“Epic Systems”-ийг үүсгэн байгуулагч тэрбумтан Жуди Фолкнер эрүүл мэндийн цахим бүртгэлийг анх нэвтрүүлж, зах зээлд ноёлж байв. Харин цар тахлын улмаас дижитал эрүүл мэндийн зах зээл эрчтэй хөгжиж буй тул олон жилийн турш гол тоглогч байсан тэрбээр зах зээлээс шахагдаж магадгүй байна.
Висконсин мужийн Верона хотод 400 гаруй га газар хамардаг, эрүүл мэндийн программ хангамжийн компани “Epic Systems”-ийн хотхон даяар үлээвэр найрал хөгжим сүрдэм цуурайтав. Хятад болон хөөрхийлөлтэй хувь заяатай хэд хэдэн хөлөг онгоцыг эс тооцвол 2020 оны хоёрдугаар сард дэлхийг хамарсан коронавирусын цар тахал энэ хавиар ор сураггүй байв. “Epic”-ийн хувьд эгэл жирийн бизнесийн өдөр аж. Барокко маягийн гэрлэх ёслолыг санагдуулам энэхүү арга хэмжээ компанийн 10,700 ажилчдыг ажлаас нь түр холдуулжээ. Улмаар Флоридад төвтэй “AdventHealth” компани 37 салбар эмнэлэгтээ “Epic”-ийн эрүүл мэндийн бүртгэлийн системийг нэвтрүүлэх болсныг зарлав. Бүртгэлийн системийг бүрэн суурилуулахад гурав гаруй жил, 650 сая орчим ам.доллар шаардагдах бөгөөд урсгал засварыг нэмж тооцвол энэ зардал жилд хэдэн саяар нэмэгдэнэ. “Энэ нь үйлчлүүлэгчидтэйгээ удаан хугацааны харилцаатай байх боломж өгдөг” гэж “Epic”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жуди Фолкнер ховорхон өгдөг ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр олон жилийн өмнө “Mayo Clinic”-ээр зочлохдоо шинэ хүүхэд мэндлэх бүрт бүүвэйн дуу тоглож байхыг сонсоод гэрлэх ёслолын санааг бодож олжээ. Шинэ үйлчлүүлэгч “дөнгөж төрсөн хүүхэд биш, гэрлэх ёслол шиг санагдсан” гэж тэрбээр тайлбарлав.
Үнэндээ эмнэлгийн удирдлагууд америкчуудын гэр бүлээ гэсэн сэтгэлээс илүү “Epic”-т үнэнч байдаг. “Epic”-ийн дундаж үйлчлүүлэгч программ хангамжаа арваад жил ашигладаг бөгөөд Фолкнерын компани үйлчлүүлэгчдээ өөр компанид худалдагдахаас бусад тохиолдолд хэзээ ч алдаж үзээгүй гэж батлан өгүүлэв. “Epic”-ийн программ өвчтөнийг анх үзлэгийн цаг авахаас эхлээд эмчид үзүүлж оношлуулах, рентген зураг авхуулах, мэс заслын өрөөнд орох, төлбөр тооцоо хийх, эмнэлгээс гарсны дараах хяналт зэрэг бүх түүхийг удирддаг. Компанийн бүтээгдэхүүн ерөнхийдөө эрүүл мэндийн цахим бүртгэл мөн боловч цаашилбал санхүүгийн менежмент, харилцагчийн үйлчилгээ, өгөгдлийн шинжилгээ зэрэг өргөн хүрээг хамардаг.
“Epic”-ийн бүтээгдэхүүнийг “Cleveland Clinic”, “John Hopkins”, Бостоны хүүхдийн эмнэлэг зэрэг томоохон эрүүл мэндийн төв, хүүхдийн эмнэлгүүд түгээмэл хэрэглэдэг. Тус компанийн 564 үйлчлүүлэгч байгууллагад дэлхийн 2,400 эмнэлэг багтах ба АНУ-ын нийт хүн амын 60 гаруй хувь буюу 225 сая өвчтөн үйлчлүүлж байна. Үүнийг мөнгөн дүнд хөрвүүлбэл 2020 оны орлого 3.3 тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж байна. Covid-той холбоотойгоор 500 сая орчим ам.долларын үнэ бүхий халдварын менежментийн хэрэгсэл, эмнэлгийн өргөтгөлд зориулсан программ хангамжийг үнэ төлбөргүй олгосон Фолкнер “Covid-оор мөнгө хийнэ гэж байж боломгүй зүйл” гэж ярив.
