Японы Sony болон Honda Motor компаниуд цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэлийн хамтарсан компани байгуулахаар пүрэв гарагт албан ёсны гэрээ байгуулсан байна. Хоёр талын тэнцүү өмчлөх тус компани 2025 оноос эхлэн цахилгаан автомашин худалдаанд гаргах аж.
Honda болон тэдний өрсөлдөгч Toyota компаниуд цахилгаан машины үйлдвэрлэл рүү шилжихдээ дэлхийн бусад авто үйлдвэрлэгчдээс нэлээн хоцорч байгаа. Хөрөнгө оруулагчдын зүгээс тус компанид нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй, мөн автомат жолоодлого зэрэг дэвшилтэт технологитой машин үйлдвэрлэх тал дээр шахалт үзүүлж буй аж.
Одоогийн байдлаар “Honda e” хэмээх ганцхан маркийн цахилгаан машин үйлдвэрлэдэг тус компани 2030 он гэхэд энэ тоог 30 болгож, жил бүр 2 сая цахилгаан машин зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.
“Sony Honda Mobility” нэртэй хамтарсан компанидаа Honda-ийн зүгээс автомашин үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр мэргэшсэн туршлагаа, Sony-ийн зүгээс программ хангамж, технологийн шинэчлэлийн ноу-хаугаа шингээх болно хэмээн пүрэв гарагт хоёр талын төлөөлөл мэдэгджээ.
Хоёр компани тус бүр 5 тэрбум иенээр (37.52 сая ам.доллар) “Sony Honda Mobility”-г санхүүжүүлэх аж.