Метаверс хэмээх ойлголтыг бүхий л ажил мэргэжил, уулзалт зөвлөгөөний ирээдүй хэмээн олон судлаачид магтдаг. Гэвч сүүлийн үеийн нэгэн судалгааны үр дүнгээс үзвэл Метаверс бодит байдлыг орлоход багагүй хугацаа хэрэгтэй хэвээр аж.
Германы Кобургийн их сургууль, Их Британийн Кембрижийн их сургууль, Словенийн Приморска их сургуулийн эрдэмтэд, ажилтнуудаас бүрдсэн 18 хүн Метаверсийн үр өгөөжийг шалгах туршилтад сайн дураараа оролцжээ. Ингэхдээ тэд ижил төрлийн төхөөрөмж ашиглан виртуал оффист ажлын таван өдрийг бүтэн өнгөрүүлсэн байна. Туршилтын нэг өдөр нь 8 цагийн ажил, 45 минутын цайны завсарлагаанаас бүрдэх бөгөөд дараа нь тэд бодит ажлын орчинд ойролцоо хугацааг өнгөрөөжээ.
Оролцогчдод гүйцэтгэх даалгавар өгөөгүй тул тэд ажлын цагаар өөрсдөө юу хийхээ шийдэж байжээ.
Туршилт эхлээд хэдхэн цагийн дараа толгой өвдсөн, дотор нь муухайрсан, мөн Oculus Quest 2 шилийг зүүхэд төвөгтэй гэсэн шалтгаанаар хоёр оролцогч туршилтыг орхисон байна. Харин бусад нь ажлын долоо хоногоо дуусгасан боловч сөрөг үр дагавар их байсныг мэдэгдсэн байна. Бодит ажлын орчинтой харьцуулбал оролцогчдын стрессийн түвшин дунджаар 42 хувь, нүдний ядралт нь 48 хувиар нэмэгдсэн байжээ.
Мөн виртуал орчинд өнгөрүүлсэн хугацаанд тэдний биеийн ерөнхий эрүүл байдал 20 хувиар буурсан байхад сэтгэл түгших мэдрэмж нь 20 хувиар өссөн үзэгдэл ажиглагджээ.
“Энэхүү туршилт нь дараа дараагийн олон судалгааны үндэс суурийг тавьж, одоогийн дутагдлыг илрүүлснээр виртуал ертөнц дэх ажлын нөхцөлийг цаашид сайжруулах боломжийг олгох юм” хэмээн туршилтыг явуулсан эрдэмтдийн төлөөлөл өгүүлжээ.