Microsoft компани өөрсдийн гаргасан анхны веб хөтөч болох “Internet Explorer” программын хөгжүүлэлтийг зургаадугаар сарын 15-наас эхлэн бүр мөсөн зогсоож, хэрэглээнээс хасахаар болсноо зарлажээ. Тодруулбал “Windows” үйлдлийн системийн шинэ хувилбарууд 27 жилийн настай уг программыг цаашид дэмжихгүй болох аж.
Анх 1995 онд “Windows 95” үйлдлийн системийн нэмэлт хэрэглэгдэхүүн болон гаргаж байсан “Internet Explorer” хожмоо үйлдлийн системийн багцтай хамт үнэгүй дагалдаж ирдэг программ болжээ. 2003 онд дэлхий даяар “Internet Explorer”-ийн хэрэглээ оргилдоо хүрсэн бөгөөд тухайн үед нийт интернэт хэрэглэгчдийн 95 хувь нь тус хөтчийг ашиглаж байсан тооцоо бий.
Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам өрсөлдөгч компаниуд нь илүү ухаалаг интерфэйс, хурдан бөгөөд жигд ажиллагаа бүхий хөтчүүдийг гаргаж эхэлснээр “Internet Explorer”-ийн хэрэглэгчдийн тоо хурдацтай буурч, дээрх байр сууриа алдсан юм. Гэхдээ 90-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр гэртээ, сургуульдаа, ажил дээрээ компьютер хэрэглэж байсан хүн бүрийн дурсамжид үлдэж, олон сая хүнийг дэлхийг хэрсэн интернэт сүлжээтэй анх танилцуулсан цонх нь болсон гэдгээрээ “Internet Explorer” томоохон байр суурь эзэлдэг.
2016 онд Microsoft шинээр гаргасан “Edge” хөтчидөө анхаарал хандуулахын тулд “Internet Explorer”-д зориулсан шинэ функцийн хөгжүүлэлтийг зогсоогоод байв. Улмаар 2020 онд “Microsoft Teams”, 2021 онд “Microsoft 365” платформ дээрх тус хөтчийн дэмжлэгийг зогсоосон билээ.
“Windows 10 систем дээрх Internet Explorer-ийн ирээдүй нь Microsoft Edge юм. Илүү хурдан, аюулгүй, орчин үеийн шаардлагад нийцсэн төдийгүй хуучны вебсайт, програм хангамжийг асуудалгүй дэмждэг гэдгээрээ давуу талтай” хэмээн компанийн програм хангамжийн менежер Шон Линдерсей өгүүлжээ.
Ирэх 15-ны өдрөөс эхлэн “Internet Explorer” программ идэвхгүй болох бөгөөд хэрэглэгч нээх үед автоматаар “Microsoft Edge” хөтөч рүү шилждэг болох аж. Гэхдээ “Windows 7 ESU”, “Windows 8.1” үйлдлийн систем дээр ажиллагаатай хэвээр үлдэх юм байна.