Ажлын стресс аюултай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ажлын цаг дууссаны дараа хүн хэдхэн хором илүү сууж байгаад нэг л мэдэхэд хэдэн цагийн турш суучихсан байдаг. Аливаа зүйлд сэтгэл гаргах нь буруу зүйл биш боловч овоорсон бичиг цаас, цаг нь тулсан ажил, олон цагаар ажиллах зэрэг нь энгийн стрессээс ажлаас халшрах хам шинж (burnout) болон хувирах тохиолдол бий.
Миннесота хотод төвтэй Mayo Clinic эмнэлэг ажлаас халшрах хам шинжийг “бие физиологи, оюуны болон сэтгэл зүйн ядаргаа, өөрийн чадвар болон ажлын үнэ цэнэд эргэлзэх зэрэг үзэгдлүүдийн нийлбэрээс бүрдсэн онцгой төрлийн стресс” хэмээн тодорхойлжээ. Энэ төрлийн стресс өнөөгийн 24/7/365 нийгэмд буюу зогсоо зайгүй ажилладаг бизнес эрхлэгчдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог. Эхлүүлсэн бизнесээ амжилттай авч явах, хамт олноо удирдан чиглүүлэх гэж хямарч явсаар золгүй үр дүнд ч хүрэх магадлалтай юм.
Ажлаас халшрах хам шинжтэй өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа тулгарч байсны хувьд үүнтэй тэмцэх ямар хэцүү байдгийг би тун сайн мэднэ. Золоор ноцтой асуудал үүсэхээс өмнө ажлын стресст орох эхний шинж тэмдгийг илрүүлж, хор уршгаас нь өөрийгөө сэргийлэх аргыг олж чадсан юм
АЖИЛЛАХ ОРЧНОО ӨӨРЧИЛ
Ажиллах орчин ажлын бүтээмж, сэтгэл санааны байдалд хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэгт би итгэдэг. Нэг янзын харагдах орчинтой нэг л газраа тогтмол цагаар ажиллах нь дүйнгэ, үр бүтээлгүй байдалд оруулж, улмаар стресс үүсгэнэ.
Бүхий л зүйлийг сайтар бодолцож хийсэн BodeTree компанийн оффис маань хөгжилтэй, нээлттэй, бүтээлч орчныг бүрдүүлж чадсан. Гэсэн хэдий ч ширээн дээрээ удаан хугацаагаар сууж ажиллах үед би нөгөө л хэмнэлдээ орчихсон байдаг. Энэ мэт тогтсон хэмнэлд орох нь стресстэй тун ойр байгааг илтгэж буй юм.
Тиймээс эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц би орчноо сольдог. Заримдаа зүгээр л босож яваад, оффисын өөр нэг өрөөнөөс ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Эсвэл бүр кофе шоп, цайны газраас ч ажлаа эрхэлж болно. Ажиллах орчноо өөрчилснөөр стрессийн эх үүсвэр болох нэг хэвийн оюуны хэмнэлээс холдуулж, бүтээлч, шинэ санаа төрүүлнэ.
ТОЛГОЙД ЭРГЭЛДЭХ БОДЛЫГ БҮТЭЭЛЧ БАЙДЛААР ГАДАГШЛУУЛ
Бизнес эрхэлнэ гэдэг ганцаардал мэдрүүлсэн, ачаалал ихтэй, айдас хүрэм ажил. Танил ихтэй, шилдэг хамт олонтой хүнд ч доторхоо уудлах хэцүү байдаг. Хань ижилтэйгээ хуваалцвал цаашид хэрхэн амьдрах талаар дэмий л сэтгэлийг нь түгшээнэ, харин өөрсдийнхөө асуудлыг яая гэж байгаа энтрепренер андууд тань бусдын асуудлыг сонсох нь байтугай, өөрсдийн асуудлаар дүүрэн яваа. Эдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжийг дотроо хадгалж, хуримтлуулснаар ажлаас халшрах хам шинж илрэх нөхцөл маш хурдан бүрддэг. Харин толгойд эргэлдэх зүйлээ бичиж эхэлбэл чилээж буй асуудлаа таньж, оюун бодлоо цэгцлэх өндөр ач тустай байдаг.
Иймээс сэтгэлээ уудлах хамгийн зөв арга бол бичих. Мэдээж өөрт тохирсон өөр төрлийн бүтээлч аргуудаас сонгох боломжтой. Хамгийн гол нь өөрийг тань стресстүүлж буй мэдрэмжийг олж тогтоох хэрэгтэй. Үүнийг эрүүл, бүтээлч байдлаар тодорхойлсон цагт таныг стресстүүлэх хүчин зүйлс хүчээ алдаж эхлэх болно.
УХАМСАРТАЙ, МЭДРЭМЖТЭЙ БАЙ
Асуудал овоорсоор оюуны тэнхээ барагдах үед сандраад хэрэггүй. Өөрийгөө зогсоож, тухайн цаг мөчөө мэдэр. Түгшүүр, зовнил бүхэн ихэвчлэн одоогийн нөхцөл байдлаас илүүтэй, ирээдүйд гарч болзошгүй хэмээн таны төсөөлөн бодсон зүйлтэй холбоотой байдаг. Оюун бодлоо тайвшруулж, одоо цагтаа төвлөрч чадвал стрессээс ангижрах боломжтой юм.
Одоо цагтаа төвлөрч чаддаг байхын давуу талуудыг маш сайн судалсан байдаг. Harvard Business Review сэтгүүлд нийтэлснээр оюуны тайвшралд хүрэхэд ердөө зургаан секундийн бясалгал өндөр үр дүнд хүргэдэг аж. Оюун бодлоо тайвшруулан, “тэгчихвэл яана” гэсэн дуусашгүй төсөөллөөс ангижирснаар одоо цаг мөчид төвлөрч, цаашдын алхмуудаа үр дүнтэй төлөвлөхөд чухал нөлөө үзүүлнэ.
Стрессийг зохицуулж, үр дагавраас нь сэргийлэх гол арга бол эхний шинж тэмдгийг тодорхойлж, цаашид даамжрахаас өмнө үр дүнтэй арга хэмжээ авах юм. Иймээс ажиллах орчноо солих, дотор хуримтлагдсан зүйлсээ бичиж гаргах, одоо цаг мөчөө мэдэрч амьдрах зэрэг энгийн аргууд таныг стрессээс ангижруулах хамгийн чухал хүчин зүйлс юм.