Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь

by Bat-Ochir
7 months ago
Reading Time: 1 min read
Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь
Share on FacebookShare on Twitter

2018 онд дэлхийн хэмжээнд хамгийн олон удаа татагдсан цахим худалдааны аппликэйшнээр Питер Шульцевскигийн “Wish” тодорч байв. Тус компанийн хэтэрхий гэмээр хямд үнийн бодлого “Walmart”-ийг хүртэл тансаг зэрэглэлийн дэлгүүр болгон харагдуулж байлаа. “Wish”-ийн халаас нимгэн 107 сая хэрэглэгч Шульцевскигийн хөрөнгийг ердөө 12 сарын хугацаанд 1.4 тэрбум ам.доллар болгон өсгөжээ.

Нар гийсэн өдөр Сан-Францискогийн “Sansome Street” цамхгийн үүдээр орж яваа хүнийг Питер Шульцевски гэдэг. Тэрбээр билльярдын ширээ, DJ хэрэгслүүдийн хажуугаар өнгөрч, “Wish” компанийн шинжээч, инженерүүд ажиллан суух олон давхраар дамжин, барилгын дээд давхарт хүрэв. Түүний албан өрөөний саруул цонхоор хотын байдал төгс харагдах аж. Харин Шульцевскигийн дийлэнх үйлчлүүлэгч ийм оффист ажилладаггүй, Хойд Калифорнийн эрэг орчмын тансаг амьдралыг төсөөлөх ч үгүй хүмүүс тэдний дунд цөөнгүй бий. Үнэндээ, түүний үйлчлүүлэгчид амьжиргааны доод түвшний хүмүүс юм. Тэд бол Флоридагийн Панхендл, Техасын зүүн хэсгээр оршин суудаг, “Amazon Prime”-д жил бүр 120 ам.доллар төлөхийг хэт үнэтэй гэж үздэг, нэг ам.долларын дэлгүүрээр үйлчлүүлдэг, ажилчин ангийн америкчууд юм.

“АНУ-ын нийт өрхийн 41 хувь нь гар дээрээ бэлэн 400 ам.доллартай байдаггүй” гэж Холбооны нөөцийн системийн сүүлийн судалгаанд дурдсаныг Шульцевски сонирхууллаа. Олон жил хүндийг өргөлтөөр хичээллэсэн гэсэндээ шатаар түүртэлгүй өгсөх тэрбээр хямд үнэтэй цахим дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн зээлийн карт цалин буух өдрийнх нь өмнө хаагдсан байдаг тухай ярив. Польшид төрсөн, өдгөө 37 настай, “Google”-ийн инженер асан тэрбээр эгэл ардын санхүүгийн чадамжид тааруулан, хятад худалдаачдын нэр шошгогүй бараа, бүтээгдэхүүн худалддаг цахим дэлгүүр нээхээр шийджээ.

“Wish” 2018 онд дэлхий даяар хамгийн олон удаа татагдсан цахим худалдааны аппликэйшнээр тодорсон бөгөөд жил бүр борлуулалтын хэмжээгээрээ АНУ-ын хамгийн цахим дэлгүүрүүдийн нэгт тооцогддог. Аппликэйшнийг дэлхийн хэмжээнд сар бүр дор хаяж 90 сая хүн ашиглаж байна. Тиймээс худалдан авалт бүрээс 15 хувийн шимтгэл авдаг “Wish” компанийн 2020 оны орлого хоёр дахин нэмэгдэж, 2.54 тэрбум ам.долларт хүрчээ. Хамгийн сүүлийн санхүүжилтээр “Wish” 1.24 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан ба компанийнхаа 18 хувийг эзэмшдэг Шульцевски тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн юм (Компанийг түүнтэй хамтран үүсгэн байгуулсан Дэнни Жан 4.2 хувийг эзэмшдэг).

