Цахилгаан хөдөлгүүртэй автомашинд чиглэсэн худалдан авагчдын сонирхол урьд байгаагүй өндөр түвшинд хүрээд байгааг “Ernst & Young” фирмийн хийсэн судалгаа харуулжээ.
Тавдугаар сард хэвлэгдсэн тус судалгаанаас үзвэл дэлхийн худалдан авагчдын 52 хувь нь дараагийн машинаараа цахилгаан машин сонгох хүсэлтэй байсан нь сүүлийн хоёр жилд 22 пунктээр өсөж, анх удаа 50 хувийн босгыг давсан үзүүлэлт болжээ.
Таамгийн дагуу АНУ-д цахилгаан машины сонирхол эрс нэмэгдсэн ч эрэлтийн ихэнх хувийг Европ болон Азийн зах зээл бүрдүүлжээ.
“18 орны 13,000 иргэний дунд явуулсан судалгаагаар Итали (73%), Хятад (69%), Өмнөд Солонгосын (63%) худалдан авагчдын дунд цахилгаан машин авах сонирхол хамгийн их байсан бол Австрали (38%) болон АНУ-д (29%) энэ үзүүлэлт хамгийн бага байна” хэмээн судалгаанд дурджээ.
Цахилгаан машины эрэлт нэмэгдэхэд байгаль орчны асуудал гол түлхэц (38%) болсон бол шатахууны үнийн өсөлт болон дотоод шаталтын хөдөлгүүртэй машинд оноох татвар, торгууль (34%) нь дараагийн нөлөөлөх хүчин зүйл болжээ.
Уг судалгааны үр дүн нь “дэлхийн машин худалдааны зах зээлд эргэлтийн цэг ирснийг илтгэж байна” хэмээн “Ernst & Young” фирмийн дэвшилтэт үйлдвэрлэл, тээврийн хэлтсийн дарга Рэнди Миллер өгүүлсэн байна.