үдэшлэгийн харшийг худалдаж авахаас хэдхэн сарын өмнө биткойн 50 мянган ам.доллараас дээш арилжаалагдаж байх үед тэр Холливуд Хиллс дэх өөр нэг байшинг худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ. 28.5 сая ам.долларын өртөгтэй, 12 мянган метр квадрат талбай бүхий энэ харш нь сэтгэл хөдөлгөм далай, Лос-Анжелесийн тэнгэрийн үзэмж, дотоод цөөрөм, хязгааргүй усан сан, долоон унтлагын өрөө, арван машин багтах зогсоолтой аж.
Карлсон-Вигийн амжилтын нууц нь ердөө л эртэч байх ажээ. 19 настай байхдаа буюу 2013 онд “Coinbase”-д хэсэг хугацаанд ажиллахдаа “Ethereum”- ийг үндэслэгч Виталик Бутеринтэй танилцжээ. Энэ үе нь Бутерин “ухаалаг гэрээ” гэх зүйлд суурилсан олон үйлдэлт тооцооллын платформыг бий болгосноор биткойноос давж гарсан блокчэйн төслийн төлөвлөгөөгөө бичихээс өмнөхөн юм. Эдгээр гэрээ нь ердийн хууль эрх зүйн статусгүй боловч хуулийн нөхцөлийг компьютер сохроор хэрэгжүүлдэг тул нэг их өөрчлөгддөггүй. Ухаалаг гэрээгүйгээр ICO эсвэл NFT байж болохгүй.
Карлсон-Ви 2018 онд Берлинд болсон Вэб 3.0 хурлын үеэр “Nym” хэмээх хувийн нууцлалын супер протоколыг хамтран бүтээгч, Массачусетсийн Технологийн Институтын судлаач эрдэмтэн Харри Халпинтай танилцжээ. Уламжлалт венчур капиталууд Халпиныг дэмжих сонирхолгүй байсан нь түүний бухимдлыг төрүүлдэг байв. “Сайхан хувцасласан залуу над руу ойртож ирээд “Polychain”-ийнхэн бид хорлон сүйтгэх технологийг санхүүжүүлэх сонирхолтой байна гэж хэлсэн” хэмээн Халпин өгүүлэв. Тус стартап Чилси Маннинг ажилд авахын өмнөхөн буюу долдугаар сард “Polychain” 6.5 сая ам.долларын санхүүжилтийг удирдсан.
“Би хэн нэгний итгэл хүлээлгэсэн анхны хүн нь байх дуртай. Бидний зорилго бол хүний зохион байгуулалт, зан үйлийн шинэ хэлбэрийг бий болгох шинэ технологид хөрөнгө оруулах” хэмээн шинэ жилийнхээ амралтыг Сент-Бартст дахь түрээсийн байшинд найзуудын хамтаар өнгөрөөж байгаад ирсэн Карлсон-Ви хэлэв.
“Polychain”-ийн өнөөг хүртэл хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт бол төвлөрсөн бус санхүү гэх үгийн товчлол DeFi буюу блокчэйнд суурилсан үйлчлүүлэгч-үйлчилгээ үзүүлэгч аппликэйшнүүдийг дэмжсэн явдал юм. DeFi нь банк, бирж зэрэг уламжлалт санхүүгийн байгууллагаас илүү хямд, хувийн, аюулгүй, хүртээмжтэй хувилбар болно гэж тэд амлаж байна. Карлсон- Ви DeFi-ийн хамгийн том ялагч болох “Uniswap” бирж, зээлдүүлэгчийн нэгдэл, зээлдүүлэгч, тогтвортой койн бүтээгч “MakerDAO” болон DeFi солилцооны агрегатор “dYdX”-ийн анхны хөрөнгө оруулагч байсан. Блокчэйнээр арилжаалагддаг DeFi токенууд гайхалтай ашигтай болсон. Нийт зах зээлийн хэмжээ 2020 оны нэгдүгээр сард 10 тэрбум ам.доллар байсан бол одоо 78 тэрбум ам.доллар хүрчээ.
Карлсон-Ви тэргүүтэй крипто идеалистуудын үзэж буйгаар DeFi бол санхүүгийн ирээдүй бөгөөд санхүүгийн талбарыг тогтвортой түвшинд байлгах төгс арга юм. Олон зууны турш Флоренцын Медиксээс эхлээд “JPMorgan”-ын Жэйми Даймон гэх мэт зуучлагч банкирууд асар их эрх мэдэл эзэмшиж, хөрөнгө хуримтлуулсан. Харин DeFi нь тэдгээрийг арилгах зорилготой.