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

Мэдээж “Wish” үйлчлүүлэгчдийнхээ цахим орчинд дарсан товч бүрийг танддаг цахим худалдааны анхны аппликэйшн биш. Энэ жишгээр ажилласан “Amazon” нэг жилийн борлуулалтаа 200 тэрбум ам.долларт хүргэж чадсан билээ. Өдгөө “Wish” Хятадын гуравдагч талын нийлүүлэгчдээс дуусашгүй их бүтээгдэхүүний урсгалыг зах зээлд нийлүүлж, “Amazon”, “Alibaba”-ийн “AliExpress” нартай өрсөлдөж байна. Гэвч “Amazon” гишүүнчлэлийн үйлчилгээ үзүүлэгч “Prime”-даа хэрэглэгч татахын тулд захиалгыг хоёр цагийн дотор хүргэх, видео стриминг үйлчилгээгээ санал болгох зэрэг шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж байхад Шульцевски бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүргэлтийн хугацаанд санаа зовохгүй байна. “Wish” дээр нэг цамц 2 ам.доллар, хүргэлтийн хөлс нь 2 ам.доллар, “Apple Watch”-ийн дуураймал цаг 9 ам.доллар, хүргэлтийн хөлс нь 3 ам.доллар, андройд утаснуудыг 27 ам.доллараар худалддаг ба захиалгыг хүргэхэд хэдэн долоо хоног шаардагддаг. Худалдан авагчид “Instagram” –ийн зураг дээрх шиг хорхой хүргэм 600-700 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүн гүйлгэж үздэг ч зургийн ард найдваргүй, чанаргүй бараа, бүтээгдэхүүн нуугдаж байдаг. Гэсэн ч “Wish”-ээр анх удаа үйлчлүүлсэн хүмүүсийн 80 гаруй хувь нь эргэж ханддаг аж.

Хятадын Төв шуудан, АНУ-ын Шуудан хүргэлтийн үйлчилгээний хооронд байгуулсан гэрээ ёсоор хоёр улсын хооронд хоёр килограммаас доош жинтэй илгээмжийг бага тарифаар тээвэрлэдэг. Энэ хөнгөлөлтөд “Wish”-ийн нийт тээвэрлэлтийн 15 орчим хувь хамаарна. Өдгөө Умард Каролинагаас Нью-Йорк руу илгээмж илгээснээс Бээжингээс Нью-Йорк руу илгээмж илгээх нь илүү хямд болжээ. Энэ нь өндөр ач холбогдолтой гэрээ юм. Учир нь хятад худалдаачид “FedEx”, “DHL” зэрэг хүргэлтийн том компаниудаар үйлчлүүлэх, “Amazon” шиг алслагдсан бүсүүдэд агуулах барих боломжгүй тухай Шанхайд төв оффистой Жан тайлбарлаж байна.

ЦАХИУРЫН ХӨНДИЙ ШИГ ХҮМҮҮСИЙН ХҮСЛИЙГ ДУР МЭДЭН ТОДОРХОЙЛОХ БУС, ХАРИН ТЭДНИЙ ХҮСЛИЙГ БҮТЭЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙГ ШУЛЬЦЕВСКИ ОЙЛГОЖЭЭ.

“Wish” жил бүр 190 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа ч маркетингийн өндөр зардлаа бууруулбал ашигт ажиллагаанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Тэд “Pandora”, “Snapchat”, сурталчилгааны хамгийн том хэрэгсэл “Facebook”-ээр дамжуулж томоохон кампанит ажлууд явуулжээ. Түүнчлэн 2017 онд хятадуудын хамгийн их дэмждэг “NBA”-ийн “Los Angeles Lakers” багийг 30 сая ам.доллараар ивээн тэтгэх гурван жилийн гэрээг байгуулсан байна. Угаас Лос-Анжелес бол “Wish”-ийн орлогын гол хэсгийг бүрдүүлдэг хот.

Зах зээлийн өрсөлдөөнийг харвал мөнгөө оновчтой зарцуулсан компани нь л ялах бололтой. Саяхан Марк Закерберг “Instagram”-аар бараа, бүтээгдэхүүн худалдахыг илүү боловсронгуй болгоно гэж ярьсан билээ. Өөрөөр хэлбэл, “Facebook” “Wish”-ийн хүчтэй өрсөлдөгч болох нь. Харин “Amazon”-ийн нийт бүтээгдэхүүний тал хувийг гуравдагч талын бүтээгдэхүүн (борлуулалтын үнийн дүнгээр бус тоо хэмжээгээр тооцсон) бүрдүүлдэг бөгөөд 10 жилийн өмнө тус үзүүлэлт 30 хувь байсан юм. “Amazon” “Wish”-тэй өрсөлдөх үүднээс саяхан сайтдаа “Bargain Find” хэсгийг нэмж оруулжээ. Үүнээс гадна Дональд Трамп Хятадын эсрэг арга хэмжээгээ лавшруулах зорилгоор “Wish”-ийн барааг хямд үнээр хүргэх боломж олгодог хоёр улсын тээврийн гэрээг цуцалж магадгүй юм.