Өдгөө 77 настай Фолкнер “Epic”-ийг 1979 онд үүсгэн байгуулснаас хойш гаднын хөрөнгө оруулагч, Уолл-Стритийн саналуудаас эрс татгалзсаар иржээ. 2007 онд “Epic” ердөө 500 сая ам.долларын борлуулалт хийдэг байв. Харин арван жилийн өмнө нэг тэрбум ам.долларын орлогод хүрч, түүнээс хойш жил бүр 15 хувийн өсөлт үзүүлдэг болжээ. “Ebidta”-ийн тооцоолсноор компани ямар ч өр төлбөргүй ба мөнгөн урсгал нь 30 гаруй хувьтай байна. “Forbes”-ийн тооцоолсоор “Epic”-т 47 хувь эзэшдэг Фолкнерын хөрөнгө 6 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр тэрбээр өөрийн хүчээр амжилтад хүрсэн хамгийн чинээлэг Америк эмэгтэйчүүдийн хоёрдугаарт жагсав. Үлдсэн 53 хувийг ажилчид, хамтран үүсгэн байгуулагчид, анхны хөрөнгө оруулагчид нь хуваан эзэмшиж байна.
2019 оны байдлаар “Epic” АНУ-ын 880,000 гаруй эмнэлгийн орны 39 хувийг хариуцаж байсан гэж “KLAS Research” компани тооцоолжээ. Зах зээлийн үлдсэн хэсгийг Массачусетсын нээлттэй хувьцаат “Cerner”, “Meditech”, “Allscripts”, “CPSI” зэрэг цөөн компани хуваан авчээ. “Epic”-ийн ноёрхлыг буруутгадаг шүүмжлэгч, өрсөлдөгчид нь бусад системтэй мэдээлэл солилцоход хүндрэлтэй, сүлжээ нь хаалттай хэмээн шүүмжилдэг. Харин Фолкнер мэдээллээ хуваалцдаг ч өвчтөний хувийн нууцлал бүхнээс чухал гэдгийг онцлов.
“Epic”-ийн хамгийн том давуу тал буюу бүгдийг өөрсдөө хариуцах зарчим Covid-ийн дараа хамгийн том хариуцлага болж магадгүй байна. Цар тахал АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоонд нэн даруй өөрчлөлт хийхийг шаардаж буй. Өвчтөнүүд эмнэлгээс аль болох хол байхыг хүсэх болсон тул эмч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид шинэ технологийг хурдацтай нэвтрүүлэх болов.
Венчур хөрөнгө оруулагчид цар тахлын өмнө “Epic”-ийг аль хэдийнэ хараандаа оруулсан байв. Компанийн өргөн цар хүрээтэй систем, зуун сая ам.долларын суурилуулалт үүлэн тооцоолол, хаа сайгүй нэвтэрсэн хямд, гар утасны аппикейшнийн эрин үетэй авцалдахгүй байна. Хорио цээрийн өмнө АНУ-ын Засгийн газар эмнэлгийн цахим бүртгэлийг өвчтөнүүдэд өөрсдөд нь эзэмшүүлэх шинэ дүрэм эцэслэн боловсруулсан нь “Epic”, “Cerner” нарын ноёллыг ганхуулах магадлал үүсгэж байна.
Харвардын Анагаах ухааны сургуулийн профессор, “Cerner”-ийн гүйцэтгэх захирал асан Жон Глэйзер “Бид гайхалтай өөрчлөлтийн дунд байна” гэв. Тэрбээр эрүүл мэндийн цахим бүртгэл илүү чадварлаг, уян хатан стартапуудыг бий болгоно гэж үзэж байна. 1990-ээд онд “Microsoft”-ийн ноёрхлыг вэбсайт, ухаалаг утаснууд бут цохисон шиг шинэ эрин үе Фолкнерт нөлөөлж магадгүй. Гэхдээ нэгэн том ялгаа бий.
Цахиурын хөндийн “хурдан хөдөлж, зүй тогтлыг эвдэх” зарчим эрүүл мэндийн салбарт үйлчлэхгүй. “Эмч хүнд бүтэлгүйтэж болно гэж хэлж болохгүй биз дээ? Бүтэлгүйтэл бол үхэл” гэж Глэйзер нэмж хэлэв.