Блокчэйнд суурилсан программ хангамж дээр төлбөр, хадгаламж, арилжаа, зээл олгох гэх мэт DeFi-ийн бүх функцийг гүйцэтгэдэг. Өөрчлөлтийг токен эзэмшигчийн саналаар хийдэг. Төвлөрсөн хяналт гэж байхгүй.
Карлсон-Вигийн амжилт нь түүний хамгийн ирээдүйтэй DeFi гарааны бизнесийг олох чадвараас гадна “Polychain”-ийн тэдэнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзэлтэй байгаатай холбоотой. Төвлөрлийг сааруулж, ардчилсан болгох нь DeFi- ийн хамгийн тохиромжтой хувилбар байж болох ч Карлсон-Ви “Polychain”- ийн ашигт нөлөөлөх шийдвэр гаргахад маш их үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр түншүүдийнхээ ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихын тулд компанийнхаа саналын эрх мэдлийг ашиглахаас эмээдэггүй.
“Би үнэхээр прагматик хүн. Криптог баялгийн тэгш бус байдал, төвлөрлийг шийддэг гэж бодохгүй байгаа ч цасан бөмбөлгийг бол донсолгож байгаа шүү” гэж тэр хүлээн зөвшөөрөв.
Олаф 2011 онд Нью- Йоркийн хойд хэсэгт орших Вассар коллежид гуравдугаар курсээ төгссөн зундаа крипто аяллаа эхлүүлсэн. Дүрд хувирах видео тоглоомын шүтэн бишрэгч тэрбээр Торгоны зам дахь хар тамхины далд зах зээлийг биткойн хэмээх виртуал мөнгөн тэмдэгтээр хэрхэн идэвхжүүлсэн тухай уншиж байжээ. Түүний шинэ технологид тэмүүлэх хүсэл нь бараг бүх амьдралынхаа туршид цуглуулсан 700 ам.доллараа тэр үед 2-16 ам.долларын үнэтэй биткойнд хөрөнгө оруулахад нөлөөлсөн бөгөөд төгсөх курсийнхээ социологийн дипломын ажлаа өсөн нэмэгдэж буй криптовалютын талаар бичжээ.
2012 онд сургуулиа төгсөөд, Вашингтон дахь нэгэн сууринд хэдэн сар мод бэлтгэгчээр ажилласны дараа тэр дипломын ажлаа шинээр гарч ирж буй крипто бирж болох “Coinbase”-ийг үүсгэн байгуулагч Брайан Армстронг, Фред Эрсам нарт имэйлээр илгээсэн байна. Тэд түүнийг анхны ажилтнаараа авч, харилцагчийн үйлчилгээг хариуцуулжээ. Карлсон-Ви 50 мянган ам.долларын цалингаа бүхэлд нь биткойноор төлөхийг шаардсан аж.
Түүнд код бичих туршлага бага байсан ч “Coinbase”-ийн үйлчлүүлэгчдэд үзүүлэх тогтмол хариултыг автоматжуулахад тусалсан бөгөөд улмаар эрсдэлийг хариуцсан ажилтан болж “Coinbase”- ийн залилангийн түвшинг 75 хувиар бууруулж чаджээ.
Карлсон-Ви крипто карьерынхаа эхэн үеэс л ирээдүйн талаар хүчтэй төсөөлөлтэй бизнес эрхлэгчид илүү санхүүжилт олж, ашиг хүртэж буйг ойлгож авчээ.
“Coinbase”-ийн бүтэц нь төвлөрсөн кастодиан (харилцагчийн үнэт цаасыг хулгайлах, алдах эрсдэлийг бууруулах зорилгоор цахим болон биет хэлбэрээр хадгалдаг санхүүгийн байгууллага)- тай төстэй байсан. Энэ нь тухайн үед криптотой маш их зөрчилддөг байлаа.
Банкны төлбөр хүлээн авахад мөрдөгдөх залилангийн эсрэг үүрэг, хариуцлагын шаардлагатай нийцэхэд бэрхшээл үүсгэж байлаа. Өмнө нь хэн ч ийм зүйл хийж байгаагүй зүйл байсан” гэж тэр тайлбарлав.
