ХБНГУ ирэх өвөл байгалийн хийн нөөцөө хангалттай байлгахын тулд нүүрсний хэрэглээгээ одоогоос нэмэгдүүлэх шаардлагатай болсныг тус улсын эдийн засгийн сайд Роберт Хабек ням гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Герман улс Оросоос авах газрын тосны импортоо 2022 оны эцэст бүрэн зогсоож, мөн байгалийн хийн импортыг үе шаттайгаар тэглэх төлөвлөгөө гаргаад буй. Тиймээс энэхүү эрчим хүчний шилжилтийн үеийг хохирол багатай даван туулах үүднээс нүүрсний цахилгаан станцуудаа дахин ашиглахаар болсон аж
“Нөхцөл байдал ноцтой байна. Бид хийн хэрэглээгээ цаашид бууруулах ч хадгалах байгууламжуудад хангалттай хийг нөөцлөх ёстой. Эс бөгөөс өвлийн улиралд нөхцөл байдал үнэхээр хэцүү байх болно” хэмээн Хабек өгүүлжээ.
Герман улс орон сууцууд болон хүнд үйлдвэрлэлээ эрчим хүчээр хангахад Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай ч Украинд дайн эхлэхээс өмнө Москвагийн импортын 55 хувийг 35 хувь хүртэл бууруулж чаджээ.
Гуравдугаар сард Германы хууль тогтоогчид өвлийг аюулгүй давахын тулд халаалт эхлэхэд хийн агуулахууд заавал дүүрэн байх ёстой гэсэн журмыг баталсан юм. Тодруулбал аравдугаар сарын 1-нд агуулахууд 80 хувийн дүүргэлттэй, арван нэгдүгээр сарын 1-нд 90 хувийн дүүргэлттэй байх ёстой гэжээ. Одоогийн байдлаар Германы байгалийн хийн хадгалах байгууламжууд 56 хувийн нөөцийг бүрдүүлээд байгаа аж.