Удаан үргэлжилсэн цар тахал, орон сууцны үнийн хэт өсөлтийн асуудалтай тулгарсан БНСУ-д өнгөрсөн жил суурин газраас газар тариалангийн тосгон руу нүүсэн гэр бүлүүдийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
2021 онд нийт 377,744 өрх орон нутаг руу шилжсэн нь өмнөх жилийнхээс 5.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болохыг БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн яамнаас пүрэв гарагт гаргасан тайландаа дурджээ. Энэ нь 2013 онд засгийн газраас шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших хамгийн өндөр тоо аж.
Харин орон нутагт шилжин суурьшсан иргэдийн тоо өмнөх жилийнхээс 4.2 хувиар өсөж, 515,434 болсон байна. Тэдгээрийн дунд 30 болон түүнээс доош насны иргэдийн тоо 5 хувиар, 60 болон түүнээс дээш насны иргэдийн тоо 16.4 хувиар нэмэгджээ.
Цар тахлаас шалтгаалж шинэ ажлын байр хайж буй хүний тоо, орон сууцны үнийн өсөлтөөс шалтгаалж хямд орон сууц хайж буй гэр бүлийн тоо эрс нэмэгдсэн хэмээн тус яамнаас онцолсон байна.
“Газар тариалангийн тосгодын талаарх хэвшмэл ойлголт өөрчлөгдсөн, түүнчлэн тэндхийн суурьшлыг дэмжих засгийн газрын хөтөлбөр хэрэгжсэн нь залуу иргэдийг ийм шийдвэр гаргахад түлхэц болсон бололтой. Харин 60-аас дээш насны иргэд тэтгэвэрт гарсныхаа дараа хөдөөгийн амьдралыг сонгох нь элбэг байгаа” хэмээн нэмж дурджээ.