“Coinbase” өргөжин тэлж, олонд танигдахын хэрээр зохицуулалтын шаардлагад илүү анхаарал хандуулахаас өөр аргагүй болов. Энэ нь Карлсон- Вигийн хамгийн их боломжийг олж харсан технологийн хөгжлийн хамгийн тэргүүн эгнээнээс хол болж эхэлсэн юм. Түүнд Бутериний шинэ “Ethereum” блокчэйн их таалагдсан бөгөөд биткойноос ялгаатай нь онолын хувьд бараг бүх төрлийн дижитал платформыг ажиллуулж, “Uber”, “Facebook”, “Google”, “Dropbox”-ын төвлөрсөн бус хувилбаруудыг гаргах боломжтой болгосон.
“Coinbase”-ийн хуучин хамтрагч, “Bakkt”-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй Адам Уайт “Coinbase” шилдэг сургуулиудаас олон арван программ хангамжийн инженерийг авч ажиллуулснаар Карлсон-Ви тэдний хувьд “Үйл ажиллагаа хариуцсан залуу” л болсон гэж боддог аж.
2014 онд нэгэн үдэшлэгийн үеэр Карлсон-Вид биткойн хэзээ ч 300 ам.долларааас бага дүнтэй арилжаалагдахгүй гэж Уайтад хэлж байсныг дурсан “Олаф бол зүгээр л шаргуу ажиллаж, [хэрэглэгчийн] үйлчилгээний ажил хийж суух хүн биш гэдгийг би ойлгож эхэлсэн” гэв. 2016 онд Карлсон-Ви Армстронг, Эрсам нарт крипто эрсдэлээс хамгаалах сан байгуулахаар ажлаасаа гарч буйгаа хэлжээ. “Би Coinbase надтай, надгүй замаа олох болно гэдгийг ойлгосон. Ямар нэг зүйлийг үүсгэн байгуулснаар би сансандаа хүрэх мэдрэмжийг мэдэрч чадах юм шиг санагдсан” хэмээн өгүүлэв.
Тэр санасандаа ч хүрч , одоогийн DeFi-ийн тэсрэлтийг хийж чадсан. Хөрөнгө босгох үүднээс авч үзвэл DeFi нь ICO-ын залгамжлагч нь юм. 2016, 2017 оны ICO-уудын дийлэнх нь барагтай хэрэггүй дижитал IPO-ууд байсан бөгөөд биржийн дамчид олон зуун эргэлзээтэй төсөлд хөрөнгө оруулахын тулд ether токеныг арилжаалдаг байв. Ихэнх нь хамгийн муу хувьцаанаас ч долоон дор байсан. Чиглэл нь тодорхойгүйн дээр хөрөнгө оруулагчид бодит өмч хөрөнгө, санал өгөх эрхгүй байсан. Хэдэн тэрбумаар нь үрэн таран хийсэн.
Эдгээр “Ethereum”-д суурилсан платформд хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөө ихэвчлэн ether эсвэл “USD Coin” гэх мэт тогтвортой койн хэлбэрээр хэрэглэгч хооронд зээлж байгаа тул DeFi нь сайжруулалт гэж тооцогддог. Дүрэм нь “Ethereum” блокчэйнд суулгасан ухаалаг гэрээнд тусгагдсан. DeFi хөрөнгө оруулагчид криптог зээлдүүлснээр өгөөжийн аж ахуй буюу оролцоогүй орлогын хэлбэрээр дамжуулан их хэмжээний мөнгө олох боломжтой.
Энэ нь ямар байдлаар ажилладаг вэ гэвэл танд 10 мянган ам.долларын ether байна гэж бодъё. Үүнийг ямар ч орлого ололгүй “Coinbase” дээрх дижитал хэтэвчиндээ үлдээж байснаас “Compound” гэх мэт DeFi платформд байршуулж, өөр хэн нэгэнд тодорхой хугацаагаар зээлэх боломжтой. Үүний хариуд та жилийн 30 хувь хүртэлх өндөр ашиг олох болно. Ингээд ч зогсохгүй та сүлжээг удирдахад санал өгөх, үг хэлэх эрхтэй болох бөгөөд тус платформын анхны хөрөнгө буюу “Compound”-ын өөрийн токенууд болох COMP-аар шагнагдах болно. COMP токенууд мөн адил идэвхтэй арилжаалагддаг. 2020 оны зургаадугаар сараас 2021 оны дунд үе хүртэлх хугацаанд тэдний үнэ тус бүр нь ойролцоогоор 65-аас 800 гаруй ам.доллар болж өссөн байна. Саяхны крипто уналтын дараа ч гэсэн тэд гарсан цагаасаа хойш 90 орчим хувиар өссөн юм.
