Өнгөрөгч даваа гарагт “Yahoo” компани технологи, хэвлэл мэдээлэл, санхүү, энтертаймент салбарын зургаан энтрепренерийг төлөөлөн удирдах зөвлөлдөө сонгосны дунд Холливудын жүжигчин, эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Honest Company” фирмийн хамтран үүсгэн байгуулагч Жессика Альба багтжээ.
Тус компани технологийн салбарын томоохон тоглогчидтой өрсөлдөхийн тулд бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхийн зэрэгцээ нийгмийн бүлэг, бизнесийн салбар бүрийг төлөөлөх манлайлагчдаар хүчээ зузаатгах бодлого баримталж байгаа юм.
ТУЗ-ийн шинэ гишүүдийн дунд Жессика Альбагаас гадна хөрөнгө оруулалтын “LionTree” фирмийн гүйцэтгэх захирал Арье Буркофф, “Twitter” болон “Google” компанид удирдах албан тушаал хашиж байсан Кэти Стэнтон, NBA-ийн Dallas Mavericks багийн гүйцэтгэх захирал Синтиа Маршалл зэрэг хүмүүс багтжээ.
“Бид Yahoo-ийн шинэ эрин үе рүү орж байгаа энэ үед салбар бүрийн стратегийн мэдлэгтэй хүчирхэг захирлуудын зөвлөлийг байгуулснаар илүү их өсөлт, шилдэг инновац, өргөн цар хүрээг бий болгоно” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Жим Ланзоне өгүүлжээ.
Dial-up интернет холболт түгээмэл байх үед хүч түрэн гарч ирсэн “Yahoo” нь олон жилийн турш “Verizon” компанийн эзэмшилд байсан бөгөөд сүүлийн үед технологийн салбар дахь хуучин байр сууриа олохыг хичээж буй. Өнгөрсөн жил “Apollo Global Management Inc” компани “Verizon Media”-г 5 тэрбум ам.доллараар худалдан авч, “Yahoo” хэмээх хуучин нэрээр нь нэрлэсэн билээ.