Улсынхаа харилцаа холбооны салбарыг эзлэхийн төлөө төрсөн дүүтэйгээ 10 жилийн турш ширүүн тэмцэлдсэн Энэтхэгийн хамгийн чинээлэг эрхэм Мукеш Амбани эцсийн ялалтын зэвсэг болох “Jio” компанийнхаа түүхээс хуваалцаж байна. Өргөн зурвасын 4G үйлчилгээ үзүүлэгч тус компанийн үйлчилгээнээс хамгийн ихээр хожих хүмүүс бол Хятад, Америкийн хэрэглэгчдээс ч илүү их хэмжээний датаг харьцуулшгүй хямд үнээр хэрэглэж буй Энэтхэгийн олон сая эгэл иргэд билээ.
Нэгэн үдэш Энэтхэгийн хамгийн өндөр үнэлгээтэй “Reliance Industries” компанийн 50,000 гаруй ажилтан байгууллагынхаа 40 дэх удаагийн “Гэр бүлийн баяр”-ыг тэмдэглэхээр Мумбай хотын төвөөс 40 километр зайд байрлуулсан зөөврийн цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларчээ. “Саятан болохыг хүсвэл” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, ахмад жүжигчин Амбитабх Баччан, дуучин Сону Нигам, Болливудын мега од Шахрух Хан нараар хөтлүүлсэн тус шоуг шууд үзэхээр нэмж 200,000 гаруй хүн цахим ертөнцөөр холбогдсон байв. Нүд гялбам салют буудуулан, турк вандуйн жунзтай цагаан будааны гурилаар хийсэн банш, халуун ногоотой гэрийн бяслаг, сэвэгзарам тэргүүтнээр үйлчилсэн уг шоу шөнө дунд хүртэл таван цаг гаруй үргэлжилсэн юм.
Тэр үдшийн гол од нь “Reliance Industries”-ийн 65 настай ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал, хамгийн том хувьцаа эзэмшигч, дэлхийн тав дахь хамгийн чинээлэг эрхэм, 95 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Мукеш Амбани байв. Түүнийг үзэгчид рүү хандан “‘Reliance Industries’ дэлхийн топ 20 компанийн нэг болж чадах уу?” гэхэд гартаа барьсан гэрлээ зэрэг дээш өргөн “Тийм ээ, бид чадна. Бид шилдэг нь болно” гэцгээх цугласан олон яг л гэрлээр бүрхсэн далайн мандал мэт дайвалзан харагдаж байв.
Амбанигийн хүрсэн амжилт түүний амбицыг тод томруун харуулдаг. Дэлхийд хэмжээгээрээ 106 дугаарт бичигддэг “Reliance Industries” өнгөрсөн жил 100 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Газрын тос, байгалийн хийн салбарын нөлөө бүхий тоглогч “Reliance Industries” нь дэлхийн газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэрүүдийн нэгийг ажиллуулдаг. Түүнчлэн Энэтхэгийн худалдааны хамгийн том байгууллага бөгөөд бөс даавуу, харилцаа холбоо, амьдралын шинжлэх ухааны салбарт ч зэрэг зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Тэдний хэвлэл мэдээллийн охин компани “Network 18” нь “CNBC”, “CNN”, “MTV”, “Nickelodeon” (телевиз), “Paramount Pictures” (кино), “Forbes” (хэвлэл) зэрэг барууны брэндүүдтэй түншилдэг.
Энэ бүхнээс илүүтэйгээр Амбанигийн сэтгэлийг хамгийн ихээр бадрааж, “Reliance Industries”-ийн хувьцааны үнийг гэрлийн хурдаар өсгөж буй зүйл бол хэдхэн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлмэгцээ өнөөдрийг хүртэл 379 сая хэрэглэгчтэй болж чадсан, өргөн зурвасын 4G сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Jio” компани ба Мукеш Амбани түүнд 33 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан юм. Гараагаа эхлүүлэхдээ үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлсэн “Reliance Industries”-т эхний зургаан сарын дотор ТЭРБУМТНУУДбүртгүүлсэн хэрэглэгчид нийт үйлчлүүлэгчдийн тэн хагасыг бүрдүүлжээ. Тэд суурин утасны үйлчилгээг үнэгүй хүргэж, дата хэрэглээгээ хамгийн доод үнээр тогтоосныхоо ачаар хэрэглэгчдээ өдий хүртэл хадгалж чадаж буй. Асар хурдтай энэхүү тэлэлт “Reliance Industries”-ийн хувьцааны үнийг өнгөрсөн жил 70 хувиар өсгөж, Амбанигийн хөрөнгийг 16.9 тэрбум ам.доллараар арвижуулав. Шинжээчид энэ үзэгдлийг “Jio-ийн нөлөө” хэмээн нэрлэж байна.
