Нийт 163 тусгаар улс, бүс нутгийг аюулгүй байдлын түвшнээр нь жагсаасан Дэлхийн энх тайвны индекс буюу GPI-ийн 2022 оны эрэмбийг Олон улсын эдийн засаг, энх тайвны институтээс гаргасан байна.
Дэлхийн хүн амын 99.7 хувийг хамардаг GPI нь бодитой эх сурвалжуудаас авсан тооны болон чанарын 23 үзүүлэлт дээр тулгуурлан дараах гурван үндсэн үнэлгээний дагуу улс орнуудын энх тайвны түвшнийг тооцоолдог байна.
- Нийгмийн аюулгүй байдал, хамгааллын түвшин
- Одоо үргэлжилж буй дотоодын болон олон улсын зөрчлийн цар хүрээ
- Цэрэгжилтийн түвшин
Эдгээр үнэлгээний дундаж оноогоор Исланд улс тэргүүлж, 2022 оны дэлхийн хамгийн тайван орон болсон бол Шинэ Зеланд, Ирланд улсууд удаалжээ. Эхний таван байрын дөрөвт нь Европын орнууд багтсанаар тус тив дэлхийн хамгийн тайван бүс нутгаар дахин тодорч байна.
Харин дэлхий нийтийн энх тайвны түвшин энэ онд 0.03 хувиар буурснаар 14 дэх жилдээ дараалан уналттай үзүүлэлтийг харуулжээ. Тодруулбал 163 орны 84 нь буурсан үзүүлэлттэй байсан бол 77 орны энх тайвны түвшин сайжирчээ.
Монгол улсын хувьд энэ жил 1.775 оноо авснаар өмнөх жилийнхээс хоёр байраар ухарч, 42 дугаарт бичигдсэн байна. Харин Ази тивийн хэмжээнд тайван байдлаараа Тайванийн ардаас, Өмнөд Солонгосын өмнө буюу долоодугаарт бичигджээ. Түүнчлэн улс орнуудыг цэрэгжилтийн байдлаар нь хамгийн тайвнаас нь эхлэн үнэлсэн жагсаалтад манай орон дэлхийд 13-р байрт орсон байна.
Оросын эзлэн түрэмгийллийн уршгаар Украин улс энэ жил бусад орнуудаас хамгийн их буюу 17 байраар ухарч, 153 дугаарт орсон бол ОХУ таван байр ухарч, 163 орноос 160-д оржээ. Харин БНХАУ зургаан байраар дээшилж 89 дүгээрт, АНУ нэг байраар хойшилж 129 дүгээрт бичигдсэн байна.