Роб Кацын босгосон Vail Resorts компани тэнгэрт тулсан үнэтэй боловч татгалзахын аргагүй санал цанын хорхойтнуудад тавин ашгаа өсгөж байна.
Швейцарь өнгө төрхийг шингээсэн Вейл хэмээх тосгонд байрлах Eagle’s Nest нэртэй тансаг зэрэглэлийн зоогийн газарт суугаа Роберт Кац аглаг уулын оройд бясалгаж буй ламыг санагдуулна. Vail Resorts-ын гүйцэтгэх захирлын албан тушаалаа өнгөрсөн жил хүлээлгэн өгсөн, өдгөө 55 настай тэрбээр “Хэрэв та казино ажиллуулдаг бол донтсон, үнэнч мөрийтэй тоглогч тэргүүтэй үйлчлүүлэгчид танд бий. Харин бидэнд донтсон, үнэнч цаначид байдаг” хэмээн ярив.
Лас Вегас, Макао зэрэг хотод байрлах амралтын газруудын адилаар Vail Resorts-ийнхон зочдынхоо мэдээллийг их хэмжээгээр цуглуулж, зогсоо зайгүй тандаж байдаг. Тухайлбал, цанаар гулгагчдын биедээ авч явдаг лифтний картад радио чип суулгасан байдаг бөгөөд цаначид аль замаар гулгаж буйг болон хэнтэй лифтэнд сууж буйг ч бүртгэх аж. Тэр бүү хэл ирэх жилийн цанын улирлаар хийх зүйлээ төлөвлөн гэртээ суугаа хүмүүст зориулж тэдэнд тохирсон сурталчилгааг кабелийн телевизээр нь цацна.
Төлбөр нь 275,000 ам.доллараас эхэлдэг Vail Mountain Club болон Eagle’s Nest зэрэг тансаг зэрэглэлийн байгууламжууд нь компанид төдийлэн ашиг авчрахгүй ч казинод байдаг өндөр зэрэглэлийн ресторан болон тусгай үйлчлүүлэгчдийн клубийн адилаар үнэнч үйлчлүүлэгчдээ хадгалах, урамшуулах хүчин зүйл болдог аж.
Кацыг гүйцэтгэх захирал болсноос хойш Vail Resorts компани Park City, Whistler Blackcomb зэрэг хэд хэдэн онцгой цанын баазыг өөртөө нэгтгэсэн юм. Харин тэдний дараагийн бай бол АНУ-ын зүүн эрэг болон Япон улс.
Нэгэн цагт хаалттай хувьцааны компанид удирдах албан тушаал хашиж байсан Кац Vail компанид аз туршсан, өндөр дүнтэй хэд хэдэн шийдвэр гаргаж байсны дотор тус амралтын газрыг Хойд Америкийн цанын хамгийн том бааз болгож чадсанаараа олонд илүү танигджээ. 2006 онд Кац компанийг удирдаж эхлэхээс арван жилийн өмнө Vail компанийнхан Колорадо мужийн Keystone, Breckenridge амралтын газруудыг эзэмшилдээ нэгтгэчихсэн байв. Харин Кац гүйцэтгэх захирал болсноос хойш Юта мужийн Park City Mountain Resort гэх мэт нэр хүндтэй нэлээд хэдэн газрыг худалдан авчээ. 2010 оны Өвлийн олимпыг зохион байгуулсан Ванкувер хотын томоохон цанын баазуудын нэг Whistler Blackcomp-ийг 2016 оны наймдугаар сард Vail Resorts компани бэлэн мөнгө болон хувьцаа оролцуулан нийт 1.1 тэрбум ам.доллараар худалдан авсан нь одоогийн байдлаар Кацын хийсэн хамгийн том худалдан авалтаар тооцогдож байна.
Кац казиногийн бас нэгэн сонгодог тактик ашигласан нь үйлчлүүлэгч татахын тулд тус компанийн аль ч салбарт үйлчлүүлж болох улирлын тасалбар байв. Vail-ийн амралтын газраар үйлчлүүлэх энгийн тасалбар нэг хоногийн 175 ам.долларын үнэтэй. Энэ бол тун өндөр ханш. Харин Кацын нэвтрүүлсэн 849 ам.долларын Epic Pass тасалбар нь тус компанийн Хойд Америк дахь 13, Австрали дахь нэг болон Европ дахь 31 цанын баазаар дөрөв хүртэлх хоногийн турш үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж буй юм.
Хүйтний улиралд таваас дээш хоногийг цаст уулын энгэрт өнгөрүүлэхээр төлөвлөж буй цаначдад энэ нь олдошгүй завшаан юм. Vail-ийн хувьд ч ашигтай. Учир нь цасны улиралд хур тунадас бага байвал үүдэн гарах эрсдэл нь төлбөрөө урьдчилан төлсөн үйлчлүүлэгчдэд шилжиж, уулын энгэр дэх амралтын байр, дэлгүүрүүд 15 ам.доллараар аяга чили, 1,000 ам.долларын парка куртик үйлчлүүлэгчдэд худалдах боломжтой болно.
