Хичээлээ хуулах үзэгдэл оюутнуудын дунд үргэлж байсан ч Covid-19 цар тахлаас үүдсэн цахим сургалт энэ үзэгдлийг улам даамжруулсан билээ. Үүссэн нөхцөл байдлыг ашиглан коллежийн оюутнуудад шалгалтын хариуг нь өгөх замаар “Chegg” Америкийн хамгийн өндөр үнэлгээтэй боловсролын технологийн компани болсон юм.
“Chegg-дэх” хэмээх үгийг Америкийн коллежийн оюутнууд сайн мэднэ. Аризонагийн их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан, 19 настай Мэтт “Ном, сурах бичиг унших цаг завгүй, эсвэл гэрийн даалгавраа хийж, онлайн шалгалтад хариулж чадахгүй бол ‘chegg-дэж’ болно” хэмээн тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл, Мэтт сарын 14.95 ам.долларын төлбөртэй, цар тахлын үеэр хувьцааных нь үнэ гурав дахин өссөн технологийн компани “Chegg Study”-г ашигладаг. 46 сая гаруй сурах бичиг, шалгалтын материал нэгтгэсэн “Chegg”-ийн мэдээллийн сангаас хариултаа олох буюу хуулах боломж түүнд бий.
“Chegg” Америкийн Санта-Клара хотод төвтэй боловч үйл ажиллагааны гол цөм нь Энэтхэгт байрлана. Математик, шинжлэх ухаан, технологи, инженерингийн өндөр мэдлэгтэй 70,000 гаруй мэргэжилтэн тэнд ажиллах ба 24 цагийн турш онлайнаар холбогдож, үйлчлүүлэгчдийн асуултад хариулах аж.
Тэрчлэн “Chegg” номзүйн жагсаалт бэлтгэх, математикийн бодлогын хариу гаргах, бичих чадвар сайжруулах зэрэг оюутнуудад хэрэгтэй бусад олон үйлчилгээг санал болгодог. Гэхдээ орлогын гол эх үүсвэр, оюутнуудын үйлчлүүлдэг шалтгаан нь “Chegg Study”.
“Хэрэв би ном, сурах бичиг судалмааргүй бол хариултаа ‘Chegg’ ашиглаад л олчихдог” гэж Флоридагийн их сургуульд санхүүгийн чиглэлээр суралцдаг хоёрдугаар дамжааны оюутан өгүүлэв. Харин Портлендийн их сургуулийн төгсөх дамжааны оюутан “Би ‘Chegg’-ийг хуулах зорилгоор ашигладаг” гэсэн юм.
“Forbes” сэтгүүл “Chegg Study” ашигладаг 52 оюутантай уулзсан бөгөөд “Chegg”-ийн илгээсэн зургаан оюутан, өөр дөрвөн оюутнаас бусад нь тус сайтыг хуулах зорилгоор ашигладаг гэдгээ хүлээн зөвшөөрөв. Үүнд, улсын том, жижиг сургуулиудаас гадна Колумб, Браун, Дьюк, Абу- Даби дахь Нью-Йоркийн их сургууль зэрэг нэр хүндтэй хувийн сургуулиудад бакалавр, магистрын зэрэг горилон суралцдаг оюутнууд хүртэл багтаж буй.