Фолкнер 1950-иад онд Нью-Жерси мужийн Хэддонфильдийн ойролцоо төрж өссөн ба ярвигтай асуудал шийдвэрлэх дуртай хүүхэд байжээ. Долдугаар ангиасаа хойш математикийн багшийнхаа самбар дээрх бичсэн бодлогыг бодох дуртай болсон тэрбээр Пеннсильванийн Карлайл дахь Дикинсоны коллежид тооны ухааны чиглэлээр суралцаж, Рочестерийн их сургуульд бөөмийн физикийн чиглэлээр зуны дадлага хийхдээ компьютерын программчлал, “Fortran” (“IBM”-ийн бүтээсэн анхны кодчиллын хэл) –тай анх танилцжээ. Фолкнер “Би баримлаар юм бүтээх дуртай байсан. Харин компьютер бол оюун санааны баримал” хэмээн өгүүллээ.
1965 онд Фолкнер Висконсины их сургуульд шинээр нээгдсэн компьютерын хөтөлбөрт докторын зэрэг хамгаалахаар суралцав. Тус сургуульд тэрбээр анагаах ухааныг анх удаа компьютертой холбосон сэтгэл мэдрэлийн эмч, профессор Уорнер Слэктэй танилцжээ. Хэдэн жилийн дараа Слэк Фолкнерыг тухайн үеийн резидент эмч, өдгөө Висконсины их сургуулийн доктор, профессор Жон Грейсттэй танилцуулжээ. Жон Грейст эмч нарын жижүүрийн хуваарь гаргах ажлыг сайжруулах арга зам хайж байв. Ийнхүү 1969 онд Фолкнер бичиг хэргийн ажилтан бүтэн нэг жилийн жижүүрийн хуваарийг 18 секундийн дотор 5 ам.доллараар гаргах систем боловсруулжээ.
Висконсины их сургуулийг диссертаци бичилгүй төгссөн Фолкнер 1970-аад оны эхээр тус сургуулийн эмч нарын багт элсэж, өвчтөний мэдээллийг хянах мэдээллийн сан хөгжүүлж эхэлжээ. Хэсэг хугацаа өнгөрч, хамтран ажиллагсдадаа итгэл төрүүлсний дараа Фолкнер өөрийн программ хангамжийн компаниа байгуулахад бэлэн болов.
1979 онд Фолкнер, Грейст нар найз нөхөд, гэр бүлийнхнээсээ зээл авч, “Human Service Computing” компанийг (хожим “Epic” болсон) байгуулсан ба 70,000 ам.доллараар (өнөөгийн ханшаар 270,000 орчим ам.доллар) үнэлэгдэж байжээ. Фолкнерт зургаа, долоон хамтрагч байсан боловч компани анхнаасаа түүний санаа байсан тул ерөнхийлөгч болов. Тэд ажил тарсны дараа сургуулийн зоорины давхарт ажилладаг байв. Фолкнер хөргөгч шиг хэмжээтэй “Data General Eclipse” компьютер дээр бүх эх кодыг бичжээ.
Хэдэн жилийн дараа Фолкнер, Грейст нар компанийн үйл ажиллагааны талаар санал зөрөлдөв. Грейст 1983 онд “Epic”-ийн ТУЗ-өөс гарсан ч одоог хүртэл хувьцаа эзэмшсээр буй. “Би хөрөнгө оруулалт авч үйл ажиллагаагаа хурдлуулахыг хүссэн бол Фолкнер удирдах эрхээ алдана гээд зөвшөөрдөггүй байсан. Тэр энэ зарчмаа тууштай баримталсаар өөрийн зөв гэдгийг нотолсон. Түүний зөв, миний буруу байсан” гэж Грейст дурсан өгүүлэв.
“Epic” эхний хорин жилд удаан боловч тогтвортой өсөлт үзүүлж, үйлчилгээгээ өргөжүүлэх тусам цөөн шинэ үйлчлүүлэгч жил бүр нэмэгдэх болжээ. 1980-аад оны сүүлчээр компани үйл ажиллагаандаа төлбөр тооцооны программ нэмж, 1990-ээд оны эхээр амбулаториудад хэрэглэгчийн график интерфейс нэвтрүүлжээ.
2004 онд компани эрүүл мэндийн гигант “Kaiser Permanente”-тэй гурван жилийн хугацаатай, 4 тэрбум ам.долларын өртөгтэй хамгийн том гэрээгээ байгуулжээ. Энэ дүнгээс “Epic” 400 сая ам.доллар хүртсэн аж. “Kaiser Permanente”-ийн гүйцэтгэх захирал асан Жорж Халворсон “‘Epic’ хэрэв өөрсдийг нь сонговол төслийг цаг тухайд нь найдвартай гүйцэтгэнэ гэсэн баталгаа өгсөн” хэмээн ярив.
