Манхэттен дэх “Gramercy Tavern” ресторанд “Forbes Asia”-тай уулзахаар болзсон цагаасаа 15 минут хоцорсон Чарли Шин эхнэр Мэригийн хамт яаран орж ирээд уучлал хүслээ. Ээжтэйгээ утсаар ярих шаардлага гарсан таксины жолоочид саад болохыг хүсээгүй тул тэд ийнхүү хоцорчээ. Зөөгч бүсгүй өөрийн зүгээс судалт алгана загас, улаан лоолийн салатыг санал болгоход Шин гартаа байсан цэсээ хааж, дуртай нь аргагүй зөвшөөрлөө
Энэхүү дуулгавартай байдал түүний зоогийн газрууддаа баримталдаг нарийн зарчимтай нь үл авцалдана. Өдгөө 58 настай, Солонгос гаралтай Америкийн иргэн Шин 37 жилийн тэртээ Охайо мужийн Колумбус хотноо “Charley’s Philly Steaks” хачиртай талхны рестораныг үүсгэн байгуулснаас хойш өдгөө АНУ-ын 45 муж, дэлхийн 19 оронд нийт 600 газар үйл ажиллагаагаа явуулж байна.
Алдарт бяслагтай үхрийн мах, Итали маягийн хачир, тахиан махан тэрияки зэрэг төрөл бүрийн сонголттой хачиртай талхаар үйлчилдэг “Charley’s” ресторан сүүлийн жилүүдэд дунджаар долоон хувийн тогтмол өсөлт үзүүлж, 2021 оныг ойролцоогоор 534 сая ам.долларын борлуулалтайгаар үджээ. Франчайз эзэмшигчдийг оролцуулан тооцвол өдгөө “Charley’s” АНУ-ын хэмжээнд цэргийн бааз, нисэх онгоцны буудал, орон нутгийн томоохон худалдааны төв зэрэг нийт 503 салбар нэгжтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний араас 24 салбар ресторантай Арабын Нэгдсэн Эмират улс, 10 салбартай Саудын Араб удаалж байна. Харин Ази тивийн хувьд Өмнөд Солонгос, Японд тус бүр ердөө таван салбар нээжээ.
Шин “Би цаашид 3,000 салбартай болохыг зорьж байна” гэв. Рестораныхаа байнгын үйлчлүүлэгчдийн нэг тэрбээр наснаасаа хавьгүй залуухан харагдана. Хүүхэд шиг эрх дураараа инээж хөөрөх Шин сурвалжлагчтай эх хэлээрээ бус, англиар ярихыг хүссэн билээ. Түүнийг 11 настай байхад ээж нь “Америк мөрөөдөлд” хөтлөгдөн Сөүлээс төрсөн эгчийнхээ араас Колумбус хотноо нүүн ирсэн ба хоёр жилийн дараа Шинийг эгчтэй нь Номхон далай гатлуулан өөр дээрээ авчирчээ. Өдийг хүртэл ээжтэйгээ амьдарч ирсэн Шин “Ээжийн минь бидний төлөө гэсэн сэтгэл, хайр халамж л энэ өндөрлөгт хүргэсэн” гэв.
Шин Охайо мужийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр санхүү, үл хөдлөх хөрөнгийн ангид элсчээ. Сурч боловсрох бүхий л хугацаандаа давхар хөдөлмөр эрхэлдэг байсан түүнд зоогийн газрын аяга таваг угаах үе бишгүй тохиож байв. Нэгэн өдөр Нью-Йорк хүрэх замдаа санамсаргүй байдлаар Филадельфи хотод саатахдаа уг хотын алдарт үхрийн мах хавчуулсан бяслагтай талхнаас амсаж үзсэнээр түүний амьдралын чиг хандлага өөрчлөгдөв. Тэрбээр “Тэр хачиртай талх надад гайхалтай сайхан мэдрэмж төрүүлсэн. Залуу хүний хувьд би хоолонд ‘нугасгүй’ байсан” гэв. Шин гэртээ ирмэгц өнөөх хоолыг дуурайж хийхийг оролджээ. Тэрбээр “ Жижигхэн хайруулын таваг дээр хийсэн хачиртай талх маань гайхалтай сайхан амттай болсон. Түүнээс амсаж үзсэн найзууд ч өндөр сэтгэгдэлтэй байхыг хараад улам өөртөө итгэсэн юм” хэмээн өгүүллээ.
Америкчуудын сул тал – идэх дуртай хоолоор нь бизнесээ эхлүүлэхээр сэтгэл шулуудсан Шин ээжээсээ тусламж хүсэв. Харин ээж нь түүнд бүх насаараа цуглуулсан 48,000 ам.доллараа өгчээ. Шин “Ээж маань хачиртай талхны тухай юу ч мэдэхгүй. Зүгээр л хүүдээ итгэсэн нь тэр шүү дээ” гэлээ.
Их сургуулийн гуравдугаар курс төгсдөг жил буюу 1986 онд тэрбээр авга ахаасаа 3,000 ам.доллар авч нэмэрлээд оюутны хотхоны дэргэд, хуучин “Kinko’s” хэвлэх үйлчилгээ ажиллаж байсан газарт анхны салбараа нээжээ. Тэрбээр “Хоёр автомашин ч багтахааргүй “алгын чинээ” газар байсан ч анхны зоогийн газар маань үнэхээр ашигтай ажилласан” хэмээн инээмсэглэв. Тэрбээр шинэ амт, чанартай үхрийн махыг цаг багатай, халаас нимгэн оюутнуудын хувьд оновчтой сонголт болсон гэж үздэг. Гэвч зөвхөн гал тогооны ажилд гаргууд байх нь хангалтгүй юм. Шин “Би багаасаа л бизнесмэн болохыг мөрөөддөг байсан” гэж ярив.
Их сургуулийн англи хэлний хичээл дээр танилцсанаасаа хойш үерхэж ирсэн Мэри “Багш бидний мөрөөдлийг асуух бүрт Шин ‘Би саятан болно’ гэж хэлдэг байсан” хэмээн хөгжилтэй нүдээ эргэлдүүлэн хэллээ. “Шин хичээлдээ нэг их улайрдаггүй байсан. Цүнхэнд нь сурах бичгээс илүү бизнесийн сэтгүүл л дүүрэн байдаг байсан” хэмээн Мэриг дурсан ярихад Шин яриан дундуур нь орж “Тэр дунд ‘Forbes’ ч бас байсан шүү” гэв.
Хэдий үйл ажиллагаа муугүй байсан ч “Charley’s” зоогийн газар 100 салбартай болох хүртлээ, эхний 10 жил ашигтай ажиллаж чадаагүй аж. Харин Шин алдагдлыг нэг төрлийн хөрөнгө оруулалт гэж үзжээ.
Түүний тэвчээр ч үр дүнгээ өгсөн юм. “Charley’s”-ийн байршил өнгөрсөн 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, хоолонд дурлагсдын цуваа өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
Саяхны нэг өдөр Жерси хотын “Newport Centre” их дэлгүүрт байрладаг “Charley’s”-ийн салбарт зэргэлдээ оффисын ажилтан Пол орж ирээд хүн бүрийн дурладаг зунгааралдсан, зөөлөн бяслагтай “Philly” хачиртай талхыг сонгов.
Хоолны цэсэн дээр буулгасан хавчуургатай талхны том том зургууд анх удаа орж ирсэн үйлчлүүлэгчдийн хорхойг өөрийн эрхгүй хүргэнэ. Полын адил овгоо нууцлахыг хүссэн, хятад оюутан Гарфильд тодорхой хугацаанд тусгайлан гаргаад буй 7.49 ам.долларын үнэтэй “Гурван давхар стейк” хавчуургатай талхыг сонгон захиалав. Тэрбээр “Би энд ойрхон амьдардаг. Дэргэдүүр нь өнгөрөхдөө амталж үзмээр санагдсан юм” гэв.
Шин өөрийнхөө 100 хувь эзэмшдэг “Gosh Enterprises” компаниар дамжуулан олон салбар эзэмшдэг газруудаас борлуулалтын таван хувь, арай цөөхөн салбарын үйл ажиллагаа эрхлэгчдээс зургаан хувийн эрхийн шимтгэл авдаг. Шинэ францайз эзэмшигчийн эхний хөрөнгө оруулалт дунджаар 380,000 ам.доллар болдог. Өсөлттэй ажиллаж буй сүлжээ компаниудад ойрын жилүүдэд IPO хийх хандлага түгээмэл ажиглагдаж буй бол “Charley’s” хувьцаагаа олон нийтэд худалдах төлөвлөгөөгүй байна.
296.6 тэрбум ам.долларын эргэлттэй АНУ-ын түргэн хоолны зах зээл 2017-2022 оны хооронд ердөө 2.9 хувиар өссөн нь сүүлийн жилүүдийн хамгийн бага үзүүлэлт юм. Хашир хэрэглэгчид харьцангуй эрүүл хоолны сонголттой түргэн хоолны газрыг (савласан будаа, салат гэх мэт) зорих болжээ. Тиймээс Шин ойрын үед АНУ-д 26 салбартай, түүний компанийн эзэмшлийн “Bibibop Asian Grill” сүлжээ зоогийн газрыг хөгжүүлэх ажилд гол анхаарлаа хандуулж байна. Тэрбээр “Charley’s”-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй ч ерөнхийд нь хянасан хэвээр байгаа юм.
Үдийн зоогийн үеэр өөрийн итгэл үнэмшлийн тухай үе үе цухуйлгах Шин Христийн шашинтай бөгөөд “Charley’s”-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигчдтэй ёс зүйн гэрээ байгуулах замаар компанийн эрхэм зорилгыг сахиулж байна. Тэрбээр “Урьд өмнө олон франчайз эзэмшигчтэй уулзаад явахад хамгийн зөв ёс суртахуунтай хүн л ялагч болдог гэсэн бодол төрж байсан. Гэтэл сайн залуус гэхээсээ илүү, тааруухан нэг нь амжилттай явааг хараад миний толгой эргэсэн” гэв.
Эцэст нь тодорхой хэмжээний ёс суртахуунгүйгээр богино хугацаанд амжилтад хүрч болох ч аливаа бизнес тогтвортой хөгжихөд мэргэн ухаан, хайр энэрэл, эр зориг зайлшгүй хэрэгтэй гэж Шин дүгнэжээ.
“Ухаалаг удирдагч байхын мөн чанарыг би маш удаан судалж байна. Хүмүүсийг хүнд хүчир ажлаар дарж болохгүй. Тэд ч гэсэн бусдын итгэлийг хүлээхийн тулд нээлттэй, эелдэг байх хэрэгтэй. Мөн та бусдын зайлсхийж буй эрсдэлийг байнга гаргах хэрэгтэй болдог учир зоригтой байх хэрэгтэй” хэмээн Шин өгүүллээ.
Тэрбээр бүх зүйл хэвийн үед л хамгийн анхааралтай байх шаардлагатай гэж үзэж байна. Шин “Бүх зүйл хэвийн үед байдлыг хурцатгах шаардлагатай учраас л зоригтой байх хэцүү байдаг юм” гэв.