Хонконгийн аялал жуулчлалын нэрийн хуудас болсон “Jumbo” хөвдөг ресторан даваа гарагт Өмнөд Хятадын тэнгисийн усанд живжээ. Өнгөрсөн долоо хоногт тус рестораныг чирэгч завинуудаар шинэ байршилд хүргэхээр хөдөлсөн боловч бямба гарагт Параселийн арлуудын ойролцоо хазайж эхлээд улмаар хөмөрсөн аж.
Осол гарах үед хүн бэртэж гэмтээгүй ч “Jumbo”-г живэхээс сэргийлэх оролдлого бүтэлгүйтсэнийг рестораныг эзэмшигч “Aberdeen Restaurant Enterprises” компанийн зүгээс мэдээлжээ.
“Тухайн бүсэд усны гүн 1000 метрээс дээш тул рестораныг татаж гаргах ажил асар хэцүү байх болно” хэмээн тус мэдэгдэлд дурдаад, осол гарсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
Гурван давхар, 80 метр өндөр, Хятадын эзэн хааны ордныг дүрсэлсэн загвартай “Jumbo” ресторан нь тавиад жилийн турш Хонконгийг зорьсон гурван сая гаруй жуулчдыг хүлээн авчээ. Хатан хаан Элизабет II, жүжигчин Том Круз зэрэг алдартнууд тус ресторанаар үйлчлүүлж байсны зэрэгцээ Жэймс Бондын киноны зураг авалтад ашиглагдаж байв.
Гэвч 2020 онд цар тахлын улмаас рестораныг хааж, бүх ажилчдыг нь чөлөөлсөн байна. Яваандаа хувьцаа эзэмшигчдэд санхүүгийн дарамт болж эхэлсэн тул рестораныг одоогийн байршлаас нь холдуулж, засвар үйлчилгээ хийхэд бага зардал гарах байршил руу шилжүүлэхээр төлөвлөсөн байсныг “Aberdeen Restaurant Enterprises” компаниас өгүүлсэн байна.