Гэвч түүнээс илүү бодит бэрхшээл тулгарчээ. “Wish”-ийн платформ дээр хэрэглэхийн аргагүй, чанаргүй, хуурамч бүтээгдэхүүн худалдах тохиолдол их гардаг. “Trustpilot”, “HighYa” зэрэг хэрэглэгчдийн санал, сэтгэгдэл бичдэг сайтууд дээр “Wish”-ийн тухай сөрөг сэтгэгдэл хэдэн зуугаараа бий. Асуултад хариулдаггүй, нийлүүлэгч нь захиалсан бүтээгдэхүүнийг илгээдэггүй, доголдолтой бүтээгдэхүүн худалддаг зэрэг асуудлаар хэрэглэгчдийн санал, гомдол тасардаггүй. Харин Шульцевски энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Facebook”-ийн олон нийтийн харилцааны менежер асан Конни Чанг компанидаа авчээ. Чан дээрх асуудлыг Жефф Безосыг хүртэл гайхшируулахуйц аргаар шийдэв. Тодруулбал, тэрбээр “Wish”-ийн 10,000 хэрэглэгчийг зохион байгуулалтад оруулж, найдваргүй худалдаачдыг илрүүлэхэд тусалсных нь хариуд үнэгүй бүтээгдэхүүн, урамшуулал санал болгох систем нэвтрүүлжээ.

Гэвч Шульцевски чанарын хяналтад төдийлэн ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Тэрбээр заримдаа үйлчлүүлэгчид өөрсдөө асуудал болдог тухай онцлон өгүүлээд “Бид нэг жилд таван сая контакт линз худалддаг. Аль нэг захиалагч линзээ тайлахгүй унтах нь тодорхой” гэв.

ӨДГӨӨ 300 САЯ БҮТЭЭГДЭХҮҮН худалдаанд дэлгэсэн Шульцевски 1980-аад онд хоосон дэлгүүртэй, коммунист Польшийн Варшав хотод хуучны угсармал зургаан давхар орон сууцны гуравдугаар давхарт өсчээ. Түүнийг 11 настай байхад Зөвлөлт Холбоот улс задарч, эцэг, эх нь Канад руу нүүсэн ба Торонтогоос 110 гаруй километрийн зайтай, судалгаагаараа алдаршсан их сургуультай Уотерлу хотод суурьшжээ. Шульцевски “Kik Interactive”, “Instacart” компаниудын үүсгэн байгуулагчдын төгссөн Уотерлугийн их сургуульд элсэж, математик, компьютерийн шинжлэх ухааны ангид сурч байхдаа өөрийнх нь адил цагаач залуу Дэнни Жантай танилцжээ. Тэд хөлбөмбөг тоглож, дотно нөхөрлөх болов.

Шульцевски 2004 онд 23 насандаа их сургуулиа төгсөхийнхөө өмнөхөн тухайн үед 1,000 хүрэхгүй ажилтантай, анхдагч хувьцаа гаргахаар зэхэж байсан “Google”-д дөрвөн сарын хугацаатай дадлагажигчаар ажилд оржээ. Пало-Алто дахь гурван унтлагын өрөөтэй байранд гурван дадлагажигчийн хамт амьдардаг байсан Шульцевски өдөр нь код бичиж, шөнө нь хүндийг өргөлтөөр хичээллэдэг завгүй залуу байв. “Түүнд амрах, зугаацах цаг байдаггүй байсан” гэж өмнө нь “Google”-д ажиллаж байсан, өдгөө “Founders Fund”-ийн захирал, “Wish”-ийн хөрөнгө оруулагч Брайан Сингерман дурсав.

