Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Лидерүүд

Томоор зураглагч

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Томоор зураглагч
Share on FacebookShare on Twitter

Нийгэмд уул уурхайн компани гэдгээр түлхүү танигдаад байсан “Монполимет групп”-ийн удирдлагыг Н.Мөнхнасан гартаа авснаас хойш тус группийг бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компани гэж олон нийт хүлээн зөвшөөрөх болсон. Энэ шилжилтийг хийхдээ тэр бизнесийн гэхээсээ илүүтэй хувь хүний хүсэл зорилгодоо хөтлөгдсөн гэв. Түүний мөрөөдөл ядуурлыг бууруулах.

Gini coefficient буюу хүн амын орлогын ялгаа жил ирэх бүр ихсэж байгаад Н.Мөнхнасан эдийн засагчийн хувьд ихэд санаа зовнидог байжээ. Гэхдээ баялгийг тэгш хуваарилах боломж манай улсад байгаа гэдэгт тэрбээр итгэдэг тул 2006 онд Жорж Вашингтоны их сургуульд санхүүгийн инженерчлэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Сургуулиа төгсөөд ирэхэд эдийн засаг маань түүхий эдээс хэт хамааралтай, үндэсний хуримтлалгүй, төсөв нь улс төрийн мөчлөг дагаж явдаг байсан. “Томоохон аж ахуйн нэгжүүдийг харахад уул уурхай, банк гэсэн хоёрхон салбарт үндсэндээ хуваагдаж ажиллана. Тиймээс байгалийн баялаг болон санхүүгийн зах зээл хоёрын дунд асар их боломж байгааг олж харсан. Цемент бол зөвхөн барилгажилтын төслүүдийн дэд бүтцэд хамаатай зүйл биш юм. Ингэж харах нь хэтэрхий гүехэн, мэдлэггүй ойлголт. Цемент бол цаашлаад агаар, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй асуудлуудыг цогцоор нь шийдэхэд шаардагдах суурь бүтээгдэхүүн юм шүү” хэмээн тэрбээр хүнд аж үйлдвэрийн салбарт хөл тавих болсон тухайгаа тун энгийнээр тайлбарлалаа.

“Монполимет” группийн бизнес загварт эрс өөрчлөлт оруулсан “Монцемент” үйлдвэр нь өнөөдөр Монгол Улсын цементийн хэрэглээний 30-40 орчим хувийг дангаараа хангаж байна. “Монголд олон жил бизнес эрхэллээ. Эх оронд маань хэрэгцээтэй юу байна гээд шинжлээд үзэхээр үйлдвэржилт гэж хариулж болохоор байна. Манай эдийн засгийн бүх сектор хоёр хөршийн эдийн засгийн бодлогоос шууд хамааралтай байдаг. Тиймээс бидэнд дотоодын нийлүүлэлтийн хараат бус байдал л хамгаас чухал” хэмээн тэр үзэл бодлоо илэрхийллээ. Ийнхүү тун товчхоноор дэд бүтцээ өргөжүүлэн тэлэх, сайжруулан чанаржуулах асуудлыг тэр хөндөж буй юм. Мэдээж энэ төслүүдийн хамгийн чухал орц нь цемент гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. “Модыг сайн арчилж ургуулж байж л үр, жимсээ сайн өгнө. Эдийн засгийг маань сэргээн босгож ирэх нэг том модыг ургуулах хамгийн чухал бүтээгдэхүүнийг би цемент гэж харсан. Цемент бол стратегийн бүтээгдэхүүн төдийгүй эдийн засгийн том хэмжигдэхүүн. Cement Consumption Per Capita гэж эдийн засгийн хөгжлийн чухал үзүүлэлт бий. Тиймдээ ч аливаа улсын хүнд үйлдвэрийн салбар хөгжихөд эхлээд цементийн үйлдвэрүүд нь хөгжиж байж өөр олон зуун бүтээн байгуулалт хөдөлсөн байдаг” гэж мөн онцолж байлаа.