“Epic” “Kaiser”-тай гэрээ байгуулснаас хойш нэг жилийн дараа насанд хүрэгчдийн “Disney World” хэмээн адилтгадаг шинэ хотхон руугаа нүүжээ. Тэнд төв оффис буюу дэлхийн хамгийн том газар доорх танхим “Hogwarts”-аас сэдэвчилсэн Их танхим, “Тамд хүргэх” лифт, модон дээрх байшин болон үлгэрийн мэт хачин жигтэй барилга байгууламж, баримлууд цогцолдог.

“Epic” код бичих, логик сэтгэлгээ зэрэг чадварыг нь шалгаж жил бүр 2,000 орчим ажилтан авдаг. Компанийн уур амьсгал хурдан хэмнэлтэй, өрсөлдөөн ихтэй. Өрсөлдөөнтэй орчинд ядаргаанд ордог байсан талаар хуучин ажилчид нь дурсаж байна. Компани өнгөрсөн наймдугаар сард цар тахлын үеэр бүх ажилтнуудаа ажилд нь хүчээр эргүүлэн татах оролдлого хийсэн ч ажилчдын зүгээс эсэргүүцэл гаргажээ. Орон нутгийн хэвлэл мэдээлэлд хэд хэдэн мэдээ гарсны дараа тэд чиглэлээ өөрчилсөн байна.
Covid-ийн өмнө 650 сая ам.долларын гэрээ байгуулсан, Флоридагийн “AdventHealth” өдгөө “Epic”-ийн хамгийн том ажилд тооцогдож байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Терри Шоу эрүүл мэндийн цахим бүртгэлийн “Epic”, “Cerner”, “Athenahealth” гурван компаниас зэрэг үйлчилгээ авахын оронд 5.5 сая өвчтөнөө “Epic” руу шилжүүлсэн дээр гэж үзжээ. Энэ шийдвэр эхэндээ үнэтэй ч үйл ажиллагааны зардлыг урт хугацаанд бууруулна гэж тэрбээр хэлэв.
“Epic”-ийн программтай эмнэлэг хорт хавдартай өвчтөний бүртгэлээ ижил систем ашигладаг химийн эмчилгээний клиниктэй төвөггүй хуваалцах боломжтой. Хэрэв химийн эмчилгээний клиник томоохон өрсөлдөгч компанийн программ ашигладаг бол өвчтөний бүртгэлд нэвтрэх боломжтой. Харин гуравдагч талын хямдхан программ ашигладаг бол хэцүү байж магадгүй юм.
Үүнийг ондоо системүүд өөр хоорондоо зохицох чадвар буюу компьютерын мэргэжилтнүүд “харилцан ажиллах чадвар” гэж нэрлэдэг. 2020 оны нэгдүгээр сард АНУ-ын Засгийн газар шинэ журам боловсруулахад асуудал урган гарав. Өвчтөн өөрөө зөвшөөрсөн ч эмнэлгийн бүртгэлийг гуравдагч этгээдтэй хуваалцах нь “өвчтөний хувийн нууцлалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй” гэж “Epic” –ийн зүгээс тухайн үед мэдэгдэл хийжээ.
“Cerner”, “Apple”, “Microsoft”, “Google” зэрэг технологийн ихэнх компани “Epic”-ийн байр суурь өвчтөнүүдэд сөргөөр нөлөөлдөг, инновацийг хаагдуулдаг гэж маргадаг. “Өвчтөний амин чухал хувийн нууцлалыг барьцаалан ашиглах гэсэн хувийн хэвшлийн зарим жүжигчдийн тасралтгүй үйлдэл салбарын ичгүүр болж байна” гэж “Medicare for Center” болон “Medicaid”-ийн захирал асар Сима Верма хуралдааны үеэр хэлжээ. Эцэст нь албаныхан “Epic” гэх мэт компаниудаар эрүүл мэндийн мэдээлэл хаалгахыг хориглосон билээ.
Технологийн аваргууд арваад жилийн тэртээгээс эрүүл мэндийн үйлчилгээний мэдээллээр оролдсоор байна. Хамгийн сүүлд “Google” интернэтэд суурилсан эрүүл мэндийн хувийн бүртгэлийг эхлүүлсэн боловч амжилтад хүрээгүй юм. “Microsoft HealthVault” мөн адил бүтэлгүйтсэн. “Apple”-ийн бугуйн цагаар зүрхний хэмнэл хэмжигчийг эмч нар няцаажээ. “Amazon” ажил олгогчдын эрүүл мэндийн зардлыг эрс бууруулах зорилгоор “Berkshire Hathaway”, “JPMorgan Chase” нартай хамтран “Haven” ашгийн бус үйл ажиллагаа эхлүүлсэн ч зорилгодоо хүрч чадалгүй татан буугдав.
“Халимууд” ялагдсан ч “жараахайнууд” ялж магадгүй юм. АНУ-ын Засгийн газрын шинэ удирдамжууд ойрын ирээдүйд хэрэгжиж эхлэх учир венчур хөрөнгө оруулагчид “Epic”-тэй өрсөлдөх жижиг стартапуудад ихээхэн хөрөнгө оруулж байна. Эрүүл мэндийн мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт 2019 оноос 51 хувиар өсөж, 2020 онд 3.6 тэрбум гаруй ам.долларын түүхэн дээд хэмжээнд хүрсэн талаар “CB Insights” мэдээлэв. “АНУ-ын эрүүл мэндийн салбарын түүхэнд дижитал инновацийн хөрөнгө оруулалт ийм ихээр хийж байгааг урьд өмнө харж байсангүй. Covid үүнд нөлөөлж байна” гэж Нью-Йоркийн “Redesign Health” компанид нэгдсэн, “Google Health”, “Amazon”-ийн удирдах ажилтан асан Мисси Краснер өгүүлж байна.
Харин Цахиурын хөндийн тоглогчид эрүүл мэндийн салбарт нэвтрэхэд санаа зовохгүй байгаа Фолкнер “Цөөн хэд нь л үр дүнд хүрнэ гэж бодож байна. Ихэнх нь чадахгүй. Бид ч тэр, эрүүл мэндийн тогтолцоо ч тэр өвчтөн бүрийн ‘Миний мэдээллийг ийш нь, тийш нь явуул’ гэх хүсэлтийг зөвшөөрөхгүй” гэсэн юм.
Шинэ дүрэм журам өвчтөний хувийн бүртгэлийг онцолж байгаа боловч эрүүл мэндийн салбар их хэмжээний мэдээлэл нэгтгэх үйл ажлыг хурдацтай өрнүүлж байна. Энэ бол “Epic” зэрэг тоглогчдын оролцохыг хүссэн орон зай юм. Энэхүү аварга мэдээллийн санг шинэ эм бүтээхээс авхуулаад эрүүл мэндийн шинэ чиг хандлага тодорхойлоход хүртэл ашиглах боломжтой бөгөөд маш их мөнгөөр хэмжигдэнэ. 2019 онд “Epic” 100 сая гаруй өвчтөний нууцлалтай бүртгэл олборлох зорилготой “Cosmos” санаачилгыг эхлүүлжээ.
Фолкнер 80 нас хүрэх дөхөж байгаа ч тэтгэвэртээ гарах бодолгүй байна. Тэрбээр залгамжлагчаа тодруулаагүй бөгөөд гурван хүүхдийнх нь аль нь ч “Epic”-т ажилладаггүй. Фолкнер “Epic”-ийг хэзээ ч нээлттэй хувьцаат компани болгохгүйгээр ирээдүйг нь баталгаажуулжээ. Тэрбээр хувьцаануудаа худалдах боломжгүй саналын эрхтэй хувьцаа болон гэр бүлийн гишүүд, ажилчдын хяналтад байдаг итгэлцлийн санд хуваан байршуулжээ. Харин саналын эрхгүй хувьцаагаа нөхөртэйгөө байгуулсан “Roots & Wings” санд үлдээсэн аж. Тус сан хүүхдийн тархины хөгжил, эрүүгийн эрхзүйн реформ зэрэг Фолкнерын сонирхлыг санхүүжүүлдэг. 2015 онд “Giving Pledge”-д нэгдсэн тэрбээр “Би ажилдаа дуртай. Ажилдаа үр дүн гаргаж, үнэ цэнээ өгч л байвал үргэлжлүүлсээр байх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Судалгаагаар хүмүүс тэтгэвэртээ гарснаас хойш дунджаар хоёр жилийн дараа нас бардаг талаар уншсан тэрбээр тэдгээр хүмүүст санаа зовж “Тэд өглөө ямар зорилготой сэрж, өдрийг хэрхэн өнгөрөөх утгаа алддаг байх. Харин би өглөө сэрээд яаж бүх ажлаа нэг өдөрт амжуулах вэ гэж боддог” хэмээн өгүүлсэн юм