Нью-Йорк хотноо 2014 онд үүсгэн байгуулагдсан биотехнологи, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний “Elysium” компани 499 ам.доллараар хүний биологийн насыг тодорхойлж өгдөг. Хэрэглэгчийн хувьд энэхүү үйлчилгээний үйл явц тун амархан. Шуудангаар ирэх шинжилгээний багцад зөвхөн шүлсний дээжээ өгөөд буцаан илгээхэд хангалттай бөгөөд хоёр сарын дараа хариу нь гарна.
Биологийн нас хэмээх ойлголт сүүлийн үед олны анхаарлыг татаж буй шалтгаан нь хүний хөгшрөлтийн үйл явцыг хянах, түүнийг өөрчлөх хүч чадлыг өгч буйтай холбоотой. Энэ нь цаг хугацааны урсгалыг хэмждэггүй, харин биеийн үйл ажиллагаа хэрхэн “хуучирч” буйг хэмжсэнээр хүний хэд наслахыг хүртэл урьдчилан тооцоолох боломжтой юм.
UCLA их сургуулийн доктор профессор, 54 настай Стив Хорват нь ДНХ-ийн химийн өөрчлөлтийг хянах аргаар хүний хөгшрөлт хэрхэн явагдаж буйг харуулдаг “цаг”-ийн бүтээсэн нэгэн юм. “Өвчлөлийн эрсдэлийг урьдчилан таамаглахад хүний байгалийн наснаас биологийн нас илүү үр дүнтэй.” хэмээн тэрбээр өгүүлэв.
Биологийн насыг бүрэн дүүрэн ойлгосноор хүний амьдралыг уртасгах зам нээгдэнэ гэсэн найдлага бий. Гэхдээ түүнийг хэмжих нь тийм ч энгийн зүйл биш аж.
Жишээ дурдвал хүний хромосомын төгсгөлд байдаг хамгаалалтын бүтэц болох теломерын уртыг хэмжиж болно. Хромосомын хуваагдал бүрд теломер богиносгодог тул үүн дээр тулгуурлан биологийн насыг ойролцоогоор тодорхойлох боломжтой. Түүнчлэн цуснаас дээж авч, биеийн үйл ажиллагааны удаашралтай холбоотой молекулуудын тоог хэмжих арга бий.
Харин “Эпигенетик цаг” гэгддэг Хорватын аргыг олон эрдэмтэд алтан стандарт гэж үздэг. Эпигенетик гэдэг нь хүрээлэн буй орчин хүний генийг хэрхэн өөрчилдөг болохыг судалдаг ухаан юм. Хорватын цаг нь ДНХ-ийн метилжилт буюу генийн материалд гарч буй тодорхой химийн өөрчлөлтийг шинжилдэг байна. 2011 онд тэрбээр хүний насыг маш ойролцоо тооцоолж болох ДНХ-ийн метилжилтийн зүй тогтлыг илрүүлжээ.
Сүүлийн жилүүдэд дээрх аргуудыг ашиглан хэрэглэгчдийн биологийн насыг тогтоох үйлчилгээ үзүүлдэг стартапууд эрс олширчээ. Тэд ихэвчлэн бүтээгдэхүүнээ минималист хэв маягаар савлаж, гоёмсог вэб сайт дээр байрлуулж, инфлүнсерүүдээр дамжуулан сурталчилдаг ч үнэ өртөг болон шинжилгээний аргын хувьд хоорондоо ялгаатай.
Дээр дурдсан “Elysium”-ийн шүлсний тест нь Стив Хорватын шавь, доктор Морган Левайний хөгжүүлсэн биологийн цаг дээр тулгуурладаг. Мөн “ДНХ-ийн насны хамгийн үнэн зөв бөгөөд найдвартай шинжилгээ” хэмээн өөрсдийгөө тодорхойлсон “MyDNAge” компани 299 ам.доллараар цус, шээсний шинжилгээ авахдаа Хорватын цагийн лицензтэй хувилбарыг ашигладаг байна.
Эпигенетик цагийг ашигладаггүй ч хямд үнэтэй, хэрэглэгч олонтой бизнесүүд бас бий. Жишээлбэл “Thorne”-ийн шинжилгээ нь 99 ам.долларын үнэтэй бөгөөд гэрээт лабораторид цусны дээжийг өгөн шинжлүүлдэг аж.