“Tesla” компанийн АНУ-ын Техас муж болон Герман улсад ашиглалтад оруулсан шинэ үйлдвэрүүд яваандаа цахилгаан машины үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлэх ч одоогийн байдлаар асар их мөнгийг үр ашиггүй зарлагадаж байгааг компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өгүүлжээ.
Тэрбумтан өнгөрөгч тавдугаар сарын 31-нд Остин хот дахь үйлдвэртээ Цахиурын хөндийн “Tesla” машин эзэмшигчдийн бүлгэмийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа доорх үгийг хэлсэн нь лхагва гарагт Твиттер дээр нийтлэгдсэн аж.
“Берлин, Остины үйлдвэрүүд одоогоор хоёулаа мөнгө шатаадаг аварга зуух шиг л ажиллаж байна. Дэндүү их зардалтай ч үйлдвэрийн гарц бараг байхгүй учир олон тэрбумын алдагдал хүлээж байгаа” хэмээн Илон Маск дурдсан байна.
Шанхайн үйлдвэр дэх саатал, өргөн хүрээг хамарсан ажилчдын цомхотгол, хувьцааны тогтворгүй ханш зэрэг таагүй үйл явдлаар дүүрэн улирлыг “Tesla” компани үдээд буй.
Гуравдугаар сард нээгдсэн Берлиний үйлдвэр нь гарааны үе шатандаа гэж үзвэл харьцангуй сайн ажиллаж байгаа ч хүлээлтэд хүрэх тооны машин үйлдвэрлэж чадахгүй байгааг Маск онцолжээ. Харин дөрөвдүгээр сард нээгдсэн Остин хотын үйлдвэрт “Tesla”-ийн шинээр гаргасан 4680 загварын батарейг олон тоогоор үйлдвэрлэхэд тооцоолсноос удаан хугацаа шаардагдаж байгаа аж.