2018 онд “Compound”-д хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж улмаар 22 сая ам.долларын үнэлгээтэй болгосон Карлсон-Ви “Одоо нэгнийхээ нэрийг ч мэдэхгүй хоёр хүн хоорондоо сая сая ам.долларын зээл олгох гэрээ байгуулж болно” гэж нэмж хэлэв. 2020 оны зургаадугаар сард “Compound” токеноо гаргасан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 2021 онд дөрвөн тэрбум ам.доллар болтлоо өсөж байсан бол одоогоор 800 сая ам.долларт хүрч байна.
“Эдгээр зээл нь хүн, компьютерын хооронд эсвэл корпорац, компьютерын хооронд гэсэн хэлбэртэй байж болно. Хууль ёсны гэрээ эсвэл тухайн хүнийг батлах баталгаа гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ л та ухаалаг гэрээний ачаар эдгээр хүний хооронд хэдэн тэрбум ам.долларыг шилжүүлж болно” гэж Карлсон-Ви хэлэв. Бодит байдал ямар ч байлаа гэсэн DeFi бол биржийн дамчдын хувьд диваажин л гэсэн үг. “Compound” дээрх ether- ээ зээлдүүлснийй тань төлөө олгосон COMP токеныг “Uniswap” (мөн Polychain холдинг) гэх мэт төвлөрсөн бус биржид байршуулж хүү болон нэмэлт үнэгүй токен авах боломжтой. “Uniswap” дээр та UNI цуглуулдаг. Тэгвэл та тэрхүү UNI-ээ “SushiSwap” дээр байршуулж, SUSHI авах боломжтой гэх мэтээр үргэлжилсээр байх болно.
“Uniswap”, “SushiSwap” гэх мэт DeFi платформууд сүүлийн 12 сарын хугацаанд сард дунджаар 50 тэрбум гаруй ам.долларын гүйлгээ хийсэн боловч энэ дүн ихэвчлэн банкуудын санхүүжүүлдэг компани өргөжүүлэх, орон сууц худалдан авах зэрэгт зарцуулагдсан эсэхийг нотлох нотолгоо бага байна.
Бүх зүйл үргэлж амар байна гэж байхгүй. “Chainalysis”-ын тооцоолсноор 2021 онд хулгайлагдсан 3.2 тэрбум ам.долларын крипто хөрөнгийн 72 хувь нь DeFi сайтуудаас байжээ. 2020 оны эхээр гарсан цар тахал зах зээлийг уналтад оруулахад “Polychain”-ын дэмжлэгтэй DeFi платформ болох “MakerDAO” ether-ийн үнэ 55 хувиар буурсантай холбоотой программ хангамж нь 1200 барьцаа хөрөнгөө алдсанаар найман сая ам.долларын алдагдал хүлээв. “MakerDAO” ажиллуулдаг сан системээ яаралтай хаах гэж ч үзсэн ч ether хэдхэн сарын дотор 80 хувь сэргэсэн тул платформ хаагдах эрсдэлийг тодорхой хэмжээнд аварсан гэж болно. Одоо бүр ч том эрсдэл хүлээж байна. 2020 оны гуравдугаар сард DeFi платформ дээр “түгжигдсэн” дижитал хөрөнгийн нийт үнэ 10 тэрбум ам.доллар байсан. Өнөөдрийн байдлаар криптогийн үнэ огцом буурсан ч эрсдэлийн хэмжээ ойролцоогоор 80 тэрбум ам.долларт хүрч байна. Массачусетсийн сенатор Элизабет Уоррен зэрэг хүчирхэг өрсөлдөгчид DeFi-г “Крипто ертөнцийн хамгийн аюултай хэсэг” хэмээн нэрлэсэнд гайхах зүйл алга.
Хэрэв төвлөрсөн бус санхүүгийн шинэ ертөнц нь ардчилал юм бол Олаф Карлсон-Ви “Tammany Hall” (Нью Йорк хотын улс төрийн байгууллага)-ын босс л гэсэн үг.
