Аливаа орны хамгийн чинээлэг эрхмүүдийг жагсаасан “Forbes”-ийн эрэмбийн ихээхэн хувийг гэр бүлээрээ хамтран эзэмшдэг хөрөнгө бүрдүүлдэг. Тэдгээр эрхмийн зарим нь хэдэн үе дамжсан асар их хөрөнгийг төрөхдөө л өвлөн авдаг бол зарим нь эцэг эхийнхээ босгосон компанийг эрс өөрчилж, улам их амжилтыг авчирч чадсан байдаг.
Тэгвэл АНУ-ын хамгийн чинээлэг 20 өв залгамжлагч тэрбумтны нийлүүлсэн хөрөнгө энэ жил 568 тэрбум ам.доллараар тоологджээ. Энэ нь тус улсын нийт 701 тэрбумтны нийлүүлсэн хөрөнгийн 13.5 хувийг бүрдүүлж байна.
1. (тэнцсэн) Чарльз Кох
Хөрөнгийн хэмжээ: $59.6 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Koch Industries (Төрөлжсөн үйлдвэрлэл)
Чарльз болон түүний талийгаач ах Дэвид нар эцэг Фред Кохын 1940 онд газрын тос боловсруулалтын чиглэлээр үүсгэн байгуулсан “Koch Industries” компанийг өвлөн авсан юм. Ах дүү хоёр тус компанийг цаасан аяганаас эхлээд хий дамжуулах хоолой хүртэл бүхий л эд зүйлсийг үйлдвэрлэдэг 115 тэрбум ам.долларын орлоготой, АНУ-ын хоёр дахь том хувийн компани болгон өргөжүүлжээ.
1. (тэнцсэн) Жулиа Кох
Хөрөнгийн хэмжээ: $59.6 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Koch Industries (Төрөлжсөн үйлдвэрлэл)
2019 онд Дэвид Кох нас барсны дараа эхнэр нь дэлхийн хамгийн чинээлэг тэрбумтнуудын нэг болсон юм. Тэрбээр Дэвид Жр, Мэри Жулиа, Жон гэсэн гурван хүүхдийн хамт Дэвидийн “Koch Industries”-д эзэмшдэг 42 хувийг өвлөн авсан билээ. Охин Жулиа Кох нь өдгөө тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд багтдаг.
3. Жим Уолтон
Хөрөнгийн хэмжээ: $58.3 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Walmart (Жижиглэн худалдаа)
Алдарт Сэм Уолтоны отгон хүү Жим эцгийнхээ 1962 онд үүсгэн байгуулсан компанийн 13 хувийг эзэмшдэг. Тэрбээр арваад жилийн турш Walmart-ийн ТУЗ-ийн гишүүн байсан бөгөөд 2016 онд албан тушаалаа хүүдээ шилжүүлжээ.
4. Алис Уолтон
Хөрөнгийн хэмжээ: $57.5 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Walmart (Жижиглэн худалдаа)
Сэм Уолтоны ганц охины хувьд гэр бүлийн эзэнт гүрнээсээ хамгийн их ашгийг хүртсэн нэгэн боловч ихэнх хугацаанд Walmart-ийн бизнесээс хол явжээ. Залуудаа тэрбээр эцгийнхээ компанид хэд хэдэн албан тушаал хашсан ч удирдах албан тушаал огт авч байгаагүй аж.
5. Роб Уолтон
Хөрөнгийн хэмжээ: $57.2 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Walmart (Жижиглэн худалдаа)
Walmart-ийг үндэслэгчийн ууган хүү Роб 1992 онд эцгийгээ нас барсны дараа ТУЗ-ийн даргын албыг хүлээн авсан юм. Түүнээс хойш Walmart-ийн 2000 дэлгүүр 11 мянга болж, ажилчдын тоо нь 271 мянгаас 2.3 сая болон нэмэгдсэн байна.
6. Маккензи Скотт
Хөрөнгийн хэмжээ: $30.7 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Amazon (Цахим худалдаа)
Түүхэн дэх хамгийн үнэтэй салалтын дараа Маккензи экс нөхөр Жефф Безосын компанидаа эзэмшдэг 78.8 сая нэгж хувьцааны дөрөвний нэгийг авч, тэр даруй тэрбумтан болсон билээ. Өдгөө тэрбээр нийт хөрөнгийнхөө 12 тэрбум ам.долларыг буяны үйлст хандивлаад байна.
7. (тэнцсэн) Жон Марс
Хөрөнгийн хэмжээ: $29.7 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Mars, Inc (Амттан үйлдвэрлэл)
Өдгөө 86 настай Жон Марс нь 1999 онд эцгийгээ нас барсны дараа ах дүү нар болох Жаклин, Форрест Жр.нарын хамт “Mars” амттаны компанийг эзэмших болжээ.
7. (тэнцсэн) Жаклин Марс
Хөрөнгийн хэмжээ: $29.7 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Mars, Inc (Амттан үйлдвэрлэл)
Өөрийн өвөг эцэг Фрэнк Марсийн 1911 онд үүсгэн байгуулсан компанид Жаклин 20 гаруй жилийн турш ТУЗ-ийн гишүүний үүрэг гүйцэтгээд 2016 онд тэтгэвэртээ гарчээ.
9. Мириам Аделсон
Хөрөнгийн хэмжээ: $25.1 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Las Vegas Sands (Казино)
2021 онд 87 насандаа өөд болсон Шелдон Аделсоны мөрийтэй тоглоомын эзэнт гүрнийг эхнэр Мириам нь өвлөн авчээ. Сингапур, Макаод казино ажиллуулдаг., Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Las Vegas Sands-ийн 52 хувийг өдгөө 76 настай Мириам эзэмшиж байна.
10. Леонард Лаудер
Хөрөнгийн хэмжээ: $20.7 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Estée Lauder (Гоо сайхны бүтээгдэхүүн)
Эсте болон Жозеф Лаудер нарын 1946 онд байгуулсан косметик компанийн 20 хувийг хүү Леонард нь эзэмшиж байна. Тэрбээр 30 гаруй жилийн турш компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашаад 1999 онд ажлаа хүлээлгэн өгсөн байна.