Кац цана болон цанатай холбоотой амралтын газар, худалдаа үйлчилгээгээр дагнаснаар Vail-ийг 35 хувийн хөрөнгө оруулалтын өгөөжтэй, санхүүгийн хямралын ид үеэс найм дахин өндөр буюу 9 тэрбум ам.долларын үнэлгээтэй, сүүлийн таван жилд хамгийн сайн үзүүлэлттэй хувьцаа бүхий компаниудын нэг болгож чаджээ. Хойд Америкт 2006-2007 онд буюу цанын нэг улиралд 60 сая хүн цанын баазаар зочилдог байсан бөгөөд энэ тоо 30 жилийн турш өөрчлөгдөөгүй аж. Цар тахлаас болж салбарын үзүүлэлт нь буурсан үед ч Vail-ийн үйл ажиллагаа ийм сайн байгаа нь гайхаш төрүүлж буй юм.
Цанын бааз, амралт зугаалгын салбараас “мөнгө хийх” нууц нь цанаар гулгах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх бус, харин байгаа үйлчлүүлэгчдээрээ илүү их мөнгө зарцуулуулахад оршино гэдгийг Кац ухаарсан юм. 1991 онд 24 настай Apollo Management-ийн залуухан гүйцэтгэх албан тушаалтан Кац 1980-аад оны конгломерат Gillett Holding-оос худалдан авсан, тухайн үед нэг тэрбум ам.долларын өр төлбөрт унаж, үйл ажиллагааны доголдолд орчихсон байсан боловч хамгийн үнэ цэнэтэй, ирээдүйтэй хөрөнгө болох Vail-ийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт тавихаар томилогдон очихдоо үүнийг ойлгосон юм.
Кац Нью-Йорк хот руу буцсан ч Vail-ийн Захирлуудын зөвлөлд хэвээр үлджээ. 1996 онд 189 сая ам.долларын орлоготой ажиллаж байсан Vail-ийг Apollo-ийнхан 1997 онд нээлттэй хувьцаат компани болгон өргөжүүлж, 2005 он гэхэд 809 гаруй сая ам.долларын орлоготой компани болгов (Apollo хамгийн сүүлчийн хувьцаагаа 2004 онд хөрөнгө оруулагчдад хуваасан юм). Vail Apollo-гийн эзэмшилд очсоноос хойш тасалбарын үнэ тогтмол өсөж, 1997 онд 52 ам.долларын үнэтэй байсан бол 2000 оны дунд үе гэхэд 75, харин 2011 он гэхэд 100 ам.долларын босгыг давжээ. Vail-ийнхэн үйлчлүүлэгчдийн халааснаас хэдий хэмжээний мөнгө “сэгсэрч” чаддагийн гол хэмжүүр болох хүү, татвар, элэгдэл хорогдлын шимтгэл зэргийг суутгаагүй орлогын хэмжээ нь 1993 онд 25 сая ам.доллар байсан бол 2005 оны байдлаар 182 сая ам.долларт хүрсэн юм. 2016 оны долдугаар сараар дуусгавар болсон 12 сарын хугацаанд Vail компанийн борлуулалтын орлого 1.4 тэрбум ам.доллар болж, харин ашиг нь 150 сая ам.долларт хүрсэн нь 2011 оны үзүүлэлтээс 34 сая ам.доллар, Кацыг гүйцэтгэх захирлын албанд томилогдохоос өмнө буюу 2005 оныхоос 23.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.
Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Кац эхнэр Елана Амстердам болон хоёр хүүгээ дагуулан Нью-Йоркийг орхихоор шийджээ. Тухайн үед Нью-Йорк хотод дахин боловсруулах бизнес эхлүүлж байсан түүний эхнэр өдгөө цавуулаг агуулаагүй, эрүүл хооллолтын вебсайт Elana’s Pantry-аараа олонд танил болсон билээ. Тэд улсынхаа бүх л хотыг судалж үзсэний эцэст Колорадо мужийн Боулдерыг сонгов.
Анх Нью-Йорк, Вермонтын цаст уулнаа гулгаж сурч байсан цанын хорхойтон Кац Apollo-д зөвлөхийн алба хашсан хэвээр байсан бөгөөд Vail-ийг удирдах санаа байсангүй. Харин тэтгэвэртээ гарч буй гүйцэтгэх захирал Адам Аароныг орлох эрхмийг хайж байсан Удирдлагын зөвлөл Кацад ажлын санал тавьжээ. Кац ч зөвшөөрч тэр даруй уулын бэл дэх хуучинсаг тосгонд оршиж байсан Vail-ийн төв оффисыг 160 гаруй километрийн зайтайБрүмфилд дэх Денвер хотын зах руу нүүлгэсэн нь нутгийн оршин суугчдын бухимдлыг төрүүлж байв.
