Adobe компани зураг боловсруулах “Photoshop” программаа цаашид үнэгүй, хүн бүр ашиглахад нээлттэй цахим хэрэглүүр болгохоор төлөвлөж, туршилт хийж эхэлжээ.
Тус программын веб хувилбарыг одоогоор зөвхөн Канад улсад туршиж байгаа бөгөөд хэрэглэгч өөрийн Adobe хаягаар нэвтрээд интернет хөтөч дотроо “Photoshop”-ийг шууд ашиглаж болох юм.
Adobe компани уг үйлчилгээг “freemium” хэмээн тодорхойлсон бөгөөд ирээдүйд зарим функцийг нь зөвхөн төлбөрөө төлсөн хэрэглэгчдэд нээлттэй болгохоор төлөвлөжээ. Гэхдээ “Photoshop” дахь гол үйлдлийг гүйцэтгэдэг хэрэглүүрүүдийг ашиглахад үнэгүй хэвээр байх аж.
“Бид Photoshop-ийг илүү хүртээмжтэй, илүү олон хүмүүст туршиж үзэхэд хялбар болгохыг хүссэн” хэмээн Adobe-ийн дижитал дүрслэл хариуцсан дэд захирал Мариа Яп өгүүлжээ.
“Photoshop” нь бизнесийн бүх салбарт зураг боловсруулалтын стандарт программ хангамж гэж тооцогдохын зэрэгцээ үнийн хувьд тийм ч хямдхан биш. 20GB-ийн үүлэн санах ой бүхий багц нь сарын 10 ам.доллараас эхэлдэг нь жирийн хэрэглэгчдэд үнэтэй тусдаг.
Веб хувилбарыг хэзээнээс өргөн хүрээний хэрэглэгчдэд хүргэх талаар Adobe компани хараахан мэдээлэл өгөөгүй байна.