Шульцевски “Google”-ийн үндсэн ажилтан болмогцоо хайлтын түлхүүр үг дээр нэмэлт үгс санал болгодог туршилтын алгоритм зохиожээ. Хожим түүнийг нь “Google” сурталчилгааны компаниудад бүтээгдэхүүнийх нь хайлтын нэр төрлийг олшруулж өгөх зорилгоор ашигладаг болжээ. Тухайлбал, пүүз худалддаг компани “пүүз”-тэй холбоотой өөр үгнүүдийг “Google”-д сануулахаа мартах боломжтой. Энэ тохиолдолд Шульцевскигийн код тэдгээр үгсийг автоматаар оруулсан байдаг тул пүүзний худалдаачид “Google”-д онцлон сануулах шаардлагагүй болох юм. Ийнхүү сурталчилгааны компаниуд энэ үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болсноор “Google”-ийн нэг жилийн орлого 100 сая ам.доллараар өссөн гэж Шульцевски ярьсан юм.

Тэрбээр 2007 оны зургадугаар сард “Google”-ийн Өмнөд Солонгос дахь шинэ салбар руу томилогдсноор бум бужигнасан Цахиурын хөндийгөөс өөр газраас технологийн туршлага хуримтлуулах боломж олджээ. Солонгосчууд “Google” шиг цэвэрхэн, минимал нүүр хуудсаас илүүтэй мэдээллээр дүүрэн, эрээн мяраан хайлтын порталд дуртай байв. Шульцевскиг анх Солонгост ирэхэд энэ асуудлаар санал солилцсон тухайгаа түүнтэй хамт “Google”-д ажиллаж байсан, өдгөө “Facebook”-ийн зар сурталчилгаа хариуцсан захирал болсон Марк Рабкин дурсаж “Шульцевски яг л солонгос хүн шиг сэтгэж байсан” гэв. Энэ туршлага Шульцевскид “Wish”-ийн стратегийг тодорхойлоход жинтэй нэмэр болжээ. Цахиурын хөндийнхөн шиг хүмүүсийн хүслийг дур мэдэн тодорхойлох бус, харин тэдний хүслийг бүтээж өгөх хэрэгтэйг Шульцевски ойлгосон аж.

Тэрбээр 2009 онд “Google”-ээс гарахдаа хоёр жил хэрэглэхүйц мөнгөн хуримтлалтай болсон байв. Шульцевски хайлтын түүхэн дээр тулгуурлаж, тухайн хүний сонирхлыг тодорхойлдог программ бичиж гэрийнхээ компьютер дээр зургаан сарыг өнгөрүүлжээ. Хүний сонирхлыг тодорхойлмогцоо тохирох сурталчилгаа, бүтээгдэхүүнтэй нь холбож өгдөг тус программыг “ContextLogic” хэмээн нэрлэв.

Шульцевскигийн найз, “Yelp”-ийн гүйцэтгэх захирал Жереми Стопплмены холбож өгсөн хөрөнгө оруулагчид 2010 оны есдүгээр сард “ContextLogic”-т 1.7 сая ам.долларын хөрөнгө оруулав. “Тэдний бизнес төлөвлөгөөнд Солонгост “Google AdWords”-тэй өрсөлдөх гэх мэт галзуу зорилтууд байсан” хэмээн “Yahoo”-ийн хамтран үүсгэн байгуулагч тэрбумтан, “AME Cloud Ventures” сангаараа дамжуулж “Wish”-д хөрөнгө оруулсан Жерри Янг дурсав. Мөн тэрбээр нэмж хэлэхдээ “Тэдний технологи үнэхээр сайн байсан” гэв.

2011 оны тавдугаар сард Шульцевски коллежийн эртний ард, тухайн үед “YellowPages.com”-д ажиллаж байсан Жанг хамтран үүсгэн байгуулагчаар нэгдэхийг урьжээ. Тэд зар сурталчилгааны бизнес эхлүүлэхээр шийдэж, бизнес санаагаа баяжуулахаар Янг, венчур хөрөнгө оруулагч Жо Лонсдэйл нартай хамт Сан-Францискод үдийн зоог барьжээ. Ярианы дийлэнх сэдвийг цахим худалдаа, гар утас эзэлж байв. Ухаалаг утас хэрэглэгчдийн тоо өсөж байсан ч түүгээр худалдан авалт хийдэг хүмүүс цөөн байсан тухайн үед хэрэглэгчийн үйлдэл бүрийг танддаг “Google”-ийн аргыг ашиглах ёстойг Шульцевски мэдэж байв. Харин Янг үүнд итгэл муутай байжээ. Энэ салбарт 17 жил үйл ажиллагаа явуулж буй “Amazon” байр сууриа бат тогтоосон байлаа. Янг “Би уулзалтаас гарч ирээд чангахан өөрчлөлт болох нь дээ гэж бодсон” гэв.