Өнөөдөр тэд дараагийн том төслөө хэрэгжүүлэх боломж, эдийн засгийн нөөцийн тооцооллоо хийж байна. Энэхүү төсөл нь агаарт цацагдаж буй нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй технологи бүхий бас нэгэн хүнд үйлдвэр аж. “Барилгын орцын 20 хувийг цемент, 23 хувийг арматур төмөр эзэлдэг. Тиймээс цаашид стратегийн гэж үздэг гол бүтээгдэхүүнүүдийг эх орондоо өөрсдөө үйлдвэрлэхээр ТЭЗҮ хийгээд явж байна”. Цементийн үйлдвэрт Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-аас хөрөнгө татахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь үйлдвэрийн технологи ногоон хөгжлийн зарчимд суурилсан, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг багтаасан байх явдал юм. Тухайлбал, хаягдал халуун хийгээ цахилгаан энерги болгон хувиргадаг, усаа дахин ашигладаг, хүлэмжийн хийн ялгаруулалт бага гэх мэт. “Монголд үйлдвэр барих шиг зовлонтой юм байхгүй. “Импортын цементээрээ явах л байсан шүү дээ, яах гэж үйлдвэр барьсан юм” гэж бидэнд Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудын нэг хэлж байсан удаатай. Монголд болохгүй, бүтэхгүй байгаа юмсыг би микро түвшинд мэдэрч, харж байна. Үүнийг өөрчлөхийн тулд дуу хоолойгоо бусад бизнес эрхлэгчтэйгээ нийлж нийгэмдээ хүргэхийг зорьдог болсон. Залуучууд бид хэзээ ч шантарч болохгүй. Улсынхаа төсөв, мөнгийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд давуу талаа нэгтгэж, хамтарч чаддаг болчихвол бүр ч илүү үр бүтээлтэй ажиллана гэж боддог. Тийм учраас энд тэнд, тархай бутархай тэнэж яваа үй олон бизнес санаанууд биеллээ олж, бүтээн байгуулалт болон өндийх хэрэгтэй байна. Үүний төлөө залуучууд маань эх орондоо ирж ажиллах хэрэгтэй байна” гэж тэр ярьж байна.

RELATED STORIES

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022

“МОНПОЛИМЕТ” ГРУПП ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДЭД НИЙТ 687 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛСӨН БАЙНА.

“Монцемент” төслийн хувьд “Монполимет” группийн хайгуулын компанийн олсон шохойн чулууны ордыг түшиглэн анх байгуулагдсан юм. “Барилгын материалд хамгийн нийцтэй шохойн чулууны ордыг ийнхүү олж, хөгжүүлсэн. Мэдээж ордыг нээх, хөгжүүлэх энэ үйл явц бол том хөрөнгө оруулалт шаардах ажил. Тийм учраас “Монцемент” төслийн хөрөнгө оруулалтыг эхлээд гадаадаас хайж эхэлсэн. Зорьж очоогүй, уулзаагүй банк гэж байхгүй. Тэдгээрээс ЕСБХБ манай компанийн 30 жилийн замналыг үнэлж, байгаль орчны чиглэлд хуримтлуулсан туршлагыг маань тус банкны зорилго, шаардлагад нийцэж байна гэж үзсэн. Тийм ч учраас ”Монцемент” төслийн 20 хувийг эзэмшдэг хэрнээ, групп компанитай хамтран төслийн 80 хувийг санхүүжүүлсэн юм. Үндэсний үйлдвэр болох учраас үлдсэн 20 хувьд нь үндэсний ямар нэгэн банк оролцох ёстой гэсэн шаардлагыг ЕСБХБ бидэнд тавьсан. Тийм учраас Хөгжлийн банканд хандсан хэрэг. Хөгжлийн банк өөрөө ч импорт орлож, экспортыг нэмэгдүүлэх, стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдэд зээл олгох зорилготой байгуулагдсан банк шүү дээ. Энэ зорилттой нь таарч, нийцэж байсан. Өөр боломж ч үнэндээ тухайн үед байгаагүй. Худалдаа, хөгжлийн банк, “Голомт” гэх мэт үндэсний томоохон банкууд хамтран санхүүжүүлэх хувилбар яригдаж байсан боловч зээлийн хугацааны хувьд хамтрах боломж байгаагүй. Арилжааны банкнуудын зээлийн хугацаа богино байдаг. Хөгжлийн банкны өгч буй 3-5 жил гэдэг ч хүнд үйлдвэрийн хувьд богино хугацаа шүү дээ. Цементийн үйлдвэрийн төсөлд зориулж бусад улсад бол 10-15 жилийн хугацаатай зээл олгогддог” хэмээн төслийн хөгжүүлэлтэд тулгардаг санхүүгийн асуудлуудын талаар тэр ийнхүү туршлагаасаа жишээ татан өгүүлэв.