Гэхдээ Амбанигийн хувьд “Jio” бол хөрөнгөө хэдэн арван тэрбумаар нэмэгдүүлэхээс илүү утга учиртай юм. Тэрбээр компаниараа дамжуулан Энэтхэгийн уудам нутаг даяар дата хувьсгал өрнүүлж, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дахь ужгирсан олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр болно гэж итгэдэг.
Амбани “‘Jio’ салбар бүрийг үндэсний хэмжээнд шинэчлэх анхны компани болж чадах уу?” гэж цугларсан олныг улам огшооход “Тийм ээ, бид чадна. Бид өөрчилнө!” хэмээн хариулав.
Амбанигийн хэлдэгчлэн “Дата бол шинэ цагийн газрын тос” ажээ.
Өмнөд Мумбайн дээгүүр онцгойрон харагддаг, 1 тэрбум орчим ам.долларын үнэтэй, 27 давхар, дэлхийн хамгийн өндөр үнэтэй хувийн орон сууцыг хувьдаа бариулснаараа Мукеш Амбани дэлхийн улс орнуудад танигдсан билээ. Тэндээ Олон улсын олимпын хорооны гишүүн, Энэтхэгийн хөлбөмбөгийн лигийн ТУЗ-ийн дарга, эхнэр Нитагийн хамт дэлхийн спорт, энтертайнмент болон загварын ертөнцийн оддыг үе үе урин зална. Тэрбээр өөрийгөө зөвтгөх мэт “Би ганцхан гэртэй. Зарим хүн шиг дэлхийн эргэн тойронд 30, 40 байр эзэмшдэггүй” гэсэн юм.
Харин Энэтхэг орон даяар тэрбээр төрсөн дүү, өдгөө 63 настай Анилтай 10 жилийн турш тэмцэлдсэнээрээ илүү танигджээ. Тэрбээр Анилыг “Reliance Industries”-ийн гэр бүлийн баярт албаар уриагүй аж.
Тэдний эцэг Дхирубхай Амбани дунд сургуулийн ядуухан багшийн гэр бүлд төрж, Махатма Гандигийн төрсөн нутаг, Порбандар тосгоноос холгүй орших алс зэлүүд газарт өсөж торнижээ. Дхирубхай гэр бүлдээ дэм болохын тулд ахлах сургуулиа хаясан аж. Улмаар долоон жилийн турш Йеменд шатахуун түгээгүүрийн газарт ажиллаж байхдаа 1957 онд Мукешийг өлгийдөн авч, удалгүй Энэтхэгт ирж ах, дүүсийн хамт хоол амтлагч худалдах бизнесээ Мумбайн 46 ам метр жижигхэн байранд анх эхлүүлжээ. 1960-аад оноос нэхмэлийн утасны салбарт орж бизнесээ тэлэн, тухайн үед шинэ төрлийн гайхамшиг гэгдэж байсан полиэстр импортлох болов.
“Полиэстрийн хаан” Дхирубхай 1996 онд синтетик бөс даавууны анхны үйлдвэрээ өөрийн төрсөн нутаг Гужаратад барьж дуусгажээ. Алхам тутамд таарах хүнд суртал, зай завсаргүй хээл хахууль дундуур цөхрөлтгүй зүтгэсээр байсан Дхирубхайд Энэтхэгийн төрийн банкууд бизнесийн зээл олгохоос татгалзсан учир 1977 онд “Reliance Industries”-ийн хувьцааг олон нийтэд арилжив. Дундаж давхаргын энэтхэгчүүдийг чиглэсэн тэдний хувьцаа асар их захиалга авчээ. Жижиг тосгоны оршин суугчид зонхилсон 58,000 хүний азаа туршин байж хийсэн худалдан авалт хэзээ ч харамсахааргүй шийдвэр байв. Удаах жилүүдэд нь хувьцааны ханш хурдацтай өсөж, улмаар Дхирубхай петрохими, газрын тос, байгалийн хийн хайгуул, боловсруулалтын салбарт хөл тавьж, эцэст нь 6.6 тэрбум ам.долларын хөрөнгөд хүрэх дардан замдаа оров.