Бүх зүйл энд хүрээд төгсөх байв. Тодруулбал, Шульцевскигийн программыг олж мэдсэн “Facebook” түүнд 20 сая ам.долларын саналыг тавьжээ. Тэд “ContextLogic”-ийг өөрийн зар сурталчилгааны системд, эсвэл постуудын эрэмбийг тогтоодог программ хангамждаа нийлүүлэх хүсэлтэй байв. Харин Шульцевски тэдний саналаас татгалзсан ба хөрөнгө оруулагчдынх нь нэг “ContextLogic”-ийн Пайн Стрит дэх шинэ оффист “шууран” орж ирж ууртайгаар “Бизнес мэддэг хүний төлөө ажилласан чинь дээр” гэж сануулж байжээ.

ПОЛЬШИД ТӨРСӨН, 37 НАСТАЙ, “GOOGLE”-ИЙН ИНЖЕНЕР АСАН ТЭРБЭЭР ЭГЭЛ ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН ЧАДАМЖИД ТОХИРУУЛЖ, БРЭНДИЙН НЭРГҮЙ ТӨРӨЛ БҮРИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ЦАЛГИСАН ЦАХИМ ДЭЛГҮҮР НЭЭЖЭЭ.

Харин Шульцевски компаниа урагш зүтгүүлсээр байв. Ийнхүү 2011 оны сүүлчээр Жантай хамт “Wish”-ийн анхны хувилбар “Wishwall.me” сайтыг амжилттай эхлүүлжээ. Тэд хүмүүсийг “Facebook” дээрх зар сурталчилгаагаар дамжуулан сайт руугаа оруулж, олон төрлийн бүтээгдэхүүн санал болгож байв. Гэхдээ тэдгээр бүтээгдэхүүнийг “Wish”-ийнхэн биш, бусад сайт худалдана. Хүмүүс “Wish” дээр унадаг дугуй, гэр ахуйн хэрэгсэл зэрэг авахыг хүссэн зүйлсийнхээ жагсаалтыг хадгалах боломжтой байв. Шульцевски “Зарим хүмүүс хүслийн жагсаалт гаргах дуртай байдаг шүү дээ” гэв.

Гар нүүрийн алчуур, эсвэл унадаг дугуйны хурд хэмжигч дээр “like” дарсан зочдод үнэгүй бүтээгдэхүүн бэлэглэх, урамшуулал, хямдрал санал болгох зэргээр “торгоодог” байв. Энэ замаар олон мянган хэрэглэгч цуглуулж, тэднийгээ худалдаачидтай холбов. Тэд “eBay”, “Amazon” дээр бүтээгдэхүүн худалддаг нийлүүлэгчид рүү цахим шуудан илгээж, бүтээгдэхүүнээ бусад сайт дээр худалддаг үнээсээ 10-20 хувиар хямд нийлүүлнэ гэвэл их хэмжээний худалдан авагчдын баазад нэвтрүүлнэ гэх санал тавив. “Wish” эхний үед үйл ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд шимтгэл авдаггүй байв. Тэд хамтран ажиллахыг зөвшөөрсөн нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн “хүслийн жагсаалт”-ын дагуу хуваарилж, санал болгодог байв.

Калифорнийн Менло-Парк дахь “GGV Capital”-ийн хөрөнгө оруулагч Ханс Тунг 2013 оны аравдугаар сард Шульцевскитай уулзахдаа “Wish”-ийн борлуулалтын газрын зургийг хараад ихэд гайхширчээ. Учир нь “Wish”-ийн борлуулалтын дийлэнх хэсгийг Нью-Йорк, Калифорни бус, Флорида, Техас болон Америкийн төвийн бүсийн захиалга бүрдүүлж байв. Тунг дэлхийн хамгийн том цахим худалдааны сайт “Alibaba”-ийн эзэмшдэг “TaoBao”-тай адил шинжийг “Wish”-ээс олж харсан байна. Брэндийн нэргүй, хямд бүтээгдэхүүний ханаагүй эрэлт дэлхий дахинд байдгийг “TaoBao” боловч зөвхөн Хятадад төвлөрдөг. Тунг “‘Wish’ бол дэлхийн бусад хэсэгт зориулсан, гар утасны ‘TaoBao’ юм” гэж тодорхойлсон юм.

