Өөрийгөө “hippie capitalist” хэмээн тодорхойлдог “Sweetriot”, “RIOT Strategic Advisory” компаниудын үүсгэн байгуулагч, Харвардын бизнесийн сургуулийн энтрепренер зөвлөх, илтгэгч, энтрепренер хатагтай Сара Эндлайн шинэ бизнесийг хэрхэн зах зээлд таниулж, хөл дээр нь бат тогтоох болон амжилттай брэнд үүсгэн байгуулах нууцын талаар Монголын бизнес эрхлэгчдэд зөвлөж байна.
Сошиал энтрепренер буюу олон нийт, нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор бизнес эрхлэгч Сара Эндлайны 2005 онд нийгмийн хариуцлагатай, шударга худалдааг хэрэгжүүлсэн “Sweetriot” компаниа үүсгэн байгуулсан. Латин Америкийн тариаланчдаас шууд нийлүүлсэн какаоны үрээр үйлдвэрлэсэн, шинэ залуу уран бүтээлчдийн дизайнаар гоёсон чамин төмөр савлагаатай, харшил хөдөлгөдөггүй, хоолны дэглэмтэй харшдаггүй, бага илчлэгтэй, антиоксидантаар баялаг, зуун хувь байгалийн гаралтай цэвэр органик шоколадаар бүрсэн чихэр нь АНУ даяар 1000 орчим сүлжээ дэлгүүрт худалдаалагдаж, “Virgin Atlantic” агаарын хөлгийн зорчигчдод хүрч, Сара Жессика Паркер, Эва Лонгориа зэрэг гоо сайхан, эрүүл мэнд, бие галбиртаа анхаарал тавьдаг алдартнуудын дуртай амттан болж чадсан юм. Эндлайн хүүхэд байхын энтрепренер сэтгэлгээтэй байсныг долоон насандаа ангийнхандаа чихэр худалдаж, 11 насандаа гэрийн даалгаврын зохион бичлэгтээ өөрийн гэсэн компанитай болно хэмээн бичиж байсан жишээ нь батална.
Тэрбээр Харвардын их сургуулийг дүүргэсний дараа Дэлхийн банк, интернэт ид эрчимжиж байх үеэр “Microsoft”, “Yahoo” зэрэг технологийн аваргуудад ажиллаж туршлага хуримтлуулжээ. Гэтэл 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Нью-Йоркт халдлага болж, америкчууд бүгд амьдрал хэр богинохон болохыг ухаарч, хүсэл мөрөөдөл, хийж амжуулаагүй бүхнээ эргэн нэг харсан талаар тэр дурсав. Тэгээд хүүхэд байхаасаа ярьж, төлөвлөж байсан ч биелүүлж хараахан амжаагүй хүслээ гүйцэлдүүлж компани байгуулъя хэмээн зориг шулуудсан ажээ. Анхны санаагаа гаргасны дараа ойр дотнынхноосоо 300,000 ам доллар босгож чадсан Эндлайн “Golden seed” тэргүүтэй хэд хэдэн хөрөнгө оруулалтын фирмээс 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч чаджээ. Тэрбээр зах зээлд таарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүү зах зээлийг өөрийн бүтээгдэхүүнд зориулан өөрчлөхөөр зориг шулуудсан юм. Амттаны зах зээлийн төвд шоколад байдаг бол шоколадны зүрхэн охь болох какао жимсний талаар ойлголтгүй байсан хэрэглэгчдийг бэлтгэх, мэдээллийг таниулах гэдэг том шаардлага гарч ирсэн ч цоо шинэхэн эрүүл бүтээгдэхүүн хүмүүсийн шохоорхол, хэвлэл мэдээллийн анхаарлыг аяндаа татсан байна.
“Sweetriot” нэрийн дэлхийн анхны шоколадаар бүрсэн какао самрын ид шидийн талаар “Vanity Fair”, “People”, “CNN”, “Glamour”, “Today Show”, “The Wall Street Journal”, “The New York Times”, “The Today Show”, “Fortune” зэрэг тоймгүй олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж жилийн борлуулалт нь арван сая ам.долларт ойртож байсан юм. Тэрбээр 2018 онд компаниа худалдсаны дараа бизнес стратегийн зөвлөгөөний агентлагаа байгуулан ажиллаж байна.
“Оргүй хоосноос бизнес босгох нь ар араасаа цуварсан олон бэрхшээлүүдийг туулах аялал юм. Ганцаараа юм уу цөөн хүнтэй багаар ажиллахад олон хүндрэл үүсэж, хүн хүч дутагдах асуудал бишгүй тохиолдоно. Тийм учир тархиа байнгын бэлтгэлтэй байлгаж, асуудал-шийдэл, асуудал- шийдэл гэсэн хэмнэлээр ажиллах ёстой. Харвардын бизнесийн сургуульд суралцаж байгаа оюутнууд хоёр жилийн турш өдөр бүр асуудал, бэрхшээлийг даван туулах сургуулилт хийж байдаг нь бодит амьдрал дээр учрах эрсдэлүүдэд бэлдэж байдаг юм” хэмээн тэр хэлэв.