“Аав маань Энэтхэгийг дэлхийд өрсөлдөх улс болно гэдгийг эртнээс мэддэг байсан бөгөөд үргэлж томоор сэтгэж явсан. Энэ нь ч ‘Reliance Industries’- ийн ДНК болж үлдсэн юм” хэмээн хотын төвд байрлах, 36 жилийн түүхтэй компанийнхаа байрнаас Амбани өгүүлж байна. Өөд болсон эцгийнх нь зураг ажлын өрөөний эргэн тойронд өлгөөтэй байх бөгөөд тэдний дунд 3D, сюрреалист бүтээлүүд ч харагдаж байв.
1986 онд Дхирубхай гэнэт цус харваж Мукеш, Анил нарын хариуцлага нэмэгдэв. Ах, дүү хоёр өдрийн турш хамт ажиллаж, гэр бүлийнхээ эзэмшлийн 14 давхар байранд тус тусын гэр бүлийн хамт амьдран ихэд ойр дотно байжээ. Дхирубхайг 2002 онд 69 насандаа хоёр дахь удаа харвалт өгсний улмаас таалал төгсөх үед “Reliance Industries” Энэтхэгийн хамгийн том, гэр бүлийн бизнес болсон байсан төдийгүй басхүү хамгийн нөлөөтэй компанид тооцогдож байв.
Дхирубхай өөд болохынхоо өмнө масст чиглэсэн, ил захидлаас ч бага үнээр дуудлага хийх боломжтой үүрэн холбооны бизнес эхлүүлэхийг хүсэж байж. Тухайн үед гар утасны үйлчилгээ өндөр төлбөртэй, зөвхөн чинээлэг давхаргынхны хэрэглээ байсан юм. Эцгийнхээ хүслээр жигүүрлэсэн ах, дүү хоёр үүрэн телефоны салбарт даруйхан хөл тавив.
Мукеш “Бидний зарим нь бусдаасаа илүү эрсдэл гаргах чадвартай. Эрсдэл үгүй бол амьдрал уйтгартай шүү дээ” гэв.
“Reliance Industries” 2002 оноос харилцаа холбооны салбарт хямд үйлчилгээ үзүүлж эхэлснээр зах зээлийг доргиож, үүний нөлөөгөөр нэг минут нь 32 центийн үнэтэй байсан хөдөлгөөнт холбооны үнэ 2 цент болтлоо унажээ. Харин энэ амжилтын ард компанийн удирдлагыг гартаа авах гэсэн ах, дүү хоёрын тулаан өрнөж байсан юм.
Дхирубхай гэрээслэл үлдээлгүй гэнэт өөд болсон хэдий ч “Reliance Industries”-ийн ТУЗ-ийг даргалж буй хэн ч байсан (мэдээж Мукеш байсан) удирдлагыг бүрэн авна гэсэн ойлголт гэр бүлийнхний хүрээнд, тэр тусмаа Мукешт байж. Харин ТУЗ-ийн дэд дарга асан Анил үүнтэй санал нийлээгүй бөгөөд илүү ихийг хүсчээ. Мукеш боловсруулах үйлдвэр болоод бусад том үйлдвэрүүдийг барих нүднээс далд бүхий л ажлыг гүйцэтгэсэн санагдаж байв. Тэрбээр эцэгтэйгээ илүү ойр дотно байсан бөгөөд эцэг нь Анилыг Болливудын шинэхэн одтой гэрлэх шийдвэр гаргахад хамгийн ихээр уурлаж байсан аж (Мукешийн гэргийг эцэг нь сонгож өгсөн). Ахыгаа бодвол илүү нээлттэй, илэн далангүй Анил санхүүгээ хариуцаж, банкир, хөрөнгө оруулагч, сэтгүүлч нарын өмнө “Reliance Industries”-ийн нүүр царай болдог байж. Тэрбээр ээжтэйгээ илүү дотно юм.