Энэ цагаас хойш Кац тасалбарын үнийг өсгөж (Vail-ийн ердийн үнэ болон улирлын тасалбарын үнэ сүүлийн хэдэн жилийн турш инфляцаас хоёр дахин хурдтай өссөн), олны таашаалд нийцсэн цанын баазуудыг худалдан авах зэргээр цаначин олны унтууцлыг төрүүлж байна. Түүнээс гадна Кац Миннеаполис, Детройт, Чикаго хотын ойролцоох цанын бааз, мөн Австрали улсын Мельбурн, Сидней хотын хооронд сүндэрлэх уулсын дунд орших Шинэ Өмнөд Уэльсийн Perisher Ski Resort зэрэг хэний ч санаанд оромгүй, хаа хол байрлалтай, жижигхэн баазуудыг худалдан авч байв. Эдгээр баазын тусламжтайгаар мянга мянган австрали цаначид зуныхаа амралтаар АНУ, Канадад очиж гулгах боломжтой болсон юм. Энэ маягаар бааз бүхэн цаначдыг Epic Pass системд төвлөрүүлэх үүрэг хүлээж буй.
“Бид уулын оройг бус өөрсдийгөө даван дийлэх хэрэгтэй.” — ЭДМУНД ХИЛЛАРИ
Энэ олон худалдан авалтаас Park City-ийн худалдан авалтыг онцлоё. Park City болон Snowbird-ийг удаан хугацааны турш эзэмшиж байсан Куммингийн гэр бүл жилийн 150,000 ам.долларын төлбөртэй лизингээ санаандгүй төлөөгүйн улмаас уулын орой дахь эзэмшлээ алдсанаар Кац тэдний хувьд дайсан мэт харагдах болов. Уулын бэл хэсэг, цанын лифт эзэмшиж үлдсэн Куммингийн гэр бүл лифтээ буулгаж, Vail-ийнхэнд ямар ч хэрэггүй уулын орой үлдээхээ ам гарч байсан удаатай. Тэдний хоосон сүрдүүлгийг олж харсан Кац эцэстээ 2014 онд уг эзэмшлийг 183 сая ам.доллараар худалдан авч, хөрш зэргэлдээ The Canyons баазтай ч мөн адил урт хугацааны түрээсийн гэрээ байгуулжээ.
Гэвч Vail-д тулгарах асуудал, ялангуяа ажиллах хүчтэй холбоотой асуудал мундахгүй гарсаар байна. Компанийн нийт 30,000 ажилчдын 20 хүрэхгүй хувь нь бүтэн цагаар ажилладаг бөгөөд лифтний үнэ, цанын сургалтын төлбөр нүдэн дээр нь өсөж байхад цалин нь хэвээрээ байгаад цанын багш гэх мэт ажилчид бухимдах болов. Vail-ийн ашиг орлогын гол эх үүсвэр болсон цанын сургуулийн бүтэн өдрийн ганцаарчилсан сургалтын төлбөр 900 ам.доллараас эхэлдэг байхад багш нарынх нь цалин цагийн 20 ам.доллараас үл хэтрэх аж. 2015 онд Vail-ийн эзэмшилд байдаг Beaver Creek баазын бүтэн цагаар алба хашдаг 270 багш Америкийн харилцаа холбооны ажилчдын холбоо (Communications Workers of America) нэртэй үйлдвэрчний эвлэлд нэгдэхээр завдсан боловч Vail хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан зөвлөлийг ятгаж, хагас цагаар ажилладаг 500 ажилтанг эвлэлд оролцуулах болсноор өргөдлөө буцаан авчээ.
“Мега корпорациуд цанын бизнесээр олон тэрбум ам.доллар олж буй ч ажилчдаа 1960-аад оны хөдөлмөрийн нөхцөлд ажиллуулж байна. Энэ гайхалтай зүйлийг босголцож буй хүмүүст зохих төлбөрийг нь төлөх хэрэгтэй” гэж Денвер дэх Америкийн харилцаа холбооны ажилчдын зохицуулагч Ал Коглер яриандаа тэмдэглэжээ. Эвлэлийн асуудлыг дахин хэлэлцэх, эсэхээ тэрбээр одоогоор шийдээгүй байгаа аж. Кац үйлдвэрчний эвлэлээр дамжуулснаас ажилчидтайгаа шууд харьцаж тохиролцоонд хүрэхийг илүүд үзэж буй ч өндөр өртөгтэй байршлууддаа ажилчдаа үлдээхийн тулд цалинг нь нэмэх ёстойг ухамсарлаж буй.
Лифтний үнийг төсөөлөмгүй өндөр тогтоосондоо Кац огтхон ч санаа зовохгүй байгаа аж. 2015 оны Зул сарын баярын амралтын үеэр лифтний үнэ түүхэн дээд түвшиндээ хүрч, 175 ам.доллар болсон бөгөөд Кацын тайлбарлаж буйгаар үүнээс ч өндөр байх боломжтой гэнэ. Epic Pass болон бусад хөнгөлөлт урамшуулал нь цанын үндсэн үнийг хангалттай бууруулж байгаа хэмээн тэрбээр өгүүлэх аж.