Криптовалютын томоохон биржүүдийн нэг “Coinbase”-ийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Брайан Армстронг компанийнхаа ажиллах хүчний 18 хувийг цомхотголд оруулахаар төлөвлөснөө зарлажээ. Криптовалютын зах зээлд хямрал нүүрлэх магадлал тун өндөр болсон тул үүнээс учрах эрсдэл, гарах зардлыг бууруулах үүднээс энэ арга хэмжээг авч буйг тэрбээр дурдсан аж.
Бүтэн цагийн 5000 гаруй ажилтантай тус компани “өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал болон бизнесийн ашиг сонирхлыг тэргүүнд тавих хүчин чармайлт”-ын хүрээнд 1100 гаруй ажилтнаа цомхотгох болсноо мягмар гарагт гаргасан мэдүүлэгтээ өгүүлсэн байна.
“Бидний өсөлт хэт хурдацтай байсан. Улмаар ирээдүй нь тодорхойгүй зах зээлийг үр дүнтэй удирдахад боловсон хүчний зардал дэндүү өндөр болсон” хэмээн Брайан Армстронг хувийн блогтоо бичсэн байна. Түүнчлэн арваад жил үргэлжилсэн өсөлтийн дараа эдийн засаг ухралтын үе шат руу орох төлөвтэйг тэрбээр анхааруулжээ.
Цомхотголд орсон ажилтнууд дор хаяж 14 долоо хоногийн турш гэнэт халагдсаны нөхөн төлбөр, дөрвөн сарын турш эрүүл мэндийн даатгал болон ажил хайх үеийн зардлаа нөхөн авахыг тус компани мэдэгдээд мөн дээрх тэтгэмжтэй холбоотой бүтцийн өөрчлөлтөд 40-45 сая ам.долларын зардал гарахыг тооцоолжээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлсэн “Coinbase”-ийн нэгж хувьцааны үнэ энэ жилийн турш 79 хувиар унаж, орлогын хэмжээ нь өмнөх жилийнхээс 27 хувиар буураад байгаа.