Маргаан даамжирсаар, дээр нь эхнэрүүдийн таарамжгүй байдал нэмэгдэж, эцэст нь 2005 онд ээж Кокилабэн нь асуудлыг зохицуулах үүднээс гэр бүлийн эзэнт гүрнээ хоёр хэсэгт хуваажээ. Мукеш хамгийн том зүсмийг хүртэж “Reliance Industries”-ийн гол бизнес болох газрын тос, байгалийн хийн салбарыг авах болж, харин Анил харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээ, цахилгаан, эрчим хүч зэрэг харьцангуй шинэ бизнесүүдээ эзэмшихээр болов.
Энэхүү хуваагдал ах, дүүсийн олон нийтэд арилжаалагдсан хөрөнгийн үнэлгээг хэсэг хугацаанд эрчтэй өсгөсөн юм. 2008 онд ах, дүү хоёрын нийт хөрөнгө хамтдаа 85 тэрбум ам.долларт хүрсэн байв. Мукеш 43 тэрбум ам.доллартайгаар дэлхийн тав дахь чинээлэг эрхмээр тодорсон. Харин Анил 42 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр түүний дараа зургадугаарт жагссан бөгөөд гол хөрөнгийг нь тухайн үед 20 тэрбум ам.доллараар үнэлэгдээд байсан харилцаа холбооны компани дахь 65 хувийн хувьцаа бүрдүүлж байв.
Санхүүгийн хямрал, ах дүүсийн тэмцэл Анилын компанийг сүйрэлд хөтөлжээ. Ах, дүүсийн найрсаг харилцаа ердөө цаасан дээрх гарын үсэг байсан нь төд удалгүй тодорхой болсон юм. Анил 2008 онд харилцаа холбооны компаниа Өмнөд Африкийн “MTN” групптэй нэгтгэхээр ажиллаж эхлэхэд Мукеш гэр бүлийн зүгээс түүнд олгосон эрхийнхээ дагуу санаатайгаар татгалзав. 2009 онд Анилын компаниудын хувьцааны ханш ихэд унаж бараг 32 тэрбум ам.доллар салхинд хийсчээ.
Ийнхүү Мукеш гэнэт харилцаа холбооны салбарт эргэн орох боломжтой болов. Мукеш 2010 онд зөвхөн өргөн зурвасын интернэт дамжуулах эрхтэй жижиг компани худалдан авч гараагаа доод шатнаас, чимээгүйхэн эхлэв. Тэрбээр “дуу, хоолой” бол бас нэг төрлийн дата мөн тул дүрмийг өөрчлөх хэрэгтэйг сайн мэдэж байж. Улмаар 2013 онд энэ бүх дүрэм өөрчлөгдөхөд Мукеш бэлэн болсон байв.
Тэрбээр “Reliance Industries”-ийн барилга, захиргаа, тусгай мэргэжилтнүүдийг ашиглаж улс, орон даяар хамарсан аварга сүлжээг төд удалгүй байгуулан одоо ч өргөжүүлсээр байгаа бөгөөд энэ жилийн эцэс гэхэд 260,000 цамхаг (заримыг нь зээлээр авсан), 300,000 километр урт шилэн кабельтай болох аж. Мөн “Qualcomm”, “Spreadtrum” зэрэг электроникийн аваргуудтай хамтарч, зардал багатай 4G гар утас үйлдвэрлэсэн нь 2G давамгайлсан зах зээлд агуу үсрэлт болжээ. Гар утсыг буцаах боломжтой, 22 ам.долларын барьцаатайгаар зах зээлд гаргав. “Reliance Industries” өнөөдрийг хүртэл уг төсөлдөө 33 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны дотор 7 тэрбум ам.долларыг зээлээр, 17 тэрбум ам.долларыг өмчийн хэлбэрээр, мөн нийлүүлэгчийн зээл, хойшлуулсан төлбөр (9 тэрбум ам.доллар) багтаж буй.
Байж боломгүй хямд, байж боломгүй хурдтай төдийгүй улсынхаа нийт газар нутгийн 95 хувийг хамарсан зэрэг нь “Jio”-ийн хөгжлийг гэрчилнэ. Салбар нэгт бусад компани ердөө зах зээлээс арчигдахгүйн төлөө тэмцэж байна. “Telenor”, “Tata Group” компани утасгүй холбооны бизнесээ Сингапурын “Singtel”-тэй хамтарсан харилцаа холбооны магнат Сунил Митталын эзэмшил “Bharti Airtel”-д худалдсан байна. Нэгэн цагт өрсөлдөгч явсан “Vodafone India” болон тэрбумтан Кумар Бирлагийн “Idea Cellular” компаниуд довтолгоонд илүү тэсвэртэй байхын тулд хоорондоо нэгдэв. Түүнчлэн Мукеш Анилын өрөнд баригдсан харилцаа холбооны бизнесийн үлдэгдлийг 3 тэрбум гаруй ам.доллараар худалдаж авснаар дүүгийнхээ зүгээс ирсэн бүх доромжлолыг эцэс болгожээ. Тус компани нэгэн цагт 43 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан билээ.