БРЭНД ГЭДЭГ ЭНГИЙНЭЭР ТОДОРХОЙЛБОЛ БУСДАД ТӨРӨХ СЭТГЭГДЭЛ ЮМ. СЭТГЭГДЭЛ ЦАГ ХУГАЦААНЫ АЯСТ БОДИТ БАЙДАЛТАЙ ДАВХЦАХ БОЛОВЧ ЗАРИМДАА ТҮРҮҮЛЖ, ЗАРИМДАА ХОЦОРДОГ. ТИЙМЭЭС БРЭНД ГЭДЭГ НЬ АЛИВАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААРХ НЭГДМЭЛ СЭТГЭГДЛИЙГ ХЭЛНЭ. Илон Маск
TEDx Ulaanbaatar Salon “Growth Hacking” арга хэмжээнд итгэл тавихаар Монголд хөл тавьсан Сара Эндлайн хөх тэнгисийн талаар өөрийн тодорхойлолтоо тайлбарлаж байна. Аливаа зах зээлийг танихдаа багтаамж, орон зай, өрсөлдөгчдийн хэмжээ болон нөлөөг харгалзсан үзсэний дараа цоо шинэ бараа бүтээгдэхүүн нэвтрэх орон зай, боломж байна гэж үзвэл тухайн зах зээлийг хөх тэнгис хэмээн нэрлэнэ. Дүүрэн аварга загастай, өрсөлдөөн ихтэй зах зээлийг улаан тэнгис хэмээн нэрлэж болох аж. Эндлайны баримталдаг зарчим бол хөх тэнгисийг сонгож, бусдаас ялгарах цоо шинэ өнгө төрхтэй, бусдаас ялгарах бүтээгдэхүүн гаргах. Зах зээлийн бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ялгарч чадахгүй бол зах зээлд урт хугацаанд оршин тогтнохгүй гэдгийг тэр мөн сануулсан. “Жишээлбэл, хувцас загварын салбарт бусдаас ялгарч, этгээд, цор ганц байж чадсан нь амжилт олдог хуультай. Монгол ноолуур чанар, эдэлгээний хувьд харьцууламгүй дээд зэргийнх боловч АНУ-д буй бусад ноолууран хувцаснаас тэс өөр, тэр бүр харагддаггүй шинэлэг загварын малгай ч юм уу ороолт үйлдвэрлэж хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадвал ноолуурын экспорт нэмэгдэх ч юм бил үү?”
Үүнээс гадна амжилттай брэнд үүсгэх хамгийн гол нууцыг тэрбээр тасралтгүй үргэлжилсэн урсгал хөдөлгөөнтэй байдал хэмээн томьёолсон. “Бидний амьдардаг нийгэм, ертөнц маш хурднаар хувьсаж байна. Ердөө хорьхон жилийн дотор технологийн хувьсал бидний амьдралын хэв маягийг танигдахын аргагүй болтол өөрчилж, зуу зуун шинэ бүтээгдэхүүн бидний өдөр тутмын хэрэглээ болсон бол мянга мянган бүтээгдэхүүн мартагдаж хаягдсан. Бүх зүйл ил тод, мэдээллийг хурууны өндгөөр олж авдаг болсон энэхүү шинэ ертөнцөд ямар нэгэн үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л хэрэглэгчдийг татна. Би брэнд байгуулмаар байна бус, би тодорхой зорилго, чиг шугам, үнэт зүйлстэй үргэлж хувьсан өөрчлөгдөх урсгалт хөдөлгөөн үүсгэж байна гэж бодох хэрэгтэй. Харин хөдөлгөөнт урсгал бүр зайлшгүй амин сүнстэй байх ёстой юм. Үнэт зүйлийнхээ төлөө тэмцэх амин сүнсээ олсныхоо дараа зах зээлд хөл тавиарай” хэмээн Сара Эндлайн дурдсан.
Түүний ажигласнаар Харвардын бизнесийн их сургуульд суралцаж байгаа оюутнуудад хамгийн түгээмэл байдаг зан чанар нь манлайлах чадвар бөгөөд дийлэнх нь ашгийн бус байгууллага, ямар нэгэн төсөл, үйл ажиллагаа, сүмийн арга хэмжээ, баг хэлтэс, компани толгойлж байсан туршлагатай байдаг гэлээ. Мөн амжилттай энтрепренер хүнд манлайлах чадвар, мэдлэг боловсрол, тууштай байдал, бүтээлч сэтгэлгээнээс гадна борлуулах чадвар тун чухал гэдгийг тэрбээр мөн сануулсан юм. “Бизнес гэдэг чинь санаа, бүтээгдэхүүн юм уу, үйлчилгээгээ бусдад борлуулж байна л гэсэн үг шүү дээ”. Гайхалтай өвөрмөц санаа олон хүнд орж ирдэг ч түүнийг хэрэгжүүлж бодит байдал болгох нь энтрепренерийн амжилтын шалгуур билээ. Хөрөнгө оруулалт татах үйл явц тун ярвигтай төдийгүй нарийн мэдрэмж шаарддаг талаар Эндлайн онцоллоо. Юун түрүүн хөрөнгө оруулагчдаа судлах хэрэгтэй бөгөөд өөрийн бизнесийн зах зээл, онцлог байдлыг мэддэг, тухайн салбарт ажилласан туршлагатай хөрөнгө оруулагчдад хандаж, шинэ санаа, компанийн өнцгөө таниулах нь амжилттай хөрөнгө оруулалт босгоход нэг алхам ойртуулна. Компанийн бүтэц, удирдлага, үүсгэн байгуулагч, гүйцэтгэгчдийн ажил үүргийн хуваарь нарийн тодорхой байх бөгөөд зах зээлд эзлэх байр суурь болон шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, тооцоог маш нарийн гаргах хэрэгтэй. Мөн зах зээлийн орон зайг мэдэрч, засаж өөрчилж болмоор асуудлын шийдлийг олсон бол түүнд таарсан онцгой бараа бүтээгдэхүүнийг санал болгох нь хөрөнгө оруулагчдыг татах тун том боломж. Мөн тэдний хэр хэмжээний хөрөнгө оруулах боломжтой талаар баримжаатай байж, томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хүсэж байгаа бол хэлэлцээ хийхэд аль болох их хугацааг зориулах шаардлагатай хэмээн Сара Эндлайн хэлсэн юм.
О.АГИЙМАА