Төсөл ашгаа өгөх хугацаа болоогүй байна. Хөгжлийн банкаас авсан ам.долларын зээлд гэхэд гадаад валютын ханшийн өсөлтөөс үүдэж тэд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж. Дээрээс нь хүн төрөлхтнийг нийтээр нь нөмөрсөн цар тахлын гамшгийн улмаас нөхцөл байдал улам хүндэрсэн. Үүнээс зугтах боломж бидний хэнд ч олдоогүй. Нэг талаас цар тахлын улмаас нийлүүлэлтийн хомсдол үүсэн, барилгын материалын үнэ өссөн боловч зах зээл өөрөө бүхэлдээ зогсонги байсан нь томоохон гарз дагуулжээ. Тухайлбал, арматурын үнэ гэхэд 103 хувиар өссөнөөр салбар тэг чигтээ бүтээгдэхүүний үнэ буурахыг хүлээсэн удаашралд орсон байна. Арматургүйгээр бетон цутгалт явагдахгүй тул цементийн борлуулалтад үнийн өсөлт сайнаар нөлөөлөхгүй. Гэсэн ч эдийн засгийн хүндрэлийн үед үйлдвэрлэлийн гинжин хэлхээгээ таслахгүй байхыг урьтал болгон ажилласан талаараа тэрбээр ярилаа. Үүний тулд ханган нийлүүлэгчдийнхээ үйл ажиллагааны тогтвортой байдалд дэм болох арга чарга эрэлхийлэх хэрэгтэй болжээ. “Бидний хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг урьдчилж төлөх нөхцөл санал болгосон. Яагаад гэвэл эдийн засгийн хүндрэлийн үед хамгийн түрүүн тэдэнд цалин тавих, түрээсээ төлөх бэлэн мөнгө хэрэгтэй. Ингээд бидний үйлдвэрлэл зогссон хэдий ч боломжийнхоо хэрээр төлбөрүүдээ урьдчилж хийсэн” гэлээ. “Монполимет” групп өнгөрсөн хугацаанд үндэсний хэмжээнд ханган нийлүүлэгчдэд нийт 687 тэрбум төгрөг төлсөн байна.

Алдагдал ихтэй, зардлаа удаан нөхдөг хүнд үйлдвэрийн төслүүдийг ингэж зориглон, зэрэг эхлүүлж байгаа нь эцсийн дүндээ ядуурлыг бууруулах, баялгийг хүртээмжтэй хуваарилах дэд бүтцийг бий болгох үйлсэд оруулж буй түүний хувь нэмэр гэж тэрбээр үзэж буй. Нийгмийн тулгамдсан асуудлуудыг улс төрөөс хамааралгүйгээр шийдэх гарцыг олохын төлөө тэр хэзээнээсээ ажилласаар ирсэн хүн. “Мөнх тогтвортой хөгжил” сан бол түүний удирддаг нийгмийн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага бөгөөд уг санг тэрбээр Монголын анхны филантроп сан болгон хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм. “Сан маань одоогоор цэцэрлэг, сургууль барьдаг эсвэл эмэгтэйчүүд, хүүхдүүдэд нэн яаралтай үед тусламж үзүүлдэг. Цаашид гаднын байгууллагуудтай хамтарч ажилладаг, ганц Монгол биш олон улсын шилдэг менежменттэй сан болгохоор судалгаа хийн ажиллаж байна. Заавал төрийн дэмжлэг эсвэл ардаа дэлхийн том компани байдаг жишгээс хол энэ санг авч явах болно. Зөв удирдаж, хүмүүсийг ажил орлоготой, хэрэгцээт боловсрол, сайн эрүүл мэндтэй болоход туслах чиглэлийг баримталж ажиллана” хэмээн сангийнхаа талаар тэр ярилаа.

