Шведийн IKEA компани хойд хөрш дэх үйлдвэрүүдээ зарж, оффисуудаа хааж, 15,000 гаруй ажилчдынхаа багагүй хувийг цомхотгох шийдвэр гаргаснаа лхагва гарагт зарлажээ.
ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллээс шалтгаалсан барууны хориг арга хэмжээ дагаж, түүнчлэн Кремлийн зүгээс гадаадын хөрөнгийг хураах эрсдэлээс сэргийлэхийн тулд дэлхийн хамгийн том тавилгын брэндийн сүүлд авч буй арга хэмжээ нь энэ болж байна. Өмнө нь IKEA Орос дахь дэлгүүрүүдээ хааж, бараа нийлүүлэлтийг түр зогсоогоод байв.
Гэхдээ тус компани ажилчдынхаа цалинг наймдугаар сар дуустал үргэлжлүүлэн олгох аж.
2000 онд Орост анхны дэлгүүрээ нээж байсан IKEA ирээдүйд тус улс дахь борлуулалтаа сэргээх боломж огт харагдахгүй байгааг мөн дурджээ.
Ингэснээр тус брэнд нэрийг эзэмшихийн зэрэгцээ нийлүүлэлтийг хариуцдаг “Inter IKEA” компани дөрвөн үйлдвэртээ худалдан авагч хайх хэрэгтэй болж байгаа аж. Түүнчлэн Москва, Минск дахь худалдан авалт, логистикийн хоёр оффисыг бүрмөсөн хааж, ажилтнуудаа цомхотгох болно хэмээн мэдэгджээ.