Мукеш “Энэ бол цэвэр бизнесийн шийдэл байсан. Хэн хэнд маань ашигтай үйлдэл болсон” гэв.

Таван жилийн тэртээ нэг тэрбум гигабайт хүрэхгүй шахам байсан Энэтхэгийн дата хэрэглээ “Jio”-ийн ачаар өдгөө нэг жилийн 15 тэрбум гигабайтаар хэмжигдэж байна. Ийнхүү Энэтхэг дата хэрэглээгээрээ Хятад, АНУ-аас дээгүүр бичигддэг болов. Өнөөдөр “Jio” дангаараа “Sprint”, “Verizon”, “AT&T” нарыг нийлүүлснээс ч их хэмжээний хөдөлгөөнт дата урсгалыг хянаж байна.
Тэр их мэдээллийн урсгалаар эх орноо өөрчилж, ядуурлаас ангижруулах том амбиц Амбанид бий. Тэрбээр “Үр ашиггүй бүхнийг би боломж болгон харж байна” гээд Энэтхэгийн бүтээмж муутай, чанаргүй хөдөө аж ахуйн салбарыг жишээ болгосон юм. “Jio” жижиг хэмжээний газар эзэмшдэг 120,000 гаруй энэтхэг фермерүүдийг чиглэсэн платформ хөгжүүлсэн бөгөөд үүгээрээ дамжуулж тэдэнд үр суулгах, ургац хураах техникийн мэдлэгийг түгээхээс гадна тухай үеийн зах зээлийн ханшийн мэдээ авах, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй холбогдох боломж олгох юм.
Тэр байтугай Энэтхэгийн боловсролын салбарт шинэчлэл хийхэд “Jio” оролцоно гэж Амбани үздэг. Тэрбээр “Jio”-гоор дамжуулан нэг жилийн дотор Энэтхэгийн коллежид сурч буй 35 сая оюутныг холбоно хэмээн найдаж байна. Үүнтэй зэрэгцэн улсынхаа хамгийн алслагдмал, жижиг тосгон бүрт үйлчилгээгээ хүргэх хүсэлтэй.
Гэвч ашиг, орлого үгүй бол энэ бүхэн мөрөөдлийн жагсаалтад үлдэх нь мэдээж. Гэтэл компанийн гол давуу тал болох хямд үнийн бодлого тэдний санхүүд сөргөөр нөлөөлсөөр байна. “Jio” амжилтад хүрэхийн тулд захиалгаа нэмэгдүүлэхээс гадна “Jio Cinema”, “Jio Music” зэрэг аппликейшнийхээ тусламжтайгаар их хэмжээний дата ашиглуулан, үйлчлүүлэгчдээ алдалгүйгээр аль болох дата төлбөрөө нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна. Тиймээс тэдний одоогийн үнэ тогтвортой биш юм.
Санхүүгийн асуудалд санаа зовсон шинжгүй харагдах Амбани аль болох далайцтай хөдлөхийг хүсэх аж. Өдгөө гурван хүүхдээ бизнесийн удирдах ухаанд сургаж буй түүнд 12 километрийн тэртээгээс “Reliance Industries”-ийг тандан суух таалагдаж буй бололтой. Удирдлагын зөвлөлд ажилладаг ч өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй Амбани “Сүүлийн үед би хошуугаа илүү дүрж, харин гараа холхон байлгаж байна” хэмээв. “Jio”-ийн хувьцааны ханш нэгэн хэвийн, өсөлтгүй байгаа ч тэрбээр Энэтхэгийн олон сая эгэл иргэнийг өндөр хурдны интернэтээр хангах, түүнийг дагах олон боломжийг ашиглах үндсийг тавьж өгсөндөө сэтгэл өег явдаг.
Мукеш Амбани “Энэ бол өрсөлдөөн. Энэтхэг дэлхийн бусад орнуудтай өрсөлдөж байна” гэв.