Үүгээрээ тэр Билл Гэйтс, Уоррэн Баффет эсвэл Ли Ка Шинг нартай “барьцаж”, нийгэмд томоохон эерэг өөрчлөлт бий болгосон бизнес эрхлэгч эмэгтэй хэмээн түүхэнд бичигдэн үлдэхийг хүсэж байх шиг. Хүн заавал улс төрд орж байж улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлолцох шаардлага байхгүй гэж тэр үздэг. Мөн “Шарк Танк” шоу нэвтрүүлэгт оролцсоноор сангийн үйл ажиллагаагаа шинэ чиглэлд залах бодол тээх болжээ. “Залуучууд юу хийж бүтээж, юу хүсэж эрмэлзэж байгааг мэдрэх зорилгоор “Шарк Танк” нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцсон. Бид залхуу үндэстэн биш юм. Сайхан амьдаръя, сайн орлоготой болъё гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүн олон байгааг, шинэлэг санаагаар тэдний уураг тархи баян байгааг олж харсан. Сан маань ч энэ чиглэлээр ажилладаг байж болох юм гэж бодсон” хэмээв.

Сангийн үйл ажиллагааг жижиг, дунд бизнесийг дэмжих, хөрөнгө оруулах чиглэлд хөтлөхөөр төлөвлөж буйтай нь холбогдуулан түүнийг хөрөнгө оруулсан бизнес, хамтарч ажилласан түншүүдээсээ ямар чанарыг нь эрхэмлэдэг болохыг нь сонирхоход “Юун түрүүнд хэлсэндээ хүрдэг байх чухал. Энэ тал дээр эмэгтэй хүмүүс илүү зарчимч байдаг шиг санагддаг” хэмээн хариулав. Н.Мөнхнасан “Жендер талаас яривал эрчүүд алсын хараандаа голчлон төвлөрч, дотоод ажлын нарийн ширийнийг тэр бүр хайхрахгүй байх тал ажиглагддаг. Харин эмэгтэйчүүд аливаа асуудлыг илүү няхуур авч үзэх, дотоод засаглал, асуудлуудадаа илүү анхаардаг юм шиг санагддаг. Тиймээс жендерийн тэгш байдлыг хангаснаар аливаа засаглалын тогтвортой байдал хангагдана” гэдэгт итгэлтэй байдаг аж. Тиймээс тэр “Монполимет” группийн удирдлагын баг болон “Монцемент” үйлдвэрийн инженерүүдийг эмэгтэйчүүдээр түлхүү бүрдүүлжээ. Замналаа үргэлжлүүлж, зорьсондоо хүрэхэд нь түүний өмнө хийх ажил их байна. Н. Мөнхнасангийн санаандаа багтааж яваа бас нэгэн том төлөвлөгөө нь “Монцемент”-ийг олон нийтэд нээлттэй компани болгох. Түүний хэлснээр “Энэ зорилго хэрэгжих нь угаасаа цаг хугацааны асуудал” юм.

Ц.ЭЛБЭГСАЙХАН

Bat-Ochir

Related Posts

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч
Лидерүүд

Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч

16/06/2022
Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана
Лидерүүд

Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана

13/06/2022
“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”
Лидерүүд

“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”

06/06/2022
“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц
Лидерүүд

“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц

03/06/2022
Том төслүүдийн том шийдэл
Лидерүүд

Том төслүүдийн том шийдэл

02/06/2022
Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч
Лидерүүд

Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч

31/05/2022
Сайн хамт олон амжилтын хэмжүүр
Лидерүүд

Сайн хамт олон амжилтын хэмжүүр

18/05/2022
Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”
Лидерүүд

Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

11/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist