Хэвлэл мэдээлэл, медиа орчинд хатуу хараа хяналт тавьдгаараа алдартай БНХАУ удахгүй цахим хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэл бүрийг сошиал платформ дээр нийтлэгдэхээс нь өмнө хянадаг болж магадгүй аж.
Баасан гарагт Хятадын цахим орон зайн удирдах газраас контент платформуудад чиглэсэн шинэ дүрмийн төслийг вэб хуудас дээрээ нийтэлжээ. Тодруулбал бүх цахим сэтгэгдлүүдийг нийтлэгдэхээс нь өмнө хянаж, “хууль бус болон буруу мэдээлэл” бүхий сэтгэгдэл байвал тэр даруй холбогдох газар руу шилжүүлэхийг зааварласан байна.
Шинэ дүрэм нь “үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах” зорилготойг мөн өгүүлээд, долоодугаар сарын нэгнээс эхлэн энэ дүрэм дээр олон нийтээс санал хүсэлт авч эхлэхийг нэмж дурджээ.
Уг дүрэм хараахан хэрэгжиж эхлээгүй ч Хятадын сошиал хэрэглэгчид үг хэлэх эрх чөлөөнийх нь цахим орон зай улам агшиж байгаад болгоомжилсон сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Хятадын Твиттер гэгддэг Weibo платформ дээр “сэтгэгдлийг эхэлж хянаад дараа нь нийтэлнэ” гэсэн хаштаг 35.2 сая хандалт авсан байна.
South China Morning Post-ийн бичсэнээр Хятадад аливаа дүрмийн төслийн ихэнх нь томоохон засвар өөрчлөлтгүйгээр шууд батлагддаг аж.