2016 ОНД ШУЛЬЦЕВСКИ компанийг нь худалдан авах саналаас дахин нэг удаа татгалзжээ. Гэхдээ энэ удаа санал тавьсан хүн түүний хүндэлж биширдэг нэгэн байв. Жефф Безостой ойр ажилладаг нэгэн захирал Шульцевскитэй холбогдож, Сиэтлд ирж “Amazon”-ийн үүсгэн байгуулагчтай уулзахыг урьжээ. Шульцевски Безостой уулзахаасаа өмнө туслах ажилтанд нь компаниа худалдах сонирхолгүй гэдгээ цахим шуудангаар илэрхийлсэн байв. “Гэсэн ч тэр надтай уулзахыг хүссэн” хэмээн Шульцевски дурссан юм. Ийнхүү тэрбээр хойд зүг рүү хоёр цаг нисэж, “Amazon”-ийн төв байранд өдөржин хуралджээ. Нэгэнт нууцын гэрээ байгуулсан Шульцевски тэнд болсон явдлын талаар ярихаас татгалзсан ч Безос худалдан авах саналыг “улайм цайм” тавиагүй гэсэн юм. Гэхдээ уулзалтын өрөөнд яг л худалдан авалтын гэрээ байгуулах гэж буй мэт “Amazon”-ийн хуульчид сууж байсан аж. Шульцевски “Хэлэлцэх асуудлууд байсан” гэж тайлбарласан юм (“Amazon”-ийн зүгээс тайлбар өгөхөөс татгалзсан).

“Wish”-ийн борлуулалтын түвшин өсөж байгаа ч үүнийг дагаад чанарын хяналтын асуудал сөхөгдөж байна. Гэвч нэг сая гаруй нийлүүлэгчтэй, сар бүр 125,000 гаруй нь идэвхтэй байдаг сайтын хувьд энэ мэт бэрхшээл байх нь ердийн зүйл юм. “Amazon” 2.5 сая бол “Walmart” 21,000 гаруй гуравдагч талын нийлүүлэгчдийг зохицуулдаг гэж Нью-Йоркийн цахим дэлгүүрийн мэдээлэл судалгааны компани “Marketplace Pulse” тогтоосон байдаг.

Шульцевски “Чанарын хяналтын хэцүү бэрхийг би дутуу үнэлсэн байна лээ” гэв. Тэрбээр Сан-Франциско дахь оффисынхоо нийгмийн сүлжээ хариуцсан албаар дайран орохдоо, өөрт тулгараад буй хамгийн том бэрхшээл буюу тааз хүртэл овоолон өрсөн цаасан хайрцгууд руу заав. Эдгээр нь тухайн долоо хоногийн хамгийн өндөр эрэлттэй бүтээгдэхүүнүүд бөгөөд чанар шалгагч ажилтнуудаар шалгагдахаар хүлээгдэж байгаа нь тэр аж.

“Наймаачид хачин жигтэй юм их хийдэг” гэж тэрбээр хэлэхдээ хөмсгөө өргөн, далд утга илэрхийлэв. Нэгэн худалдаачин “Wish” дээр 70 ам.долларын зөөврийн компьютер худалдахаар оруулжээ. Гэвч захиалагч таблетыг удахгүй хүргэнэ гэх утгатай англиар эвлүүлэн бичсэн цахим шуудангаас өөр юу ч хүлээж аваагүй аж. Түүнчлэн “Wish” дээрээс худалдаж гоо сайхны бүтээгдэхүүн хүмүүсийн нүдийг улайлгаж байна гэх яриа өнгөрсөн жил хэвлэлээр тархсан. Зарим худалдаачид цагдаад баригдахгүйн тулд 1,000 гаруй хуурамч хаяг нээсэн байдаг. Мөн чанартай бараа худалдаж эерэг сэтгэгдэл цуглуулж байгаад түүнийгээ ашиглаж, хуурамч бараа зарах тохиолдол ч бий.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд “Wish” долоо хоногт 8 сая бүтээгдэхүүн буюу худалдаанд дэлгэсэн нийт бүтээгдэхүүнийхээ гурван хувийг шигшиж хасдаг болжээ. Ингэхдээ, дор хаяж 1,000 хүн харсан боловч ганц нь ч орж сонирхоогүй бүтээгдэхүүнийг хасдаг аж. Түүнчлэн, хуурамч сэтгэгдэл оруулсан, хэрэглэгчдээс удаа дараа сөрөг сэтгэгдэл авсан нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг сайтаас устгана. Хуурамч бүтээгдэхүүнийг автоматаар шигшихийн тулд “Wish”-ийн инженерүүд программ хангамжаа улам хөгжүүлж, улмаар хуурамч сэтгэгдлүүдийг таньдаг болгожээ. Тухайлбал, “Ийм хурдан гэж бодсонгүй” гэх мэт утга, авцалдаагүй бичсэн сэтгэгдлүүдийг хялбархан илрүүлдэг байна.

Өдгөө “Wish” нийт 60 төрлийн дүрэм хэрэгжүүлж, алгоритмаар зохицуулдаг. Тухайлбал, хуурамч бүтээгдэхүүн тавьсан, тээврийн хянах дугаараа хуурамчаар мэдүүлсэн худалдаачныг 500 ам.доллараар, мөн бүтээгдэхүүнгүй хоосон хайрцаг илгээсэн тохиолдолд 10,000 хүртэл ам.доллараар торгоно. “Wish” сар бүр 3 сая ам.долларын торгууль хуримтлуулдаг ба үүнийг худалдаачдад өгөх орлогоос суутгах замаар хялбархан шийджээ. Үүнээс гадна худалдаачдыг платформ дээрээс хөөж болдог. Нөгөө талаас, олон эерэг сэтгэгдэл авсан бүтээгдэхүүний төлбөрийг илүү хурдан шилжүүлэх, эсвэл хайлтын эхэнд байршуулах зэргээр урамшуулдаг аж.

150 ажилтантай, Хятад дахь гурван салбарын үйл ажиллагааг 9600 гаруй километрийн алсаас хянадаг Жан шударга бус үйлдлүүдтэй идэвхтэй тэмцэж байна. Тэрбээр “Худалдаачид ашиг олохоо л боддог” гэв. Дүрэм, хяналтын программ байгаад ч эдгээрийг бүрэн зохицуулах боломжгүй. Жан “Худалдаачид ‘Wish’-ийн платформыг робот гэж боддог” гэж ярив. Өөрөөр хэлбэл, тэд “Wish”-ийн ажилтнуудтай шууд холбогдож, илүү сайн хэлэлцээ хийх боломжгүй аж.

“Төгс шийдэл байхгүй. Төлсөн мөнгөндөө таарсан бараа, үйлчилгээ л авна шүү дээ” хэмээн “GGV”-ийн хөрөнгө оруулагч Тунг хэлсэн юм. Харин Шульцевски ирээдүйг илүү өөдрөгөөр төсөөлж байна. “Wish”-д бүртгүүлж буй хэрэглэгчдийн мэдээлэл нэмэгдэхийн хэрээр илүү олон санал, сэтгэгдэл цугларч, илүү ухаалаг программ хөгжүүлж, илүү чанартай бүтээгдэхүүн худалдах болно. Брэндийн бус ухаалаг утаснууд жил ирэх тусам боловронгуй болох нь тодорхой. Яг л “iPhone” шиг хэмээн Шульцевски адилтгав.

Bat-Ochir

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани
Бизнес

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022
Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес
Бизнес

Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес

20/06/2022
Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна
Бизнес

Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна

15/06/2022
Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…
Бизнес

Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…

15/06/2022
Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark
Бизнес

Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark

13/06/2022
“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж
Бизнес

“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж

10/06/2022
Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц
Бизнес

Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц

09/06/2022
Худалдаанд соёл нэвтрүүлэгч
Бизнес

Худалдаанд соёл нэвтрүүлэгч

03/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist