Цахим худалдааны хурдтай өсөлт үл хөдлөх хөрөнгийн салбарыг донсолгож, хот суурин газрын агуулах байгууламжуудыг “алтны уурхай” болгон хувиргаж байна. Харин “Prologis” компани уурхайн оргилыг эзэлжээ.
Калифорнийн Окленд хотод байрлах, агуулахын чиглэлээр тэргүүлэгч “Prologis” компанийн 24,000 гаруй ам метр талбай бүхий шинэхэн байгууламжийн 56 эгнээ хаалга нь хурдны гурван замын эгц өөдөөс тусчээ. Зүүн тийш Окленд хотын төв хүрэх I-980 зам, өмнө зүгт Цахиурын хөндийд хүрэх I-880 зам, хойд зүгт Марин- Каунтийн төв цэгт хүрэх I-580 чиглэлийн хурдны замууд тус тус ярайн харагдах аж. Харин баруун зүгт ердөө 14 километр зайд Сан-Франциско хот байна. Мөн тус байгууламжийн чанх дэргэдээс Чикаго хүртэл галт тэргээр ачаа тээвэрлэх боломж бий. Гэвч “Prologis”-ийн гүйцэтгэх захирал Хамид Могадам энэ бүхнээс илүү орон нутгийн замд гол анхаарлаа хандуулж байна. Тэрбээр “Бид хөрөнгө ихтэй, хэрэглэгч олонтой зах зээл рүү чиглэн ажилладаг. Дээрэмчид яагаад банкийг сонгож дээрэмддэг билээ? Түүнтэй л адил. Хөрөнгө их, хэрэглээ өндөр, хэрэглэгч ихээр төвлөрсөн газрыг онилох хэрэгтэй” хэмээв.
Өдгөө дэлхийн 19 оронд, нийт 91.4 сая ам метр талбай бүхий агуулах эзэмшдэг “Prologis” компани бол Сан-Франциско хотод төвтэй, дэлхийн аж үйлдвэрийн хамгийн том үл хөдлөх хөрөнгө эзэмшигч бөгөөд хүргэлтийн үйлчилгээний эцсийн дамжлагын “хаан” юм. Хамгийн ойрын өрсөлдөгч Индианаполис хотын “Duke Realty” компани тэдний нийт талбайн 20 хувьтай л тэнцэх хэмжээний талбай эзэмшдэг. Түүнчлэн “Prologis”-ийн эзэмшлийн 35 сая ам метр талбайгаас 160 километрийн радиуст АНУ-ын нийт хүн амын 60 хувь оршин суудаг юм. Америкийн хилээс гадуур, цахим худалдаа хурдацтай хөгжиж буй бүсүүдэд тэд мөн агуулахаа байрлуулжээ.
Цахим худалдааны салбар ирээдүйд цэцэглэн хөгжинө гэдэгт та итгэдэг бол “Prologis”-ийн ирээдүйд ч мөн итгэж болно. Цахим дэлгүүрүүд уламжлалт жижиглэн худалдааны орон зайг үгүй хийж буй ч зэрэгцээд аж үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийн салбарт эерэг нөлөө дагуулж байна. “Prologis”-ийн хамгийн том түрээслэгч бол тэднээс нийт 1.5 сая ам метр талбай аваад буй “Amazon” юм (Нөгөөтэйгүүр “Prologis” ч мөн “Amazon”- ийн хувьд хамгийн том харилцагч бөгөөд нийт агуулахынх нь 13 хувийг дангаар нийлүүлдэг). “Amazon Prime”-ын амлалт ёсоор хэрэглэгчийн захиалгыг 48 цагийн дотор хүргэнэ гэдэг нь захиалга авах үедээ тухайн бүтээгдэхүүнийг бусад олон мянган бүтээгдэхүүний хамт аль хэдийнэ хэрэглэгчийн ойр газар байлгана гэсэн үг юм.
АНУ-ын нийт жижиглэн худалдааны 13 хувь нь цахим орчинд хийгддэг. Энэ бол 2010 оноос хойш хоёр дахин өссөн үзүүлэлт. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангийн бүтэцтэй “Prologis” компани энэхүү өсөлтөөс асар их ашиг олсон. 2021 онд тэд нийт 4.76 тэрбум ам.долларын ашиг олж, зах зээлийн үнэлгээ нь 82 тэрбум ам.долларт хүрчээ.
“Webvan” хүнсний цахим дэлгүүрт санхүүжилт татан төвлөрүүлж байсан номын дэлгүүрийн эзэн Луис Бордерстай уулзсан 1998 оноос “Prologis” цахим худалдааны стратеги эхлэлтэй (“Webvan” цахим хөөсрөлийн үед хаагдсан). Тэр үед Могадам “Prologis”-ийн анхдагч хувилбар “AMB Property Corp”-ийг удирддаг байв. “AMB Property Corp” нь “Webvan”-д таван сая ам.долларын хөрөнгө оруулж, үүгээр гурван агуулах барин, нэг тэрбум ам.долларын жижиглэн худалдааны сүлжээ байгуулснаар үйл ажиллагаагаа илүү аж үйлдвэрийн шинжтэй болгов. Энэхүү таван сая ам.долларын хөрөнгө оруулалт 55 сая “ногоон” болтлоо өссөн ч эцэстээ юу ч үгүй хоосон хоцорчээ. Гэвч энэ алдагдал агуу амжилтын эхлэл болсон юм. Могадамын агуулахын байгууламжид оруулсан нэг тэрбум ам.долларын эрсдэлтэй алхам өнөөгийн “Prologis”-ийн үндэс суурийг тавьсан. “Webvan бидний нүдийг нээж, цахим худалдааны боломжийг хавьгүй эрт ашиглах үндсийг тавьсан” хэмээн өдгөө 61 настай Могадам ярив. Тэрбээр АНУ-д Массачусетсын их сургуульд иргэний инженерчлэлийн чиглэлээр суралцан эх орондоо эргэн очиж, ажиллах хүсэлтэй байсан ч Иранд хувьсгал өрнөснөөр төлөвлөгөө нь талаар болж, удалгүй 1983 онд “AMB Property Corp”-ийг үүсгэн байгуулсан юм.
Худалдаа бол зөвхөн бараа, бүтээгдэхүүний тухай ойлголт биш. Харин мэдээлэл юм. Бараа, бүтээгдэхүүн мэдээллээр дамжин хөдөлгөөнд ортлоо агуулахаас гарч чадахгүй” —КЭРОЛАЙН ЖЭНИС ЧЕРРИ
Өдгөө “Prologis”-ийн багцын 10 хувийг цахим худалдааны хэрэглэгчид дангаар бүрдүүлж байна. Энэ бол өсөж буй үзүүлэлт. Тэдгээр компаниуд болоод “DHL”, “UPS”, “FedEx” нарын цахим хэрэгцээ ойролцоогоор дахин 20 хувиар өсөх бүрэн боломжтой.
“Prologis” зэрэг тэргүүлэгч компанид томоохон өөрчлөлт хийх орон зай цахим ертөнцөд хангалттай их байна. Уламжлалт дэлгүүрүүд нэг хэвийн байхаас татгалзаж, цахим талбарт шилжих нь олшров. “Дотоодын нийт бүтээгдэхүүн одоогоос хоёр хувиар илүү үзүүлэлттэй байсан ч цахим худалдааны эрэлт өндөр хэвээр байх болно” хэмээн “Green Street Advisors” судалгааны байгууллагын аж үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийн шинжээч Эрик Франкель онцлов. Түүнчлэн Лос-Анжелес, Сиэтл зэрэг томоохон хотуудын хүн ам өсөж, замын түгжрэл нэмэгдэж буйгаас үүдэн зөв газраа олж байрласан агуулахын байгууламж улам бүр үнэд хүрэх болов. “BDO” компанийн үл хөдлөх хөрөнгийн зөвлөх Деннис Даффи “Өмнө нь эдийн засгийн хувьд ашиггүй бүсэд байрлаж байсан ч зах зээлд амжилттай нийлүүлэх боломжтой гэж үзээд хямд үнэтэйг нь сонгодог байсан” гэжээ. Харин одоо худалдааны салбарынхан тээврийн гол цэгүүдэд байрласан цөөн тооны агуулахаас илүүтэйгээр хэрэглэгчдэд ойр байрлах олон жижиг агуулах авахыг хүсэх болжээ.
“Prologis” технологийн өндөр хөгжилтэй хөршүүдээсээ үлгэр жишээ авч, байгууламжийнхаа эргэн тойрныг хянах зэрэг дараагийн алхмыг хэрэгжүүлж эхлээд байна. Агуулахын хаалга хэдэн удаа нээгдэж, хаагдсаны дараа эвдрэхийг мэдрэгч төхөөрөмжүүдээр, харин дээврийн эвдрэлийг дроноор тодорхойлно. Өдгөө жил бүр 1.3 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн “Prologis”-ийн дээвэр доогуур дамжин өнгөрч буй. Нийт 800,000 гаруй ажилчдыг удирдан чиглүүлж буй Могадам ачаа тээвэрлэх хөдөлгөөнийг дэлхийн хаанаас ч хянах боломжтой мэдээллийн сүлжээ байгуулж, басхүү бизнесээ шинэ салбарт тэлэх боломжийг эрэлхийлж байна.
Нөгөөтээгүүр технологи бас “Prologis”-ийг сүйтгэх боломжтой. Гэхдээ зөвхөн “Amazon” жижиг агуулахуудаар дамжин өнгөрөх шинэ арга сэдвэл, цахилгаан хөдөлгүүртэй, жолоочгүй машин ашигласнаар тээврийн зардал буурвал, 3D технологи хүн бүрийг жижиг үйлдвэрлэгч болгож хувиргасан цагт л дээрх эрсдэл бодитой нүүрлэх юм. Харин одоохондоо “Prologis” тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байна