Дэлхийн бараг бүх коллеж цахим хэлбэрт шилжсэний дараа “Chegg”-ийн захиалга эрс нэмэгджээ. 2020 оны гуравдугаар улирлын байдлаар хэрэглэгчдийн тоо өмнөх оноос 69 хувиар өсөж, 3.7 саяд хүрсэн байна. Мөн 2020 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд орлого нь 54 хувиар нэмэгдэж, 440 сая ам.долларт хүрсэн ба жилийн эцэс гэхэд 630 сая ам.долларт хүрэх төлөвтэй байв. Үүний зэрэгцээ АНУ-д хөл хорио тогтоосон гуравдугаар сарын 18-наас хойш зах зээлийн үнэлгээ нь дөрөв дахин өсчээ. Өдгөө “Chegg” 2.41 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Энэ бүх үзүүлэлтээс “Chegg”-ийн гүйцэтгэх захирал Дэн Розенсвейг өндөр өгөөж хүртэж буй. Тэрбээр “Forbes”-т ярилцлага өгөхөөс татгалзсан ба “Chegg Study”-ийг хууран мэхлэх зорилгоор үүсгэн байгуулаагүй, харин оюутнуудын асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, тэдний асуудалд туслахад байнга бэлэн байдаг үйлчилгээ хэмээн мэдэгдсэн юм. Дээд боловсрол “Uber”, “Amazon”-тай адил эдийн засгийн эрэлт, хэрэгцээтэй уялдан өөрчлөгдөх хэрэгтэй гэж үздэгээ Розенсвейг 2019 онд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “Нэг дор олон кино дараалан үздэг шиг боловсролыг яагаад тийм маягаар эзэмшиж болохгүй гэж? Миний бодлоор бид боловсролыг өөрт байгаа төхөөрөмжөө ашиглан эзэмшдэг” гэсэн байв.
“Chegg”-ийн хоёр дэд ерөнхийлөгч Арнон Авицур, Эрик Мануево нар “Chegg”-ийн талаарх Розенсвейгийн мэдэгдлийг дэмжиж байна. “Оюутнуудын онцлогт нийцүүлэн хичээлийн хоцрогдлоос сэргийлэх үйлчилгээ шүү дээ” гэж Авицур тайлбарлав.
“Chegg”-ийн ерөнхийлөгч Натан Шульц бичгээр өгсөн мэдэгдэлдээ “Хуулах үзэгдэл асуудал болж байгааг бид мэдэж байгаа. Алсын зайнаас суралцах хэлбэрт шилжсэнээр энэ байдал улам гаарсан. Бид үүнийг шийдвэрлэхэд 100 хувийн үүрэг хүлээсэн хэвээр учир хэрэгжүүлэхийн төлөө нөөц бололцоогоо бүрэн дайчилж байна. Мөн үүнийг дангаараа хийж хүчрэхгүй учир холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Оюутнуудад боловсрол олгох үүргээ ч үргэлжлүүлэх болно” гэсэн юм.
Гэхдээ тэдний хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөхгүй байгаа бололтой. 2019 оны намар “Texas A&M”-ийн санхүүгийн дамжаанд суралцаж байсан оюутнууд онлайн шалгалт өгөхдөө олон удаа “Chegg” ашиглан хуулж байжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ бол дуусашгүй тэмцэл. Бид боловсролын ёсзүйгүй байдлыг зогсоохыг хичээж байхад оюутнууд бусад бүх хүмүүс үүнийг ашиглаж байна гэж өөрсдийгөө зөвтгөж байна” хэмээн ярилаа.
Цар тахлын үеэр сургуулиуд алсын зайнаас хяналт хийх, шалгалтын үеэр оюутнуудыг хянах зорилгоор “Honorlock”, “Examity” зэрэг хувийн компаниудад олон сая ам.доллар төлжээ. Эдгээр компани оюутны веб хөтчийг түгжиж, зөөврийн компьютерынх нь камераар тэднийг хянадаг аж. Шүүмжлэгчид энэ үйлчилгээ оюутнуудын хувийн нууцад халдаж байна гэж үзэж байна. Шалгалт өгч буй хүмүүс ариун цэврийн өрөө рүү орох нь камерын дуранд буруугаар ойлгогдох вий хэмээн айж, ширээнээсээ босолгүй “бие зассан” тохиолдол гарчээ.
“Forbes”-т ярилцлага өгсөн ихэнх оюутан алсын зайнаас хянах үйлчилгээнээс эмээгээд хуулж чаддаггүй гэсэн бол хэд хэдэн оюутан онлайн шалгалтын үеэр “Chegg” ашигладгаа хүлээн зөвшөөрсөн юм. Тодруулбал, “Сургуулийнхаа Wi- Fi-г ашиглахгүй л бол баригдахгүй” гэж улсын томоохон сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан тайлбарлажээ.

Оюутнууд аль эртнээс л хуулж ирсэн. XII зууны үед Хятадад төрийн албаны шалгалт өгөх хүмүүс Күнзийн сургаалыг чүдэнзний хайрцгийн хэмжээтэй жижиг цааснууд дээр хуулж, хувцсандаа оёод ордог байжээ. 1940 онд Хенри Форд II төгсөлтийн эрдмийн ажлаа бусдад мөнгө төлж бичүүлсэн нь баригдсаны улмаас Йелийн их сургуулийг орхиж байв.
Энэ асуудлын цар хүрээг хэмжихэд хэцүү гэж 2012 онд “Cheating in College” номыг хамтран бичсэн, Пеннсильванийн их сургуулийн профессор Линда Тревино үзэж байна. Хуулах гэж чухам яг юу болохыг тодорхойлох нь асуудлын нэг хэсэг. Найзаасаа гэрийн даалгаврын хариу авах, шалгалтын үеэр зэргэлдээх оюутны материалыг шагайх, хэн нэгэнд төлбөр өгч өөрийнхөө өмнөөс шалгалт өгүүлэх, “Chegg” ашиглаж хариулахын алийг нь хуулах хэмээн тооцох вэ?
Оюутнууд хэд хэдэн шалтгаанаар хуулдаг. Тэд хуулийн, эсвэл анагаахын чиглэлийн шилдэг их сургуульд тэнцэхийн төлөө сайн дүн авахын тулд, өөрсдөд нь сонирхолгүй ч заавал шаардлагатай хичээлүүдийг дуусгахын төлөө хуулдаг. Мөн тэд цаг заваа хэмнэж, сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглох, сургуулийнхаа төлбөрийг төлөх, хайртай хүмүүсийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлдэг. Бусад оюутан ч адилхан л хуулдаг гэж боддог тул тэдний дор орохгүйн тулд хуулдаг.
Тэд баригдахаас айдаггүй. Хамгийн гол нь, тэд өөрсдийгөө буруу зүйл хийж байна гэж боддоггүй, бодсон ч тоодоггүй.
Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийг инженерийн чиглэлээр төгсөөд удаагүй Аарон Хоки 2002 онд 24 насандаа “Chegg Study”-ийг анх “Cramster” нэрээр Өмнөд Калифорнид үүсгэн байгуулжээ. Коллежид байхдаа тэрбээр хүнд даалгавруудынхаа хариуг хайж олдог болохыг хүсдэг байв. Математик, шинжлэх ухаан, инженерийн асуудлыг нарийвчлан тодорхойлсон вэбсайт бүтээх нь түүний анхны санаа байлаа.
Хоки болон түүний хамтрагч, тухайн үед Өмнөд Калифорнийн их сургуульд бакалаврын зэргээр суралцаж байсан 23 настай Роберт Ангарита чанартай хариулт их хэмжээгээр бэлдэх шаардлагатай гэж боджээ. Ангаритагийн нэг профессорын үеэл Энэтхэгт байсан бөгөөд оюутнуудын асуултад хариулж чадах мэргэжлийн өндөр боловсролтой чөлөөт ажилтнуудыг Энэтхэгээс олохыг зөвлөсөн байна. “Өртөг, цар хүрээний хувьд энэ нь тохиромжтой байсан” гэж Хоки тайлбарласан юм.
2010 оны сүүлчээр “Chegg” “Cramster”-ийг тодорхойгүй үнээр худалдан авав. “Chegg”-ийг “Cramster”-ээс хоёр жилийн өмнө буюу 2000 онд Айовагийн их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Жош Карлсон оюутны хотхон дотроо онлайн зах ажиллуулах зорилгоор “CheggPost” нэртэйгээр эхлүүлж байжээ. Тэрбээр бизнесийн удирдлагын мастераар суралцаж буй амбицтай оюутан Аюш Фумбхратай хамтарсныхаа дараа 2005 онд компаниа орхив. Фумбхра, шинэ хамтрагч Осман Рашидын хамт компанийнхаа нэрийг “Chegg” болгон богиносгож, үйл ажиллагааныхаа стратегийг сурах бичгийн түрээс рүү шилжүүлэв.
Оюутнууд 250 ам.долларын үнэтэй сурах бичгийг нэг семестрийн турш 30 ам.доллараар түрээслэхдээ дуртай байлаа. Гэвч ном худалдан авах, агуулах, тээвэрлэх зардал өндөр байв. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид 280 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Тэдгээр хөрөнгө оруулагчдын нэг, Цахиурын хөндийн “Kleiner Perkins” компанийн партнер Тед Шлейн “Chegg”-ийн үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор Дэн Розенсвейгийг 2010 онд нэгтгэв.
Өдгөө 60 настай Розенсвейг 1990-ээд оны сүүлчээр Нью-Йоркийн “Ziff David” хэвлэлийн компанийн технологийн мэдээллийн сайт “ZDNet”-ийг хариуцан ажиллаж, удирдах чадвараа батлан харуулжээ. “Ziff”-ийн эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн, Японы тэрбумтан Масаёши Сон тухайн үеийн интернэтийн цөм болох “Yahoo”-ийн хөрөнгө оруулагч байв. 2002- 2007 онд “Yahoo”-д үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласны дараа Розенсвейг хувийн хөрөнгө оруулалтын компанид хэсэг хугацаанд ажиллаж, улмаар алдарт видео тоглоом “Guitar Hero”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдов.
Розенсвейгийн “Chegg”-ээс өмнөх ажлын туршлага боловсрол, сурах бичигтэй огт холбоогүй боловч түүний ээж Нью-Йоркт улсын сургуулийн багш байсан ба хоёр охин нь удахгүй коллежид элсэх байсан учир “Chegg”- ийг сонирхсон аж. 2010 оны эхээр “Chegg”-д нэгдсэн даруйдаа тэрбээр цахим шуудангийнхаа гарын үсэгт “Бид оюутнуудыг нэгдүгээрт тавьдаг” гэсэн уриа нэмж оруулжээ. “Энэ нь бидэнд бага зэрэг сэжигтэй санагдсан. Гэхдээ Дэн ‘Chegg’-ийг эцсийн хэрэглэгчид боловсрол олгох төгс платформ болгох зорилготой байсан” гэж тухайн үеийн “Kleiner Perkins”-ийн партнер Чи-Хуа Чиен дурсав.
Эхний ээлжинд Розенсвейг хөрөнгө нэмж босгох хэрэгтэй байв. 2012 оноос сурах бичиг түрээсэлж эхэлсэн “Amazon”- той өрсөлддөг, алдагдалтай ажиллаж байсан ч “Chegg” 2013 оны арваннэгдүгээр сард IPO хийлээ. 12.50 ам.доллараар анх үнэлэгдэж байсан нэгж хувьцааных нь ханш 2016 оны эхээр 4 ам.долларт хүрч навс унав. Энэ нь Розенсвейгийн хувьд хүнд үе байлаа. Хувьцааных нь ханш 11 ам.доллар болж өссөн 2017 онд түүнд нэгэн сэтгүүлч “Таны харьяалагддаг Цахиурын хөндийд бүгд л тэрбумтан байдаг. Харин та тэдэнтэй адилгүй. Бүгд хувьцаагаа олон нийтэд арилждаг бөгөөд хувьцааных нь ханш ядаж ганц удаа ч болов өссөн байдаг. Харин танайх тэгээгүй” гэхэд “Тийм ээ, шаналахаас өөрийг хийж чадахгүй үе надад олон байсан” гэж хариулжээ.
2015 оны эхээр тэрбээр “Chegg”-ийн алдагдлыг бууруулах арга замыг сурах бичгийн бизнесээс олов. Номын худалдаа эрхлэгч “Ingram” компани “Chegg”-ийн сурах бичгүүдийг худалдан авахаар тохиролцсон ба энэ хооронд “Chegg” өөрсдийн брэндийн нэрээр сурах бичиг түрээслэх сурталчилгаагаа хийсээр байв. Оюутнуудын дунд олсон “Chegg”-ийн нэр хүндэд тулгуурлан Розенсвейг тэдэнд шаардлагатай үйлчилгээг олгож чадах “Internships.com”, “StudyBlue” зэрэг арав гаруй компани худалдан авчээ. Гэвч энэ төрлийн ихэнх компани дорвитой орлого олоогүй бөгөөд зарим нь дампуурсан байна. Эдгээрийн тоонд “Chegg” 2014 оны дөрөвдүгээр сард 17 сая ам.доллараар худалдан авч, тухайн ондоо татан буулгасан “Campus Special” багтана.
“Нэг дор олон кино дараалан үздэг шиг боловсролыг яагаад тийм маягаар эзэмшиж болохгүй гэж? Миний бодлоор бид боловсролыг өөрт байгаа төхөөрөмжөө ашиглан эзэмшдэг.”
Аз болоход, цөөн өрсөлдөгчтэй “Chegg Study” тогтвортой өсөлт үзүүлж байв. Цорын ганц өрсөлдөгч нь цомхон үйл ажиллагаа явуулдаг, хувийн эзэмшлийн “Course Hero” компани юм. Зах зээлийн үнэлгээ нь 1.1 тэрбум ам.доллараар хэмжигддэг тус компани ихэнх хариултаа оюутнуудаас авч бүрдүүлдэг.
“Chegg” 2020 оны нэгдүгээр сарын дундуур “Honor Shield” шинэ хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа зарлав. Профессор, багш нар шалгалт, тестийнхээ асуултыг “Chegg”-д урьдчилан оруулж, ингэснээр шалгалтын тогтоосон хугацаанд платформоос хариулт өгөхгүй байх боломжийг энэ хөтөлбөрөөр бүрдүүлэв. Их сургуулиуд зайны сургалтанд шилжсэнээс хойш 11 сарын дараа “Chegg”- ийн ерөнхийлөгч Шульц цар тахлын гэнэтийн нөлөөллөөс болж цөөн тооны оюутан манай платформыг буруу зорилгоор ашигласан гэж хэлснийг компанийн зүгээс цохон тэмдэглэжээ.
“Honor Shield” оюутнуудын хуулах хандлагыг бууруулж чадах, эсэх нь эргэлзээтэй байна. Олон ч профессор, багш энэ тэмцэлд бууж өгчээ. Лос- Анжелес дахь Калирфорнийн их сургуулийн физикийн багш Жошуа Самани итгэмээргүй олон оюутан шалгалтандаа “Chegg” ашигласан гэж үзэж байна. Гэхдээ Самани тэднийг барих гэж оролдоогүй. “Хэрэв ‘Chegg’-тэй тулалдан цаг заваа зарцуулж байгаа бол ялагдана гэдгийг хэлье” гэж тэрбээр хэлэв. 2020 оны хаврын семестрийн төгсгөлд Умард Каролинагийн их сургуулийн багш Тайлер Жонсон статистикийн хичээлийн эцсийн шалгалт өгөхдөө “Chegg” ашиглаж байсан 200 оюутныг илрүүлжээ. “Chegg Study”-ийн талаар тэрбээр “Энэ бол зүгээр л ухамсаргүй зүйл. ‘Chegg’ оюутнуудын юу хийж байгааг сайн мэднэ” гэсэн юм.
Мэдээж бүх бурууг “Chegg”-д тохох нь үндэслэлгүй. Гэртээ суугаад хичээл хийх үед элдэв буруу зүйл хийсэн ч баригдах магадлал тун бага тул тухайн хүний мөн чанараас л хамаарна. Гэхдээ “Chegg” энэ байдлыг өөгшүүлж, оюутнуудын муу дадлаар орлого олж байна. Дэлхийг дамнасан харилцаа холбоо, дижитал хэрэгсэл зэргийг боловсролыг сайжруулахын тулд л ашиглах нь зохистой атал “Chegg” түүнийг Энэтхэгээс аутсорсинг хийж, хуулах үзэгдлийг дэмжихэд ашиглаж буй нь эмгэнэл билээ.