“Compound”, “Uniswap”, “MakerDAO” зэрэг томоохон платформд ихээхэн хэмжээний хувьцаа эзэмшдэг “Polychain”- ийн шинжээчид өөрсдийн “tekenomics” гэгддэг бүтцийг бий болгохоос гадна хөрөнгө оруулагчдыг татах урамшууллын механизмыг боловсруулахад идэвхтэй оролцож буй.
Жишээлбэл, “Polychain” бол “Compound”-ын засаглалд “Andreessen Horowitz”-ын дараа ордог хоёр дахь хүчирхэг санал өгөх бүлэг юм. “Andreessen” 321 мянган саналыг удирддаг бол тэд 2.8 сая саналаас 11 хувь буюу 306 мянган саналын эрхтэй. Зээлийн барьцааны хязгаарлалтыг бууруулах зэрэг чухал санал хураалтад ердөө 400 мянган санал шаардлагатай тул тэд зөвшөөрч л байвал венчур фирмүүд ямар ч саналд хялбархан нөлөөлж чадна. Үнэн хэрэгтээ “Polychain” хөшигний ард олон төвлөрсөн бус платформуудыг удирддаг “Paradigm”, “Bain Capital Ventures”, “Pantera” зэрэг хэд хэдэн том хедж сан, венчур капиталын нэг юм.
Энгийн хувьцааны санал хураалтаас ялгаатай нь токен эзэмшигчдэд санал хураалтын талаар мэдэгдэх шаардлагагүй бөгөөд “Coinbase” зэрэг бирж дээр DeFi токеноо хадгалдаг хүмүүст санал өгөхийг зөвшөөрөх механизм ч байдаггүй.
Үүсгэн байгуулагч баг зөвшөөрөөгүй л бол “Uniswap”, “Aave” эсвэл “Compound” дээр шийдвэр гаргахгүй” хэмээн хувийн санхүүгийн зөвлөгөө үзүүлэгч робот зөвлөгч “Yearn. Finance”-ын үүсгэн байгуулагч Андре Кронже хэлэв. Карлсон-Ви өөрийн багийг бүх томоохон санал дээр үүсгэн байгуулагчидтай хамтран ажилладаг гэдгийг илэн далангүй хүлээн зөвшөөрдөг юм. “Төвлөрлийг сааруулах тухай хэлэлцүүлэг өрнөж байгаа хэдий ч албан ёсоор яригдахгүй л бол зөвшөөрөл авахгүй.” хэмээн Кронже нэмж дурдав.
Карлсон-Ви DeFi-ийн талаарх зөрчилд нэг их анхаарал хандуулахгүй байхыг хичээдэг. Тэрбээр “Би төвлөрсөн бус санхүүг эцсийн зорилго эсвэл хэрэглэгчдийн хүсэж буй функц гэж хэзээ ч харж байсангүй. Аюулгүй байдлын баталгаа бол хүмүүсийн хүсэж буй зүйл. Тэрхүү хүслийг олж авах хамгийн сайн арга” гэв. Тэр одоогоор 750 сая ам.долларын шинэ хөрөнгөө хаана байршуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. “Polychain” эхэн үеийн гарааны бизнест хөрөнгө оруулах сэдэвчилсэн арга барилыг ашигладаг бөгөөд үүнийг залуу бизнес эрхлэгч маань “Union Square Ventures”-ын Фред Вилсоноос сурсан гэжээ.
DeFi бол хурдацтай хөгжиж буй крипто ертөнц дэх өчигдрийн хөөсрөл юм. NFT болон метаверс нь Карлсон-Вигийн хүсэж буй хөөсрөлийн дараагийн давлагаа гэж хэлж болно. “Интернэтийн үеийнхэнд аватар, профайл зураг нь хувцас, автомашинаас илүү чухал болчихсон. Бид дижитал амьдралын хэв маяг руу шилжсэнээр NFT-ууд бидний эд өв болж, эцэст нь интернэтэд бүрэн суурилсан метаверс болж хувирч байна шүү дээ. Токены үнэ нэмэгдсэнээр хэмжээ нь өргөждөг тоглоомын ертөнц байна гээд төсөөлөөд үз дээ” гэхэд түүний цэнхэр нүдэнд нь оч гялалзах шиг болж байв.