Украины дайнтай холбоотой эдийн засгийн хоригийн улмаас зарим түнш орнууддаа түүхий газрын тос хямд үнээр зарж буй ОХУ сүүлийн үеийн тайлангаар урд хөршийн газрын тосны хамгийн том нийлүүлэгч болжээ.
Өнгөрсөн жилийн тавдугаар сараас энэ оны мөн үе хүртэлх хугацаанд Хятадын Оросоос авах газрын тосны импорт түүхэн дээд хэмжээнд хүрч, нийт 55 хувиар өссөнөөр Саудын Арабын импортын хэмжээг давсан байна.
Covid19-ийн эсрэг хатуу арга хэмжээ, эдийн засгийн удаашралаас шалтгаалж эрэлт муудаад байгаа ч Бээжингээс Оросын газрын тосны худалдан авалтаа нэмэгдүүлсэн юм.
Өнгөрөгч хоёрдугаар сард Хятад, Оросын дипломатчид хамтын нөхөрлөлөө “хязгааргүй” хэмээн тодорхойлж байв. Дараагаар нь Хятадын төрийн өмчит газрын тос боловсруулалтын Sinopec, Zhenhua Oil зэрэг компаниуд барууны хоригийн улмаас эрс хямдарсан Оросын түүхий нефтийг их хэмжээгээр худалдан авах болжээ.
Өнгөрсөн сард Зүүн Сибирь-Номхон далайн дамжуулах хоолой болон далайн тээврээр дамжин Хятад руу нийлүүлсэн Оросын газрын тосны хэмжээ 8.42 сая тоннд хүрснийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Харин өмнө нь Хятадын түүхий нефтийн гол нийлүүлэгч байсан Саудын Арабаас нийт 7.82 сая тонныг авсан байна.